Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

С.Б, С.М, Б.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.М, Б.Ж /цахимаар/

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Жаргалсайханы давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б, С.М, Б.Г нарт холбогдох 2029000120049 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

          Ч овгийн Б-ны Г, эмэгтэй,

          Г овгийн С-ийн Б, эмэгтэй

          Б овгийн С-ийн М, эрэгтэй

Шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрийн хооронд Ө аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг '‘Б” ХХК-ийн өмчлөлийн төмөрнөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж бусдад 32225000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий  прокурор Б.Энхмэнд нь шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч С.Б, Б.Г, С.М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 10 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 10 сарын хорих ял, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас Улаанбаатар хот руу зорчих үүргийг, шүүгдэгч Б.Г-т шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд тодорхой газар очихыг хориглох буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт очихыг хориглох үүргийг, шүүгдэгч С.М-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.М, Б.Г нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-с 10741666,6 төгрөг, шүүгдэгч Б.Г-ээс 5741666,6 төгрөг, шүүгдэгч С.М-аас 10741666,6 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч “Б” ХХК-д тус тус олгож, энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “Б” ХХК-д шүүгдэгч С.Б 10741666,6 төгрөгийн, шүүгдэгч Б.Г-ээс 5741666,6 төгрөгийн, шүүгдэгч С.М 10741666,6 төгрөгийн нөхөн төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Б.Г, С.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Ж давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь цалингаа авч чадахгүй байна. Зарах төмөр  байна гэж хэлсний дагуу Б.Г нь манаач С.М-д 2500000 төгрөг өгч төмөр худалдан авсан.

Манаач С.М нь хохирогч “Б” ХХК-д ямар нэг ажил албан тушаал эрхэлдэггүй, дээрх компанийн эд хөрөнгийг итгэмжилсэн хариуцсан этгээд биш. Б.Г нь С.Б-ыг урьд нь тус болж зээл хааж өгч байсан, ээж аавынхаа байшинг барьцаалж зээл авч амьдралд тус болж байсан учраас чамд тус болно 1 өрөө байр авч өгнө гэж хэлээд өөрийн төмрөө авч буй мэтээр ойлгуулж Ц суманд дагуулж очиж, манаачтай уулзаж машин кран зэргийг зохицуулж улмаар Улаанбаатар хот руу оруулж бусдад худалдсан байдаг. С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн болон анхан шатны шүүх бүлэглэж завшсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

С.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулгаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй биш гэмт хэргийн шинжгүй юм. Шүүгдэгч Б.Г нь С.Б-д мэдэгдэхгүйгээр түүний данс руу  2500000 төгрөг шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хохирлын үнэлгээнд заасныг адил тэнцүү буюу 3 хувааж 10741666,6 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэгт хэрхэн оролцсон оролцоо зэргийг харгалзан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч С.Б-д холбогдох хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хэргийн зүйлчлэл болон үйл баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “шүүгдэгч Б.Г-ийн хувьд хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулсан ял, гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргадаггүй. Хохирлын тал төлбөрийг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. Шийтгэх тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол, саналгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Г-тэй хамт хөдөө явсан үйлдлийнхээ хариуд төмөр зарна гэсний дагуу худалдаж авсан гэдгээ мэдүүлдэг. Ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б-д холбогдуулан ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс 3 шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо болон хохирлыг 3 хувааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Жаргалсайханы 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21/43 дугаартай давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  С.М, Б.Г, С.Б нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 02-03-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг '‘Б” ХХК-ийн өмчлөлийн төмөрнөөс 410 метр нарийн цагариг төмөр, 540 метр шивлер төмөр, 2500 килограмм арматур төмөр, 25 ширхэг сэндвич шивлер төмрийг завшиж бусдад 32225000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч Д.М-ын “...2019 оноос 2020 он гарах хүртэл хугацаанд харуул П хариуцаж байсан байгууламжаас төмөр, бусад эд зүйл алдагдлаа гэж 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 9 цагт мэдэгдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тооллого хийж үзэхэд төмөр замын рейс төмөр /бүдүүн/ 56 ширхэг, нарийн 41 ширхэг, рамотурын төмөр 5 боодол /нэг боодолдоо 150 ширхэг/, сэндвичин барилгын карказны төмөр тус тус алдагдсан. Харуул П нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа 12 дугаар сарын 27-ноос 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажлын байраа орхиод Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явахдаа хуурай ах болох Мөнхбатыг өөрийнхөө оронд үлдээгээд явсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/ гэх,

Гэрч О.П-ийн “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ө аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн эзэмшлийн барилга байгууламж харуул хамгаалалтыг хариуцахаар ирсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотод М ахтай уулзаад хамт Ц суманд ажиллах санал тавиад 1 сард 400000 төгрөг авахаар тохиролцож авч ирсэн. Тэгээд 12 дугаар сарын 26-ны орой би Улаанбаатар хот руу шинэ он гаргаад ирье гээд хариуцаж байсан ажлаа М-д захиж үлдээгээд явсан. ...Улаанбаатар хотоос 01 дүгээр сарын 03-ны орой гараад Ц суманд 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын байрандаа ирсэн. Ажил дээрээ ирэхэд М ах гэртээ байхгүй, гэрийн хаалга онгорхой, хоёр нохой сул, гэр доторх зүйл эмх замбараагүй архи шил хөглөрсөн байсан. Төмөр замын рейс бүдүүн 56 ширхэг, нарийн 41 ширхэг, рамотурын төмөр 5 боодол /нэг боодолдоо 150 ширхэг/, сэндвичин барилгын карказны төмөр алдагдсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/ гэх,

Гэрч С.М-ын “...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Өмнөговь аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ийн эзэмшлийн обьектод харуулын ажилтнаар ирж П-той хамт ажиллаж эхэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харуул П Улаанбаатар хот руу яваад би ганцаараа хариуцаж байсан обьект дээрээ үлдсэн. 01 дүгээр сарын 02-ны өдөр 11 цагийн үед нэг эмэгтэй цагаан өнгийн машинтай ирээд жорлонд чинь ороод бие засаадахъя гэж хэлээд жорлонд орчихоод манай гэрт орж ирсэн. Манай гэрт юм ярьж байгаад жаахан төмөр надад зарчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь тэгж чадахгүй гэж хэлсэн. Төд удалгүй тэр эмэгтэй гэрч яваад машинаасаа нэг шил архи, 2 ширхэг пиво аваад нэг танихгүй эмэгтэйгийн хамт хоёулаа гэрт орж ирсэн. ...01 дүгээр сарын 03-ны өглөө тэр 2 эмэгтэй босоод төмөр ачихаар норд бенз шланз, ковш авч ирээд төмөр ачсан. 13 цагийн үед гэрийн хажууд байсан карказнаас, төмөр замын шивлер төмрөөс ачиж байсан. ...Төмөр ачиж байхдаа надад бэлэн 2500000 төгрөг тоолж өгсөн. Би өрөнд орчихсон байгаа. Надад тус болоод төмрөө зарчих гэж надаас гуйгаад байсан. Би эхэндээ өгөхгүй гэж байгаад сүүлдээ өгөхөөр болсон.” /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/ гэх,

Гэрч Т-ийн “...манай найз Сумъяа ирээд мөнгө байна уу гэхээр нь байна гэсэн чинь энэ 5679155106 данс руу 11288000 төгрөг шилжүүлчих гээд би ...шилжүүлсэн. С Б дүүргийн 20 дугаар хороо 10 буудалд хувиараа төмөр авдаг.” /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/ гэх,

Гэрч Ц.С-ийн “...би төмөр худалдаж авах гэсэн чинь мөнгөгүй болчихсон байсан. Тэгээд У-ээс зээлээд энэ данс руу төмрийн үнэ гэж утга дээр нь бичээд шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед шланзтай ирээд байж байгаад 2-3 цагийн дараа буулгаж авсан. Би төмөр авсан эмэгтэйн нэрийг санахгүй байна. Махлагдуу шар эмэгтэй байсан. Төмөр замын рейс төмөр, шивлер, бас бага зэрэг хаягдал төмөр, ширэм байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/ гэх,

Яллагдагч С.М-ын “...нэг шил архи задлаад уугаад сууж байтал урт үстэй эмэгтэй нь ...бид хоёр өрөнд орчихсон юм жаахан төмөр өгчих гэсэн. Тэгэхээр нь би манай энд хаягдал төмөр гэж байхгүй дандаа хэрэгцээний төмөр байгаа гэж хэлсэн. Нөгөө хоёр эмэгтэй надад гарч танай эргэн тойрныг чинь сонирхоё гэсэн. Тэгэхээр нь одоо харанхуй өглөө сонирхохгүй юу гэж хэлсэн. Тэгээд би ганцаараа архи уусаар байгаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өглөө 8 цаг өнгөрч байхад босоод ирчихсэн байсан. ...одоо надад бэлэн 6 сая төгрөг байна, хэдийг авах юм гэсэн. Тэгэхээр нь за за 2 сая төгрөг өгчих гэсэн тэгсэн халимаг үстэй нь 2500000 төгрөг өгөхөөр нь би 500000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. ...би гарах гэсэн чинь намайг согтуу байж чи гарч яах гээд байгаан гээд гэрийн үүдэнд зогсчоод гаргахгүй байсан. ...би зөрж гараад бие зассан чинь манай хашаанаас шланз, ковш хоёр гараад явж байсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/ гэх,

Яллагдагч С.Б-ын “...М надад зарах төмөр байгаа гээд ярьсан. Тэгчихээд  гэрийнхээ эргэн тойронд сэндвичин барилга тойроод энд ийм төмрүүд байна гээд буцаж гэр лүү ороод байж байгаад Г 16 цагийн үед нэг шил архи авч ирсэн. М 6 сарын цалин аваагүй цалингийнхаа оронд зарах төмөр байгаа гэж хэлсэн. ...Г М-тай төмрийн наймаагаа ярьж байгаад Г 2 сая төгрөг өгсөн. Тэгсэн М 500000 төгрөг нэмээд өгчих гээд Г 500000 төгрөг нэмж өгөөд Г бид хоёр М-ын хоносон. ...М-ын гэр лүү яваад тэндээ байж байгаад одоо төмөр ачих кран машин ирнэ гэж байсан. Тэгээд 13 цагийн үед улаан өнгийн кран, цагаан өнгийн том машин ирсэн. Тэгээд 17 цаг хүртэл гэрийнх нь араас эхлээд ачаад дараа нь сэндвичин байшингийн араас төмөр ачаад ахиад нэг газраас задгай төмөр аччихаад төмөр ачсан машин нь Улаанбаатарт очиж тооцоогоо хийнэ гээд яваад өгсөн.” /1 дүгээр хавтаст хэргийн 75-78 дахь тал/ гэх,

Яллагдагч Б.Г-ийн “...тэр хоёр намайг очсон чинь аль хэдийн наймаагаа ярьчихсан. Б надад М-ыг 6 сарын цалиндаа 6 сая төгрөг аваагүй байгаан байна. Гэхдээ М-д 2500000 төгрөг хэрэгтэй байгаан байна. Төмөр авах наймаа тохирчихлоо гэж хэлсэн. Тэгээд би айгаад М-ыг архи уухаас өмнө энэ наймааг хийж болж багаа юмуу гэж асуухад би арыг нь даана, би Б-д тус болж байна. Машин тэргээ авч ирээд юмаа ачаад мөнгөө өг гэж хэлсэн. Б намайг чи дуугүй цай ундаа уучаад мөнгөндөө яваад ир гэсэн. Тэгээд би тэр хоёрыг үлдээгээд сумын төв орж 3 сая төгрөг аваад буцаж М-нд очоод Б-д 2500000 төгрөгийг тоолж өгсөн. Б мөнгийг М-д өгсөн. ...өглөө босоод би М болъё Б мөнгөө буцааж ав гэхэд М наймаа хийвэл хийсэн шиг хийгээч, надад мөнгө хэрэгтэй байна, одоо сумын төв ороод данс руу мөнгөө хийнэ гээд сумын төв орж Б М хоёрыг Төрийн банкин дээр буулгаад буцаад очсон чинь нөгөө хоёр гараад ирсэн байсан. ...М-ын гэрт нь очоод би нэгэнт хүнд мөнгөө өгчихсөн юм чинь машин тэрэг дуудаад 13 цагийн үед төмрөө ачиж эхлээд 16 цагийн үед дуусаад хот руу төмөр ачсан машинаа явуулсан.” /1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал/ гэх мэдүүлгүүд, “А” ХХК-ийн дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч С.М, Б.Г, С.Б нарт холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх нь “шүүгдэгч  С.М, Б.Г, С.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн ханган байна” гэж, “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэл бүхий байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарласан гэж үзэв.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батзулыг 10 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарыг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 10 сарын хорих ял, шүүгдэгч Б.Г, шүүгдэгч С.М нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ялыг 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Ганхүлэг, шүүгдэгч С.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу С аймгийн Х сумаас Улаанбаатар хот руу зорчих, шүүгдэгч Б.Г-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд тодорхой газар очихыг хориглох буюу Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт очихыг хориглох, шүүгдэгч С.М-д шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хот Б дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг тус тус хүлээлгэсэн нь тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан нь давж заалдах шатны шүүхэд “...С.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн болон анхан шатны шүүх бүлэглэж завшсан гэж гэм буруутайд тооцож байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна. С.Б-ын үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулгаагүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч С.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ. 

Шүүгдэгч С.М нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэхдээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг Б.Г, С.Б нартай бүлэглэн завшсан идэвхтэй үйлдлийг хийсэн болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг бүлэглэн завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын үйлдлийн талаар шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.М, О.П, С.М, Т.У, Ц.С, яллагдагч, шүүгдэгч С.М, С.Б, Б.Г нарын мэдүүлгүүд, “А” ХХК-ийн дугаартай үнэлгээний дүгнэлт /1 хх-53-54/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгчин өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Б-ын өмгөөлөгч Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