Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 441

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Түшиг сум, 1 дүгээр баг, 1-33 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогтой Дондогдоржийн Мөнх-Отгон /РД:МН69091161/ -ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох,

Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, урлагийн газрыг Боловсролын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Д.Мөнх-Отгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Мөнх-Отгон нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 1994 оноос хойш Сэлэнгэ аймаг Түшиг сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд өнөөдрийг хүртэл тасралтгүй 25 жил ажиллаж байна. Монгол улсын Боловсролын тухай хуульд зааснаар сум, тосгон, багийн сургуульд тасралтгүй 5 жил тутамд мөнгөн тэтгэмж олгохоор хуульчилсан. Үүний дагуу манай сургуулийн захирал Х.Бямбацоо нь уг хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж тухайн тэтгэмжийг олгуулахаар холбогдох бичиг баримтын хамт 2019.02.18-ны 16 тоот албан бичгийг Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын санхүүд хүргүүлсэн. Гэтэл тус газрын дарга Ч.Жаргалсайхан 2019.03.22-ны 105 тоот тушаалыг надад хүргүүлсэн. Уг тушаалд тухайн мөнгөн тэтгэмжийг надад өгөх боломжгүй гэж шийдвэрлэсэн тушаал байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний хувьд тус сургуульд тасралтгүй 25 жил ажиллаж байгаа. ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан, тасалдсан, өөр ажил албан тушаалд шилжсэн, ажилласан жил тасалдсан асуудал байхгүй. Дээрх 105 тоот тушаал нь хуульд нийцээгүй, илтэд хууль зөрчсөн, миний эрх зүйн байдлыг дордуулсан тушаал гаргасан учраас би доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1. Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах

2. Боловсрол, соёл, урлагийн газрыг Боловсролын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

 

Тэрээр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Миний бие 1994 оноос өнөөдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа. Хуульд заасны дагуу 5 жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн. Манай сургууль төсөвт суулгуулахаар багш нарын жагсаалтыг өгсөн. Тэгээд энэ жил материалаа бүрдүүлээд өгөхөд 2017 оны 8,9 дүгээр сарын нийгэм даатгалын хүснэгт бөглөгдөөгүй учраас тэтгэмж олгох боломжгүй гэсэн Боловсрол соёл урлагийн газрын шийдвэр гарсан. Энэ шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. 2017 оны 8 дугаар сард 23 хоногийн амралтын мөнгө бичигдсэн байх ёстой. 2017 оны 07 дугаар сарын 05-нд би аялалын шугамаар Солонгос яваад 9 дүгээр сард эргэж ирсэн. Би ажилдаа эргэж ороод ажилласан хугацааны цалин бичигдсэн боловч 10 дугаар сард бодогдсон учраас миний нийгмийн даатгалын дэвтрийн хүснэгт онгорхой үлдсэн. Миний бодлоор 8 дугаар сарын амралтын мөнгө 8 сардаа, 9 дүгээр сард ажилласан хоногийн цалин 9 сардаа байх ёстой гэж бодож байна. Яагаад би хэн нэгэн хүний буруутай үйлдлээс болоод хохирох ёстой гэж. Иймээс би 8 болон 9 дүгээр сарын нийгмийн даатгалаа нөхөж бөглүүлж, Боловсрол соёл урлагийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 тоот тушаалыг хүчингүй болгож тэтгэмжээ авах гэж шүүхэд хүсэлт гаргасан гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Сэлэнгэ аймаг ,Сүхбаатар сум, 7-р баг, Ган зам, 3-р хэсэг, 30-р байр, 21 тоотод оршин суух, Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газарт нягтлан бодогч ажилтай, Олхонууд овогтой Цэдэвдоржийн Цэцэгмаа /РД-ХП68052569/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Д.Мөнх-Отгон 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Боловсрол соёл урлагийн газарт өргөдөл гаргаад Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь хэсэгт зааснаар 5 жил тутамд олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Мөн сургуулийн захиргаанаас 02 дугаар сарын 18-ний өдрийн 16 тоот албан бичгээр энэ хүний тэтгэмжийг 2014 оны 03 дугаар сард тэтгэмжээ авсан, түүнээс хойш 5 жил тасралтгүй ажилласан тул мөнгөн тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Боловсрол соёл урлагийн газрын даргын 01 дүгээр сарын 22-ны өдрийн 29 тоот албан бичгээр чиглэл хүргүүлсний дагуу тэтгэмжийг хөдөө орон нутагт 5 жил ажилласны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авахдаа бүрдүүлэх материалын жагсаалтад нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын тодорхойлолт, хувь хүний өргөдөл нь байх гэсэн байдаг. Д.Мөнх-отгоны хувьд энэ шаардлагын дагуу материалаа бүрдүүлээд ирүүлсэн боловч 2017 оны 8,9 дүгээр сар дээр нийгмийн даатгалын хүснэгт нь бөглөгдөөгүй 2 сар тасарсан байсан. Тухайн үед манай байгууллагаас албан тоотоор хариу өгсөн. Таны нийгмийн даатгалын дэвтэр дээр 2017 оны 8,9 дүгээр сарынх гээд 2 сар тасарсан байна. Боловсролын тухай хуулийн 43.1.7 дахь хэсэгт заасан тасралтгүй 5 жил ажилласан байх гэсэн заалтыг зөрчсөн тул танд тэтгэмж олгох боломжгүй байна гэсэн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, санал, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Мөнх-Отгоны тус шүүхэд гаргасан ... Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, урлагийн газрыг Боловсролын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; Д.Мөнх-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ... Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар ... сум, тосгон, багийн сургуульд багшаар тасралтгүй ажилласан 5 жил тутамд мөнгөн тэтгэмж олгохоор заасан ба сургуулийн захирал Х.Бямбацоо нь уг хуулийн зохицуулалтын дагуу тухайн тэтгэмжийг надад олгуулахаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны 16 тоотоор ... багш Д.Мөнх-Отгон нь 2014 оны 03 дугаар сард тэтгэмжээ авсан ба Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь хэсэгт заасан 5 жил тутамд 1 удаа олгодог 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгоно уу гэсэн албан бичгийг Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт явуулсан боловч тус газрын дарга Ч.Жаргалсайхан нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 тоотыг тушаалыг надад хүргүүлж, уг тушаалаар мөнгөн тэтгэмжийг надад өгөх боломжгүй гэж шийдсэн тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд тус сургуульд тасралтгүй 25 жил ажилласан, ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан, тасалдсан, ажилласан жил тасарсан асуудал байхгүй тул дээрх 105 албан тоот нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан гэж үзэж хүчингүй болгож, мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах шаардлагыг гаргасан гэжээ.

