Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 203

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:      Шүүгч Х.Батсүрэн

Шүүгчид:         Л.Атарцэцэг

                         Б.Мөнхтуяа

                         Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0134 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, өмгөөлөгч Б.С нар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын хэлтсийн даргын 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийн “Д” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0134 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0134 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэрэглэвэл зохиг хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Дээрх үндэслэлийг тодруулж тайлбарлахын тулд маргаан бүхий үйл баримтын зарим хэсгээс тодруулах шаардлагатай байна. “...Нэхэмжлэгч нь 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11028А дугаартай тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг төлсөн бөгөөд тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа дуусаагүй байхад буюу 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө Ашигт малтмалын газраас 2010 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 5-1569 дугаар албан бичгээр нөхөх олговор авах хүсэлт ируүлэхийг мэдэгдсэн”. Хууль хэрэглээний хувьд “тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж ашиглаж буй талбай нь хуулиар хориглосон талбайд хамаарч, нөхөх олговор авах нөхцөл байдал үүсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүрэг цаашид хэвээр хадгалагдахуу” гэсэн асуудал нь энэхүү маргааны үндсэн сэдэв болно. Иймд уг асуудлыг зохицуулсан хууль тогтоомжоос “шийдэл”-ийг хайвал дараах үр дүнд хүрнэ.

5. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 4 дүгээр зүйлийн 4.7-д “Энэ журмын 4.1 (нөхөх олговор авах хүсэлт)-д заасан
хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгоно”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж
барагдуулсан  болон  тусгай  зөвшөөрөл  эзэмшигчийн  нөхөх олговрыг хүлээн  авсан баримтыг үндэслэн ... Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн ... талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “...газрын хэвлий, эрдэс баялаг, ашиглуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг төлбөр гэнэ” гэж тус тус заасан байна. Тайлбар: Ирэх онд газрын хэвлий, эрдэс баялгийг ашиглана хэмээн өмнөх жилд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлдөг бөгөөд тухайн жил нь тусгай зөвшөөрөл хуульд зааснаар цуцлагдах үндэслэл бүрдэж, ирэх жил нь тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон байхад төлбөрийг урьдчилан төлөөгүй нь буруу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь “уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг”-оос өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон, улмаар нэгэнт тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж “газрын хэвлий, эрдэс баялаг, ашиглах” боломжгүй (ирэх жилд) болсон тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “цуцлах үндэслэл бүрдсэн”-ээс хойш “тусгай зөвшөөрлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлсөөр байх үүрэгтэй байсан” гэж үзэх боломжгүй юм.

7. Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1.7-д зааснаар “ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр” нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан олгох “нөхөх олговор”-т хамаарч байна. Тиймээс нэгэнт буцаан авах үндэслэлтэй байхад, “(1) уурхайн хаалт, (2) нөхөн сэргээлт, (3) байгаль орчны мониторинг”-оос өөр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байхад тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх нь үнэхээр бодит байдалд нийцсэн шаардлага мөн эсэх нь эргэлзээтэй, харин дээрх байдлаар “тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн” үед тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөөс чөлөөлөгдсөн гэж үзэх нь илүү бодит байдалд нийцнэ.

8. Хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн “ашиглаж эзэмшиж байсан талбай” хуулиар хориглосон талбайд хамаарч, тусгай зөвшөөрөл нь цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд нөхөх олговор олгох эсэхийг шийдвэрлэх хүртэл буюу 2 жилийн хугаацаанд “тусгай зөвшөөрлийн телбөрийг үргэлжлүүлэн төлсөөр байх үүрэгтэй” гэсэн хуулийн шууд тодорхой заалт байхгүй учир хариуцагч нь “төлбөрийг төлөх үүрэгтэй”, нэхэмжлэгч нь “төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн” гэх зэргээр маргаж байна. Тиймээс дээрх хууль тогтоомжийн зохицуулалт, бодит шаардлагыг үндэслэн хуулийн зүйл, заалтыг тайлбарлах замаар нэхэмжлэгчийг “төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн” гэж дүгнэх байтал анхан шатны шүүх “Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс чөлөөлөгдөөгүй” хэмээн бодит байдалд нийцээгүй, хариуцагчийг огт буруугүй байсан мэтээр хэт хатуурхсан дүгнэлт хийсэн.

9. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд. Энэхүү маргааныг шийдвэрлэхэд шүүхээс 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн ... талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн заалтуудыг хэрэглэх ёстой байсан. Учир нь, Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 37 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд “...тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй” бол тухайн актыг илт хууль бус гэж үзэхээр заасан байна.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах”, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 1 дүгээр зуйлийн 1.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулах” гэх зэргээр дээрх хууль тогтоомжийн зорилгыг тодорхойлсон байна. Тиймээс “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах”, “тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох” тухай харилцааг тус тусын хууль тогтоомжоор нарийвчлан, зааглан зохицуулж, уг харилцаанууд нь хэзээ эхэлж, хэзээ дуусах, ямар нөхцөл журмын дагуу хэрэгжихийг тодорхой заасан. Тодруулбал, тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож, улмаар эрх бүхмй этгээд нь түсгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх ба тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос өөр үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Улмаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгохоор зохицуулжээ.

11. Үүнээс ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай мэдэгдлийг хүлээн авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах”-тай холбогдсон харилцаа дуусгавар болж, харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “нөхөх олговор авах хүсэлт”-ээ эрх бүхий этгээдэд хүргүүлснээр нөхөх олговор олгох харилцаа үүсэн бий болж байна. Энэ хэргийн хувьд нөхөх олговор авах хүсэлт ирүүлэхийг хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдсэний дагуу тэрээр хариуцагчид “нөхөн олговор авах хүсэлт”-ээ хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд хэргийн оролцогчид энэ асуудлаар маргадаггүй болно.

12. Гэтэл хариуцагч нь “нөхөх олговор олгох харилцаа үүссэн” байгааг харгалзан үзэлгүй, “ашигт малтмал эрэх, хайх, ашиглах” харилцаатай холбоотой “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр шийдвэр гарган нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Зүй нь хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “...нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална”, журмын 4 дүгээр зүйлийн 4.7-д “Энэ журмын 4.1 (нөхөх олговор авах хүсэлт)-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 (хоёр) жилийн дотор нөхөх олговрыг олгоно”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхех олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн ... Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн 11028А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үүрэгтэй байжээ.

13. Тодруулбал, “тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалт байсаар байхад өөр харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэсэн” гэж үзэхээр байхад шүүх үүнийг нягтлан шалгаагүй, хуулийг мэргэжлийн үүднээс тайлбарлаж хэрэглээгүй буюу хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Тиймээс “тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, өөр харилцаанд хамаарах, өөр харилцааг зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэсэн тул хариуцагчийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д зааснаар илт хууль бус байна.

14. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

16. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д ““тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг хэлнэ” гэснээс үзвэл энэхүү төлбөрийн зорилго нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан газрын хэвлий, эрдэс баялаг ашиглуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгө болох төлбөрөөс, тухайлбал “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-өөс ялгаатай байна. Тодруулбал, уг төлбөрийн зорилго нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгахад чиглэгдэж байна. Иймд, “ирэх онд газрын хэвлий, эрдэс баялгийг ашиглана хэмээн өмнөх жилд тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлдөг бөгөөд тухайн жил нь тусгай зөвшөөрөл хуульд зааснаар цуцлагдах үндэслэл бүрдэж, ирэх жил нь тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон байхад төлбөрийг урьдчилан төлөхгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 6, 7, 8-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

17. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн;” тохиолдолд цуцлах тухай зохицуулалт, мөн Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 1.1-д “Энэхүү журмын зорилго нь..., шаардлагатай тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох харилцааг зохицуулахад оршино”, 4.7-д “Энэ журмын 4.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно”, 5.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговорыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн ... тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн нь хүчин төгөлдөр захиргааны акт буюу тусгай зөвшөөрлийн хувьд хэрэглэгдэх зохицуулалт юм. Учир нь, аливаа захиргааны актыг цуцална гэдэг нь эрх зүйн үйлчлэлтэй буюу хүчин төгөлдөр актын хувьд яригдана. Өөрөөр хэлбэл, захиргааны актыг хүчингүй болгох, цуцлах зэргээр нэгэнт эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг цуцлах тухай ойлголт байхгүй юм. Харин нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийг “хүчин төгөлдөр байлгах” төлбөр төлөх үүргээ хуульд заасны дагуу биелүүлээгүйгээс түүний тусгай зөвшөөрөл нь цуцлагдсанаар эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон байна. Иймээс дээрх хууль, журмын зүйл, заалтыг хэрэглээгүй гэх агуулгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 5, 10, 12, 13-т заасан гомдлыг хангах боломжгүй.

18. “Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө нөхөх олговор авах хүсэлтийг ирүүлэхийг мэдэгдсэн, түүний дагуу хүсэлтээ өгсөн тул нөхөх олговрын харилцаа үүссэн, үүнээс хойш тусгай зөвшөөрлийг цуцалсан нь илт хууль бус” гэх гомдлын тухайд /Тодорхойлох хэсгийн 4, 11, 12-т/ нөхөх олговрын харилцаа үүссэнээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр байлгах /төлбөр төлөх/ үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хуульд заасан үндэслэл бүрдсэн байсан ч /Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2/ хариуцагч тусгай зөвшөөрлийг цуцалж болохгүй гэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт нь 56.1.2 дахь заалтыг хэрэглэх үндэслэлийг хязгаарлахгүй буюу үгүйсгэхгүй. Түүнчлэн, Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 2.1.1.7-д зааснаар ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлийн төлбөр нь буцаан олгох нөхөх олговорт хамаарч байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлсөн төлбөрийг буцаан олгох тухай зохицуулалт болохоос, төлөхөөс чөлөөлсөн зохицуулалт биш /Тодорхойлох хэсгийн 7-д/, мөн холбогдох хууль, журмын дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдэл авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвхөн уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос өөр үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа нь тусгай зөвшөөрлийг төлөхөөс чөлөөлж байгаа хэрэг биш /Тодорхойлох хэгсийн 6-д/ юм.  Иймд маргаан бүхий акт нь хууль ёсны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан “шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-ыг хэрэглээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0950 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0134 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