Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/02255

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2018/02255

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:М.Н-д холбогдох

71.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, хариуцагч М.Н, түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Н нь 2015 оны 8 дугаар сарын эхээр надтай уулзан ашиг шим сайтай сайн үүлдэрийн саалийн үнээ Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумаас нагац ахаараа хямд үнээр олуулж өгнө гэж хэлэн намайг дагуулж Цагаан нуур сум явсан.

Цагаан нуур суманд очиж Нгийн нагац ахтай хамт зарах үнээнүүд үзэхэд миний шаардлагыг хангах үнээ олдоогүй тул захиж орхиод буцсан.

Цагаан нуур сумаас ирээд хэд хонож байтал М.Н над дээр ирж ...та үнээ авах болоогүй юм чинь наад хэдэн төгрөгөө дэмий хэвтүүлээд яах вэ таны мөнгөөр хадлан хийж Орхон аймгийн Онцгой байдлын газарт шахаад ашгаа тэнцүү хувааж авъя. Би хүмүүстэй ярьж тохирсон. Дүү нь амьдралдаа хүн хуурч үзээгүй, ёстой худлаа хэлж үзээгүй, зөндөө л бизнес хийлээ. Та над итгэж болно гэж дахин дахин ярьж намайг ятгасаар, эхэн үед би татгазсан боловч М.Нд итгэн Хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллая, гэрээ байгуулахгүй бол мөнгө өгөхгүй гэсэн.

М.Н миний саналыг зөвшөөрч 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан юм

Гэрээ байгуулсан өдөр миний бие М.Нд гэрээний үүргийн дагуу Их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах ХААН банкны салбараас 8.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. М.Н мөнгө авсаны маргааш өдрөөс эхлэн амьдран суугаа хаягаа нууцалсан, гар утсаа авахаа болсон, мессежинд хариу өгөхийг больсон байтлаа өөрөө гадаадад хаа сайгүй зугаалж яваагаа ковбой малгай, гутал, хос жинстэй Америкт зугаалж яваа зургийн хамт тавьж фейсбүүк хуудсаараа олон нийтэд зарлан, намайг илтээр басамжлан доромжпохын зэрэгцээ 2017 оны намар буюу гэрээ байгуулснаас хоёр жил орчмын дараа найз хүүхнээрээ над уруу утасдуулж тэр нь ...эмэгтэй хүн амьдрах гэж ядаж байхад мөнгө нэхлээ, дэмжих хэрэгтэй ш дээ. Чи Эрдэнэт үйлдвэр ХХК-нд шахаа хийж өг, тэднийхээс турба авч өг гэж дарамтлуулсан, М.Нгийн амьдарч байсан байрыг эрж олоход тэрээр түрээсийн төлбөр төлөлгүй байрнаасаа зугтан явсан байсан нь М.Н миний гэрийг мэдэх мөртөө надаас зориуд зугтаж байгаа, гэрээгээр хүлээсэн үүргээ үл тоон, надад зээлсэн мөнгөө өгөхгүй гэж шийдэн санаатайгаар цаг хожиж байгаа нь тодорхой болсон.

Миний бие М.Н-г удаан хайсны эцэст түүнийг олж чадахгүйгээ ойлгож өөрийн оршин суугаа хаягийн харъяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02082 дугаар шийдвэр гаргаж түүнийг эрэн сурвалжилсаны дүнд М.Нгийн түр оршин суугаа хаягыг тогтоож өгсөн.

М.Н намайг мэхлэж, гэрээгээр үүргээ биелүүлж зээлээр авсан 8.000.000 төгрөгийг хугацаанд нь буцаан өгөлгүй санаатайгаар зугтаж алга болсоны уршгаар миний бие ихээхэн хэмжээний эд материалын нэмэлт хохирол амслаа.

