Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жалбаагийн Бурмаа |
Хэргийн индекс | 159/2023/0051/З |
Дугаар | 159/ШШ2023/0047 |
Огноо | 2023-09-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 159/ШШ2023/0047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 159/2023/0051/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Бурмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “*******” ХХК-ийн гомдолтой,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч ******* холбогдох
Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч ******* нь “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-д заасныг зөрчиж барилгын гүйцэтгэгчийн чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 0034872 дугаар шийтгэлийн хуудсыг ногдуулжээ.
Гомдол гаргагчаас Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 0034872 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ханджээ.
Гомдол гаргагч “Эйч Ар Ви Констракшн” ХХК нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... “Эйч Ар Ви Констракшн” ХХК /РД:*******/ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зарласан “Нөхөн сэргээх, хүүхэд хөгжил, сургалтын төвийн барилга” Сэлэнгэ Сүхбаатар сум нэртэй ХНХЯ/202212002 дугаартай тендерт оролцож, шалгарч гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгэж байна.
Манай компанийн гүйцэтгэж байгаа ажилтай холбогдуулан 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгьн техникийн хяналтьн улсын байцаагч ******* нь 2331000408 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор барилгын гүйцэтгэгчийн чиг үүргээ биелүүлээгүй /эс үйлдэхүй/-д Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтад зааснаар зөрчлийн хэргийг нээсэн. Манай компанийн зүгээс тус зөрчлүүдийг илрээгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тайлбарыг тус газарт хүргүүлсэн. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0034872 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг гүйцэтгэлийн чиг үүргээ биелүүлээгүй тухай зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсан байдаг. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөлд байдалд тохироогүй, хуульд нийцээгүй байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4-т “Барилгын ажлын гүйцэтгэгч чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан.” Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь барилгын ажлын гүйцэтгэгч болохынхоо хувьд хүлээсэн чиг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тус зөрчлийг үйлдсэнд тооцож шийтгэл оногдуулахаар заасан байна. Харин “*******” ХХК нь барилгын ажлын гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэсэн бөгөөд зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд шийтгэл оногдуулахад болон шийтгэлийн хуудаст тусгах үндэслэл бусад нөхцөлийг тодорхойлсон байдаг. Үүнд:
1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” зэргийг шийтгэл оногдуулах болон шийтгэлийн хуудаст тусгахаар зохицуулсан. Гэтэл 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудаст “*******” ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл заалтад нийцэхгүй байна. Тухайлбал:
Барилга угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг байхгүй, барилга угсралтын ажлын талбайн эмх цэгцгүй гэсэн үндэслэлийн тухайд бол барилга талбайг барилгын норм дүрэм журмын дагуу байнга цэвэрлэж эмх цэгцтэй байлгадаг бөгөөд тухайн барилгын гадна хашаа дээр байрлах нийтэд ил мэдээллийн самбарын баруун доод буланд барилга угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зургийг байрлуулсан байхад үүнийг зөрчил гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Барилга угсралтын ил далд ажлын акт байхгүй гэсэн үндэслэлийн тухайд:
Манай компани барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж эхлээд барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай 25 дугаар акт, суурь хөрсний хяналтын №026/022 дугаар акт, Суурийн нүх ухсан 1 дугаартай акт, суурь хийсэн 2 дугаартай акт, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурчилсан 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дугаартай актууд, ханийн өргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дугаартай актууд тус бүрийг баталгаажуулсаар ирсэн байдаг. Ил далд ажлын актуудыг батлахдаа Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон зураг төсөл зохиогч байгууллагууд баталж өгдөг бөгөөд тухай бүр нь ил далд ажлын актуудыг батлуулаад барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгээд явсан. Ашигласан материалын шинжилгээний дүн байхгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн барилгын ажилд ашигласан бетон зуурмагийг ул бетон, суурийн бетон, зоорины давхрын бетонуудал 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдер барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори болох ШУТИС-ийн ДАТС-ийн барилгын материал судлалын төвөөр шинжилгээ хийлгэсэн бөгөөд. №22/0100 дугаар сорилт шинжилгээний дүн гарсан байдаг. Мөн ашигласан арматурт дүн шинжилгээ хийлгээд явсан бөгөөд холбогдох шинжилгээний дүнгүүд гарсан.
