Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 110/2021/0063/з |
Дугаар | 124/ШШ/2023/0014 |
Огноо | 2023-05-30 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 124/ШШ/2023/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Х,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд холбогдуулан гаргасан,
М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах,Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, иргэдийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч иргэн М.Х анх Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож,М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2022 оы 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх даатгуулагчийн малчнаар ажиллаж,нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны дөрийн 01 дугаартай хурлын тэмдэглэлийг хүчингүйд тооцуулах-аар нэмэгдүүлсэн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах,Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гэж өөрчлөн, тодруулсан байна.
. Нэхэмжлэгч М.Х нь малчин-даатгуулагчийн хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өргөдлөө Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргасан байх ба тус байгууллагаас М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзжээ.
3. Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзалтай холбоотой гомдлыг нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гомдлыг хангахаас татгалзсан хариу аваад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандсан гэж үзлээ.
4. Шүүх хуралдаанд хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нараас шүүх хуралдааныг хамтран хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.
5.Нэхэмжлэгч М.Х анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол улсын иргэн М.Х би 55 нас хүрсэн тул малчдын журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын байцаагч К.З-д өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбогдох материалуудыг 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн юм. Ингээд К.З миний материалуудыг хянан үзээд Танд хүсэлт гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож өгнө, таны бичиг баримтууд бүрэн байна гэж хэлсэн. Гэтэл сүүлд нийгмийн даатгалын хэлтэс нь одоо М.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохгүй элдэв шалтаг зааж байгаа явдалд гомдолтой байна. Өнгөрсөн хугацаанд М.Х би К.З-ийн бүрдүүлж өг гэсэн нэмэлт бичиг баримтуудын бүгдийг бүрдүүлж өгсөн юм. М.Х надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан К.З-ийн асуудлыг нягтлан үзээд тус хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр гомдол гаргасан билээ. М.Х миний гомдлыг тус зөвлөл нь 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хурлаар хэлэлцэн надад өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн болно. Би Гомдлын шаардлагын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох бүх бичиг баримтууд хуулийн шаардлага хангаж байгаа. М.Х миний өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбогдох бүх бичиг баримтууд аймгийн нийгмийн даатгалын хэлтэст байгаа болно. байгууллагын нийгмийн даатгалын байцаагч К.З-д байгаа ба шүүхийн журмаар гаргуулахаар сүүлд хүсэлт гаргах болно. Иймд Өндөр настан надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож М.Х надад 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохоос тогтоож, М.Х-д 2021 оны 8 дугаар сарын 22-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баян-Өлгийн аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 650 дугаартай шийдвэрээр М.Х нь Баян-Өлгий аймгийн 9-р багт 2008 оны 01 дүгээр сарын 9-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 жил мал маллаж малчин байсныг тогтоосон боловч М.