Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1833

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй                                                                                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01785 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ГҮ” ХХК-д холбогдох

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын үндсэн дээр шүүгч Н.Батзоригын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГҮ” ХХК-ийн zarig.mn сайтад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн лхагва гарагийн 1659 цагт Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн багш нар сурагчдынхаа дэргэд винодож байна гарчигтай нийтлэл гарсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна: Нийтлэл нь ...винодож байна хэмээн одоо цаг дээр бичигджээ. Гэтэл жилийн өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий багш нар төрсөн өдрийн баяр хүргэх гэсэн юм гээд хичээлгүй байсан ангид маань орж ирэн, вино, торт бэлэглэсэн. Дурсгал болгоод зургаа даруулчихъя хэмээн ширээ засаж, бэлэг болгон өгсөн зүйлээ өрж дуусах үед биеийн тамирын хичээл нь завсарлаж, сурагчид ангид орж ирсэн. Ингээд зургаа даруулчхаад ширээ, сандлыг эгүүлэн байранд нь тавьсан. Цаг хугацааны хувьд өнгөрсөн цаг үед байхаас гадна согтууруулах ундааг ажлын байран дээрээ ууж байна хэмээн бичиж, нийгэмд буруу ташаа мэдээлэл тараасан нь нэр төр, алдар хүндийг маань гутаан доромжилж байгаа үйлдэл юм. Уг нийтлэлд миний зураг гарсан байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн ... бол гэжээ. Уг заалтаас үзэхэд надаас ямар нэг байдлаар зөвшөөрөл авах ёстой байхад зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчиж байгаа зөрчил болно. Хуулийн дээрх заалтад гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй хэмээн заасан тул гэм хорын хохирлыг шаардах болно. “ГҮ” ХХК нь zarig.mn видео сайтыг эрхлэн гаргадаг байх тул уг хуулийн этгээдийг хариуцагчаар татан, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан тул Б.С-ийн нэр төр. алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ГҮ” ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь бага ангийн сурагчдын дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж, улмаар зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, үйлчлэхийг хориглодог. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хуулийг шууд зөрчсөн байхаас үл барам, түүнийгээ олон нийтийн сүлжээнд дэлгэн багш мэргэжлийн нэр хүндийг унагаж байна. Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3.1.4-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Гэтэл тэрээр ёс зүйн дүрмийг мөн л зөрчсөн байдаг. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.5-д багш хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй байхаар заасан. Гэтэл тус нийтлэлд авагдсан багш нар нь дээрх үүргээ зөрчсөн төдийгүй, хүүхдүүдийг архидан согтууралд уруу татсан. Нэхэмжлэгч өөрийгөө тухайн үед вино уугаагүй гэж тайлбарладаг. Гэтэл бага насны хүүхдүүдийг уруу татахад согтууруулах ундааг ширээн дээрээ гаргаж тавих үйлдэл л хангалттай юм. Бага насны хүүхдийн аливааг шүүн тунгаах чадвар нь насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад сул байдаг тул багш нараас ажлын байран дээр архидан согтуурах нь хэвийн үзэгдэл хэмээн хүлээн авах боломжтой юм. Монгол Улс Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Хэвлэн нийтлэх эрх нь ард олныг мэдээллээр хангахаас гадна, соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч Б.С-э нь багш хүний хувьд байж боломгүй ёс зүйн алдаа гаргасан тул бусдыг тийм алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэн нийтэлсэн. Тухайн нийтлэлд хавсаргасан зургийг нэхэмжлэгч өөрийн фейсбүүк хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 24 өдөр олон нийт үзэж болох тохиргоотой хийсэн байдаг. Фейсбүүк хуудсанд олон нийт үзэж болох тохиргоотой зургийг хүн бүр үзэж, татаж авах зэрэг үйлдэл хийж болдгийг хүн энгийн ухамсрын төвшинд мэддэг.

 