Ханын өрлөгийн хэвтээ босоо дүүргэлт, хүлцэх хэмжээнээс хэтэрсэн зүйл байхгүй бөгеөд тухайн барилгын ханын өрлөгийн хэвтээ болон босоо дүүргэлтийн хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байсан хэсгүүдийг тухай бүрт нь засварлаад явсан байдаг. Мөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа ханын өрлөгийн хэвтээ босоо дүүргэлтийг хүлцэх хэмжээнээс хэтрүүлсэн, си бэхэлгээний төмөр хийгээгүй, гадна цутгамал хананы ажлын арматурыг ил гаргасан зөрчил үйлдсэнийг үзлэг хийж нотлох баримтаар тогтоогоогүй байдаг. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй нөхөн сэргээх төвийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, барилгын норм дүрмийг баримтлан дагаж мөрдөж гэрээт ажлыг гүйцэтгэхдээ өөрийн чиг үүргийг биелүүлж ажиллаж байна.
“*******” ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжийг агуулаагүй, зөрчил үйлдсэн гэх үйл баримт холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу зөрчлийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хяналт шалгалтын тэмдэглэлд барилгын угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг байхгүй, мөрдөж ажилладаггүй, барилгын угсралтын ажлын талбай эмх цэгцгүй шаардлага хангахгүй, барилгын угсралтын ажлын ил далд ажлын актууд, ашигласан материалын сертификат, лабораторын шинжилгээний дүнгүүд байхгүй, барилгын угсралтын ажлын тухайд ханын өрлөгийн хэвтээ босоо дүүргэлт хүлцэх хэмжээнээс хэтэрсэн, холбоос хана хучилтын хооронд хийгдэх си бэхэлгээ төмөр хийгдээгүй, бетон зуурмагаас дээж авч барилгын угсралтын ажлын талбайд ижил нөхцөлд бэхжүүлээгүй зэрэг зөрчил илэрч тэмдэглэлд тусган хяналт шалгалтыг явуулахад “*******” ХХК-ийн ХАБ-ын инженер ******* тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Барилгын угсралтын ажлыг талбайд хариуцаж буй инженер н.Тэмүүжинтэй утсаар холбогдоход Улаанбаатар хотод ажлаар явж байгаа ирэхээр нь холбогдох материалыг авааачиж шалгуулая 2 хоногийн дараа ирнэ гэсэн тайлбарыг өгсөн.
2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг прокурорын хяналтан доор нээсэн тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/244 дугаартайгаар “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан холбогдогчийн үүргийг биелүүлж ажиллах тухай” Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын албан бичгээр “*******” ХХК-нд хүргүүлсэн.
“*******” ХХК-иас 2023/297 дугаартай тайлбарыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр инженер н.Тэмүүжин өөрийн биеэр авчирч үзүүлсэн ба энэ өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан. “*******” ХХК-ийн 2023/297 дугаартай хариу тайлбарын 1-3 дугаартай хэсэгт хяналт шалгалтанд хамруулах байсан материалуудыг хавсралтаар хүргүүлж байгаа тухайгаа, 4 дугаартай хэсэгт ханын өрлөгийн хэвтээ, босоо дүүргэлтийн хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байсан хэсгүүдийг засварласан, си бэхэлгээний төмрийг нөхөж хийж уг зөрчлийг арилгасан, гадна цутгамал ханын ажлын арматур ил гарсан хэсгийг бетон орлуулагч буюу сика-гаар хийж гүйцэтгэж хэвийн болгож тус зөрчлийг арилгасан зураг авч баталгаажуулсан тухайгаа дурьдсан.
Дээрх тайлбарт “*******” ХХК нь үйлдсэн зөрчлөө арилгасан тухайгаа дурьдсан боловч Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тохиолдолд Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасны дагуу шийтгэлээс чөлөөлөх хуудсыг хэрэглэх учраас дээрх зөрчил нь шийтгэл оногдуулах үндэслэл болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 үгээр зүйлд Шийтгэл оногдуулахад болон шийтгэлийн хуудсанд тусгах үндэслэл бусад нөхцөлийг тодорхойлсан байдаг. Үүнд:
Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх зэргийг шийтгэлийн хуудсанд тусгуулахаар зохицуулсэн гэтэл 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудаст “*******” ХХК-ийн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл заалтад нийцэхгүй байна.
2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээсэн Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг прокурорын хяналтан доор нээсэн тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/244 дугаартайгаар “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан холбогдогчийн үүргийг биелүүлж ажиллах тухай” Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын даргын албан бичгээр “*******” ХХК-нд хүргүүлсэн. “*******” ХХК-иас 2023/297 дугаартай тайлбарыг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр инженер н.Тэмүүжин өөрийн биеэр авчирч үзүүлсэн ба энэ өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан. “*******” ХХК-ийн 2023/297 дугаартай хариу тайлбарын 1-3 дугаартай хэсэгт хяналт шалгалтанд хамруулах байсан материалуудыг хавсралтаар хүргүүлж байгаа тухайгаа, 4 дугаартай хэсэгт ханын өрлөгийн хэвтээ босоо дүүргэлтийн хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байсан хэсгүүдийг засварпасан. Си бэхэлгээний төмрийг нөхөж хийж уг зөрчлийг арилгасан гадна цутгамап хананы ажлын арматур ил гарсан хэсгийг бетон орлуулагч буюу Сика-гаар хийж гүйцзтгэж хэвийн болгож тус зөрчлийг арилгасан зураг авч баталгаажуулсан тухайгаа дурьдсан зэрэг нь Зөрчил үйлдсэнийг нотлох баримт болно. Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд Барилгын тухай хууль зөрчих асуудлыг заасан бөгөөд 12.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “барилгын ажлын гүйцэтгэгчид хамаарах хэсгийг тусгахдаа” 7.1.тухайн барилга байгууламж дээр ажиллах ажилтнуудыг амь насны даатгалд хамруулаагүй, 7.2.барилга байгууламжид тавих шаардлагыг хангаагүй, 7.3.барилгын ажлын талбайд тавих шаардлагыг хангаагүй, 7.4.чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан.
Тус “*******” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 7.2, 7.3, 7.4 заасан зөрчлүүд илэрч байсан учир 7.4 дэх заалт нь дээрх 7.2, 7.3 дахь заалтыг давхар хамаарч байх тул энэ заалтыг үндэслэл болгож зөрчлийн хэргийг нээсэн. Энэ хуулийн 7.4-т заасан барилгын гүйцэтгэгчийн чиг үүргийг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилгын гүйцэтгэгчийн чиг үүрэг гэж ойлгоно. Барилгын тухай хуульд барилгын гүйцэтгэгчийн чиг үүргийг заахдаа 40.1, 40.1.1-40.1.24, 40.2, 40.3 дээрх 27 заалтаас зөрчигдсын заалтуудыг тодруулан ялгасан болно. “*******” ХХК-иас ирүүлсэн хариу тайпбар хавсаргасан баримтууд нь холбогдох норм дүрмийн шаардлага хангахгүй ил далд ажлын актууд бичигдсэн он, сар, өдөр байхгүй, ашигласан материал арматур авсан газрартай байгуулсан гэрээ эсхүл тоо хэмжээс тавигдаагүй тухайн шинжилгээний дүн өгсөн газраас ямар хэмжээтэй арматур авсан эсэх нь тодорхойгүй, арматурчлал, ханын өргийн холбоос зэрэг зураг төсөлтэй холбож унших хэмжээс тавьсан фото зургууд байхгүй зэрэг зөрчлүүд бүрэн арилаагүй байдалд инженер н.