Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1834

 

Л.Э-, Г.О-нарын                                                                 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01847 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 46 361 668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э-, Г.Оюуномин, тэдгээрийн өмгөөлөгч  Т.Цэен-Ойдов, хариуцагч Д.М-, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Э- миний бие нь хариуцагч Д.М-аас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөг, мөн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулан зээлж авсан бөгөөд 5 сарын зээлийн хүүд 6.000.000 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд Г.Оюуномин, Л.Э- нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар нэхэмжлэгч Л.Э- нь хариуцагч Д.М-ын хүсэлтээр түүнтэй ярилцаж тохиролцон, нэхэмжлэлд дурьдсан зээлийн төлбөрийг ажлын хөлсөөс хасаж тооцон Налайх дүүргийн 6 дугаар хорооны Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газрын Орог Ямаатын аманд байрлах жуулчны баазын барилга байгууламжийг барьж өгөхөөр болсон. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс би дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцад нийт 9 гэрийн суурийг машин механизмаар ухаж, далан босгон бэлдэн, зуурмагийн машины тусламжтайгаар суурийг цутган, гэрүүдийг барьсан. Үүний дараа рестораны зориулалтаар 201.6 м.кв талбай бүхий хоёр давхар барилга барьж, гадна бүжгийн талбай, галын наадам хийх талбай зэргийг хийж тохижуулсан. Мөн уг талбайгаас дараагийн талбай руу явахад шаардлагатай төмөр бетонон тулгууртай, 200 м.кв талбайтай модон гүүр, 36 м.кв  талбай бүхий боловсон жорлон, душ, караокены барилга, элсний гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, баазын гаднах төмөр хашаа, гэр доторх модон тавилга зэрэг нийт 23 нэр төрлийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн Д.М-д хүлээлгэн өгсөн. Жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.М- нь өөрийн Хаан банкин дахь 5015030590 тоот данснаас жуулчны бааз барьсан ажлын хөлсний урьдчилгаа болгон нийт 45 229 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны хооронд шилжүүлэн өгсөн байдаг. Л.Э- миний хийж гүйцэтгэсэн дээрх жуулчны баазын ажлын нийт хөлс болох 151.590.667 төгрөгөөс зээлийн гэрээний төлбөр болох 40.000.000 төгрөг, зээлийн гэрээний алданги болох 20.000.000 төгрөгийг мөн ажил гүйцэтгэх явцад урьдчилгаа төлбөр болгож өгсөн 45.229.000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл төлбөр болох 46.361.668 төгрөгийг Д.М-аас гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд байгаа Л.Э- болон Г.Оюуномингийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү.

 

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Оюуномин, Л.Э- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсанаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд энэхүү зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь авснаа бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр авсан зээлээ хуваан 2017 онд төлөх талаар тодорхойлолт гарган өгч байсан бөгөөд энэ цаг хугацаанд жуулчны баазын барилгын ажил дуусч ашиглалтанд орсон байсан болно. Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын “Орог ямаат”-ын аманд байрлах жуулчны баазын барилга байгууламжийг нийт 61.964.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлсний төлбөрийн зөрүү гэх 46.361.668 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг бүрэн хүлээн авсан, хариуцагчийн зүгээс жуулчны баазыг хүлээн авснаар бидний ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул аливаа шаардлага гаргах эрхгүй гэж ойлгож байна. Дээрх ажлын хөлсөнд төлсөн ажил гүйцэтгэгч нартай харилцан тохиролцон төлсөн нийт 61.964.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд миний бие Г.Оюуномингийн Хаан банкны 5072046569 тоот төгрөгийн данс руу өөрийн Хаан банкны 5015050390 тоот данснаас шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь хийсэн ажлын хөлс 151 590 667 төгрөг гэх боловч миний бие ажил гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож тухайн ажлыг 61 964 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн тул харилцан тохиролцоогүй ажлын хөлс буюу цалингийн зөрүү гэх дээрх мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ дуусгавар болоогүй тул зээлээ бүрэн төлж барагдуулаагүй тул барьцааны гэрээ цуцлах, барьцааны зүйлийг чөлөөлж өгөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Л.Э-, Г.О-нарын хүсэлтийн дагуу 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан, 15.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн байдаг. Дээрх зээлийн гэрээнүүд байгуулсантай холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр тус тус барьцааны гэрээ байгуулан Л.Э-, Г.О-нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Л.Э-, Г.О-нар зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд зээлийн гэрээний хүүнд 6.000.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Л.Э-, Г.О-нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 8.400.000 төгрөг, алданги 24.200.000 төгрөг, нийт 72.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Д.М-д ажил хийж өгсөн ажлын хөлсөнд зээлийн төлбөр болох үндсэн зээл 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг тооцохоор тохиролцсон тул зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй юм. Иймд зээлийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 59.774.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.026.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.361.668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай Г.Оюуномин, Л.Э- нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Д.М-аас шинжээчийн ажлын хөлсөнд 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 457.950 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 85.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 456.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгч Л.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 389.758 төгрөг, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 389.758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2019 оны 4 дүгээр 22-ны өдрийн 14/24 тоот шинжээчийн дүгнэлтээр Л.Э-ы гүйцэтгэсэн ажлыг 214.907.942 төгрөг гэж гаргасан байхад шүүх өмнөх шинжээчийн дүгнэлтээр гарсан 151.590.667 төгрөгөөр тооцон 59.774.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч Д.М-ын өмгөөлөгч О.Мягмарсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Оюуномин, Л.Э- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь "...ажлын хөлс буюу цалингийн үлдэгдэл төлбөрт 46.361.668 төгрөгийг гаргуулах, "...барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх." гэж шаардлагаа тодорхойлон өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг 151.590.667 төгрөг болсон үүнээс зээлийн төлбөр болох 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, ажил гүйцэтгэх явцад урьдчилгаа төлбөр болгож өгсөн 45.299.000 төгрөгийг тус тус хасч үлдэгдэл нь 46.361.668 төгрөгний авлагтай үлдсэн гэж тайлбарласан. Шүүх дүгнэхдээ зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээний тус тусдаа бие даасан харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч шийдвэр гаргахдаа алдаа гаргасан гэж үзэхээр байна. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт: "...хариуцагч Д.М-аас ажлын хөлсөнд шилжүүлсэн "...ажлын хөлс болох 151.590.667 төгрөгнөөс зээлийн гэрээний төлбөр болох 60.000.000 төгрөг, урьдчилгаа төлбөр болох 45.299.000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл төлбөр болох 46 361 668 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажлын хөлсөнд 46.361.668 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй..." гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болжээ. Хариуцагч тал болох Д.М-ын зүгээс Л.Эрдэнбулган, Г.О-нартай харилцан тохиролцсон Л.Э-ы "Юниквүүд" ХХК-иар тэдний ажилчидаар Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Горхи Тэрэлжийн байгалын цогцолбор газрын Орог ямаатын аманд жуулчны баазын барилга байгууламж бариулсан нь үнэн бөгөөд энэхүү жуулчны баазын барилга байгууламжийг бариулахдаа дээр дурьдсан зээлийн гэрээний үнийн дүнгээр тооцож ажил гүйцэтгүүлэх талаар анхнаасаа ямар нэгэн тохиролцоо огт байгаагүй бөгөөд талууд ажлын хөлсийг 151.590.667 төгрөг байх талаар тохиролцсон зүйл байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт үндэслэж талууд ажлын хөлсний талаар харилцан тохиролцсон гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь буруу юм. Д.М- нь жуулчны баазыг бариулахдаа хариуцагч нартай харилцан тохиролцон ажлын хөлсөнд нийт 61.964.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шилжүүлсэн байдаг. Талууд ажлын хөлсийг 60.000.000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд энэ нь Г.Оюуномин, Л.Э- нарын зээлийн төлбөрөөс тусдаа байсан гэж үзэж болохоор байгаа юм. Нөгөө талаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэгтгэж ирүүлсэн хэргийн баримтаар хариуцагч нар өмнө нь шүүхэд гаргасан тайлбар, тэдний гаргаж байсан сөрөг нэхэмжлэлд дурьдсанаар жуулчны баазын барилга байгууламжийг барьсан ажлын хөлсөнд талуудын харилцан тохиролцсоноор нийт 61.964.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд шилжүүлсэн байдаг. Шүүхээс талуудын хооронд ажил гэрээний харилцаа үүссэн, ажлын хөлсийг талууд тохиролцоогүй гэж үзэн шинжээчийн дүгнэлтийн хүрээнд нэхэмжлэгч нарын өөрсдийн гаргасан ажлын хөлсний хэмжээгээр цалин хөлс гаргуулахаар шийдэврлэсэн нь баримт тулгуурлаагүй, бодит байдалтай нийцэхгүй байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2018/02991 дүгээр захирамжаар Л.Э-, Г.О-нарын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.361.668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай иргэний хэрэгт Д.М-ын нэхэмжлэлтэй, Л.Э-, Г.О-нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг  72.600.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн  68.3 дах хэсэгт нийцсэн бөгөөд эхэлж үүсгэсэн иргэний хэргийн нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэгч сүүлд үүсгэсэн иргэний хэргийн нэхэмжлэл нь сөрөг нэхэмжлэл, уг хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч гэж хэргийн оролцогчийн эрх зүйн байдал, хэргийн агуулга тодорхойлогдох юм.  /хх-ийн 71/

Нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нар хариуцагч Д.М-д холбогдуулж ажлын хөлсний үлдэгдэл 46.361.668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээл, зээлийн хүү, алданги 72.600.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.М- нь 15.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай, мөн 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 25.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдэгч Л.Э-д зээлдүүлэхээр тус тус тохиролцож, зээлдүүлэгч Д.М- нь дээрх хоёр зээлийн гэрээний дагуу нийт 40.000.000 төгрөгийг зээлдэгч Л.Э-д шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн хүүд 6.000.000 төгрөгийг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн зохигчид 2015 оны 2 дугаар сард амаар харилцан тохиролцож ажил гүйцэтгэгч Л.Э- нь Налайх дүүргийн 6 дугаар хорооны Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газрын Орог Ямаатын аманд байрлах жуулчны баазын барилга байгууламжийг барих, захиалагч Д.М- нь ажлын хөлс төлөхөөр тус тус тохиролцож, уг гэрээний  хэрэгжилт, ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

            Зохигчид зээлийн гэрээний үүрэгт ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг тооцохоор тохиролцсон эсэх  болон ажлын хөлсний хэмжээний талаар маргажээ.

           Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч Л.Э- нь жуулчны баазад амрагчдын 9 гэрийн газар шороо, суурийн ажил, контейнер хаус барих ажил, рестораны барилгын ажил, боловсон 00, караокены барилгын ажил, амралтын байрын суурийн ажил, модон гүүрийн ажил, бохир усны 27 м3 цооногийн ажил, бохир усны шугам, худгийн ажил, баазын гэрэлтүүлгийн ажил, гадна цахилгаан хангамжийн ажил, дээд авто зогсоолын ажил, доод авто зогсоолын ажил, гар бөмбөгийн талбайн ажил, гадна зам талбайн ажил, модон жорлон барих ажил, гадна цэвэр ус, гүний худгийн ажил, бусад ажил буюу зуурмаг болон бетон зуурмаг бэлдэх ажил зэрэг 17 нэр төрлийн ажил гүйцэтгэснийг захиалагч Д.М- хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар, ажлын явцыг харуулсан гэрэл зургууд, барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ төв” ХХК  2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14/24 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Талууд дээрх ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг харилцан тохиролцсон болох нь нотлогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасныг хэрэглэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад шинжээчээр томилогдсон барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ төв” ХХК  2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 14/24 тоот  шинжээчийн дүгнэлтээр “...Янгирт жуулчны баазад 17 нэр төрлийн 206.907.943 төгрөгийн ажлын хөлсний үнэлгээтэй ажил хийж гүйцэтгэсэн, нийт 8.000.000 төгрөгийн гэрийн модон тавилгууд нийлүүлсэн, бүгд 214.907.943 төгрөг...” гэсэн дүгнэлт гаргаснаас гадна уг дүгнэлтийг гаргасан П.Жавзмаа, С.Мөнхжаргал, Д.Санж нараас мэдүүлэг авахад хэргийн оролцогчид бүгд оролцсон байна. /хх-ийн  103-152, 223-224/

Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Бэсгэ төв” ХХК-ийн дээрх дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө тодорхойлсон хүрээнд шүүх шийдвэрлэх учиртай тул түүний хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 151.590.667 төгрөгөөр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх хариуцагч Д.М- зээлийн гэрээний үүргийг шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа  нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ 151.590.667 төгрөгөөс зээлийн гэрээний төлбөр болох 60.000.000 төгрөгийг дахин хасч тооцон ажлын хөлсний үлдэгдлийг тодорхойлсон нь буруу болсон байхаас гадна ажлын хөлснөөс  хариуцагчийн төлсөн урьдчилгаа төлбөр 45.229.000 төгрөгийг  хасч  тооцохдоо зохигчийн урьд гаргасан тайлбарыг анхаараагүй байна.

Зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт  заасан нотолгооны хэрэгсэл бөгөөд тэдгээрийг бусад нотлох баримттай харьцуулан дүгнэх учиртай.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2017 оны 5 дугаар сарын     31-ний өдрийн 696 дугаар хүчин төгөлдөр тогтоолын тодорхойлох хэсэгт “...жуулчны баазын ажлыг гүйцэтгэх явцад Д.М- манай эхнэр Г.Оюуномингийн нэр дээрх дансаар ажлын хөлс гэж 61.964.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 24.519.500 төгрөгөөр материал авсан ...” гэсэн Л.Э-ы  тайлбар тусгагдсан /хх-ийн 64/, хариуцагч Д.М- нь “...ажлын хөлсөнд 61.964.000 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбар гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ 151.590.667 төгрөгөөс хариуцагчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгчид шилжүүлсэн  61.964.000 төгрөгийг хасч тооцон 89.626.667 төгрөгийг хариуцагч Д.М-аас гаргуулж нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нарт олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Хариуцагч Д.М-аас “...жуулчны баазын барилга байгууламжийг нийт 61.964.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон...” гэж тайлбарлаж байгаа боловч түүний тайлбар шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн мэдүүлэг, ажлын явцыг харуулсан гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгджээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Л.Э-, Г.О-нарын “...барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй болно.

            Зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу  нэхэмжлэгч Л.Э- нь үндсэн зээл 40.000.000 төгрөг, 12 сарын зээлийн хүүд 14.400.000 төгрөг, нийт 54.400.000 төгрөг төлөхөөс зээлийн хүү 6.000.000 төгрөгийг төлсөн, түүний гүйцэтгэвэл зохих үүрэг 48.400.000 төгрөг байна.

Нэхэмжлэгч Л.Э-ы хариуцагч Д.М-ын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй болох нь  “Авсан зээлийн тухай өргөдөл гаргах нь” гэсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүх уг баримтыг үндэслэн талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан гэж дүгнэн, зээлийн гэрээний үүргийг хэтрүүлсэн хугацааг  47 хоногоор тооцон алданги 11.374.000 төгрөгийг, зээлийн гэрээний үүрэг 48.400.000 төгрөгийн хамт нийт 59.774.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Шүүх Г.Оюуноминд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар гомдол гаргаагүй ба хариуцагч барьцааны зүйлийн талаар шаардлага гаргаагүй байв.

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01847 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2  дах заалтын   “46 361 668” гэснийг “89 626 667” гэж, 4 дэх заалтын “389 758” гэснийг “606 083” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Д.М-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 389 760 төгрөгийг улсын орлогод үлдээж, Л.Э-ы төлсөн улсын тэмдэгтийн хураамж 456 820 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                               Н.БАТЗОРИГ