Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 1785

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, Ерөнхий шүүгч Б.Баатар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох,  

 

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхзул, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Г” ХХК-ийн ZARIG.MN сайтад 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн лхагва гарагийн 1659 цагт “Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн багш нар сурагчдынхаа дэргэд винодож байна” гарчигтай нийтлэл гарсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна:

Нийтлэл нь “...винодож байна” хэмээн одоо цаг дээр бичигджээ. Гэтэл жилийн өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэр бүхий багш нар төрсөн өдрийн баяр хүргэх гэсэн юм гээд хичээлгүй байсан ангид маань орж ирэн, вино, торт бэлэглэсэн. Дурсгал болгоод зургаа даруулчихъя хэмээн ширээ засаж, бэлэг болгон өгсөн зүйлээ өрж дуусах үед биеийн тамирын хичээл нь завсарлаж, сурагчид ангид орж ирсэн. Ингээд зургаа даруулчхаад ширээ, сандлыг эгүүлэн байранд нь тавьсан. Цаг хугацааны хувьд өнгөрсөн цаг үед байхаас гадна согтууруулах ундааг ажлын байран дээрээ ууж байна хэмээн бичиж, нийгэмд буруу ташаа мэдээлэл тараасан нь нэр төр, алдар хүндийг маань гутаан доромжилж байгаа үйлдэл юм.

Уг нийтлэлд миний зураг гарсан байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн ...” бол гэжээ. Уг заалтаас үзэхэд надаас ямар нэг байдлаар зөвшөөрөл авах ёстой байхад зөвшөөрөл аваагүй нь хууль зөрчиж байгаа зөрчил болно.

Хуулийн дээрх заалтад “гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй” хэмээн заасан тул гэм хорын хохирлыг шаардах болно.

“Г” ХХК нь ZARIG.MN видео сайтыг эрхлэн гаргадаг байх тул уг хуулийн этгээдийг хариуцагчаар татан, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан тул Б.Сэлэнгийн нэр төр. алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

“Г” ХХК нь иргэн Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

1.Нэхэмжлэгч нь багш болохын хувьд Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1-т заасан багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих үүрэгтэй байх бөгөөд 44.4-т зааснаар багшийн ёс зүйн дүрмийг сахих үүрэгтэй болно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар тушаалын 1-р хавсралтаар “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийг баталсан байдаг. Уг ёс зүйн дүрмийн 2.1-т “мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хамгаалах, ёс суртахууны үлгэр дуурайлалтай ажиллах” нь багш хүний үйл ажиллагаандаа баримтлах зарчим байхаар заасан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх зарчмыг илтэд зөрчиж бага ангийн сурагчдын дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэж, улмаар зургаа олон нийтийн сүлжээнд байршуулсан байдаг.

Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар”-т согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, үйлчлэхийг хориглодог. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хуулийг шууд зөрчсөн байхаас үл барам, түүнийгээ олон нийтийн сүлжээнд дэлгэн багш мэргэжлийн нэр хүндийг унагаж байна.

Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг” хориглосон байдаг. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 105-р сургууль буюу төрийн өмчийн сургуулийн багш тул төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарна. Гэтэл тэрээр ёс зүйн дүрмийг мөн л зөрчсөн байдаг.

Тэрээр өөрийн хуулиар хүлээсэн үүргийг зөрчсөнөөс гадна сурагчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.5-д багш “хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ авах үүрэгтэй” байхаар заасан. Гэтэл тус нийтлэлд авагдсан багш нар нь дээрх үүргээ зөрчсөн төдийгүй, хүүхдүүдийг архидан согтууралд уруу татсан. Нэхэмжлэгч өөрийгөө тухайн үед вино уугаагүй гэж тайлбарладаг. Гэтэл бага насны хүүхдүүдийг уруу татахад согтууруулах ундааг ширээн дээрээ гаргаж тавих үйлдэл л хангалттай юм. Бага насны хүүхдийн аливааг шүүн тунгаах чадвар нь насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад сул байдаг тул багш нараас ажлын байран дээр архидан согтуурах нь хэвийн үзэгдэл хэмээн хүлээн авах боломжтой юм.

2.Монгол Улс Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Хэвлэн нийтлэх эрх нь ард олныг мэдээллээр хангахаас гадна, соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч Б.С нь багш хүний хувьд байж боломгүй ёс зүйн алдаа гаргасан тул бусдыг тийм алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэн нийтэлсэн болно.

3.Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уг зургийг авахуулсан тул “винодож байна” гэж бичих нь буруу талаар дурджээ. Өмнө нь дурдсанчлан, дээрх үйлдэл нь багш Б.Сэлэнгийн хувьд зөвхөн хууль зүйн төдийгүй ёс зүйн зөрчил бөгөөд цаг хугацааны хувьд хэзээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь төдийлөн ач холбогдолгүй, харин хэрэглэсэн эсэх нь чухал байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч “винодож байна”, “винодсон байна” хэмээн өөр цаг хугацаанд бичсэнээс үл хамаараад энэ нь ёс зүйн зөрчил болно.

Мөн нэхэмжлэгч нь согтууруулах ундааг хэрэглээгүй гэх боловч энэ талаар нотлох баримтгүй. Зурагт нэхэмжлэгч Б.С ширээний голд суусан байх бөгөөд ширээн дээр вино, нэг удаагийн цаасан аяга байгааг харж болно. Эндээс үзвэл тухайн согтууруулах ундааг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Тухайн нийтлэлд хавсаргасан зургийг нэхэмжлэгч өөрийн фейсбүүк хуудсанд 2019 оны 4 дүгээр сарын 24 өдөр олон нийт үзэж болох тохиргоотой хийсэн байдаг. Фейсбүүк хуудсанд олон нийт үзэж болох тохиргоотой зургийг хүн бүр үзэж, татаж авах зэрэг үйлдэл хийж болдгийг хүн энгийн ухамсрын төвшинд мэддэг.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол шаардахын тулд хохирол учирсан байх, мөн хариуцагч гэм буруутай байх шаардлагатай. Нэхэмжлэгч нь өөрт хохирол учирсан талаар огт нотлоогүй байна. Мөн хариуцагч нь энэ үйлдэлд огт гэм буруугүй. Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан хэвлэн нийтлэх эрх чөлөө, эрх зүйн зөрчлийг мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн болно.

Энэхүү хэрэг маргааны үйл баримтын эцсийн хохирогч нь нэхэмжлэгч, хариуцагчийн хэн нь ч биш тухайн үйл баримт болоход байсан сурагчид болохыг анхаарч үзэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх талуудын маргаагүй тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй боловч талууд түүнийг оролцуулахгүйгээр хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Г” ХХК-ийн “Zarig.mn” видео сайтын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 16:59 цагийн мэдээлэлд “СХД-ийн 105-р сургуулийн багш нар сурагчдынхаа дэргэд винодож байна” гэсэн гарчиг бүхий зурагтай нийтлэл гарсан байна. /http5://zarig.mn/d4o /

 

Уг нийтлэлд “Нийслэлийн СХД-ийн 105-р сургуулийн багш нар ажлын байран дээрээ винодож байгаагаа цахим орчинд дэлгэв. Багш нарын нэгнийх нь төрсөн өдөр болсон бөгөөд баяр тэмдэглэн сурагчдын хичээлийн анги танхимд ширээ зассан, баярын ширээн дээрээ вино тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн алба хаагчид ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, хадгалахгүй байхыг үүрэгдсэн. Гэтэл энэ үүрэг бүрэн хэрэгжихгүй байгаагийн илрэл нь энэ болж байгаа юм.” гэсэн агуулга тусгагджээ.

 

Нэхэмжлэгч нь дээрх нийтлэл, түүний гарчгийг бодит байдалд нийцээгүй, өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүйгээр нийтэлснээс түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1.-д “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:” гээд 1.2.-т  “хүний нэр төр, алдар хүнд, ...- ийг хүндэтгэх,” гэж тунхагласан бөгөөд Иргэний эрх зүйгээр иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахаар бататгаж зохицуулжээ. 

 

Иймд Иргэний эрх зүйгээр иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэж, учирсан гэм хорыг арилгуулдаг байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “...зураг авахуулах зорилгоор зассан ширээн дээр байршуулсан дарсыг ууж байгаа мэтээр бичсэн нь бодит үнэнд нийцээгүй” гэх үндэслэлээр гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 6 багш хичээлийн танхимд, сурагчдын дэргэд, чихэр, жимс, бялуу, ундаа, шүүс, дарс байршуулсан ширээг тойрон сууж байгаагаар зураг авахуулсан, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр цахим хуудас дахь нэхэмжлэгчийн нүүр ном /facebook/-нд байршсан энэ зургийг хариуцагч татан авч, дээрх нийтлэлийг гаргахдаа ашигласан үйл баримт талуудын маргаагүй тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүх маргаагүй үйл баримтыг нотлох шаардлагагүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”, 21.5-д “Иргэний дүрсийг гэрэл зураг, кино, дүрс бичлэгийн хальс, хөрөг зураг болон бусад хэлбэрээр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.”, 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага хуулийн эдгээр зохицуулалтад хамаарч байна.

 

Нэр нь хүний салшгүй хэсэг болохынхоо хувьд иргэн бүрийг бие хүн болгон тодорхойлж буй нэг хэлбэр бөгөөд иргэний эрх зүйн бүх эрхийг зөвхөн өөрийн нэрээр олж авдаг тул тухайн хүнээс өөр бусад этгээд түүний нэрийг ашиглан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл хийх, олон нийтийг төөрөгдөлд оруулах замаар иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээг дордуулсныг нэр төрийг гутаасан, хүний нэр төртэй уялдаа холбоо бүхий, нийгэмд эзэлж байгаа түүний байр суурийн илрэл буюу үнэлэмж буурсныг алдар хүнд гутаагдсан гэж ойлгодог.

 

Уг нийтлэлд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, олон нийт зургийг хараад шууд нэрлэн заах боломжгүй, зураг дээр нэхэмжлэгчтэй нийлээд нийт зургаан хүн байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд гутаагдсан байх боломжгүй гэж үзлээ.

 

Харин хариуцагч нь бодит байдалд нийцэхгүй мэдээллийг олон нийтэд хүргэсний улмаас нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуульд багшлах үйл ажиллагааг явуулахад сөргөөр нөлөөлөх үр дагавар үүссэн бол Б.Сэлэнгийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх бөгөөд “Г” ХХК тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй.

 

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн багш нар хичээлийн танхимд, сурагчдын дэргэд, хичээлийн цагаар ширээн дээр согтууруулах ундааны зүйл болох дарс бүхий зургаа өөрсдийнхөө нүүр ном /facebook/-нд нийтэд үзэх боломжтойгоор байршуулсан нь ийнхүү нийтлэл бичигдэх үндэс болсон бөгөөд нийтлэлийн агуулга нь зураг дээр харагдаж байгаа бодит байдлыг өгүүлсэн байх тул дээрх нийтлэлийг бодит байдалд нийцээгүй гэж үзэх боломжгүй юм. 

 

Харин “...багш нар сурагчдынхаа дэргэд винодож байна” гэсэн гарчиг өгсөн нь буруу боловч нийтэд үзэх боломжтойгоор байршуулсан зургаар тогтоогдсон бодит байдлыг ор үндэслэлгүй гэж үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх нь учир дутагдалтай болно.

 Иймд хариуцагчийг зургаар тогтоогдсон агуулга бүхий нийтлэл гаргасныг бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн “ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах” шаардлагыг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь цахим хуудас дахь нэхэмжлэгчийн нүүр ном /facebook/-оос түүний фото зургийг авч, зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн нь тодорхой байгаа боловч ийнхүү зураг нийтэлснээс нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Б.Сэлэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Цахим хуудас дахь нүүр ном /facebook/-нд нийтэд нээлттэй байдлаар байршсан фото зураг, дүрс бичлэгийг дурын хэн боловч үзэх, түүнийг хуулбарлан авах боломжтой ч энэ байдал нь түүнийг зөвшөөрөлгүйгээр нийтлэх, илүү өргөн хүрээ бүхий олон нийтэд дурын тайлбар бичин тараах эрхийг олгохгүй болохыг дурдах нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.5, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг “Г” ХХК-д даалгах тухай Б.Сэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ                                     Ө.УЯНГА

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БААТАР 

 

 

                                           ШҮҮГЧ                                        Б.УУГАНБАЯР