Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/00002

 

Ц.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02402 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Ж-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭБИ” ХХК, “ЭГ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 130 693 480 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагч “ЭБИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж нутгаасаа бог малын мах борлуулах зорилгоор махны зоорь хайж яваад Байгалмаатай танилцсан. Тэгээд “мах авч хятадуудад нийлүүлнэ, бууз хийж урагшаа гаргана их хэмжээний мах бидэнд хэрэгтэй, мах боловсруулах үйлдвэрийн төсөл авч байгаа” гэж ярьсны дагуу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “ЭБИ” ХХК болон “ЭГ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэхэд 32 537,8 кг бог, бод малын махыг авчирч нийлүүлсэн, А.Байгалмаа над руу утсаар яриад “энд нэг хүн 1 кг махыг 3 400 төгрөгөөр бодож 15 тн хонины мах зарахаар манай зооринд хадгалуулсан, хямдхан зарах гээд байна. Чи худалдаж аваад мөнгийг нь миний данс руу хийчих” гэсний дагуу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хаан, Төрийн банкны дансаар нийтдээ 51 000 000 төгрөгийг түүний Хаан банкны 5163059065, Төрийн банкны 102800407659 тоот данс руу шилжүүлсэн. Нийт 47 537,8 кг үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нийлүүлснээс 20 401.9 кг махыг буцаан авсан. Үлдэгдэл 27 135,9 кг махны тооцоог тооцоход “ЭГ” ХХК нь 7 583 кг мах худалдан авснаас 2 250 кг махны үнэ 9 000 000 төгрөг төлсөн, одоо 5 333 кг махны үнэ буюу 21 332 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөөгүй. “ЭБИ” ХХК нь 20 тонн 510 кг мах худалдан авснаас 338.5 кг махны үнэ 1 354 000 төгрөгийг төлсөн ба одоо 18 тонн 261.9 кг махны үнэ 73 047 600 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь тооцоо нийлсэн баримтаар тус тус тогтоогдож нийт 94 379 600 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 2.1.6-д “А тал төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоногийн 0,5 хувиар тооцож Б талд алданги төлөхөөр тохиролцов” гэж зааснаар алдангийг 2018 оны 4 дүгээр сарын 10-наас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тооцвол “ЭБИ” ХХК-иас үндсэн төлбөр /73 047 600 + 21 914 280/ алдангийн хамт 94 961 880 төгрөг, “ЭГ” ХХК-иас үндсэн төлбөр /21 332 000 + 6 399 600/ алдангийн хамт 27 731 600 төгрөг, Иргэний хуулийн 227, 228-д зааснаар хууль зүйн туслалцаа авсны 8 000 000 төгрөгийг хариуцагч нарт хувь тэнцүүлэн, нийт 130 693 480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3 000 000 төгрөгийг “ЭГ” ХХК-иас орж ирсэн тул шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч “ЭГ” ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулгыг гэрээнээс учирсан хохирол гэж тодорхойлж байгаа ч хэрэгт гэрээний үүргээ учирсан хохирол гэж харагдахгүй байна. 7 583 кг мах нийлүүлснээс 2 250 кг махны 900 000 төгрөг төлсөн, маргахгүй. 5 333 кг махны 21 332 000 төгрөгийг 4 000 төгрөгөөр бодсон. Гэрээний 2.1.3 дээр Б тал эхний ээлжинд бог малын 23 тн махыг бэлнээр нийлүүлсэн. Гэрээний 2.1.3-т эхний 43 кг махыг 4 000 төгрөгөөр тооцож нийт 172 000 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлнө гэж тохиролцоод алдангийг 6 сарын 10-ны өдөр хүртэл бодож байгааг ойлгохгүй байна. Өмгөөллийн хөлс энэ хэрэгт ямар ч холбогдох боломжгүй, гэрээгээр зохицуулагдаагүй тул ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээний 2.1-т А тал Б тал бог малыг нийт 1 200 тн байхыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 12 сарын хугацаатай бэлтгэн нийлүүлнэ гэж байгаа, гэрээний хугацаа дуусаагүй. Гэрээний хугацаа хамтын үйл ажиллагааг дуусах хүртэлх буюу 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлийг сайн ойлгохгүй байна. Гэрээний үүргийг яаж зөрчсөн юм бэ, манайх мөнгөө төлөөд явж байсан. Нийт 9 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээний 2.1.6-т алдангийн асуудлыг А тал хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгийн гэсэн байгаа гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “ЭБИ” ХХК-иас 84 004 740 төгрөг, хариуцагч “ЭГ” ХХК-иас 18 865 300 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Ж т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 823 440 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 811 417 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭБИ” ХХК-иас хураамжид 577 974 төгрөг, хариуцагч “ЭГ” ХХК-иас 233 433 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч “ЭБИ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02402 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэгч Ц.Ж бог малын мах борлуулах зорилгоор махны зоорь хайж байгаад "Эх булгийн ихэр" ХХК-ний захирал А.Байгальмаатай уулзаж хамтран ажиллахаар тохиролцсон, уг хамтын ажиллагааны нэг гол нөхцөл нь өөрийн махны зооринд иргэн Ц.Ж-ынмахыг хадгалж, түүнийгээ худалдан борлуулж, ашиг олох зорилго байсан. Шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Хамтран ажиллах гэрээний хүрээнд нэг тал нь махны захиалга өгөх, нөгөө тал нь мах бэлтгэн нийлүүлэхээр харилцан тохиролцож хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн боловч Б тал нь А талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Талууд дээрх хамтран ажиллах гэрээгээ цуцалж байгаа талаар харилцан мэдэгдэл хүргүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан, гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болоогүй байгаа. Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн тооцоо нийлсэн акт нь Иргэний Хуулийн 466 дугаар зүйлд заасан "тооцоо нийлэх гэрээ" гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Хамтран ажиллах гэрээний 2.1-д Б тал нь А талд бог малын нийт 1 200 тн махыг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 12 сарын хугацаанд бэлтгэн нийлүүлнэ гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад Б тал гэрээнээсээ татгалзсан эсвэл гэрээгээ дуусгавар болгож байгаа талаарх хууль зүйн үндэслэлээ тодорхой дурдаагүй байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02402 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Ц.Ж нь хариуцагч “ЭБИ” ХХК, “ЭГ” ХХК холбогдуулан гэрээний үүрэгт 130 693 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “ЭБИ” ХХК болон “ЭГ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1200 тонн махыг, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд, 1 кг махыг 4 000 төгрөгөөр нийлүүлэх, үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 15-16 дугаар тал/

 Зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.

Гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Ж-аас нийлүүлсэн махны үнийг талууд харилцан тооцсон байх бөгөөд 2018 оны 5 сарын 11-ний өдөр хариуцагч “ЭГ” ХХК-тай тооцоо нийлсэн актаар 21 332 000 төгрөгийн үлдэгдэл, мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч “Эх булгийн ихэр” ХХК-тай тооцоо нийлсэн актаар 73 047 600 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зохигчдын тайлбар, тооцоо нийлсэн актаар нотлогджээ. /хх-ийн 4-6 дугаар тал/

Анхан шатны шүүх хариуцагч “ЭГ” ХХК-иас үндсэн үүргийн төлбөрт 21 332 000 төгрөг, алданги 533 300 төгрөг, нийт 21 865 300 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3 000 000 төгрөгийг хасч нийт 18 865 300 төгрөгийг, хариуцагч “ЭБИ” ХХК-иас үндсэн үүргийн төлбөрт 73 047 600 төгрөг, алданги 10 957 140 төгрөг, нийт 84 004 740 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Хариуцагч “ЭБИ” ХХК давж заалдах гомдолдоо гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх боловч 2018 оны 5 сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар талуудыг гэрээгээ цуцалсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Ц.Ж нь өмгөөллийн хөлс 8 000 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27 823 440 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо 21 823 440 төгрөг гэж тус тус техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ...” гэснийг хасч, “... 21 823 440 төгрөгийг ...” гэснийг, “27 823 440 төгрөгийн шаардлагыг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                        

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                    Г.ДАВААДОРЖ