Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 124/ШШ/2023/0021

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суух,Шаазгай ургийн овогт Ч.Б,

Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан гаргасан,

“Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б тус шүүхэд Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилогдсон байсан Ч.Быг Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Б нь маргаан бүхий актыг хянуулахаар Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан,уг хорооны 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаартай тэмдэглэлээр ,,,, гэж шийдвэрлэжээ.

Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 152/ШЗ2023/00875 дугаар захирамжаар Ч.Бын Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хуралдааны 06 дугаартай шийдвэрийг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д заасан хугацааны дотор гаргасан гэж үзлээ.

4. Хариуцагч Ц.Гт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчаас өөрийг нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг ирүүлсэн,гуравдагч этгээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх санал гаргасан болно.

5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, хариуцагч, гуравдагч этгээдийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзэв.

6. Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны 17 цагт Улаангом сумын захирлуудын дундын чат дээр Улаангом сумын 2,3,4,6-р сургуулийн захирлуудыг сэлгэн ажиллуулах тухай Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дугаартай захирамж гарсныг байршуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 21-нд ажил хүлээлцсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сэлгэн ажиллуулах захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-р заалтыг буюу 59.1. Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно гэх заалтыг зөрчиж, сэлгэн томилгоо хийсэн тул 2022 оны 12 дугаар сарын 16-нд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2023 оны 02 дугаар сарын 17-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 124/ШШ2023/0006 шийдвэрээр Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлаар эгүүлэн томилуулахаар шийдвэр гарсан.

Улаангом сумын Засаг дарга Ц.Г нь 2023 он 04 дүгээр сарын 17-нд Б/17 тоот захирамж гаргаж, ажил хүлээлцэхгүй 7 хоноод 2023 оны 4 дүгээр сарын 24-нд Б/18 тоот захирамжаар буцаан чөлөөлж, Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар дахин томилсон.

Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэсэн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 2023 оны 5 дугаар сарын 02-нд Улаангом сумын хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан. Тус комисс 2023 оны 05 дугаар сарын 23-нд бичгээр хүлээлгэн өгсөн. Тус хөдөлмөрийн маргаан таслах комиссийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 156-р зүйлийн 156.11 дүгээр заалтын дагуу баталгаажуулахаар 2023 оны 05 дугаар сарын 29-нд Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан. Увс аймгийн Иргэний хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх авч хянаад 2023 оны 06 дугаар сарын 14-нд Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг баталгаажуулахаас татгалзсан 152/Ш32023/00875 тоот захирамжийг хүлээн авсан. Намайг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон захирамжийг Улаангом сумын ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Болормаа, Боловсрол хариуцсан мэргэжилтэн Марта нар гардуулж өгсөн бөгөөд ажил хэзээ хүлээлцэх вэ гэж асуутал дарга хот явсан гэж хэлсэн. Дараа 7 хоногийн 4 дэх өдөр нь сумын Засаг даргыг Улаанбаатар хотоос ирсэн талаар мэдээд явж очоод уулзтал “ажил хүлээлцэх Засаг даргын орлогч томилолтоор явсан байгаа, ер нь ажил хүлээлцэхгүй байсан ч яадаг юм бэ, шүүхээрээ яв, 2 дугаар цогцолбор сургуулийн багш ажилтан эцэг эхчүүдийн зүгээс ийм өргөх бичиг ирсэн байгаа” гэдэг байдлаар надад хүндэтгэлгүй хандаж, бид хоёр маргалдсан. Би Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 захирамжаар намайг Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, буцаагаад 6 дугаар сургуулийн захирлаар томилсон захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байсан учир 2023 оны 6 дугаар сарын 30-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 захирамжийг хүчингүй болгож, Улаангом сумын Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлаар эгүүлэн томилж тухайн үед авч байсан цалин, нэмэгдэл урамшууллыг хэвээр тогтоож өгнө үү. Одоогоор цалин нэмэгдэл хасагдаагүй. Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 захирамжаар намайг Цогцолбор 2 дугаар сургуулийн захирлаар томилохдоо ур чадвар тогтоохгүй гаргасан байсан. Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 захирамж гаргаж намайг 6 дугаар сургуулийн захирлаар томилохдоо ур чадварыг тогтоож өгсөн байсан. Анх шүүхийн шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга захирамж гаргаж намайг ажилд эгүүлэн томилохдоо 2-3 сар миний ур чадварын нэмэгдлийг өгөхгүйгээр явуулсан. Шүүхийн шийдвэрт ур чадварын нэмэгдэл олгохоор тусгагдаагүй байна гэдэг үндэслэлээр намайг хохироох зүйл ажиглагддаг учир цаашид намайг томилохдоо ямар нэгэн нэмэгдлийг орхигдуулах эрсдэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагад тусгасан.2-р сургуулийн нийт багш,ажилчид надтай хамтарч ажиллахгүй талаар гарын үсэг зурсан гэх асуудлын тухайд нууцаар санал авахгүйгээр ил санал асуулга авч гарын үсэг зуруулсан болохыг багш ажилчид надад хэлж байсан. Хууль бус хуйвалдааны улмаас би хохирогч байна.Зарим багш ажилчид ямар учраас гарын үсэг зуруулсан талаар сүүлд мэдсэн гэж байсан.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Хариуцагч Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.Быг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны 04-р сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар цогцолбор 2-р сургуулийн захирлаар буцаан томилсон бөгөөд өөрөө ажил хүлээлцээгүйгээс гадна цогцолбор 2-р сургуулийн нийт багш ажилчид хүлээн авах боломжгүй хамтарч ажиллахгүй гэсэн өргөдөл гарын үсгийн хамт Улаангом сумын Засаг даргад өргөн барьсан. Өргөн барьсан нийт багш ажилчдын гарын үсэгтэй өргөдлийг тухайн үед Аймгийн  Хөдөлмөрийн маргаан таслах комиссын (Т.Нармандах)-д танилцуулсан. Цогцолбор 2-р сургуулийн 150 гаруй багш ажилчдын эрх ашиг, ажил хаялт гарч болзошгүйг зогсоож арга хэмжээ авч Ч.Быг 6-р сургуульд нь буцаан томилох шийдвэрийг гаргасан бөгөөд ямар нэгэн цалин урамшуулал огт хасаагүй болно” гэжээ.

8. Гуравдагч этгээд Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Батаа овогтой Буянтогтох би 2021 оны 12 сарын 22-нд зөвлөлөөс зарласан Улаангом сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын сул орон тоонд зарлагдсан сонгон шалгаруулалтад орж 2022 оны 01 сарын 06-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар томилогдон ажилласан. Улаангом сумын Засаг дарга 2, 3, 4, 4, 6 дугаар сургуулийн захирлуудтай уулзаж Цогцолбор 2 дугаар сургууль дээр гарч байгаа багш ажилчдын маргаан, дотуур байрны сурагчидтай зүй бус харьцсан алдаа дутагдал болон үйлчилгээний ажилчдын ажлын ачаалал нэмэгдүүлсэн талаар 3-р сургуулийн захирал менежерүүдийн хоорондын маргааныг таслан зогсоох, ажил сайжруулах чиглэлээр хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж 2, 3, 4, 6 дугаар сургуулийн захирлын ажлын байрыг сэлгэн ажиллуулахаар болсон талаар сонсох ажиллагаа явуулж шийдвэр гаргасан. Тухайн үед Засаг даргын шийдвэрийг эсэргүүцсэн захирал байгаагүй бөгөөд төрийн албан хаагч аль хэрэгтэй газарт нь ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэсэн зорилготойгоор бид тус тусын томилогдсон сургуульдаа очиж ажилласан. Миний хувьд 2-р цогцолбор сургуулийн багш ажилчид хамт олон хүлээн зөвшөөрч хүлээж авсан. Улаангом сумын Засаг даргын 2023 оны 4-р сарын Б/17 тоот захирамжаар Ч.Быг буцааж томилсон талаар мэдээлэл авсан багш ажилчид одоо буй Б.Б захиралтай хамтран ажиллах талаар Улаангом сумын Засаг даргад өргөх бичиг барьсан. Мөн Хүний эрхийн Үндэсний  комиссын ажилтан сургуулийн нийт багш ажилчидтай уулзалт хийхдээ тухайн уулзалтад намайг оролцуулахгүй хийж нийт багш ажилчдын 90 гаруй хувь нь Б.Б захирал хамтран ажиллахаа мэдэгдсэн. Тиймээс би энэ хамт олныхоо итгэлийг хүлээн авч 2-р цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна. Энэ хичээлийн жилд Шинэ Монгол сургуулиас төрийн өмчийн ерөнхий боловсролын 60 сургууль дээр хэрэгжүүлж буй “Сургуулийн менежмент” төслийг хэрэгжүүлэн ажиллахаар 2023 оны 08 сарын 22-ны өдөр харилцан гэрээ байгуулж ирсэн. Энэ гэрээний хүрээнд ажиллаж үр дүнгээ гаргаж хамт олонтойгоо ажиллах хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар  зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Бын “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023.04.24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн талаар:

2.Нэхэмжлэгч талаас “...Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр цогцолбор 2 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гарсан тул Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 17-ны өдөр 2-р сургуулийн захирлаар томилсон шийдвэр гаргасан.Гэвч ажил хүлээлцэхгүй 7 хоноод буцаан чөлөөлж 6-р сургуулийн захирлаар дахин томилсон,сургуулийн алба хаагчид өргөх бичих барьсан гэх үндэслэлээр ажил хүлээлцэж томилохгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн нэхэмжлэл,тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

3. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас “...Ч.Б нь өөрөө ажил хүлээлцээгүйгээс гадна цогцолбор 2-р сургуулийн нийт багш,ажилчид хамтарч ажиллахгүй гэсэн өргөдөл, гарын үсгийн хамт сумын Засаг даргад ирүүлсэн,иймд багш ажилчдын эрх ашиг, ажил хаялт гарч болзошгүйг зогсоож арга хэмжээ аван Ч.Быг 6-р сургуульд буцаан томилсон...” гэсэн үндэслэлээр тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

4. Гуравдагч этгээд Б.Бын зүгээс “хамт олонтойгоо ажиллах хүсэлтэй байгааг минь харгалзан үзнэ үү” гэсэн тайлбарыг гаргажээ.

5. Төрийн албаны салбар зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 54 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын хоёрдугаар цогцолбор сургуулийн захирлын ажлын байрны сул орон тоонд Ч.Быг нэр дэвшүүлснээр нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/04 дугаар захирамжаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

6. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн А/390 дугаар захирамжаар Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Ч.Быг Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар,4 дүгээр сургуулийн захирал Б.Быг 2 дугаар сургуулийн захирлаар, сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч Ч.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2023/0006 дугаар шийдвэрээр Ч.Быг Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн байна.

7. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар Ч.Быг Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар томилсон байх боловч маргаан бүхий акт болох Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2 дугаар сургуулийн ажилтан алба хаагчид өргөх бичиг барьсны дагуу Ч.Быг Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилжээ.

8. Улаангом сумын Засаг дарга Ц.Гт 2023 оны  04 дүгээр сарын 07-ны өдрийн “...Б.Б захиралтайгаа цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нийт хамт олны санал, хүсэлтийг харгалзан үзэж албан тушаалд нь хэвээр үлдээхийг хүсэж уламжилж байна...” гэх агуулгатай Увс аймгийн 2-р сургуулийн хамт олон, БНҮЭ хорооны гишүүд, тэргүүлэгчид гэсэн бичгийг багш, ажилчдын гарын үсэг гэсэн баримтын хамт хүргүүлжээ. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний огноо бүхий “захирал Б.Быг хэвээр үлдээж,хамтран ажиллуулахыг хүсэн уламжилж байна” 2-р цогцолбор сургуулийн хамт олон гэх бичгийг сумын Засаг даргад ирүүлсэн байна.

9. Хариуцагч маргаан бүхий актаар Улаангом сумын Засаг даргаас 2-р сургуулийн багш, ажилтнуудын гарын үсэг гэх баримтыг үндэслэн Ч.Быг 6-р сургуулийн захирлын албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-д заасан зохицуулалтыг баримтлан шийдвэрлэжээ.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт  “Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно” гээд мөн зүйлийн 59.1.4-д нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх үндэслэлийг тусгасан байна.

Өөрөөр хэлбэл, багш,ажилтнууд Ч.Быг 2-р сургуулийн захирлаар ажиллуулахыг эсэргүүцсэн гэх үйл баримт нь ажилтныг сэлгэн ажиллуулах хуульд заасан үндэслэл биш юм.

11. Түүнчлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан.

12. Хариуцагчаас Ч.Быг 2-р сургуулийн захирлаар томилсон шийдвэрийг гаргасан боловч ажлыг хүлээлцүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Мартагийн “ Ажил хүлээлцэх комисс томилж,ажил хүлээлцсэн ажиллагаа болоогүй,Засаг дарга тэр үед Улаанбаатар хот ажлаар явсан байсан.Ирээд ажил хүлээлцэж Ч.Быг томилно гэж байсан,Б/17 дугаартай захирамж гарсны дараа Ч.Бтой цаашид хамтран ажиллаж чадахгүй талаар багш, ажилчдын гарын үсэгтэй хүсэлт ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Болормаагийн “Комисс томилж, ажил хүлээлцсэн үйл явдал болоогүй, сумын Засаг дарга тэр үед Улаанбаатар хот ажлаар явсан байсан.Ирээд ажил хүлээлцэнэ гэж ярьж байсан. Б/17 дугаартай захирамж гарсны дараа Ч.Бтой цаашид хамтран ажиллаж чадахгүй талаар багш,ажилчдын гарын үсэгтэй хүсэлтийг ирүүлсэн.Уг хүсэлтийг хүлээн аваад сумын Засаг дарга надад Б/18 захирамжийг гаргах үүрэг чиглэл өгсөн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

13. Улаангом сумын Засаг даргаас Ч.Быг 2-р сургуулийн захирлаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр томилсон шийдвэр гаргаад ажлыг нь хүлээлцүүлэн албан үүргээ гүйцэтгэх боломжийг олгохгүйгээр 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр буюу 7 хоногийн дараа 6-р сургуулийн захирлаар томилж шийдвэрлэснийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2023/0006 дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй.

14. Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Ч.Быг 6-р сургуулийн захирлаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан журамд нийцээгүй, нэхэмжлэгчийн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.12-т “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж заасныг зөрчсөн гэж тус тус үзэх үндэслэлтэй.

15. Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай захирамжийг хүчингүй болгон, Ч.Быг урьд эрхэлж байсан Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

16. Монгол Улсын Их хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс Боловсролын ерөнхий хуулийг баталсан, уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д зааснаар аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг аймгийн боловсролын газрын дарга, томилж, чөлөөлөх эрх хэмжээг хэрэгжүүлэхээр заасан ба маргаан бүхий актыг Улаангом сумын Засаг даргаас 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэхэд 2002 онд батлагдан мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

“Урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” тухай нэхэмжлэлийн талаар:

17. Нэхэмжлэгч Ч.Б “Урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “ Улаангом сумын Засаг даргаас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 дугаар захирамжаар 2-р сургуулийн захирлаар томилох шийдвэр гаргахдаа ур чадварын нэмэгдлийг тооцож олгох талаар тусгаагүй байсан тул цаашид дахин цалингийн нэмэгдлийг тогтоохгүй байх эрсдэл үүсэх тул урьд авч байсан цалин нэмэгдлийг тогтоож өгөх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар цалин дутуу авч хохирсон зүйл байхгүй” гэж тайлбарласан болно.

18. Шүүхээс нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж,холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”  гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-д  "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч,хариуцагч нарын хооронд нийтийн эрх зүйн маргаан үүссэн, захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

20. Гэтэл нэхэмжлэгч Ч.Б нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан боловч “урьд авч байсан цалин,нэмэгдлээ тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 Улаангом сумын Засаг даргаас цалин нэмэгдлийг тогтоохдоо буруу тогтоосноос үүссэн хохирол байхгүй, нэхэмжлэгчээс цаашид цалин нэмэгдлийг дутуу тооцох эрсдэл үүсэх боломжтой гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэхгүй.

21. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр “урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

22. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн /2002 он/ 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Быг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бод олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.