Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Анхбаяр /цахимаар/,

Шүүгдэгч М.Н /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, Д.Төмөрбаатар /цахимаар/,

Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Г.Батмөнх, Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны  2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ерөнхий прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Н-д холбогдох 1929000000104 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Б овгийн М-ийн Н, эрэгтэй,

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ө аймгийн Х сумын Х баг, “Ц” гэх газар байрлах иргэн М.Ч-ын гэрт төрсөн дүү М.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас буюу ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь М.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

Шүүгдэгч Б овогт М-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан шүүгдэгч М.Н-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Шүүгдэгч М.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А нь хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Н 29 хоног цагдан хоригдсон хоногтой, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн хагас түрийтэй 1 хос гутал, цаасны хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“1. Шүүгдэгч М.Н нь төрсөн дүү М.Н-ыг зодсон үйлдлийн улмаас түүний амь нас хохирсон, үхэлд шууд хүргэсэн гэмтлүүдийг санаатайгаар учруулсан байна. М.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт этгээдийн сэдэлт, субъектив санаа зорилгын хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн болох нь гэрч М.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Н талийгаачийн толгой руу нь нэг удаа, цээж рүү нь нэг удаа цохисон чинь талийгаач Н шаралхаад ах руугаа чи муу ер нь хэн бэ гээд барилцаад авахаар нь салгаад тэгсэн чинь дахиад барилцаад авахаар нь боль гэсэн чинь Н чамд ер нь ямар хамаатай юм бэ, гэр бүлийн асуудал пиздаа минь гээд арвын бетон далайхаар нь би гараад явчихсан. Тэгээд буцаад ороод ирсэн чинь талийгаачийг боогоод унагаачихсан байхаар нь би Ням-Эрдэнэд хандан чи пизда минь болиоч, дүүгээ аллаа гээд Н ухаан алдаад уначихсан байхаар нь газар шалган дээрээс босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгсэн чинь гаднаас Т орж ирээд гэрийн хоймроор газарт хэвтсэн. Тэгсэн талийгаач хэсэг хэвтэж байснаа босож ирээд Н-тэй барилцаж аваад талийгаач Н шанаа орчимд нь нэг удаа цохисон. Н чи яахаараа ахынхаа өмнөөс гар далайдаг юм бэ би чамд хэлэх үгээ хэлэх ёстой гээд Н-ыг орон дээр суулгачихсан нуруу, толгойн ар хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь чи одоо боль оо, дүүгээ аллаа ш дээ гэж хэлсэн чинь чи дуугүй байж бай гэж хэлсэн. Тэгээд би Н-ний ард зогсож байсан чинь талийгаачийн баруун талын хүзүү шанаа орчимд нэг удаа өшиглөсөн чинь талийгаач зүүн талаараа орон дээр унаад өгсөн” гэх мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүх “шүүгдэгч М.Н нь хохирогч М.Н-ын амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдаж хөнгөмсөг хандсан, болгоомжгүй үйлдэл байх тул шүүгдэгчийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.

Шүүгдэгч нь М.Н-ын амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдаж хөнгөмсөг хандсан, “...зодож, амь насыг болгоомжгүй хохироосон” гэсэн ямар ч нотлох баримтад үндэслээгүй, хийсвэр дүгнэлт хийсэн байна.

2. Шүүхийн шийдвэр нь “амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдаж хөнгөмсөг хандсан” гэж дүгнэж хөнгөрүүлэн зүйлчилсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан ямар нотлох баримт, хэргийн нөхцөл байдал эргэлзээтэй гэж үзсэн нь тодорхойгүй хоёрдмол утгатай үндэслэл муутай хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Прокуророос гэмт хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, шүүгдэгчийн гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугийн хэлбэр зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай тогтоосон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн.  

Хэргийн хүрээнд цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршиг, шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр буюу гэмт хэргийн субъектив шинжийн хувьд хүнийг санаатай алах зорилго сэдэлттэй, санаа зорилгодоо хүрэхэд чиглэсэн үйлдлийг хийсэн үйл баримт тогтоогдсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг илт үндэслэлгүйгээр үгүйсгэсэн дүгнэлт хийсэн.

