Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2402

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02402                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, “Э” ХХК,

Хариуцагч: “Э” ХХК нарт холбогдох,

гэрээний үүрэгт 130,693,480 /нэг зуун гучин сая зургаан зуун ерэн гурван мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ж нутгаасаа бог малын мах борлуулах зорилгоор махны зоорь хайж яваад Байгалмаатай танилцсан. Тэгээд “мах авч хятадуудад нийлүүлнэ, бууз хийж урагшаа гаргана их хэмжээний мах бидэнд хэрэгтэй, мах боловсруулах үйлдвэрийн төсөл авч байгаа” гэж ярьсны дагуу 2018-03-19-ний өдөр “Э” ХХК болон “Э” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2018-03-19-нээс 2018-03-24-ний өдөр гэхэд 32.537,8 кг бог бод малын махыг авчирч нийлүүлсэн, А.Байгалмаа над руу утсаар яриад “энд нэг хүн 1кг махыг 3400 төгрөгөөр бодож 15 тн хонины мах зарахаар манай зооринд хадгалуулсан, хямдхан зарах гээд байна. Чи худалдаж аваад мөнгийг нь миний данс руу хийчих” гэсний дагуу 2018-03-19-нээс 2018-03-21-ний өдөр Хаан, Төрийн банкны дансаар нийтдээ 51,0 сая төгрөгийг түүний Хаан банкны 5163059065, Төрийн банкны 1028 00407659 тоот данс руу шилжүүлсэн. Нийт 47.537,8 кг үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нийлүүлснээс 20,401.9 кг махыг буцаан авсан. Үлдэгдэл 27.135,9 кг махны тооцоог тооцоход “Эх-Ган” ХХК нь 7583 кг мах худалдан авснаас 2250 кг махны үнэ 9,0 сая төгрөг төлсөн, одоо 5333 кг махны үнэ буюу 21.332.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөөгүй. “Э” ХХК нь 20 тонн 510 кг мах худалдан авснаас 338.5 кг махны үнэ 1.354.000 төгрөгийг төлсөн ба одоо 18 тонн 261.9 кг махны үнэ 73.047.600 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болох нь тооцоо нийлсэн баримтаар тус тус тогтоогдож нийт 94.379.600 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү 2018-03-19-ний өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.6-д: “А тал төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоногийн 0.5%-иар тооцож Б талд алданги төлөхөөр тохиролцов” гэж зааснаар алдангийг 2018-04-10-наас 2018-06-10-ны өдөр хүртэл тооцвол “Э” ХХК-иас үндсэн төлбөр /73,047,600+21,914,280/ алдангийн хамт 94.961.880 төгрөг, “Эх-Ган” ХХК-иас үндсэн төлбөр /21,332,000+6,399,600/ алдангийн хамт 27,731,600 төгрөг, Иргэний хуулийн 227, 228-д зааснаар хуульзүйн туслалцаа авсны 8.0 сая төгрөгийг хариуцагч нарт хувь тэнцүүлэн, нийт 130,693,480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 3,0 сая төгрөг “Э” ХХК-иас орж ирсэн тул шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа агуулгыг гэрээнээс учирсан хохирол гэж тодорхойлж байгаа ч хэрэгт гэрээний үүргээ учирсан хохирол гэж харагдахгүй байна. 7.583 кг мах нийлүүлснээс 2.250 кг махны 900,000 төгрөг төлсөн, маргахгүй. 5.333 кг махны 21.332.000 төгрөгийг 4000 төгрөгөөр бодсон. Гэрээний 2.1.3 дээр Б тал эхний ээлжинд бог малын 23 тн махыг бэлнээр нийлүүлсэн. Гэрээний 2.1.3-т эхний 43 кг махыг 4000 төгрөгөөр тооцож нийт 172,0 сая төгрөгийг 2018 оны 4 сарын 10-ны өдрийн дотор төлнө гэж тохиролцоод алдангиа 6 сарын 10-ны өдөр хүртэл бодож байгааг ойлгохгүй байна. Өмгөөллийн хөлс энэ хэрэгт ямар ч холбогдох боломжгүй, гэрээгээр зохицуулагдаагүй тул ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээний 2.1-т А тал Б тал бог малыг нийт 1.200 тн байхыг 2014 оны 3 сарын 17-ны өдрөөс 12 сарын хугацаатай бэлтгэн нийлүүлнэ гэж байгаа, гэрээний хугацаа дуусаагүй.  Гэрээний хугацаа хамтын үйл ажиллагааг дуусах хүртэлх буюу 2019 оны 3 сарын 17-ныг хүртэл гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлийг сайн ойлгохгүй байна. Гэрээний үүргийг яаж зөрчсөн юм бэ, манайх мөнгөө төлөөд явж байсан. Нийт 9,0 сая төгрөгийг төлсөн. Гэрээний 2.1.6-т алдангийн асуудлыг А тал хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгийн гэсэн байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ж нь гэрээний үүрэгт “Э” ХХК-иас 73,047,600 төгрөгийг алданги 21,914,280 төгрөгийн хамт, “Э” ХХК-иас 21,332,000 төгрөгийг алданги 6,399,600 төгрөгийн хамт, хуульзүйн туслалцаа авсны 8,000,000 төгрөгийг хариуцагч нарт хувь тэнцүүлэн хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэ өдрийн хуралдаан дээр нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн үндэслэлээр “Э” ХХК-д холбогдох шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгалаа.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ тооцоо нийлсэн баримтын дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул алданги тооцох үндэслэлтэй, үүнээс үүдэн хуульзүйн туслалцаа авсан тул хөлсийг гаргуулна гэж тайлбарлав.

