Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00001

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний  хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт нийт 71 300 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Н нь 2015 оны 8 дугаар сарын эхээр надтай уулзан ашиг шим сайтай сайн үүлдэрийн саалийн үнээ Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумаас нагац ахаараа хямд үнээр олуулж өгнө гэж хэлэн намайг дагуулж Цагаан нуур сум явсан. Цагаан нуур суманд очиж Нансалмаагийн нагац ахтай хамт зарах үнээнүүд үзэхэд миний шаардлагыг хангах үнээ олдоогүй тул захиж орхиод буцсан. Цагаан нуур сумаас ирээд хэд хонож байтал М.Н  над дээр ирж “... та үнээ авах болоогүй юм чинь наад хэдэн төгрөгөө дэмий хэвтүүлээд яах вэ, таны мөнгөөр хадлан хийж Орхон аймгийн Онцгой байдлын газарт шахаад ашгаа тэнцүү хувааж авъя, би хүмүүстэй ярьж тохирсон, дүү нь амьдралдаа хүн хуурч үзээгүй, ёстой худлаа хэлж үзээгүй, зөндөө л бизнес хийлээ, та над итгэж болно” гэж дахин дахин ярьж намайг ятгасаар, эхэн үед би татгалзсан боловч М.Н-д итгэн хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллая, гэрээ байгуулахгүй бол мөнгө өгөхгүй гэсэн. М.Н миний саналыг зөвшөөрч 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулсан өдөр миний бие М.Н-д гэрээний үүргийн дагуу Их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах “Хаан банк”-ны салбараас 8 000 000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. М.Н  мөнгө авсны маргааш өдрөөс эхлэн амьдран суугаа хаягаа нууцалсан, гар утсаа авахаа болсон, мессежинд хариу өгөхийг больсон байтлаа өөрөө гадаадад хаа сайгүй зугаалж яваагаа ковбой малгай, гутал, хос жинстэй америкт зугаалж яваа зургийн хамт тавьж фейсбүүк хуудсаараа олон нийтэд зарлан, намайг илтээр басамжлан доромжлохын зэрэгцээ 2017 оны намар буюу гэрээ байгуулснаас хоёр жил орчмын дараа найз хүүхнээрээ над уруу утастуулж тэр нь “... эмэгтэй хүн амьдрах гэж ядаж байхад мөнгө нэхлээ, дэмжих хэрэгтэй, чи “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд шахаа хийж өг, тэднийхээс турба авч өг” гэж дарамтлуулсан. М.Н-гийн амьдарч байсан байрыг эрж олоход тэрээр түрээсийн төлбөр төлөлгүй байрнаасаа зугтан явсан байсан нь М.Н  миний гэрийг мэдэх мөртөө надаас зориуд зугтаж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ үл тоон, надад зээлсэн мөнгөө өгөхгүй гэж шийдэн санаатайгаар цаг хожиж байгаа нь тодорхой болсон. Миний бие М.Н-г удаан хайсны эцэст түүнийг олж чадахгүйгээ ойлгож өөрийн оршин суугаа хаягийн харъяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02082 дугаар шийдвэр гаргаж түүнийг эрэн сурвалжилсны дүнд М.Н-гийн түр оршин суугаа хаягыг тогтоож өгсөн. М.Н намайг мэхэлж, гэрээгээр үүргээ биелүүлж зээлээр авсан 8 000 000 төгрөгийг хугацаанд нь буцаан өгөлгүй санаатайгаар зугтаж алга болсны уршгаар миний бие ихээхэн хэмжээний эд материалын нэмэлт хохирол амслаа. Тухайлбал төрсөн дүү М.Ганчимэгийг Чех Улсад ажиллахаар явахад нь замын зардалд 3 000 000 төгрөг, төрсөн охин Г.Сүнжидмаагийн сургалтын төлбөрт 2 000 000 төгрөгийг “Номин юнион” ХЗХ-оос зээлээр авахаас аргагүйд хүрч, зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 260 640 төгрөг, нийт 5 260 640 төгрөг төлж гэнэтийн хохирол амслаа. Хамтран ажиллах гэрээний хамгийн ард бичигдсэн мөнгүүдийг би хүлээн авсан нь үнэн, би өөрөө авсан мөнгүүдээ тэнд бичиж байсан юм. Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй М.Н-гаас дараах хохирлыг нэхэмжилж байна. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах, “Хаан банк”-ны салбараас авч өгсөн 8 000 000 төгрөг, гэрээний хугацаа хэтэрсэн 30 сарын хүү 48 000 000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,3 хувийн алданги, хоногийн 30 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 611, нийт алданги 18 000 000 төгрөг, 4 М.Н-гийн уршгаар авсан зээл 5 000 000 төгрөг, нийт 71 300 000 төгрөгийг М.Н-гаас гаргуулан өгнө үү. Би нэхэмжлэл гаргахдаа 10 000 000 төгрөгөөс тооцож 93 590 640 төгрөг гэж байсан бол одоо 8 000 000 төгрөгөөс тооцож 71 300 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Н  нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Ганхуягаас 8 000 000 төгрөг зээлдэж авсан нь үнэн. Тэгээд би 8 000 000 төгрөгийг бэлнээр авлаа гэж бичиж гарын үсэг зурсан. Энэ мөнгөндөө өвөл явж үхэр авна гээд үхрийн саравчаа надад үзүүлж байсан. Ингээд 11 дүгээр сард над руу залгаж ах нь үхрийн фермерийнхээ тог залгуулаагүй бас худаг ухуулаагүй байгаа тул мөнгөө буцааж авъя гэсэн. Тэгэхээр нь ахаа би өвс хадуулаад зарж чадахгүй байна. Өвсөө зараад их бага гэхгүйгээр мөнгө өгч байя гэсэн чинь тэгээ гэсэн. Ингээд би Ч.Ганхуяг ахын “Хаан банк”-ны 5007756984 тоот дансанд хийж байхаар болсон. Бид хоёр өвсний ашиг хувааж авна, ийм өндөр хүү төлнө гэж тохироогүй. Би мөнгийг бэлнээр өгч байгаагүй, дансаар эсвэл дансруу нь банкаар дамжуулж хийж байсан болохоор баримтуудыг шүүхэд өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 200 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 400 000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 900 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1 100 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 700 000 төгрөгийг тус тус өгч нийт 5 700 000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2 300 000 төгрөгийг л төлнө. Би М.Г-ийн хэлээд байгаа шиг тэгж гадаад энэ тэр явж зураг хөргөө интернетэд тавьж байсан удаагүй. Би уулзана гэхээс айдаг байсан. Намайг байнга дарамталж, чи өөрийнхөө сүүдрээ намайг дагаж байна гэж бодоорой гэдэг байсан. Бидний хооронд хийсэн гэрээ гээд байгаа нь ийм их засвартай байгаагүй, хүү нь 20 хувь гэж байгаагүй, 5 хувь гэж байсан, өөрөө зассан байна, хэрэв тийм өндөр хүүтэй байсан бол би мөнгө зээлэхгүй байсан. Алданги төлнө гэж огт тохироогүй. М.Г-ийн бусдаас авсан зээл, хүүг М.Н  би төлөх үүрэг хүлээгээгүй тул зөвшөөрөхгүй. Иймд би үлдсэн мөнгө болох 2 300 000 төгрөгийг л төлнө, өөр мөнгө төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан М.Г-аас 2 415 000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж М.Г-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68 885 000 /жаран найман сая найман зуун наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 115 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г-т олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч миний гаргасан хариуцагч М.Н-гаас 71 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 68 885 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож намайг хохироож, хариуцагчийг өөхшүүлэн дэмжсэн, хууль бусаар, шударга бусаар залилангийн хэрэг үйлдсэн хариуцагчийн талд гаргасан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоогийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 181/ШШ2018/02255 шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг шийдвэрийг хянан үзэж хуулийн дагуу шударгаар шийдвэрлэн намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж энэхүү давж заалдах нэхэмжлэлийг гаргаж байна. Үндэслэл нь хариуцагч өөрийн биеэр шүүх хуралд ирсэн байхад шүүх хуралдааныг хийх тухай нэхэмжлэгч миний хүсэлтийг хүлээн аваагүй шүүх хурал дээр өмгөөлөгчөө солих, өмгөөлөгч нь эмнэлгийн тодорхойлолтгүй "өвчтэй" нэрээр хурал хойшлуулах зэргээр хариуцагч тал үл хүндэтгэх шалтгаанаар элдэв аргаар шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулах хүсэлтийг шүүгч Ч.Ичинхорлоо хүлээн авч хариуцагч талд хариуцлагаас зайлсхийх, цаг хожих, хариуцагч талд ашигтай байдал бий болгох боломж олгосон, хэргийн материалд авагдсан гэрээний эх хувийг хариуцагч М.Н гийн зөвшөөрснөөр засварласан, гэрээний төслийг сийрүүлж нотариатаар батлуулая гэхэд М.Н  "яараад байна, завгүй, та надад итгэ, би танд итгэж байна, дараа больё" гэдэг шалтгаар хойшлуулан 8 000 000 төгрөг бэлнээр аваад алга болсон, М.Н  гар утсаа дуудсаар байтал авахгүй, түүнд янз бүрээр мессэж бичээд ч хариу өгөхгүй зугтаад байсан тул 3 жил миний бие М.Н-гийн араас хөөцөлдөж эрэн сурвалжлуулж байж түүнийг шүүхийн шийдвэрээр олуулсан гэж миний бие тайлбар өгсөөр байтал, М.Н  шүүх хурал дээр гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа, харин "... хүү, алданги зассан" гэж зүтгэн, шүүгч Ч.Ичинхорлоо шүүх хурал эхлэхэд "... гэрээ шаардлага хангасан" гэж хэлсэн мөртлөө шүүх шинжилгээний мэргэжлийн байгууллагын "... алдангийг зассан байх боломжтой” гэсэн мэргэжлийн чадвар муутай дүгнэлтийг үндэслэн "гэрээ засвартай" гэж өөрт байхгүй шүүхийн шинжээчийн эрх эдлэн шийдвэр гарган, түүнийгээ шийдвэр гаргах үндэслэл болгон ашигласан, шүүх хурал дээр нэхэмжлэгч миний бие гэрээнд оролцогч нөгөө тал болох хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүргийг зориуд уншиж танилцуулсаар атал шүүгч түүнийг үл хэрэгсэн хаясан, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч миний бие тайлбар хийж байх үед хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн над уруу дайрч давшилж хурлын дэг эвдэж байхад шүүгч түүнд анхааруулаг ч өгөөгүй, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоолгүй өөхшүүлсэн. М.Н-гийн ээж, найз хүүхэнтэйгээ хуйвалдан надаас зугтаж түүний надад учруулсан давхар хохирлыг ямар ч үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож намайг хохироон, залилангийн санаатай хууль бус үйлдлийг өөхшүүлэн түүнийг ял завших боломж олгож байна. Шүүгч Ч.Ичинхорлоо шүүх хуралдааныг захиран тушаасан, дээрэлхүү, эзэрхэг, түрэмгийлсэн, зөвхөн өөрийнхөө үзэмжээр удирдаж, нэхэмжлэгч тайлбар хийх, эсэргүүцэх боломжгүй хурдтай үйлдлээр, албан тушаалын давуу байдлаа өөрт болон хариуцагч талд таатай байдлаар, нэхэмжлэгч талын эрхийг хязгаарласан байдал бий болгон, хариуцагч талын хүсэл, зорилгыг баримтлан түүний хүсэлтийг хангасан, түүнд хууль завших, гэм буруугүй иргэн хүнийг удаан хугацаанд хохироож байгаа үйлдлийг нь цаашид дэмжсэн, нэхэмжлэгч намайг хохироосон байдлаар шүүх хурлыг удирдан явууллаа. Хариуцагчийн өмгөөлөгч дуртай цагтаа хүссэнээ шүүгчээс зөвшөөрөл авахгүй ярьж, миний бие давхар хохирлын талаар тайлбар хийх гэхэд бүдүүлгээр, зандарсан. өндөр дуугаар "тайлбар хийх хугацаа" дууссан" гэж зандчин алхаа тогшиж миний эрхийг зөрчсөн. Иймд дээр бичсэнийг үндэслэн шүүгч Ч.Ичинхорлоогийн гаргасан шийдвэрийг хэрэгсэхгүй болгож. хариуцагч М.Н-гийн надад учруулсан хохирлыг миний нэхэмжилсэн хэмжээнд хангаж өгөх тухай энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийн материалыг татан авч давж заалдах шатны шүүх хуралд ашиглахыг хүсье. Шүүгч Ч.Ичинхорлоогийн ажлын хариуцлага, ур чадвар, ёс зүй, өргөсөн тангарагаа зөрчиж, биеэ тоосон ихэмсэг араншин, дээрэлхүү авир, ажлын арга барилын талаар болон шүүгчийн туслагч ямар нь мэдэгдэхгүй хууль хэлж шүүгчтэй уулзуулахгүй шүүгч "өөрийгөө нийгмээс тусгаарлаад байгаа" талаар миний бие зохих хууль тогтоомж, журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний Ёс зүйн хороонд хандаж гомдол гаргах болно. Холбогдох хуулиар "...шүүх хараат бус байна" гэж тогтоосныг ашиглан шүүгч өөрийгөө нийгмээс тусгаарлах ёсгүй юм гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч М.Н-д холбогдуулан 71 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч М.Г нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч М.Н-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 61-62 дугаар тал/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 8 000 000 төгрөгийг, 20 хувийн хүүтэй зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон гэх боловч хариуцагч татгалзалдаа бодитоор 8 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан, 5 хувийн хүү тохиролцсон бөгөөд 20 хувийн хүү, 0,3 хувийн алдангийг нэхэмжлэгч гэрээнд нэмж бичсэн тул зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний үүрэгт 2 300 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Зохигчид зээлийн гэрээний хүү, алдангийн тохиролцоонд маргаантай байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр талуудын байгуулсан гэрээнд алдангийг нэмж бичсэн, хүү тохиролцсон тоо засвартай болох нь тогтоогджээ. /хх-н 74-р тал/

Нэхэмжлэгч М.Г нь нэг сарын хүүг 20 хувиар, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож нэхэмжилсэн боловч гэрээнд уг тохиролцоог бичсэн цифр засвартай байх тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт зааснаар хүүгийн талаар тохиролцсон гэх тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Хариуцагч М.Н  нь нэг сарын хүүг 5 хувиар тогтоосон гэх тайлбар гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 5 700 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул /8 000 000₮ – 5 700 000₮ = 2 300 000₮/ үлдэгдэл 2 300 000 төгрөгийг талуудын гэрээний 6.1-д заасан хугацаа буюу 1 сараар тооцож, хүү /8 000 000₮ х 5% = 400 000₮/ 400 000 төгрөгийн хамт бүгд 2 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасантай тус тус нийцнэ.

Анхан шатны шүүх алданги, хохирол нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх боловч талуудын байгуулсан гэрээний хүүг 1,5 хувиар тохиролцсон байж болзошгүй гэж дүгнэж, хүүг 115 000 төгрөгөөр тооцсон нь ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/02255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 2 415 000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг ...” гэснийг “2 700 000 төгрөг” гэж, “... 68 885 000 /жаран найман сая найман зуун наян таван мянга/ төгрөгийн ...” гэснийг, “68 600 000 төгрөгийн” гэж,

2 дахь заалтын “... 53.590 төгрөг ...” гэснийг “58 150 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502 375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                               Г.ДАВААДОРЖ