Тэмүүжинд барилга угсралтын ажпын үе шат бүр дээр зөвлөмжийг өгч эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг өгч ажилласан болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол гаргагчийн гомдлоор хуульд заасан журмын дагуу хариуцагчид холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж шүүхэд гаргасан гомдол гаргагчийн гомдол, түүнд хавсаргасан баримтууд, гомдлыг эс зөвшөөрч хариуцагчаас бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад авагдсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдаанд гомдол гаргагчийн өмгөөлөгч болон хариуцагчаас гаргасан тайлбар зэрэгт үндэслэн дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй нөхөн сэргээх төвийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “*******” ХХК-ийн барилга дээр очин хяналт шалгалт явуулаад 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудсаар гүйцэтгэлийн чиг үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Улсын байцаагч нь дээрх шийтгэлийн хуудсыг ногдуулахдаа Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02-00/06 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх” тухай, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02-00/08 дугаартай “Барилга угсралтын ажилд хэрэглэж байгаа бетон зуурмаг, арматурын чанар байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 02-00/12 дугаартай “Төлөвлөгөөт шалгалт хийх” тухай тус тус хяналт шалгалтын удирдамжийг баримталсан байна.
Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “*******” ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын ажлын талбайд хяналт шалгалт хийх үедээ барилга угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг байхгүй, барилга угсралтын ажлын талбай шаардлага хангахгүй, зай бариагүй, барилга угсралтын ажлын ил, далд акт байхгүй, ашигласан материалын сертификат, шинжилгээний лабораторын дүн байхгүй, ханын өрлөгийн хэвтээ, босоо дүүргэлт хүлцэх хэмжээнээс хэтэрсэн, си бэхлэлтийн төмөр хийгдээгүй, гадна цутгамал хананы ажлын арматур ил гарсан, зэвэрсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн гэж тэмдэглэж, зургаар баталгаажуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Мөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “*******” ХХК-ийн холбогдох ажилтан ******* мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэгт дээрх 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр илэрсэн зөрчлүүдийг арилгасан гэж мэдүүлсэн байгаа нь тухайн үед тогтоогдсон нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Гомдол гаргагч нь шүүхэд гомдол гаргахдаа барилга угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг, барилга угсралтын ил далд ажлын актууд, бетон зуурмаг, арматурт тус бүрийн дүн шинжилгээний бичиг зэрэг баримтуудыг хавсралтаар өгсөн байх бөгөөд уг баримтын талаар шүүх хуралдааны явцад хариуцагч *******с тодруулахад зөрчлийн хэрэг хаагдсан хойно шуудангаар ирсэн гэж тайлбарладаг. Гомдол гаргагч нь зөрчлийн хэрэг хаагдсан хойно баримтуудаа ирүүлсэн нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Үүнээс дүгнэхэд “*******” ХХК нь гүйцэтгэгч компанийн хувьд барилгын үйл ажиллагааг эрхлэх барилгын ажил гүйцэтгэх харилцааг нарийвчлан зохицуулсан Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд Барилгын тухай хуульд заасан чиг үүргийг зөрчиж, барилга угсралтын ажлын талбайн зохион байгуулалтын зураг байхгүй, барилга угсралтын ажлын талбай шаардлага хангахгүй, зай бариагүй, барилга угсралтын ажлын ил, далд акт байхгүй, ашигласан материалын сертификат, шинжилгээний лабораторын дүн байхгүй, ханын өрлөгийн хэвтээ, босоо дүүргэлт хүлцэх хэмжээнээс хэтэрсэн, си бэхлэлтийн төмөр хийгдээгүй, гадна цутгамал хананы ажлын арматур ил гарсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт зааснаар шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байна.
Иймд гомдол гаргагч “*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч *******гийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0034872 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.БУРМАА