Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 186

 

Ч.Т-ны нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Ерөнхий аудиторт  холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:          Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0113 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: Ч.Т, өмгөөлөгч Г.У,

Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э, өмгөөлөгч Г.О нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, С.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр: Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 71 дүгээр зүйлийн 71.3, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгийг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий Ч.Т-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0113 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0113 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Магадлалын Хянавал хэсэгт “Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн гүйцэд биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна” гэжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/237 дугаар “Ч.Т-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд /тодруулбал, Санхүүгийн аудитын хэлтэст шинжээчээр/ эгүүлэн тогтоолгох” бөгөөд анхан шатны шүүх нь тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

5. Учир нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газарт ажиллаж байсан аудитын үйл ажиллагаанд оролцдог удирдах, гүйцэтгэх албан хаагчдыг бүгдийг хамруулан чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу тухайн нэгжийн холбогдох албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж томилох зохицуулалтын дагуу явагдсан. Энэ талаар нотлох баримт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл зэргээр нотлогдоно.

6. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйл “... 27.2.4-т заасан ... нэмэгдэл баталгаа болох цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилох боломж байсан эсэх...”-ийг тодруулах гэсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчих нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнчлэн магадлалд “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын аудиторын ажлын байранд тавигдах шаардлагыг нэмэгдүүлж, өөрчлөх болсон бодитойгоор тулгарсан ямар хэрэгцээ шаардлага бий болсныг тодруулах шаардлагатай” гэсэн нь мөн л дээрх хуулийн зохицуулалтыг зөрчих нөхцөлийг шаардсан гэж үзэж байна. Энэ нь шүүхийн дүгнэсэн шиг шинээр тавьж байгаа шаардлага биш бөгөөд 2014 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан тодорхой болгож 2017 оны А/88 дугаар тушаалаар баталсан болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.5, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан хуулийн хэрэгжилтийг хангасан бие даасан тушаал шийдвэр бөгөөд энэ нь хууль тогтоомжоор Монгол Улсын Ерөнхий аудиторт байгаа бүрэн эрх болно. Нэхэмжлэгч нь шинээр ажлын байрны тодорхойлолт баталсан тушаал шийдвэртэй маргаагүй болно.

7. Мөн “Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.” гэжээ. Магадлалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай ямар байдлаар нийцээгүй тухай тодорхой дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй...” гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

8. Учир нь магадлалд “...тухайн байгууллагад хэдэн албан хаагчийг буцаан томилсон, хэдэн аудитор ажиллаж байгаа болох нь тодорхойгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх ба...” гэжээ. Энэ талаар нотлох баримт нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60, Б/177, мөн Б/206, Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээс тодорхой харагдах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх тушаал шийдвэр, бүтцийн өөрчлөлттэй маргадаггүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн магадлалд “...анхан шатны шүүхээс тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа болох, шинэ бүтэц батлагдсанаас хойш Санхүүгийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ санхүүгийн аудитын хэлтсийн аудитороор ажиллаж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа болохыг тодруулаагүй...” гэсэн нь мөн л дээрх нотлох баримтаар хэрэгт бүрэн авагдсан болно.

9. Мөн магадлалд “... “...Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдсөн, орон тоо цөөрсөн байна, нэхэмжлэгч Ч.Т нь мэргэшсэн нягтлан бодогч байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу байх тул ... бүрэн тодруулах нь зүйтэй” гэжээ. Нэхэмжлэгчийг анх Нийслэлийн аудитын газарт томилогдох үеийн ажлын байрны тодорхойлолтод “чухал шаардлагатай”-д “мэргэшсэн нягтлан бодогч” байх, “зайлшгүй шаардлагатай”-д “төрийн албанд ажилласан туршлагатай байх” гэх шаардлагууд байсан бөгөөд шинэчлэн батлагдсан Ажлын байрны тодорхойлолтоор илүү тодорхой болгож баталсан нь нотлох баримтаар хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар өөр нотлох баримт талуудад байхгүй болно. Шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь зохих журмын дагуу боловсруулагдаж батлагдсан. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолт баталсан тушаал шийдвэртэй маргаагүй болохыг мөн л энд дурдах шаардлага гарч байна.

10. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан болон талуудын шинжлэн судлуулсан нотлох баримтын хүрээнд дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна.” гэж заасны дагуу үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

11. Мөн магадлалд “...шинжээчээр ажиллаж байсан албан хаагч аудитороор ажиллах боломжтой эсэх, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хувьд аудитор, шинжээч хоёр нь адил байсан эсэх талаарх баримтыг цуглуулж, дээрх нөхцөл байдлыг нэг мөр тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх боломж бүрдэхээр байна...” гэжээ. Уг асуудлаар талууд маргадаггүй бөгөөд хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88, 2014 онд батлагдсан ажлын байрын тодорхойлолт зэргээс бүрэн харагдна.

12. Мөн магадлалд “...хуульд санхүүгийн аудитын хэлтсийн шинжээч, аудитор, гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч, аудитор гэж ялгавартайгаар тодорхойлж зохицуулаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд санхүүгийн болон гүйцэтгэлийн аудитын хэлтсийн шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж байсан хүмүүсийг шууд аудитороор томилсон нь тогтоогдож байх тул энэ талаар мөн дүгнэлт хийх шаардлагатай.” гэжээ. Энэ талаар анхан шатны шүүх Төрийн аудитын тухай хуулийн 18.1, Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн 4.1-д заасан зохицуулалтуудыг зөв тайлбарлаж үндэслэл бүхий дүгнэсэн гэж үзэж байна. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Санхүүгийн тайлангийн аудит, 5.3-т Гүйцэтгэлийн аудит, 5.4-т Нийцлийн аудит гэж аудитын төрлүүдийг тодорхойлсон бөгөөд тус бүр өөрийн гэсэн Олон улсын стандартын дагуу сорил, горим хэрэгжүүлдэг онцлогтой болно.

13. Мөн магадлалд “...ямар учраас сонгон шалгаруулалтыг нийт ажилтнуудын дунд явуулсан болох, ийнхүү явуулсан сонгон шалгаруулалт нь Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т нийцсэн эсэхийг тодруулж, дүгнэх шаардлагатай.” гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэж заасан бөгөөд шүүх тус “үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан” гэснийг тодруулсан байна. Энэ нь зөвхөн харгалзан үзэх нөхцөлийг заасан бөгөөд шалгаруулж авах нөхцөл нь “тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг... шалгаруулж авна”-д хамаарч байна. Тус зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтоор илэрхийлэгдэнэ.

14. Түүнчлэн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Санхүүгийн аудитын хэлтсийн албан хаагчдыг бусад аудитын нэгжийн албан хаагчидтай харьцуулж явуулаагуй бөгөөд өмнө нь тус нэгжид 25 албан хаагч байснаас 22 болж цөөрсний дагуу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж томилсон болно. Тус захиргааны үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгчээс гомдол, санал, нэхэмжлэлийг гаргаагүй болно.

15. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0113 дугаар магадлал нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн судлалгүйгээр дүгнэж, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0113 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

17. Давж заалдах шатны шүүх “маргааны үйл баримтад холбогдолтой нотлох баримт дутуу” гэсэн үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу байна. Учир нь, анхан шатны шүүхийн цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.

18. Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны А/60, А/88 дугаар тушаалаараа Нийслэл дэх төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалт болон ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлахдаа өмнө нь 25 албан хаагчтай 3 санхүүгийн аудитын алба байсныг нийт 22 албан хаагчтай /дарга бөгөөд аудитын менежер 2, ахлах аудитор 4, аудитор 16/ 2 санхүүгийн аудитын хэлтэс байхаар өөрчлөн зохион байгуулжээ.

19.  Ийнхүү тус газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдснөөр төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/ цөөрсөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалаар /4 дэх заалт/ өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг шинэ ажлын байранд томилохтой холбогдуулан шинэчлэн батлагдсан ажлын байрны /албан тушаалын/ тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж, танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасан нь хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэснийг хэрэгжүүлсэн байна.

20. Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгч Ч.Т нь Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторт тавигдах мэргэшсэн нягтлан бодогч байх, төрийн албанд 5-аас доошгүй жил ажилласан байх /3 жил ажилласан/ шаардлагыг хангаагүй гэсэн бөгөөд үүнтэй нэхэмжлэгч маргаагүй байна.

21. Түүнчлэн, хяналтын шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “тус газарт ажиллаж байсан бүх хүмүүсийн үр дүнгийн гэрээний үнэлгээ өндөр байсан тул уг шалгуураар сонгон шалгаруулах боломжгүй байсан, иймээс төрийн албанд ажилласан жил болон мэргэшсэн байдлыг шалгуур болгосон, уг шалгуурыг хангаагүй албан хаагчдыг, тухайлбал өмнө нь нэхэмжлэгчтэй адил санхүүгийн албанд ажиллаж байсан 3 шинжээчийг ажлаас нь чөлөөлсөн, одоо ажиллаж байгаа албан хаагчид нь бүгд шалгуур хангасан, өмнө нь ажиллаж байсан хүмүүс байгаа” гэсэн тайлбарыг өгсөн, нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй зэрэг үйл баримтаас дүгнэвэл маргаан бүхий акт болох Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар нэхэмжлэгч Ч.Т-г ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

22. Хэдийгээр маргаан бүхий актын шууд үндэслэл болоогүй ч нэхэмжлэгч нь “төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй” гэсэн хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгч уг шалгалтыг өгөөгүй үйл баримт нь нэхэмжлэлийн “өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэсэн даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нэг үндэслэлд хамаарна. Учир нь, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар төрийн “жинхэнэ албан тушаал” /захиргааны болон тусгай/ эрхлэх хүсэлтэй иргэд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдэх ёстой. Гэтэл анхнаасаа энэхүү нийтлэг журмыг зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон иргэнийг шүүхийн зүгээс эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох боломжгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

23. Ийнхүү маргааны үйл баримт тодорхой байхад давж заалдах шатны шүүх “... тухайн байгууллагад нийт хэдэн хүн ажиллаж байсан, одоо хэдэн хүн ажиллаж байгаа, шинэ бүтэц батлагдсанаас хойш Санхүүгийн аудитын хэлтэст томилогдсон бүх аудиторууд нь өмнө нь бүгдээрээ санхүүгийн хэлтсийн аудитороор ажиллаж байсан эсэх, шинэчлэн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгааг тодруулаагүй, харьцуулаагүй, чиг үүргийн хувьд шинжээч, аудитор хоёр нь адил байсан эсэхийг тодруулаагүй...” зэрэг үндэслэлийг заан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу байна.

24. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг /Тодорхойлох хэсгийн 4-14-т заасан/ хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0113 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