Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 272

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0138/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Ж.**** нарын бүрэлдэхүүнтэйгээр
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Шүрэнчимэг,
Иргэдийн төлөөлөгч ***,
Улсын яллагчаар Н.Идэр,
Хохирогч ****
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн 201709000122 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар  сарын 4-ний өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 
-Дархан хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1987 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.б-д зааснаар 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ялаар,
- Дархан хотын шүүхийн 1991 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн *** таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90.а дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар, 
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ***  дугаартай шйитгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ****
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч ****нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, Төмөр замын, **** иргэн ****хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хоолойн тус газар өшиглөж төвөнхийг нь гэмтээн бусдыг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ****нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17-18 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр баг, Төмөр замын, *** байх ****гэрт иргэн ****“миний бээлийг чи авсан” гэж хэлэн маргалдаж, улмаар цохиж унаган, хоолой руу нь өшиглөж биед нь төвөнхийн битүү гэмтэл, залгиур хоолой, төвөнх, хэлний уг, улаан хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан, хохирогч **** байх гэртээ очоод нас барсан байна. 
Энэ байдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****өгсөн:  2017.02.15-ны өдөр **** талийгаач нар хамт байсан. Бид 1 шил архи хувааж ууж дуусаад явах гээд бээлийгээ өмсөх гэтэл бээлий байхгүй байсан. Тэгэхээр нь би **** чи миний бээлийг авсан уу гэхэд **** би аваагүй гээд уурлаад босоод ирэхээр нь мөр лүү нь түлхсэн. Унахаар нь өшиглөсөн. Намайг Оти гэж дуудаг юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ****өгсөн: Тэр өдөр манай нөхөр надаас 10.000 төгрөг аваад салсан. 17 цаг өнгөрч байхад манай хүү над руу залгаад ээж “аавыг гэрт хүргээд өгчихлөө” гэж хэлсэн. Би гэртээ ортол манай нөхөр түмпэнд шүлсээ хаяад сууж байсан. Би гаргаж асгачихаад ороод иртэл нөхөр маань нас барсан байсан. Шүүгдэгч 5.917.000 төгрөгийг төлж хохирлоо барагдуулж дууссан. Залуу хүн байна дахин ийм алдаа гаргахгүй байлгүй, өөр хэлж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад
Гэрч *** өгсөн: ...**** ахын гэрт ороход талийгаач гэрийн үүдэнд дугуйгаа урдаа тавиад суусан. Харин **** ах та нар гэрт хэрүүл маргаан хийлээ гээд уурласан байж байсан. Том өрөөний орны араар хос 5 хурууны савхин бээлий унасан байсан. Би тэр бээлийг аваад энэ хэний бээлий вэ? гэхэд *** “өө Оти ах бээлий чинь энд унасан байна” гээд аваад өгсөн. **** ах *** эд зүйлдээ хямгатай байхгүй гээд талийгаач болон *** нарт уурласан. Тэгээд та нар гэр орондоо ингэж маргалдаж, зодолдохгүй биз дээ гээд уурлаад, явцгаа гээд байсан. Талийгаач унадаг дугайгаа аваад гэрээс ганцаараа гараад явсан. 10 орчим минутын дараа гаднаас *** ах орж ирээд юу болсон бэ? гээд **** ахаас асууж байсан. Би *** ахтай зөрөөд охиноо сургуулиас нь гээд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-62/,
Гэрч ****өгсөн: ... **** ах ганцаараа байсан болохоор тэдний гэрт хамт байгаа юм. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгаас *** ирж хоносон. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө бид гурав босож байхад гаднаас *** хоол, боов бариад ороод ирсэн. Бид нар хоол, цайгаа уучихаад мөнгө нийлүүлж байгаад 0,75 литрийн “Түмний хишиг” гэсэн архи аваад хувааж уусан. Тэгээд хоорондоо ярьж суусаар байгаад өдөр 14 цагийн орчим **** ах, *** гурав гараад явсан. Би гэр хараад ганцаараа жижиг өрөөнд ороод унтаад өгсөн. Би урд өдөр нь бас архи уусан болохоор толгой өвдөөд, өглөө уусан архиндаа согтоод унтаад өгсөн. Намайг жижиг өрөөнд унтаж байхад *** нэг архи авч ирээд сэрээгээд өгсөн. Би түүнийг нь уучхаад эргээд хэвтээд өгсөн. Тэгээд орой нэг мэдэхэд Цагдаа нар гэрт ороод ирсэн бос гээд сэрээсэн. Бид нар бүгд гутал хувцсаа өмсөөд гараад явсан... гэх мэдүүлэг /хх-63/,
Гэрч ***  өгсөн: Оти буюу *** нэлээд халамцуу таараад хамт **** ахын гэрт очсон. Тэгээд **** ахын гэрт ***, ***, талийгаач, *** нарын хамт тавуулаа нэг шил архи уусан. Харин жижиг өрөөнд Асралт унтаж байсан. Бид нар хаяа нэг дуудаж байгаад нэг татуулаад байсан. Тухайн үед *** ах надаас цаг асуухад 16 цаг 20 минут болж байна гэж хэлэхэд *** ах зээ хүүгээ цэцэрлэгээс нь авах цаг болсон байна гэж хэлээд гараад явсан. Тухайн үед архи дууссан байсан. Тэгээд зөрөөд **** ах орж ирээд гэрт архи уугаад гээд жаахан дургүй байсан. Миний эхнэр залгаад байхаар нь согтуу хүмүүсийн дуу сонсгоод яах вэ гэж бодоод утсаар ярих гээд гарсан. Би эхнэртэйгээ утсаар яриад зогсож байхад танил ах **** ирсэн. Би **** ахын машинд суугаад хоёулаа 30 орчим минут хоорондоо ярьсан. Тэгээд буцаад **** ахын гэрт ороход хананд байдаг толь нь байхгүй байсан. Би харахад жижиг өрөөнд оруулаад тавьсан байсан. Мөн тольны доод шургуулга сугараад өрөөний голд доторх эд зүйл нь асгарсан байдалтай байсан. Тэр үед талийгаач байхгүй гараад явсан байсан. Би юу болсон талаар **** ахаас асуухад гэр орон доромжилж байгаа юм шиг талийгаач, **** хоёр хоорондоо хэрэлдээд гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-65-66/,
Гэрч ****өгсөн: ...**** ах архи ч дуусчихлаа гэрлүүгээ явъя гээд босоод куртикнийхээ халаасыг дарж үзээд миний савхин бээлий алга байна гэсэн. Тэгээд өөрөө орон дээгүүр хараад байхгүй болохоор нь хажууд нь сууж байсан талийгаач руу чи авсан байна гэж хэлсэн. Тэгэхэд талийгаач би ерөөсөө бээлий аваагүй гэхэд **** “хулгайч минь чамаас өөр хэн авдаг юм” гэхэд талийгаач би юу гэж авдаг юм гэж хэлээд, уурлаад орон дээрээс босоод ирсэн. **** ах талийгаачийн зүү мөр рүү баруун гараараа нэг удаа цохиод авахад талийгаач газарт унаад өгсөн. Талийгаачийг газарт унасан байхад **** ах баруун хөлөөр хоолой руу нь өшиглөсөн. Талийгаач хурдан босож ирээд ****тэй “би бээлий аваагүй” гээд зууралдаад авсан. Тэр үед **** ах 00 өрөөнөөс гарч ирээд талийгаачаас салгах гээд ****ийг хойш нь татаад орон дээр суулгасан. Талийгаач **** ахын гэрээс гарах үедээ миний хоолой сонин болчихлоо гээд сонин сөөнгө хоолойгоор дуугараад байсан. Талийгаач гэрийн үүдэнд байсан дугуйгаа түрээд **** ахын гэрээс ганцаараа гараад явсан... гэх мэдүүлэг /хх-68-69/,
Гэрч ****өгсөн: ...найз **** гэрт 19 цаг болж байхад орсон. Тэгэхэд **** ээж ****хамт хоёулаа байсан. Би найз **** хамт ахынх нь гэрээс буйдан авч ирэх гээд гэрээс нь гарах гэхэд ээж нь **** ахдаа хоол оруулаад замаараа өгчих гэж хэлсэн. Тэгээд **** хоолоо аваад хамт нэг давхарт буухад **** намайг үүдэнд хүлээж бай би **** ахад хоол оруулж өгчхөөд гараад ирье гээд гэр лүү нь орсон. Би гадагшаа гарах гээд орцны үүдэнд ирэхэд 3-4 цагдаа орцны гадна зогсож байсан. Намайг чи хаанаас гарч ирсэн юм бэ гэж асуухад нь би хоёр давхрын найз **** гэрээс гарч ирсэн гэж хэлсэн. Удаагүй найз **** миний араас гараад ирэхэд цагдаа нар биднийг буцаагаад аваад **** ахын гэрт орсон. Тэгэхэд **** ахын гэрт****, **** ах, *** нар байсан. Тэгэхэд **** ах цагдаа нарт ****, Б.**** нар зодоон болох үед ерөөсөө байгаагүй, хамаагүй хүмүүс гэж хэлсэн. Надаас нэг цагдаа чи Оти гэж таних уу? гэхээр нь би танина, манай байрны 3-р орцны 3 давхар 50 тоотод байдаг ****ийг Оти гэж дууддаг юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-71/,