Хариуцагч тал шүүхэд бичгээр / хх 33 тал / болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... тус 105 дугаартай албан тоотыг үндэслэлтэй гаргасан, хууль зөрчөөгүй тул хүчингүй болгох боломжгүй, Д.Мөнх-Отгон нь 2017 оны 7, 8, 9 дүгээр саруудад ажил тасалсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тухай хавтаст хэргийн 90-92 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнд хуульд заасан тэтгэмж олгох боломжгүй хэмээн талууд маргаж байгаа боловч хавтаст хэргийн 1-4 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүнд хавсаргасан Түшиг сумын сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №16 дугаартай албан тоот, Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 105 албан тоот, Д.Мөнх-Отгоны тайлбар, хавтаст хэргийн 33-35 дугаар тал дахь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Түшиг сумын сургуулийн захирлын 2017 оны 09 сарын 29-ний өдрийн Б/29 ... багш Д.Мөнх-Отгоныг 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 26-ны өдрийг хүртэл ажилд ирээгүй, ажил тасалсан тул хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалын хуулбар, Боловсрол соёл урлагийн газрын 105 дугаартай албан тоот, хавтаст хэргийн 42-53 дугаар талд авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын 2-5018722 албан тоот, гэрч Х.Бямбацоогийн мэдүүлэг, Б/29 тоот тушаалын хуулбар, мөн сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 тоот тушаал, хавсралт, 2017 оны 09 дүгээр сарын багш нарын хичээл заасан цагийн бүртгэл, хичээлийн хуваарь, мөн сургуулийн захирлын 2017 оны 09 сарын 12-ны өдрийн Б/24 тоот тушаалын хуулбар, хавтаст хэргийн 90-107, 111 дүгээр талд авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн 442 албан тоот, багш Д.Мөнх-Отгоны 2017 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх тухай лавлагаа, Түшиг сумын сургуулийн захирал Х.Бямбацоогийн тайлбар, 2017 онд тус сургуулийн багш нарын хичээл заасан цагийн бүртгэл, мөн оны ажилчдын цагийн бүртгэл, сургуулийн захирлын 2017 оны 05 сарын 31-ний өдрийн Б/10 тоот тушаал, түүний хавсралт, гэрч Ж.Төгсчимэгийн мэдүүлэг, Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны хуулийн хэлтсийн даргын 14/8562 албан тоот зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд; багш Д.Мөнх-Отгон нь 2017 оны 7, 8, 9 дүгээр сард ажиллаагүй буюу багшлах үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажилласан хугацаа тасалдсан болох нь дээрх баримтууд болох хавтаст хэргийн 4, 33-35, 42-53, 90-107, 111 дүгээр талд авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7.б-д заасан ... багшаар 5 жил ажилласан нөхцөлд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгогдох боломжгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл; Уг хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар тогтоолын 11-д заасан; мөн зүйлийн 43.1.7-д заасан мөнгөн тэтгэмжийг тухайн сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт ажилласан эсэхээс үл хамааран сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт багшаар тасралтгүй 5 жил ажилласан нөхцөлд олгоно гэсэн нөхцөл, шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байх тул Сэлэнгэ аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаартай албан тоотыг хүчингүй болгуулах, мөнгөн тэтгэмж олгохыг тус газарт даалгахаар гаргасан Д.Мөнх-Отгоны гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч буюу гомдол гаргагчийн гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7.б -д тус тус зааснаар Д.Мөнх-Отгоны шүүхэд гаргасан ... Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2019.03.22-ны №105 тоот илтэд хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, үндэслэлгүй гаргасан тушаалыг хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, урлагийн газрыг Боловсролын тухай хуульд зааснаар надад мөнгөн тэтгэмжийг олгуулахыг даалгах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Д.Мөнх -Отгоны гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭНХТАЙВАН