Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 48

 

******* нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                         Хэргийн индекс: 148/2019/00263/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч

                             Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                             Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                              Г.Давааренчин

 

                             Оролцогчид 

                 Нэхэмжлэгч                              *******

                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч      М.Гансүх                      

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 441 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн *******, *******, ******* ******* холбогдох “*******, *******, *******  газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, *******, *******, ******* газрыг *******ын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1994 оноос хойш Сэлэнгэ аймаг Түшиг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна. Монгол улсын *******ын тухай хуульд зааснаар сум, тосгон, багийн сургуульд тасралтгүй 5 жил тутамд мөнгөн тэтгэмж олгохоор хуульчилсан. Үүний дагуу манай сургуулийн захирал ******* нь уг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж тухайн тэтгэмжийг олгуулахаар холбогдох бичиг баримтын хамт 2019.02.18-ны 16 тоот албан бичгийг Сэлэнгэ аймгийн *******, *******, ******* газрын санхүүд хүргүүлсэн. Гэтэл тус газрын дарга ******* 2019.03.22-ны 105 тоот тушаалыг надад хүргүүлсэн. Уг тушаалд тухайн мөнгөн тэтгэмжийг надад өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн тушаал байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний хувьд тус сургуульд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа. ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, тасалдсан, өөр ажил албан тушаалд шилжсэн, ажилласан жил тасалдсан асуудал байхгүй. Дээрх 105 тоот тушаал нь хуульд нийцээгүй, илтэд хууль зөрчсөн, миний эрх зүйн байдлыг дордуулсан тушаал гаргасан учраас би доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1. *******, *******, ******* газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах 2. *******, *******, ******* газрыг *******ын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш ******* 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* ******* ******* ******* өргөдөл гаргаад *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь хэсэгт зааснаар 5 жил тутамд олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Мөн сургуулийн захиргаанаас 02 дугаар сарын 18-ний өдрийн 16 тоот албан бичгээр энэ хүний тэтгэмжийг 2014 оны 03 дугаар сард тэтгэмжээ авсан, түүнээс хойш 5 жил тасралтгүй ажилласан тул мөнгөн тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. ******* ******* ******* газрын даргын 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 тоот албан бичгээр чиглэл хүргүүлсний дагуу тэтгэмжийг хөдөө орон нутагт 5 жил ажилласны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахдаа бүрдүүлэх материалын жагсаалтад нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолт, хувь хүний өргөдөл нь байх гэсэн байдаг. Д.Мөнх-отгоны хувьд энэ шаардлагын дагуу материалаа бүрдүүлээд ирүүлсэн боловч 2017 оны 8,9 дүгээр сар дээр нийгмийн даатгалын хүснэгт нь бөглөгдөөгүй 2 сар тасарсан байсан. Тухайн үед манай байгууллагаас албан тоотоор хариу өгсөн. Таны нийгмийн даатгалын дэвтэр дээр 2017 оны 8,9 дүгээр сарынх гээд 2 сар тасарсан байна. *******ын тухай хуулийн 43.1.7 дахь хэсэгт заасан тасралтгүй 5 жил ажилласан байх гэсэн заалтыг зөрчсөн тул танд тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн ******* ******* ******* газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 441 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, *******ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7.б -д тус тус зааснаар ******* шүүхэд гаргасан ...*******, *******, ******* газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, *******, *******, ******* газрыг *******ын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Мөнх -Отгоны гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хуульч, өмгөөлөгч М.Гансүх би Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш ******* хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 441 тоот хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг “*******ын тухайн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д заасан шаардлагыг хангаагүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэлт хийн гомдлыг нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь;

1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн “Илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн үндэслэлгүй гарсан тушаал” гэх шаардлагын талаар огт дүгнэлт хийсэнгүй, улмаар нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлийг хэрхэн үгүйсгэж байгаагаа шүүхийн шийдвэрээр тайлбарлаагүй.

2. Нэхэмжлэгч *******г 2017 оны 7, 8, 9 сард ажил хийгээгүй болох нь батлагдаж байна гэж маш ойлгомжгүй дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл жил бүрийн 7, 8 дугаар сард Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх багш нар ээлжийн амралт авдаг, тэгэхээр ажил хийх боломжгүй, харин ээлжийн амралтын мөнгө бодогдох учиртай, тухайн жилийн 9 сарын сүүлийн хоногт нэхэмжлэгч нь ажилласан болох нь тогтоогдсон. Ямар шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл тухайн сар сардаа төлөгдөөгүй учир шалтгааныг гэрчээр асуугдсан Түшиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан Төгсчимэг болон Нийгмийн даатгалын хэлтээс авсан лавлагаа зэрэг нотлох баримтаар нэхэмжпэгчийн буруу үйлдлээс бус харин бусдын хариуцлагагүй үйлдлээс төлөгдөөгүй болох нь мөн тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжпэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Жич; Хууль зүйн үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбараа давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцож тайлбарлах болно. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүилийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж байгаа болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн *******, *******, ******* ******* холбогдуулан “Сэлэнгэ аймгийн *******, *******, *******, газрийн даргын 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 105 дугаартай албан тушаалыг хүчингүй болгуулах,  нэхэмжлэгчид *******ын тухай хуульд заасан мөнгөн тэтгэмж олгохыг даалгах” тухай  шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргажээ.

Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага гэдгийг “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны  байгууллага гэж ойлгоно.” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн  бүх байгууллага”  нь захиргааны байгууллага  байна гэж тус тус заасан байна.

Дээрхи хуулийн зохицуулалтаар  нэхэмжлэгчийн хариуцагчаар тодорхойлсон Сэлэнгэ аймгийн *******, *******, *******  газар нь  Захиргааны байгууллага  бөгөөд тухайн захиргааны байгууллагаас гаргасан акт  хуульд нийцээгүй болон захиргааны хууль бус ажиллагааны улмаас иргэний эрх зөрчигдсөн  гэсэн  үндэслэлээр  нэхэмжлэгч ******* нь шүүхэд гомдол гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай  хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т зааснаар  иргэн ******* шүүхэд  гаргасан гомдол нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4,  156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт   “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол”-оор иргэний хэрэг үүсгэх болон  шүүх  гомдлоор авч хэлэлцэх хэргийн талаар тодорхой заасан байхад анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг буруу тайлбарлан хэрэглэж улмаар нэхэмжлэгчийн гомдолд иргэний хэрэг үүсгэн улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Шүүх  нэхэмжлэгчийн гомдлын агуулга үндэслэлийг хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулж ерөнхий харьяалалын шүүхэд хамаарах маргаан мөн эсэхийг шалгасны үндсэн дээр иргэний хэрэг үүсгэх эсхүл иргэний хэрэг үүсгэхээс татгалзах асуудлыг шийдвэрлэх байсан байна. Өөрөөр хэлбэл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******  гомдлыг шүүх  хүлээн авахаас татгалзах байтал  хэргийн харьяалал зөрчин гомдлыг  хүлээн авч шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй.

 Иймд  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан  шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан ийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хэргийн харьяалалыг шүүх  зөрчсөн гэсэн үндэслэлээр  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 441 дугаартай  шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн *******, *******, *******  ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуульд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн гомдол болон гомдлын шаардлагад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны  өдрийн 441  дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн *******, *******, *******  ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                  Г.ДАВААРЕНЧИН