Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2019/01847

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Э-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.М-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 46.361.668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Д.М-ын нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Л.Э-д холбогдох,

 

Хариуцагч: Г.О-д холбогдох,

 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72.800.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгч Г.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, хариуцагч Д.М--ын өмгөөлөгч О.М, Э.Т, нарийн бичгийн дарга Т нар оролцов. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Л.Э, Г.О нарын хүсэлтийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулан, 15.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн байдаг. Дээрх зээлийн гэрээнүүд байгуулсантай холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тус тус барьцааны гэрээ байгуулан Л.Э, Г.О нарын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч Л.Э, Г.О нар зээлийн гэрээний хугацаа дуусахад гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бөгөөд зээлийн гэрээний хүүнд 6.000.000 төгрөгийг төлсөн. Иймд хариуцагч Л.Э, Г.О нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 8.400.000 төгрөг, алданги 24.200.000 төгрөг, нийт 72.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Э, Г.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.М-д ажил хийж өгсөн ажлын хөлсөнд зээлийн төлбөр болох үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг тооцохоор тохиролцсон тул зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхгүй юм. Иймд зээлийн гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгч Л.Э, Г.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.Э миний бие нь хариуцагч Д.М-аас 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөг мөн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 25.000.000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай “Зээлийн гэрээ” болон “Барьцааны гэрээ” байгуулан зээлж авсан бөгөөд 5 сарын зээлийн хүүд 6.000.000 төгрөгийг төлсөн. Зээлийн барьцаанд Г.О, Л.Э нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Улмаар нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Д.М-ын хүсэлтээр түүнтэй ярилцаж тохиролцон, нэхэмжлэлд дурьдсан зээлийн төлбөрийг ажлын хөлсөөс хасаж тооцон Н дүүргийн ............. байрлах жуулчны баазын барилга байгууламжийг барьж өгөхөөр болсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс би дээрх ажлыг эхлүүлсэн бөгөөд ажлын явцад нийт 9 гэрийн суурийг машин механизмаар ухаж, далан босгон бэлдэн, зуурмагийн машины тусламжтайгаар суурийг цутган, гэрүүдийг барьсан. Үүний дараа рестораны зориулалтаар 201.6 м.кв бүхий хоёр давхар барилга барьж, гадна бүжгийн талбай, галын наадам хийх талбай зэргийг хийж тохижуулсан. Мөн уг талбайгаас дараагийн талбай руу явахад шаардлагатай төмөр бетонон тулгууртай, 200 м.кв талбайтай модон гүүр, 36 м.кв бүхий боловсон жорлон, душ, караокены барилга, элсний гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, баазын гаднах төмөр хашаа, гэр доторх модон тавилга зэрэг нийт 23 нэр төрлийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэн Д.М-д хүлээлгэн өгсөн. Жуулчны баазны ажлыг гүйцэтгэх явцад Д.М нь өөрийн Хаан банкин дахь 50....... тоот данснаас жуулчны бааз барьсан ажлын хөлсний урьдчилгаа болгон нийт 45.229.000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 16-ны хооронд шилжүүлэн өгсөн байдаг. Л.Э миний хийж гүйцэтгэсэн дээрх жуулчны баазын ажлын нийт хөлс болох 151.590.667 төгрөгөөс зээлийн гэрээний төлбөр болох 40.000.000 төгрөг, зээлийн гэрээний алданги болох 20.000.000 төгрөгийг мөн ажил гүйцэтгэх явцад урьдчилгаа төлбөр болгож өгсөн 45.229.000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл төлбөр болох 46.361.668 төгрөгийг Д.М-аас гаргуулж өгнө үү. Мөн барьцааны гэрээнд байгаа  Л.Э болон Г.О-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О, Л.Э нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдсанаар бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар ямар нэгэн маргаан байхгүй гэж ойлгож байгаа бөгөөд энэхүү зээлийн төлбөрийг зээлдэгч нар нь авснаа бүрэн хүлээн зөвшөөрч 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан зээлээ хуваан 2017 онд төлөх талаар тодорхойлолт гарган өгч байсан бөгөөд энэ цаг хугацаанд жуулчны баазын барилгын ажил дуусч ашиглалтанд орсон байсан болно. Н дүүргийн ......... нутаг дэвсгэрт байрлах ............. байрлах жуулчны баазын барилга байгууламжийг нийт 61.964.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба ажлын хөлсний төлбөрийн зөрүү гэх 46.361.668 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэхь хэсэгт зааснаар ажлын хөлсийг бүрэн хүлээн авсан, хариуцагчийн зүгээс жуулчны баазыг хүлээн авснаар бидний ажил гүйцэтгүүлэхтэй холбоотой эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул аливаа шаардлага гаргах эрхгүй гэж ойлгож байна. Дээрх ажлын хөлсөнд төлсөн ажил гүйцэтгэгч нартай харилцан тохиролцон төлсөн нийт 61.964.000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд миний бие Г.О-гийн Хаан банкны 507...... тоот төгрөгийн данс руу өөрийн Хаан банкны 501...... тоот данснаас шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.О, Л.Э нар нь жуулчны баазын барилга байгууламжийг барьж дуусган хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ажлын хөлс гэж энэ мөнгийг надаас бүрэн шилжүүлэн авсан бөгөөд энэ нь надаас зээлсэн мөнгөнөөс тусдаа мөнгө юм. Хариуцагч нь хийсэн ажлын хөлс 151.590.667 төгрөг гэх боловч миний бие ажил гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож тухайн ажлыг 61.964.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн тул харилцан тохиролцоогүй ажлын хөлс буюу цалингийн зөрүү гэх дээрх мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээ дуусгавар болоогүй тул зээлээ бүрэн төлж барагдуулаагүй тул барьцааны гэрээ цуцлах, барьцааны зүйлийг чөлөөлж өгөх боломжгүй гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Д.М-ын нэхэмжлэлтэй, Л.Э, Г.О нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 72.800.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Л.Э, Г.О нарын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.361.668 төгрөг гаргуулах, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Д.М-ын “...2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Зээлийн гэрээ, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу хариуцагч Л.Э, Г.О нараас үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 8.400.000 төгрөг, алданги 24.200.000 төгрөг, нийт 72.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.Э, Г.О нар хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...зээлийн төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцсон” гэсэн тайлбар гаргаж, зохигчид мэтгэлцжээ.

 

Д.М, Л.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Д.М нь 15.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай зээлдэгч Л.Э-д зээлдүүлэхээр, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Д.М нь 25.000.000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэй, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай зээлдэгч Л.Э-д зээлдүүлэхээр тус тус тохиролцож, зээлдүүлэгч Д.М нь дээрх хоёр зээлийн гэрээний дагуу нийт 40.000.000 төгрөгийг зээлдэгч Л.Э-д шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн хүүд 6.000.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Л.Э, Г.О нар “...Н дүүргийн ............. байрлах жуулчны баазын барилга байгууламжийг барих ажлын хөлс 151.590.667 төгрөгөөс дээрх хоёр зээлийн гэрээний төлбөр болох үндсэн зээл 40.000.000 төгрөг, алданги 20.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг хасаж тооцохоор тохиролцож, би ажлыг хийж дуусгасан тул уг зээлийн гэрээ дуусгавар болсон” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч тал уг тайлбарыг үгүйсгэдэг тул дээрх зээлийн гэрээний үүрэг болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийг талууд харилцан тооцож дуусгавар болгосон гэж үзэх боломжгүй юм.

 

Зээлдэгч Л.Э нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 40.000.000 төгрөг, 12 сарын зээлийн хүүд 14.400.000 төгрөг, нийт 54.400.000 төгрөг төлөхөөс зээлийн хүүд 6.000.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 8.400.000 төгрөг, нийт 48.400.000 төгрөгийг хариуцагч Л.Э-аас гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгох нь гэрээний 1, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасантай нийцэж байна.

 

Мөн нэхэмжлэгч Д.М-ын шүүхэд гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Авсан зээлийн тухай өргөдөл гаргах нь” гэсэн баримтаар “...Л.Э миний бие эхнэр Г.О-гийн хамтаар Д.М-аас авсан зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 20.000.000 төгрөгийг төлөөгүй өдий хүрсэн. Нийт төлөх 60.000.000 төгрөгийн 35.000.000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө, үлдэх 25.000.000 төгрөгийг 2017 онд график гаргаж төлнө” гэж заасан байх тул талууд харилцан тохиролцож үүрэг гүйцэтгэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан гэж дүгнэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны 47 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 48.400.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 11.374.000 төгрөгийг хариуцагч Л.Э-аас гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгох нь зүйтэй болно.

 

Хариуцагч Г.О-гийн хувьд Д.М, Л.Э нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дүгээр зүйлийн 281.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Д.М-ын  өмнө үүрэг хүлээгээгүй тул Г.О-д холбогдох “...72.600.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

2. Л.Э, Г.О нар “...Л.Э хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 151.590.667 төгрөгөөс зээлийн гэрээний төлбөр 40.000.000 төгрөг, зээлийн гэрээний алданги 20.000.000 төгрөг, ажлын хөлсийн урьдчилгаанд төлсөн 45.229.000 төгрөгийг тус тус хасаж тооцон, үлдэх 46.361.668 төгрөгийн ажлын хөлсийг Л.Э-д гаргуулж өгнө үү, мөн зээлийн гэрээний барьцаанд Г.О, Л.Э нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.М хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...зээлийн гэрээ байгуулсан, ажил гүйцэтгүүлсэн нь үнэн. Гэхдээ зээлийн гэрээний төлбөрийг ажил гүйцэтгүүлсэн хөлсөнд тооцохоор тохиролцоогүй, мөн ажил гүйцэтгэх хөлсийг 61.964.000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд уг төлбөрийг бүрэн төлсөн тул ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон” гэсэн тайлбарыг гаргаж талууд маргажээ.

 

Үүнд: “...46.361.668 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч Л.Э, “...барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагад Г.О, Л.Э нар нэхэмжлэл гаргасныг дурдав.

 

            Д.М, Л.Э нар 2015 оны 02 дугаар сард харилцан тохиролцож “...ажил гүйцэтгэгч Л.Э нь Н дүүргийн ............. байрлах жуулчны баазын барилга байгууламжийг барих, захиалагч Д.М нь ажлын хөлс төлөх”-өөр аман хэлцэл байгуулсан талаар зохигчид маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

            Уг гэрээний дагуу гүйцэтгэгч Л.Э нь .......17 төрлийн буюу “1.Амрагчдын 9 гэрийн газар шороо, суурийн ажил, 2.Контейнор хаус барих ажил, 3.Рестораны барилгын ажил, 4.Боловсон 00, караокены барилгын ажил, 5.Амралтын байрын суурийн ажил, 6.Модон гүүрийн ажил, 7.Бохир усны 27 м3 цооногийн ажил, 8.Бохир усны шугам, худгийн ажил, 9.Баазын гэрэлтүүлгийн ажил, 10.Гадна цахилгаан хангамжийн ажил, 11.Дээд авто зогсоолын ажил, 12.Доод авто зогсоолын ажил, 13.Гар бөмбөгийн талбайн ажил, 14.Гадна зам талбайн ажил, 15.Модон жорлон барих ажил, 16.Гадна цэвэр ус, гүний худгийн ажил, 17.Бусад ажил буюу зуурмаг болон бетон зуурмаг бэлдэх ажил” гүйцэтгэснийг захиалагч Д.Мхүлээн авсан талаар зохигчид маргаагүй болно.

 

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч талын “...2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр болох 60.000.000 төгрөгийг ажлын хөлсний төлбөрөөс хасахаар тохиролцсон” гэсэн тайлбар, хариуцагч талын “...ажлын хөлсний хэмжээг 61.964.000 төгрөгөөр тохиролцсон” гэсэн тайлбар нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

            Хариуцагч Д.М нь “...ажлын хөлсөнд 61.964.000 төгрөгийг Г.О-гийн хаан банкин дахь 507...... тоот дансанд шилжүүлсэн, ажлын хөлсөнд 61.964.000 төгрөгийг төлсөн” гэсэн тайлбар гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан Л.Э эзэмшлийн Хаан банкин дахь 507..... тоот Депозит дансны хуулга, Г.О-н эзэмшлийн Хаан банкин дахь 507...... тоот Депозит дансны хуулга, Д.М-ын эзэмшлийн Хаан банкин дахь 50....... тоот Депозит дансны хуулгаар тогтоогдоогүй бөгөөд харин Д.М нь 45.229.000 төгрөгийн ажлын хөлсийг шилжүүлсэн болох нь нотлогджээ.

 

Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Э нь гүйцэтгэсэн ажлын хөлс болох Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний “Б” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00/00 дүгээр шинжээчийн “...ажил гүйцэтгэгч Л.Э нь .......-д 17 төрлийн 206.907.943 төгрөгийн ажлын хөлсний үнэлгээтэй ажил хийж гүйцэтгэсэн” гэсэн дүгнэлтийн дагуу хариуцагч Д.М-аас ажлын хөлсөнд шилжүүлсэн 45.229.000 төгрөгийг хасаж тооцон шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгчийн “...ажлын хөлс болох 151.590.667 төгрөгөөс зээлийн гэрээний төлбөр болох 60.000.000 төгрөг, урьдчилгаа төлбөр 45.229.000 төгрөгийг тус тус хасч, үлдэгдэл төлбөр болох 46.361.668 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Д.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болох ажлын хөлсөнд 46.361.668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

Харин нэхэмжлэгч  Л.Э, Г.О нарын “...барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар дуусгавар болоогүй, үүрэг гүйцэтгэгч Л.Э нь /үндсэн үүрэг болох/ дээрх зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан, барьцаалуулагч Г.О, барьцаалагч Д.М нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Барьцааны гэрээ, барьцаалуулагч Л.Э, барьцаалагч Д.М нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Барьцааны гэрээг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болсонд тооцож, барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Э-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 40.000.000 төгрөг, зээлийн хүү 8.400.000 төгрөг, алданги 11.374.000 төгрөг, нийт 59.774.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.026.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.О-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Мөн хариуцагч Д.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.361.668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Л.Э, Г.О нарын нэхэмжлэлтэй, Д.М-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.361.668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шинжээчийн дүгнэлт гаргасан “Б” ХХК-ийн ажлын хөлс болох 2.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Э төлсөн болох нь “Б” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар баримт, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 24 дүгээр баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-т “шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагч Д.М-аас шинжээчийн ажлын хөлсөнд 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд олгохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Э-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 59.774.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.026.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.О-д холбогдох “...72.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 46.361.668 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулж, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай Г.О, Л.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Д.М-аас шинжээчийн ажлын хөлсөнд 2.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 457.950 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 85.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 456.820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэгч Л.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 389.758 төгрөг, 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 389.758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Э-д олгосугай.

           

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.СЭМЖИД