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол шаардахын тулд хохирол учирсан байх, мөн хариуцагч гэм буруутай байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан талаар огт нотлоогүй. Мөн хариуцагч нь энэ үйлдэлд огт гэм буруугүй. Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх эрх чөлөө, эрх зүйн зөрчлийг мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “ГҮ” ХХК-д даалгах тухай Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, олон нийт зургийг хараад шууд нэрлэн заах боломжгүй нэр төр алдар хүнд гутаагдсан байх боломжгүй гэж үзлээ" гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч тодорхой хүрээнд танигдсан бөгөөд тэр хүрээгээр л түүний нэр хүнд гутаагдахаас гадна 105 дугаар сургуулийн багш нар хэмээн бичигдсэн гарчгаас түүний болон бусад багш нарын нэр хүнд гутаагдаж байгаа болно. Нийтлэлийн агуулга нь зураг дээр харагдаж байгаа бодит байдлыг өгүүлсэн байх тул дээрх нийтлэлийг бодит байдалд нийцээгүй гэж үзэх боломжгүй юм гэж дүгнэсэн. Нийтлэлийн агуулгатай холбогдуулан маргаагүй ба 2018.04.24-ний үйл явдлыг "... винодож байна" хэмээн одоо цаг дээр бичсэнтэй холбогдуулан маргаж, энэ талаар тайлбараа өгсөн. Цаг хугацааны хувьд өнгөрсөн цаг үед байхаас гадна согтууруулах ундааг ажлын байран дээрээ ууж байна хэмээн бичиж, нийгэмд буруу ташаа мэдээлэл тараасан нь нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлож байгаа үйлдэл юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбат нь хариуцагч “ГҮ” ХХК-д холбогдуулж тус компанийн zarig.mn сайтад нийтлэгдсэн зураг, мэдээллийн улмаас нэхэмжлэгч Б.С-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг мэдээллийг нэхэмжлэгчийн өөрийн фейсбүүк хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 24 өдөр олон нийт үзэж болох тохиргоотой тавигдсан зурагт  тулгуурлан бичсэн  гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой бөгөөд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх учиртай.

 

Хариуцагч “ГҮ” ХХК-ийн zarig.mn сайтад / https://zarig.mn/d4o / 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нийтлэгдсэн “СХД-ийн 105 дугаар сургуулийн багш нар сурагчдынхаа дэргэд винодож байна” гэсэн мэдээлэлд “...СХД-ийн 105 дугаар сургуулийн багш нар ажлын байран дээрээ винодож байгаагаа цахим орчинд дэлгэв. Багш нарын нэгнийх нь төрсөн өдөр болсон бөгөөд баяр тэмдэглэн сурагчдын хичээлийн анги танхимд ширээ зассан, баярын ширээн дээрээ вино тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албан хаагчид ажлын байран дээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хадгалахгүй байхыг үүрэгдсэн. Гэтэл энэ үүрэг бүрэн хэрэгжихгүй байгаагийн илрэл энэ болж байгаа юм” гэжээ.

 

Мөн дээрх мэдээлэлд сургуулийн хичээлийн танхимд бялуу, ундаа, чихэр, жимс, вино тавьж зассан ширээг тойрч суусан нэхэмжлэгчээс гадна гэрчээр асуугдсан нэр бүхий 6 багш нарын зураг нийтлэгджээ. https://zarig.mn/d4o

 

Хариуцагчийн гаргасан гэрчийн  мэдүүлэг авах хүсэлтийг шүүх хангаж гэрчээр дээрх зурганд орсон Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн нэр бүхий зарим багш нарыг гэрчээр асуусан тэмдэглэл хэрэгт авагдсан байна. /хх-ийн 28-37/

 

Гэрч Д.Пунсалдулам, С.Цэвэлмаа, Ш.Бурмаа, К.Болормаа нар тухайн үед сургуулийн анги танхимд  ширээн дээр согтууруулах ундаа байсан талаар мэдүүлсэн байхаас  гадна гэрч Д.Пунсалдулам “...би жирэмсний амралттай хүүхдээ хараад гэртээ сууж байсан. Хамт олноо санаад тэр үеийн тэр зургийг дурсгалтай юм боловуу гэж бодоод тавьсан” гэж мэдүүлснээс үзэхэд zarig.mn сайтад нийтлэгдсэн багш нарын зургийг олон нийтийн сүлжээнд хариуцагчийг зөвшөөрөлгүй тавьсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 28/

Нэхэмжлэгч Б.С-э нь “...2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий багш нар төрсөн өдрийн баяр хүргэх гэсэн юм гээд хичээлгүй байсан ангид маань орж ирэн, вино, торт бэлэглэсэн. Дурсгал болгоод зургаа даруулчихъя хэмээн ширээ засаж, бэлэг болгон өгсөн...” гэсэн түүний тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр “ГҮ” ХХК-ийн zarig.mn сайтад нийтлэгдсэн зураг, мэдээлэл нь  бодит байдалд нийцэж байгаа болох нь нотлогдсон байна.

 

Сургуулийн хичээлийн танхимд бялуу, ундаа, чихэр, жимс, вино тавьж ширээ засаад зургаа даруулчихаад буцаагаад байранд нь тавьсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл муутай байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өөрийн фейсбүүк хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 24 өдөр олон нийт үзэж болох тохиргоотой тавигдсан зурагт  тулгуурлан бичсэн сургуулийн орчинд архи согтууруулах ундаа өрсөн ширээ тойрч суусан багш нарыг нээлттэй шүүмжилсэн мэдээ нийтэлсэн хариуцагчийн үйлдлийг бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэлгүй, эх сурвалжаа тодорхой дурьдсан байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүй нийтэлсэн гэж үзэх үндэслэл мөн тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх “ГҮ” ХХК-д холбогдох Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Н.БАТЗОРИГ