Хариуцагч “Э” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг тайлбарын хамт ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.

Хариуцагч  “Э” ХХК нь үлдэгдэл төлбөр 21,332,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үүрэг зөрчсөнөөс гэрээг өөрөө цуцалсан тул алдангийг өмгөөлөгчийн хөлсийг шаардах эрхгүй гэж маргав.   

Ц.Ж нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК болон “Э” ХХК-д 1200 тонн махыг 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар 1 кг махыг 4,000 төгрөгөөр тооцож нийлүүлэхээр “Хамтран ажиллах гэрээ” байгуулжээ.

 

Хэдийгээр талууд гэрээг хамтран ажиллах гэж нэрлэсэн байгаа боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар худалдагч Ц.Ж нь худалдан авагч “Э” ХХК-д 20 тонн 510 кг махыг, “Э” ХХК-д 7583 кг махыг тус тус шилжүүлэн өгсөн байна.

 

Үүнээс 2250 кг махны төлбөрт “Э” ХХК 9,000,000 төгрөг төлсөн, 5333 кг махны төлбөр 21,332,000 төгрөг төлөөгүй, “Э” ХХК нь 20 тонн 510 кг мах худалдан авснаас 338.5 кг махны төлбөрт 1,354,000 төгрөг төлж, үлдэх 18 тонн 261.9 кг махны үнэ 73,047,600 төгрөг буюу гэрээний дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ хариуцагч нар нь зохих ёсоор биелүүлээгүй буруутай байна.

 

Хариуцагч нар нь гэрээний 2.1.6-д зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй үнийн дүнгээс хоногийн 0.5%-иар тооцож алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас хэлэлцэн тохирсон үнийг алдангийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч талд Иргэний хуулийн 225.2-т зааснаар үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулсан байх тул нэмэлт хугацааг 30 хоногоор тогтоосноор тооцсон, нэхэмжлэгч нь гэрээг цуцалсныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байна.

 

Актаар хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг тодорхойлсон байх тул үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс гэрээг цуцалсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний хүртэл хугацааны алдангийг тооцож, “Э” ХХК-ийн худалдан авсан  18 тонн 261.9 кг махны төлбөрт төлөх 73,047,600 төгрөгийн алдангийг 365,238 төгрөгөөр тооцож 30 хоногийн алдангид 10,957,140 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин хариуцагч “Э” ХХК нь худалдан авсан 5333 кг махны төлбөр 21,332,000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн төлж дуусгахаар тохиролцсон байх тул 106,660 төгрөгөөр, 5 хоногийн алдангид 533,300 төгрөгөөр тооцох ба энэ өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн үндэслэлээр шаардлагаа 3,000,000 төгрөгөөр багасгасан тул хасч тооцлоо.

 

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэхэд худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд “Э” ХХК-иас / 21,332,000+533,300-3,000,000/  18,865,300 төгрөг, “Э” ХХК-иас /73,047,600+10,957,140/ 84,004,740 төгрөгийг тус тус гаргуулан, Ц.Жт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь алдангийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар “Э” ХХК-иас алдангид 5,866,300 төгрөг, “Э” ХХК-иас алдангид 10,957,140 төгрөг тус тус гаргуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг зохицуулсан байна.

 

Тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь өмгөөлөгчид талууд тооцоо нийлсэн өдөр 2,000,000 төгрөг, 5 дугаар сарын 31-ний өдөр 1,400,000 төгрөг, 6 дугаар сарын 06-ны өдөр 4,600,000 төгрөг төлсөн баримтууд нь өөр бусад баримттай нөхцөлдсөнөөр төлөгдсөн гэж үзэх тул хуульзүйн туслалцаа авснаар нэхэмжлэгчид 8,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 811,417 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч “Э” ХХК-иас 577,974 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 233,433 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал А.Байгалмаад энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлуэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “Э” ХХК-иас 84,004,740 /наян дөрвөн сая дөрвөн мянга долоон зуун дөч/ төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 18,865,300 /арван найман сая найман зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Жт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,823,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 811,417 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас хураамжид 577,974 төгрөг, хариуцагч “Э” ХХК-иас 233,433 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