Тухайлбал: Төрсөн дүү М.Ганчимэгийг Чех улсад ажиллахаар явахад нь замын зардалд 3.000.000 төгрөг, төрсөн охин Г.Сүнжидмаагийн сургалтын төлбөрт 2.000.000 төгрөгийг Номин юнион ХЗХ-оос зээлээр авахаас аргагүйд хүрч, зээлд 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 260.640 төгрөг, нийт 5.260.640 төгрөг төлж гэнэтийн хохирол амслаа.

Хамтран ажиллах гэрээний хамгийн ард бичигдсэн мөнгүүдийг би хүлээн авсан нь үнэн, би өөрөө авсан мөнгүүдээ тэнд бичиж байсан юм.

Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй М.Нгаас дараах хохирлыг нэхэмжилж байна.

1.2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Их дэлгүүрийн 2 дугаар давхарт байрлах, Хаан банкны салбараас авч өгсөн 8.000.000 төгрөг,

2. Гэрээний хугацаа хэтэрсэн 30 сарын хүү 48.000.000 төгрөг,

3.Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,3%-ийн алданги, хоногийн 30.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 611, нийт алданги 18.000.000 төгрөг,

4 М.Нгийн уршигаар авсан зээл 5.000.000 төгрөг,

Нийт 71.300.000 төгрөгийг М.Нгаас гаргуулан өгнө үү.

Би нэхэмжлэл гаргахдаа 10.000.000 төгрөгнөөс тооцож 93.590.640 төгрөг гэж байсан бол одоо 8.000.000 төгрөгнөөс тооцож 71.300.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М.Н нь 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.Гаас 8.000.000 төгрөг зээлдэж авсан нь үнэн. Тэгээд би 8.000.000 төгрөгийг бэлнээр авлаа гэж бичиж гарын үсэг зурсан. Энэ мөнгөндөө өвөл явж үхэр авна гээд үхрийн саравчаа надад үзүүлж байсан.

Тэгсэнээ 11 дүгээр сард над руу залгаж ах нь үхрийн фермерийнхээ тог залгуулаагүй бас худаг ухуулаагүй байгаа тул мөнгөө буцааж авъя гэсэн. Тэгэхээр нь ахаа би өвс хадуулаад зарж чадахгүй байна. Өвсөө зараад их бага гэхгүйгээр мөнгө өгч байя гэсэн чинь тэгээ гэсэн.

Ингээд би Ч.Ганхуяг ахын Хаан банкны 5007756984 тоот дансанд хийж байхаар болсон.

Бид хоёр өвсний ашиг хувааж авна, ийм өндөр хүү төлнө гэж тохироогүй. Би мөнгийг бэлнээр өгч байгаагүй, дансаар эсвэл дансруу нь банкаар дамжуулж хийж байсан болохоор баримтуудыг шүүхэд өгсөн. Үүнд:

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 300.000 төгрөг

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг

2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.100.000 төгрөг

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг тус тус өгч нийт 5.700.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2.300.000 төгрөгийг л төлнө.

Би М.Гийн хэлээд байгаа шиг тэгж гадаад энэ тэр явж зураг хөргөө интернетэд тавьж байсан удаагүй. Би уулзана гэхээс айдаг байсан. Намайг байнга дарамталж, чи өөрийнхөө сүүдэрээ намайг дагаж байна гэж бодоорой гэдэг байсан.

Бидний хооронд хийсэн гэрээ гээд байгаа нь ийм их засвартай байгаагүй, хүү нь 20% гэж байгаагүй, 5% гэж байсан, өөрөө зассан байна, хэрэв тийм өндөр хүүтэй байсан бол би мөнгө зээлэхгүй байсан. Адланги төлнө гэж огт тохироогүй.

М.Гийн бусдаас авсан зээл, хүүг М.Н би төлөх үүрэг хүлээгээгүй тул зөвшөөрөхгүй.

Иймд би үлдсэн мөнгө болох 2.300.000 төгрөгийг л төлнө, өөр мөнгө төлөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

 Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч М.Н-аас 71.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

М.Н нь нэхэмжлэгч М.Гаас 8.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, сайн үүлдрийн саалийн үнээ олж өгөх үүргийг хүлээн Хамтран ажиллах гэрээг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулжээ.

Зохигчид гэрээн дээр 10.000.000. төгрөг гэж бичсэн боловч М.Г 8.000.000 төгрөгийг М.Нд зээлдүүлсэн талаар талууд маргаагүй болно.

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан гэрээ нь Хамтран ажиллах гэрээ гэсэн нэртэй боловч М.Г /зээлдүүлэгч/ нь М.Н /зээлдэгч/-гийн өмчлөлд 8.000.000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн Зээлийн гэрээг байгуулсан байна./хх-ийн 57, 60-62-р хуудас/

Зохигчид Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч М.Н нь М.Г-т:

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 300.000 төгрөг

2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 200.000 төгрөг

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг

2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөг

2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 900.000 төгрөг

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1.100.000 төгрөг

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг

2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 700.000 төгрөгийг тус тус өгч нийт 5.700.000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хамтран ажиллах гэрээний арын тэмдэглэл, М.Гийн 5007756984 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, орлогын мэдүүлэг, М.Нгийн 5090200723 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19-21, 25-43,60-62, 92-98-р хуудас/

Нэхэмжлэгч нь тус гэрээний 3.1.-т 20%-ийн хүүтэй, 0,3%-ийн алданги тооцохоор тохирсон гэж, хариуцагч нь 5%-ийн хүүтэй гэж тохирсон, алданги тооцно гэж тохироогүй гэж маргажээ.

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4250 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд:

1.2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 20%-ийн хүүтэй гэсэн бичвэр сүүлд бичигдээгүй, 0,3%-ийн алданги тооцохоор гэсэн бичвэр сүүлд нэмж бичсэн байж болно.

2.Шинжилгээнд ирүүлсэн гэрээний 3.1.-д бичигдсэн 20 гэсэн тооны 0 гэсэн цифр 5 гэсэн цифртэй давхарлагдсан байна.

3.Шинжилгээнд ирүүлсэн гэрээний 3.1.-д бичигдсэн 0,3 гэсэн тоог ижил өнгийн будагч бодисоор олон дахин давхарлаж балласан байх тул ямар үсэг, тоог давхарлаж балласан эсэхийг тодорхойлох боломжгүй байна гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гэрээний талууд 1,5%-ийн хүүтэй гэж тохирсон байж болзошгүй байх бөгөөд харин алданги тооцохоор тохироогүй байна гэж үзэхээр байна.

Зээлдэгч М.Н нь зээлийн гэрээний дагуу зээлд 5.700.000 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2.300.000 төгрөгийг, зээлийн гэрээнк заасан хугацааны хүү 115.000 төгрөгийн хамт нийт 2.415.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй. Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дууссан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээл, хүү төлөх үүрэгтэй болно.

Иймд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээлд 2.300.000 төгрөг, хүүд 115.000 төгрөг, нийт 2.415.000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч М.Г нь өөрийн хүсэл зоригийн дагуу төрсөн дүү М.Ганчимэгийн Чех улсад аялахад замын зардалд 3.000.000 төгрөг, төрсөн охин Г.Сүнжидмаагийн сургалтын төлбөрт 2.000.000 төгрөг төлөхийн тулд Номин Юнион ХЗХ-ноос 5.000.000 төгрөгийн зээл авч зээл, түүний хүүд 5.260.640 төгрөгийг төлсөнийг гэрээний тал болох М.Нг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй тул гэрээний хугацаа хэтэрсэн 30 сарын хүү 48.000.000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутмын 0,3%-ийн алданги 18.000.000 төгрөг, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 5.000.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иймд хариуцагч Н.Н-аас 2.415.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68.885.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-т заасныг баримтлан М.Н-аас 2.415.000 /хоёр сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж М.Г-т олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 68.885.000 /жаран найман сая найман зуун наян таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтйин хураамжид төлсөн 1.115.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж , хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 53.590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Г-т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО