Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2024/121

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ч.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гуравдагч этгээд Б.Б

 

Нэхэмжлэгч: Ч.Б

 Хариуцагч: У а У с З д

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн томилуулж, урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 124/ШШ2023/0021 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ч.Б

       Гуравдагч этгээд Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 124/2023/0022/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Боос Увс аймгийн У а У с З д-д холбогдуулан “... сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн томилуулж, урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох”-оор маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 124/ШШ2023/0021 дүгээр шийдвэрээр: Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Б-ыг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож /гэж/ шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээд дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Миний бие 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Улаангом сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын сул орон тоон дээр зарлагдсан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б/02 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдсон.

3.2. Ажиллаж байтал Улаангом сумын Засаг дарга 2, 3, 4, 5, 6-р сургуулийн захирлуудыг дуудаж хуралдан 2, 3-р сургуулийн хувьд багш, ажилчид удирдлагуудын хоорондын зөрчил маргаан болон удаа дараагийн хяналт шалгалтаар ажил сайжруулах зорилгоор сэлгэж ажиллуулах тухай мэдэгдэн сонсох ажиллагаа явуулсан. Улмаар сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/390 дүгээр захирамжаар 2, 3, 4, 6-р сургуулийн захирлыг сэлгэн ажиллуулсан. Тухайн үед захирлууд эсэргүүцсэн шийдвэр гаргаагүй бөгөөд тус тус сургуульдаа ажиллаж байсан.

3.3. Сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/17 тоот захирамжаар Ч.Быг 2 дугаар сургуулийн захирлаар эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн гарын үсэг цуглуулсан багш ажилчдын төлөөлөл Улаангом сумын Засаг дарга дээр очсон бөгөөд Засаг дарга шийдвэрээ буцааж, 6 дугаар сургуулийн захирлаар Ч.Быг томилсон боловч удаа дараа шүүхээр шийдвэр гаргуулан явж байна.

3.4. Миний бие гуравдагч этгээдийн ажил байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэл гаргагч Ч.Б-ын талд шийдвэр гаргаж буйд гомдолтой байна. Тус сургуулийн 150  гаруй багш ажилчдын тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхийг зөрчиж удаа дараа эсэргүүцсэн өргөх бичгийг барьсан боловч ажилчдын байр суурь, ажиллаж буй миний эрх ашиг хөндөгдөж буйд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү

3.5. Ч.Б захирал Хүний эрхийн үндэсний хороонд хүсэлт тавьж тухайн газрын төлөөлөгч ирж сургуулийн нийт багш, ажилчидтай уулзахад 90 гаруй хувь нь миний бие болох Б.Б захиралтайгаа хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж билээ. Миний бие хамт олныхоо итгэл найдвар, хүсэлтийг хүлээн авч 2 дугаар сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. Иймд энэхүү шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Ч.Б-оос У а У с З д-д холбогдуулан “... сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар эгүүлэн томилуулж, урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

4. Шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь:” хэсгийн 1-д “Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ч.Быг Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж шийдвэрлэжээ.

5. Уг шийдвэрийг, нэхэмжлэгчийн гаргасан болон анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжид заасантай харьцуулан үзэхэд, нэхэмжлэлийн шаардлагын “... урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.

6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-21 дэх хэсэгт, Ч.Б-ын гаргасан “...урьд авч байсан цалин нэмэгдлээ тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч тийнхүү шийдвэрлэж буй талаар “Тогтоох нь:” хэсэгт заалгүй орхисноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг тус тус зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болно.

7. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд холбогдуулан ... Б/18 дугаар захирамжаар Ч.Быг 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан аймгийн Болосролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх зохицуулалтыг зөрчсөн, багш, ажилтнууд Ч.Быг 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаар ажиллуулахыг эсэргүүцсэн нь сэлгэн ажиллуулах хуульд заасан үндэслэл биш зэргээр дүгнэсэн боловч маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтооход чиглэсэн нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

8. Тухайлбал, Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаар захирамжаар Ч.Быг 2 дугаар цогцолбор сургуулийн захирлаас чөлөөлөхдөө тус аймгийн Боловсролын газраас санал авсан эсэх нь тодорхойгүй, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй байх тул анхан шатны шүүхийн ийнхүү дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

9. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “2 дугаар цогцолбор сургуулийн багш ажилтнууд Ч.Б-той хамтран ажиллах боломжгүй талаар бичгээр хандсан” гэж тайлбарлах боловч гэрч Р.П “... ямар ч толгойгүй цаасан дээр гарын үсэг зуруулж байсан, Үйлдвэрчний эвлэлд нэгдэх үү гэхэд нь гарын үсэг зурсан, захирлын талаар сумын Засаг даргад хүсэлт гаргах талаар ямар ч мэдээлэл хэлээгүй, сүүлд нь мэдээд зарим нь гарын үсэг зурахаас татгалзсан” гэж мэдүүлсэн тул хариуцагчийн татгалзалд дурдсан дээрх үйл баримт бодитой эсэхийг тогтоох шаардлагатай. 

10. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, гуравдагч этгээд Б.Бод шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материал танилцуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 22 дугаар зүйлийн 22.3, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрх болон мэтгэлцэх зарчмыг хангаагүй буюу шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

11. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар захирамжаар Б.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагын талаар бичгээр тайлбар гаргуулж авсан боловч хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримттай танилцуулаагүй; тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар хойшлуулсан шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй; энэ талаарх ямар нэг баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

12. Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “... гуравдагч этгээдэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй” хэмээн дурдсан нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн гаргасан “...нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргаснаас өөрөөр шүүхийн ажиллагаанд оролцоогүй, надад шүүх хуралдааны тов мэдэгдээгүй” гэх тайлбар болон дээрх үйл баримтаар үгүйсгэгдэнэ.  

13. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

14. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 124/ШШ2023/0021 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.МӨНХТУЛГА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