Хы 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 2 жил, 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Монголын Мусульманы нийгэмлэгээс Санваартны 37 гэх кодоор бүртгүүлсэн тул шүүхийн шийдвэрээр М.Хы мал маллаж малчнаар ажиллаж байсан хугацаа 9 жил, 8 сар байна. Малчин М.Хы Ногоон нуур сумын 9 дүгээр багт 9 жил 8 сар мал маллаж байсан хугацаатай хариуцагч маргаагүй. М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчдын журмаар сайн дураар шимтгэл төлж Ногоон нуур сумын 9-р багт малчнаар ажиллаж байсан 1 жил 5 сарын хугацааны хувьд хариуцагч талаас мөн маргаагүй. Анхан шатны шүүхээс М.Хы Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Цагаан нуур тосгонд 1997, 1999 онуудад мал тооллогын баримтуудаар 2 жил мал малласан гэж үзсэн хууль зүйн дүгнэлттэй хариуцагч маргаагүй. Хариуцагч талын маргахгүй байгаа М.Хы мал маллаж малчнаар ажиллаж байсан хугацаа 13 жил, 1 сар болж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний тооцооллоор 15 жил 1 сар мал маллаж байсан тул хуульд 15 жил малчнаар ажилласан гэсэн шалгуур болзлыг хангаж байна гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан М.Хы 1997 оны малын А карт байдаг. Мөн М.Х нь 1996 онд адуу 5, үхэр 6, хонь 80, ямаа 30 нийт 126 тоо толгой мал тоолуулсан байна. Энэ баримт нь нэгдүгээр хавтаст хэргийн 202-203 дугаар хуудсанд авагдсан. Бидний маргаж байгаа 1 жил 11 сарын хугацааны 1 жил нь хавтгай картад байгаа учраас малчнаар ажилласан жилд орж байна. М.Хы 1998 онд мал маллаж байсан хүний нэр дээр гарсан тус оны А картад Ы.Х гэдэг нэрээр нотлогдсон. Яагаад гэвэл М.Хы эцэг М, түүний эцэг нь Ы гэдэг хүн байсан.1998 онд М.Х нь адуу 6, үхэр 4, хонь 40, ямаа 40 нийт 90 толгой мал тоолуулсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 204, 207, 208, 209 дүгээр хуудсанд авагдсан. М.Хы мал тооллогын картад түүний овгийг Ы үсгээр бичсэн байдлыг Цагааннуур тосгоны захирагчийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 71 дугаартай албан бичиг, Цагааннуур тосгоны 9-р багт оршин суух Ж.А-ны 2023 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр үйлдсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтуудаар тус тус тогтоогдож байна. Энэ хоёр тодорхойлолтоор Цагааннуур тосгонд өөр Х гэдэг хүн байхгүй. А нь малын бага эмч мэргэжилтэйгээр 1995 оноос 2000 оны хооронд Цагааннуур тосгоны бүх малчдын А картыг хөтөлдөг хүн байсан. Эдгээр баримтуудыг Увс аймгийн шүүхэд хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ний өдрийн М.Хы мал маллаж байсан хугацаа, 1996 онд адуу 8, үхэр 6, хонь 80, ямаа 30 нийт 124, 1997 онд онд адуу 8, үхэр 6, хонь 80, ямаа 30 нийт 124, 1998 онд 120 гаруй мал тоолуулж байсан тухай албан ёсны баримтууд байгаа. Хавсралтад авагдсан 121082383 дугаартай М.Хы өндөр насны тэтгэврийн хувийн хэрэг хавтаст хэргийн 19, 20, 21, 22 дугаар хуудаснуудад авагдсан. Ногооннуур сумын Засаг даргын 1996 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаартай захирамжаар Цагааннуурын Голын толгой гэх газарт 20 жилийн хугацаагаар өвөлжөө эзэмшүүлсэн шийдвэр, малчин М.Х, газрын даамал нарын хооронд байгуулсан 1996 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ 2-р дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар талд байгаа. Газар эзэмших гэрээнд М.Хы хоч нэр буюу Шокан гэж бичигдсэн. М.Хы 1995-2000 оны хооронд авч байсан сайшаалын бичиг хэрэгт авагдсан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-т нийт 20-оос доош жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажилласан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан. Гэтэл М.Х нь 60 нас хүрсэн. Улсад 30 гаруй жил ажилласан. Малчнаар ажилласан жилийг хангаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. М.Х 2023 онд 60 нас хүрч өндөр насны тэтгэврээ тогтоолгосон учраас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байгаа.
Ногоон нуур сумын Засаг даргын тамгын газрын орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай хурлын шийдвэрийг тайлбарлая. 2022 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн М.Хы 1995-2000 оны хооронд мал маллаж малчнаар ажиллаж байсныг тогтоочхоод хүчингүй болгосон байдаг. М.Х нь орон тооны бус зөвлөлд 2021 оны 6 дугаар сарын 20-ний өдөр өргөдөл гаргаж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. Орон тооны бус зөвлөл нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцсэн хурлын тэмдэглэлд шүүхээр тогтоолгохыг санал болгосон. Энэ тэмдэглэлээс үзэхэд М.Х нь тухайн үед мал тооллогын 1997, 1998, 1999, 2000 онуудын мал тооллогын баримтуудыг орон тооны зөвлөлд өгсөн нь нотлогдож байна. М.Хы 1997 оны мал тооллогын А картын ар талын хавтгайд 1996 оны мал тооллого бичигдсэн байна. Малчин М.Хы орон тооны бус зөвлөлд гаргасан өргөдлийн дагуу тус зөвлөл 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1 дүгээ тогтоолоор М.Хы Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын 9-р багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан 6 жилийг тогтоосон. Энэ шийдвэр нь Баян-өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэж хэлэхэд Ногооннуур суманд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн орон тооны бус зөвлөл нь Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журамд заасан бүрэн эрхийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэрийг тухайн үед гаргасан гэж байна. Уг журмыг хэрэгжүүлэх журмын 4.1.10-т А данс үрэгдсэн оны өмнөх болон дараагийн сар жилүүдийн А дансны бүртгэлийн лавлагаа гаргах шаардлагыг үндэслэн малчин М.Хы 1995-2000 оны хооронд Ногоон нуур сумын 9-р багт мал маллаж малчин хийж байсныг орон тооны бус зөвлөлд түүнийг аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 1996-1997 оны малын А данс байгааг үндэслэн 1995-2000 оны хооронд мал маллаж байсныг тогтоосон. Засгийн газрын 2018 оны хавсралтаар баталсан малчинд тэтгэвэр тогтоох журам болон уг журмыг хэрэгжүүлэх талаар салбарын яамнаас баталсан зөвлөмжид бүрэн нийцэж байна гэж үзэж байна. Гэтэл тогтоол гарсны дараа аймгийн нийгмийн даатгалын хэлтэс, Ногоон нуур сумын нийгмийн даатгалын байцаагч хамтран гарын үсэг зурсан хүмүүсийг цагдаад өгч шалгуулсан. 2022 оны анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа 01 дүгээр сарын 23-ны өдөр зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тухайн албан тушаалтанд үзүүлсэн дарамт гэж үзэж байна. Хууль тогтоомжид зөвлөл нь өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй. Тухайн өдрийн зөвлөлийн хуралд тус зөвлөлийн зарим гишүүд оролцоогүй. Уг шийдвэр нь утга агуулгын хувьд эргэлзээтэй, илт хуул бус эрхийн акт учраас хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гаргасан шийдвэрийг холбогдох баримтуудад үндэслэж гарсан шийдвэр гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгөхийг хүсэж байна гэв.
7. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанарбек нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч М.Хы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.1-т нийт 20-оос доошгүй жил малчнаар ажилласан байх. Үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд малчны тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан. М.Х нь энэ хуульд заасан 20 жил ажилласан байх гэсэн болзлыг хангаж байгаа учраас энэ талаар маргаагүй. Харин малчнаар 15 жил ажилласан байх ёстой гэсэн болзлыг хангаагүй гэж үзэж байна. М.Х нь 2008 оноос 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хүртэлх хугацаанд малчнаар ажилласныг иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон. Уг хугацаанд 2015 оны 01 дүгээр сарын 01-нэс 2018 оны 2 дугаар сарыг дуустал 2 жил 4 сарын Монголын Мусульманы нийгэмлэгээс лам санваартны хувиар даатгалын шимтгэлийг төлсөн. Уг хугацааг хасаж тооцоход 9 жил 8 сар болж байна. Үүнийг хасаж тооцсон шийдвэрт нэхэмжлэгч талаас маргаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарыг дуустал 1 жил 5 сарын хугацаанд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан. Уг хугацаанд мал тооллогын А данс гарч байгаа учраас маргаагүй. Нийт 11 жил 1 сар болж байна. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу М.Х нь 1995 оноос 2000 оныг дуустал 6 жилийн хугацааг нөхөн тооцуулсан. Уг хугацаанд хамаарах 1999, 1997 оны мал тооллогын А дансны лавлагааг авсан боловч 1998 оны лавлагаанд нэхэмжлэгчийн овог зөрүүтэй байсан. Уг оны мал тооллогын А дансны жинхэнэ эзэмшигчээр М.Хыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаагүй. Ийм учраас М.Хы баримт гэж үзэх боломжгүй байна. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан Малчдад тэтгэвэр тогтооход баримтлах журмын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойш малчнаар ажилласан хугацааны А дансны лавлагаа байхгүй тохиолдолд малчнаар ажилласан хугацааг сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл тогтоохоор журамласан. Үүний дагуу орон тооны бус зөвлөл нь хуралдаад М.Хыг 1995-2000 оны хооронд малчнаар ажилласан гэж үзэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Зөвлөлөөс ингэж шийдвэрлэхдээ техникийн алдаа гаргаж малчнаар ажилласан жилийг тооцно гэж бичсэн байна. Энэ нь тухайн хурлын тэмдэглэл болон зөвлөлийн гишүүдийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Алдаатай гарсан тогтоолоо 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар залруулж уг тогтоолыг хүчингүй болгосон. Овог нэр зөрүүтэй асуудлыг зөвлөлийн гишүүд шийдвэрлэх боломж байхгүй. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэмэлтээр гаргаж өгсөн газар эзэмших гэрээ, гэрчилгээнд зөрүүтэй байна. Нэр зөрүүтэй газар эзэмших гэрчилгээ, гавьяа шагнал, газрын гэрчилгээ, сурагчийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг үндэслэн тэтгэвэр тогтоох хуулийн зохицуулалт байхгүй учраас ач холбогдолгүй гэж үзэж байна. М.Х нь 60 нас хүрсэн тул 2023 оны 01 сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон.Нийгмийн даатгалын байгууллагаас ямар нэгэн хохирол учруулаагүй.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
8. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Хыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоосон тус зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоол нь малчин гэж тооцох боломжгүй гэж гарсан. Тухайн үед хөтөлсөн хуралдааны тэмдэглэлд М.Хы малчин болохыг тогтоох боломжгүй гэж тусгасан боловч техникийн алдаа гарч тогтоолд тооцно гэсэн үг тусгасан байна. 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн дугаар 4/1 дугаартай тогтоолын хавсралт тухайн үед алдаатай болсныг бид мэдээгүй бөгөөд Цагдаагийн байгууллагаас шалгахад мэдэж, хянан үзэхэд малчнаар тооцно гэж буруу бичигдсэн болохыг олж мэдсэн. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зөвлөл хуралдаж дээрх тогтоолд залруулга хийж, хүчингүй болгосон болно.
Хариуцагч Ш.Е, М.С, У.Б бид зөвлөлийн гишүүд бөгөөд тус зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцоогүй. гэжээ.
9. Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэлийг хангаж М.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоож, орон тооны бус зөвлөлтийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд,хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ....Нэхэмжлэгч М.Х нь 55 нас хүрсэн. Улсад 20-иос доошгүй жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаартай шийдвэрээр М.Хыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчнаар ажилласан 12 жилийг тогтоосон.Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 жил малчнаар ажилласныг тогтоосон. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 31-нийг дуустал, түүнчлэн 2020 онд бүтэн мал маллаж малчнаар ажилласан нийт 1 жил 5 сарын хугацаа байна.Үүгээр М.Хы мал маллаж малчин байсан нийт хугацаа 19 жил 5 сар болж байгаа ба үүнээс Нийгмийн даатгалын хэлтсийн зөвшөөрөхгүй байгаа нь М.Хы лам санваартнаар ажилласан гэх 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 2 жил 4 сарыг хасаж тооцсон ч М.Хы нийт малчнаар ажилласан жил нь 17 жил 1 сар тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах шаардлагыг нэхэмжлэгч хангаж байна.
Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 01 дугаартай хуралдааны тэмдэглэл гарсан. Уг хуралдаанд зөвлөлийн 3 гишүүн оролцоогүй байхад тухайн гишүүд нь оролцсон болгоод өмнөх 4/1 тогтоолыг хүчингүй болгосон. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-д зааснаар зөвлөлөөс гарсан тогтоолыг зөвлөл өөрөө тэмдэглэлийн хэлбэрээр хүчингүй болгох эрх олгогдоогүй тухай нэхэмжлэл,тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол; гэж заасан болзлоос 15-аас доошгүй жил малчнаар ажилласан байх гэснийг нэхэмжлэгч хангахгүй байна, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуустал 2 жил 4 сар нэхэмжлэгчийн Монголын Мусульманы нийгэмлэгт лам, санваартнаар ажиллаж албан журмаар даатгуулсан хугацааг малчнаар ажилласанд тооцохгүй,мөн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл М.Хы 1995-2000 оны хооронд 6 жил малчнаар ажилласныг тогтоосон шийдвэр нь тухайн зөвлөлийн хурлын тэмдэглэлээс зөрүүтэй гарсан учраас малчнаар ажилласан жилийг тооцох боломжгүй тул малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 15 жил хүрэхгүй байгаа гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл М.Хыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 1995-2000 онд мал маллаж байсныг тогтоосон тус зөвлөлийн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоол нь малчин гэж тооцох боломжгүй гэж гарсан. Тухайн үед хөтөлсөн хуралдааны тэмдэглэлд М.Хы малчин болохыг тогтоох боломжгүй гэж тусгасан боловч техникийн алдаа гарч тогтоолд тооцно гэсэн үг тусгасан байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зөвлөл хуралдаж дээрх тогтоолд залруулга хийж, хүчингүй болгосон болгосон гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
5. Нэхэмжлэгч М.Х 2021 оны 08 сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст малчнаар ажилласан хугацааг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасан байх ба Нийгмийн даатгалын хэлтсээс хувийн хэргийг шалгасан тухай тэмдэглэлд малчнаар ажилласан жилийг тооцох боломжгүй талаар тэмдэглэл хийгдсэн, М.Хаас өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсантай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргажээ.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 25 дугаар тогтоолоор М.Х-д малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болохыг тогтоосон байна.
6. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 8 дугаар зүйлийн 1-д Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж тус тус зохицуулжээ.
7. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 130/ШШ2021/00650 дугаартай шийдвэрээр М.Хыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 12 жил малчин байсныг тогтоосон байх боловч дээрх хугацааны 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 2 жил 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Монголын мусульманы нийгэмлэгээс лам санваартны төрлөөр, 37 гэсэн кодоор бүртгэж төлжээ.
8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1-д заасан малчин гэдгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно гэж заасан.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ыг баталсан. Уг журмын Хоёрын 2.1-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин, 50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, Гурвын 3.9-д Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа, цэргийн алба хаасан хугацаа, малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн хугацаа,...-г малчнаар ажилласан хугацаанд тооцохгүй. Харин ерөнхий боловсролын сургуульд суралцсан хугацаанаас бусад дээр дурдсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн /эсхүл шимтгэл төлснөөр тооцогдох/ бол тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлсөн нийт хугацаанд оруулан тооцно гэж тус тус заажээ.
9. Иймд нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 2 жил 4 сарын хугацаанд малчнаар ажиллаж байсан боловч мал аж ахуй эрхэлж олсон орлогоос биш, санваартны хувиар олсон орлогоос Монголын мусульманы нийгэмлэгээс нийгмийн даатгалын шимтгэл төлснийг шүүхийн шийдвэрээр малчнаар тогтоосон нийт 12 жилийн хугацаанд хамаарах дээрх 2 жил 4 сарын хугацаа нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд хамаарахгүй гэж үзэхээр байна. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
10. Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т Даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа, ...байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл (цаашид Зөвлөл гэх) тодорхойлно гэж заажээ.
11. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч М.Хыг 1995-2000 оныг дуустал 6 жил тус сумын Цагааннуур багт оршин сууж, малчнаар ажилласнаар тооцсон байх боловч уг тогтоолыг тус Зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрээр хүчингүй болгосон байна.
Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолыг гаргасан зөвлөлийн хурлын тэмдэглэлд Тус сумын 9-р багийн малчин Муса овогтой Хуанган 1997-2000 оны мал тооллогын а данс байгаа бусад жилүүдийн материал дутуу учир шүүхээр тогтоохыг санал болгож байна гэжээ.Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд М.Хы малчнаар ажилласан жилийг тогтоож шийдвэрлээгүй байна.
12. Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд даатгуулагчийн бүрдүүлсэн баримтыг хянан үзэх эрхийг хэрэгжүүлэн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн тогтоолыг зөвлөлийн хуралдааны тэмдэглэлтэй тулган нягталж зөвлөлөөс М.Хы малчнаар ажилласан жилийг тооцоогүй гэж үзэн энэхүү үндэслэлээр малчнаар ажилласан жилийг хасаж тооцсон нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, М.Хы малчнаар ажилласныг тогтоосон шийхийн шийдвэр бүхий 12 жилээс Монголын Мусульманы нийгэмлэгт лам,санваартнаар ажиллаж байсан 2 жил 4 сарын хугацааг хасвал 9 жил 8 сар болж байгаа, мөн 2020 он, 2021 оны 1-5 саруудад малчнаар ажиллаж шимтгэл төлсөн 1 жил 5 сарын хугацаа, мал тооллогын А дансны баримтыг үндэслэн 1997, 1999 онд малчнаар ажилласан хугацааг тооцож үзвэл нийт малчнаар ажиллаж шимтгэл төлсөн хугацаа 13 жил 1 сар болсноор хуульд заасан малчнаар ажиллаж шимтгэл төлсөн хугацаа 15 жил байх шаардлагын хангаагүй байна.
13. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
14. Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч М.Хыг 1995-2000 оныг дуустал 6 жил тус сумын Цагааннуур багт оршин сууж, малчнаар ажилласнаар тооцсон байх боловч уг тогтоолыг тус Зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд тогтоолыг хүчингүй болгосон талаар тэмдэглэсэн байна.
Энэ талаар хариуцагчаас ...Зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 4/1 дугаар тогтоолоор М.Хыг малчин гэж тооцох боломжгүй гэж шийдвэрлэсэн боловч техникийн алдаа гарч тогтоолд тооцно гэж бичигдсэн, үүнийг Зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар залруулсан. Тухайн үед үйлдсэн хуралдааны тэмдэглэлд М.Хыг малчин болохыг тогтоох боломжгүй гэж тусгагдсан гэж тайлбарласан.
Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.1.5-д зааснаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь М.Хы 1997, 1999 А дансны лавлагааг үндэслэн малчнаар ажиллаж байсныг тогтоох боломжтой талаар хариуцагч тайлбар гаргасан.
15. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 51 дүгээр зүйлд Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална гэж заасныг үндэслэн Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ыг баталсан. Уг журмын 3.2-д Даатгуулагчийн 1995 оноос хойш хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагаа... байхгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг сум,дүүргийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл тодорхойлно гэж заасан.
Мөн Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалаар батлагдсан Даатгуулагчийн малчнаар ажиллаж,нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийн 3.5-д Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонхын санал, зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн тогтоол гаргана гэж заажээ.
16. М.Хы А дансны лавлагаа байхгүй гэж үзэж байгаа 1995,1996, 1998 онуудын малчнаар ажиллаж байсан хугацааг тооцох эсэх асуудлыг Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл шийдвэрлэх бөгөөд тус зөвлөл нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд гэсний хүрээнд захиргааны байгууллага байна.
Зөвлөл нь захиргааны байгууллагын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шийдвэрээ гаргах субьект болно.
Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн 2022 оны 01 сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлд хэлэлцэх асуудлыг тэмдэглэсэн байна.Үүнд:
1.Малчин Муса овогтой Хуанганы 1995 оны 01 сарын 01-ээс 2000 оны 12 сарын 31 хүртэл малчин байсныг тогтоох тухай
2. 2021 оны 6-р сарын 21-ний өдрийн 4/1 зөвлөлийн тогтоолын тухай гэж тодорхойлжээ.
Тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт М.Хы тэтгэврийн даатгалд даатгуулж,шимтгэл төлсөн 1995,1996,1997 онуудыг нотлох баримт байхгүй учир гишүүдийн олонхийн саналаар малчин гэж тогтоох боломжгүй юм.Мөн 2021 оны 06 сарын 21-ний өдөр гарсан тогтоолыг оролцсон гишүүдийн олонхийн саналаар хүчингүй болгосон байна гэжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах,үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан, 25 дугаар зүйлд Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:
25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;
25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах;
25.1.3.шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах;
25.1.4.гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах;
25.1.5.баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах;
25.1.6.шаардлагатай бол туршилт хийх;
25.1.7.оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах гэжээ.
Мөн Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм-ийн 4.2.1-д зөвлөл нь шаардлагатай тохиолдолд 1995 оноос хойш хугацаанд мал маллаж байсныг нотлох нэмэлт баримт, мэдээллийг даатгуулагчаас болон лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулан авах эрхтэй байхаар заасан байна.
17. Дээр дурдсан хууль, дүрэмд зааснаас үзвэл Зөвлөл нь даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохдоо ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах зэрэг өргөн хүрээнд ажиллах боломжтой байна.
Гэтэл Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдахдаа М.Хы малчнаар ажиллаж байсан хугацааг тогтоох эсэх асуудлыг дахин хэлэлцсэн боловч иргэн М.Хаас гаргаж ирүүлсэн баримтуудад ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр малчнаар ажилласан хугацааг тогтоох боломжгүйг дүгнээгүй, мөн зөвлөл нотлох баримтыг цуглуулах үүргийн хүрээнд хэрхэн ажилласан зэрэг нь тодорхойгүй байна.
18. Даатгуулагчийн малчнаар ажиллаж,нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 3.5-д Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн олонхийн санал,зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/77 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан зааврын дагуу тогтоол гаргана гэж заасан, А/77 дугаар тушаалын хавсралтаар баталсан зааварт малчнаар ажилласнаар тооцов гэсэн маягтаар тогтоолын загварыг баталсан байна.
Загвараас үзэхэд малчнаар ажилласанд тооцсон бол тогтоол гаргахаар зохицуулсан, харин малчнаар ажилласан хугацааг тооцох боломжгүй бол ямар нэршил бүхий захиргааны акт гаргахыг тодруулаагүй байна.
Монгол Улсад мөрдөгдөж байгаа албан хэрэг хөтлөлтийн стандартад /MNS5140:2011/ тэмдэглэл-ийг Хурал, зөвлөгөөн, уулзалт, ярианы явц, хурлаас гарах шийдвэрийг хэлэлцсэн асуудал тус бүрээр тодорхойлон тэмдэглэсэн баримт бичиг, тогтоол -ыг Асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх үндсэн дээр баталж гаргасан баримт бичиг гэж тодорхойлсноос үзэхэд зөвлөл иргэний малчнаар ажилласан хугацааг тооцох боломжгүй талаар шийдвэрлэсэн тохиолдолд,мөн өмнө гарсан хууль зөрчсөн гэж үзсэн тогтоолын талаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тогтоол гаргаж шийдвэрлэх нь зүйтэй.
19. Иймд шүүхээс хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй тул орон тооны бус байнгын зөвлөлөөс дахин шинэ акт гаргах хүртэл актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд уг маргаан бүхий акт /тэмдэглэл/ хүчингүй болох үр дагавартай болохыг тэмдэглэв.
20. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хуралдааны ирц хүрээгүй байхад хуралдсан гэх тайлбарт дараах дүгнэлт хийв.
Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 2.1-д Зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журмын 3.3-т заасны дагуу 7-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулна гэж заасан.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд зөвлөлийн дарга Т.Ертай, нарийн бичгийн дарга Х.Тр, гишүүд У.Б, Х.Ш, О.Х, А.А, А.Б, Ш.Е нарын 8 хүн оролцсоноор тэмдэглэлд тусгагджээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн бүрэлдэхүүн болох 9 хүнээс гишүүд Ш.Е, М.С, У.Б нар нь зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд оролцоогүй гэж, бусад 6 хүн нь хуралдаанд оролцогчийн хувьд шүүхэд тайлбар ирүүлсэн.
Нэхэмжлэгч талаас зөвлөлийн бүрэлдэхүүнээс 3 хүн тухайн хуралдаанд оролцоогүй гэж маргасан боловч Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийн 3.3-д зөвлөлийн хуралдаан гишүүдийн гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдахаар заасан, зөвлөлийн бүрэлдэхүүний 9 хүнээс 6 хүн нь 2022 оны 01 дүгээр сарын 23- өдрийн хуралдаанд оролцсон нь хуралдааны ирцийн шаардлагыг хангасан байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвлөлийн хуралдааны ирц бүрдээгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
21. Нэхэмжлэгч талаас шүүхэд М.Х-ы малчнаар ажиллаж байсантай холбогдуулан иргэдийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг болон бусад баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан ба 1995 оноос хойш малчнаар ажилласан хугацааг тогтоох эрх хэмжээг сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл тогтоохоор зохицуулсан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхээс М.Х-ы малчнаар ажилласныг тогтоогоогүй жилүүдэд дүгнэлт хийх боломжгүй болно.
22. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан ба шүүхээс нэхэмжлэгчийн малчнаар ажилласан хугацаа 15 жил байх шаардлагыг хангаагүй гэж үзэн М.Хыг малчин даатгуулагчийн хувиар өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Иймд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.
23. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь тэтгэвэртэй холбогдох маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх нэхэмжлэл болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Хы шүүхэд гаргасан М.Х-д анх өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.Х-д 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацааны өндөр насны тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас нөхөн олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тэмдэглэлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.