Шүүх шийдвэртээ шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ санаатай хандсан сэтгэхүйн харьцааг дүгнэсэн атлаа хүний амь нас хохироох хор уршгийг хүсээгүй, зориуд нас барахад хүргээгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөхдөө ямар нэг нотлох баримтад үндэслээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл, дүгнэлт хийгээгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Одоо энэ хүн хүүхдийг харах хэрэгтэй байна. Шийтгэх

Шүүгдэгч М.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Ч-с бусад гэрчүүдийн мэдүүлэг дамжмал байдлаар авагдсан. Амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлдөг. Анхан шатны шүүх нотлох баримтыг харьцуулж үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн. Хүнийг алах гэсэн санаатай гэмт хэрэг биш тул эсэргүүцлийг эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:Эсэргүүцэл үндэслэлгүй. Эсэргүүцлээ 2 үндэслэлээр гаргадаг. Гэрч Ч-ын мэдүүлгийг иш татдаг. Санаатай гэмт хэргийг яаж үйлдсэн талаар нотлоогүй. Харин анхан шатны шүүх талуудыг байлцуулан мэтгэлцүүлж хэргийг шийдвэрлэсэн. Ерөнхий агуулгаар эсэргүүцэл бичсэн. Үйлдэлдээ санаатай хандсан гэсэн атлаа болгоомжгүй хандсан гэсэн зөрүүтэй мэдүүлэг дүгнэлт гаргасан тул хэрэгсэхгүй болгох саналтай.” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх нь Ерөнхий прокурор Б.Энхмэндийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Н-д холбогдох 1929000000104 дугаартай эрүүгийн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь шүүгдэгч М.Н-ийг 2019 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, “Ц” гэх газар, иргэн М.Ч-ын гэрт төрсөн дүү М.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар зодож, хүнийг алсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

4. Анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд шүүгдэгч М.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэж яллах дүгнэлтэд заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж хэргийг шийдвэрлэсэн байна.

5. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт шүүгдэгч М.Н, амь хохирогч М.Н, гэрч М.Ч нараас өөр хүн байгаагүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс гэрч М.Ч-ын мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах боломжгүй ч шүүх хэргийн зүйлчлэлийг буюу хүнийг алах гэмт хэргийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гэж хөнгөрүүлэн өөрчлөхдөө субъектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрийн шинжид эргэлзээтэй дүгнэлт хийжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг тодорхойлсон.

Анхан шатны шүүх “ М.Н нь хохирогч М.Н-ын амь насыг хохироохыг хүсээгүйгээс гадна өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдаж хөнгөмсөг хандсан, болгоомжгүй үйлдэл хийсэн байх тул шүүгдэгчийг болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэж дүгнэснээс үзвэл шүүгдэгч М.Н үйлдэлдээ шууд санаатай хандсан гэж дүгнэж гэхээр байна. Харин шууд санаатай уг хууль бус үйлдлийн улмаас ямар үр дагавар гарах байсныг хэрхэн гаргуулахгүй байхад шууд нөлөөлөх ямар нөхцөл байдал байсан, түүнчлэн болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж буй этгээд өөрийн үйлдлээ шууд санаатай хүсэж үйлдэх боломж зэрэг гэм буруугийн шинжийг Эрүүгийн эрх зүйн тогтсон жишиг онолын ойлголтод тулгуурлан “хөнгөмсгөөр найдсан” гэж үзсэнээ шүүх нотолж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрийг хангасан шинжийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй нь хуулийг буруу тайлбарласан гэх үндэслэл болж байна.

6. Шүүх Н-ийг “...хувийн таарамжгүй харьцаанаас буюу ээжийн гэрийг нүүлгэлцэж өгсөнгүй гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэж хэргийн үйл баримтыг хэт ерөнхий байдлаар бичиж, амь хохирогчийн нас барсан шалтгаан, шүүгдэгчээс түүний халдашгүй байдалд халдсан арга хэлбэрийг болон улсын яллагчийн дүгнэлт, яллах үндэслэл болсон нотлох баримтыг ямар мэдээлэл агуулсан ямар нотлох баримтаар няцааж байгаа үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 2.3-т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчил болно.

7. Прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1,3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Н-д холбогдох 1929000000104 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