Гэрч ****өгсөн: ...Би шууд 00 өрөөнд ороод бие засаж байхад том өрөөний үүдэнд түжигнэх дуу гарсан. Би 00 өрөөнөөс гараад ирэхэд **** том өрөөний үүдэнд талийгаачийн дээр дарсан байж байсан. Би ****ийн араас нь хувцасны захан дээрээс нь бариад татаж босгох гэж байгаад ардаа байсан толио шалан дээр унагасан. Би ****ийг орон дээр аваачиж суулгасан. Талийгаач манай гэрийн үүдэнд дугуйныхаа хажууд сууж байхад гаднаас *** орж ирээд том өрөөнд явж байгаад энэ бээлий байна гэсэн. Тэгэхэд **** талийгаачийг уучлаарай миний бээлий энд байна гэж хэлсэн. Манай гэрээс талийгаач гарахдаа миний хоолой эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд ярихдаа хоолойгоо шахаад хачин яриад байсан. Тухайн зодоон маш хурдан болоод өнгөрсөн. Би 00 өрөөнөөс гарч ирээд *** салгаад орон дээр аваачиж суулгасан. Талийгаачийг манай гэрээс гараад 30 орчим минут болж байхад гаднаас нэг залуу орж ирээд Оти гэж хэн бэ? гэж асуухад Мөнхтулга Оти гэдэг чинь би байна гэж хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу уурлаад хөгшин хүнийг яахаараа зодож байгаа юм гээд *** гараараа нэг цохиод унагаасан. Тэгэхэд хажуу талаас *** гэж тэр байна гээд ****ийг орон дээр дээшээ хараад хэвтэж байхад нь заасан. Тэр залуу ****ийн хажууд очоод гараараа 2-3  удаа цохиод явсан. Тухайн үед гаднаас манай дээд талын **** орж ирээд талийгаачийн хүүг салгаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-73/,
Гэрч ****өгсөн:...Намайг ахынхаас гарч ирэхэд аав орцны үүдэн дээрх сандал дээр сууж байсан. Яасан юу болов гэж асуухад аав надад 2 давхар шар өнгийн брак байр луу заагаад “Намайг хүн цохичихлоо” гэж хэлсэн. Тэгж хэлэхдээ аав хоолойн түнхийг заагаад байсан. Тэгээд би 2 давхар шар брак байр луу харахад тэнд ямар ч хүн харагдаагүй. Тэр үед манай ах ****машинтайгаа ирээд аавыг Толгойт руу гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Би аавын дугуй, таягийг аваад гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд ах аавыг хүргэж өгчихөөд явсан байсан. Аав ширээн дээр байсан аяга руу шүлсээ хаяад мөн угаадасны хавин руу шүлсээ хаяад байхаар нь ээж тэр аяга, угаадсыг аваад гарсан. Аав ор луугаа явж байгаад шалан дээр уначихсан.  гэх мэдүүлэг /хх-78/,
Гэрч ****өгсөн: 2017 оны 2 дугаар сарын 15-нд ажлаа тараад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай орцны гадаа миний аав **** халамцуу бололтой, дүү ****хамт зогсож байсан. Аав надад миний төвөнх рүү хүн өшиглөчихлөө гэсэн. Би аавыг машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөх замдаа одоо яаж байна, гайгүй юу гэхэд аав гайгүй гээд амьсгаа нь давчдаад байгаа бололтой хоолойгоо ойр ойрхон засаад байсан. Хэн таныг хаана зодсон юм бэ? гэхэд Өдий ч бил үү, Өтий ч бил үү миний хоолой руу өшиглөсөн гэхээр нь Тэр хүн чинь хаана байна гэхэд ****ынд байгаа гэсэн. ...Би гэртээ ирээд хоолоо идэж байтал ээж над руу залгаад аавын чинь бие муудаад амьсгалж чадахгүй, бие нь хөхөрчихлөө гэсэн. Намайг очиход аав газарт дээшээ хараад унасан, бие нь хөхөрсөн байсан. Түргэний эмч үзээд найдваргүй, нас барсан байна, цагдаа дууд гэсэн... гэх мэдүүлэг /хх-79-80/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн:
Д.**** нь төвөнхийн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
Талийгаачийн биед төвөнхийн битүү гэмтэл, залгиур хоолой, төвөнх, хэлний уг, улаан хоолойн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ***  дугаартай дүгнэлт /хх-121-122/,
Шинжээч эмч **** өгсөн: ...Талийгаач Д.**** нь 2017.02.15-ны өдөр хүнд зодуулсан байдалтай гэртээ орж ирээд нас барсан гэх болсон хэргийн товчтой задлан шинжилгээнд орсон. Шинжилгээний явцад Д.**** нь төвөнхийн хэсэг рүүгээ хатуу мохоо зүйлээр цохиулж битүү гэмтэл авч нас барсан нь тогтоогдсон. Тухайн үедээ талийгаачийн биед төвөнх нь шууд чихэгдээгүй, бага зэргийн хүчээр түлхэгдэж гадна талаас шахагдсан байж болно. Тэгснээр талийгаачийн амьсгалын дээд зам агшиж салст нь хөөж, хавагнаж амьсгалын хурц дутагдалд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Талийгаачийн амьсгалын дээд зам бүрэн агшиж хөөж хавагнах хүртэл, тухайн хүнд амьсгалахад хэцүү болох, шүлс залгихад боломжгүй болох, ярихад хүндрэлтэй болох, дууны өнгө өөрчлөгдөх зэрэг зовиурууд илэрч тодорхой хугацаанд амьд байх боломжтой, яг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Төвөнхийн битүү гэмтэл нь өшиглөх үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-123/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16, 18/, хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-86-88/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-108-119/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч ****нь талийгаач Д.****ы биед учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан боловч эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлэлгүй цаг алдсанаас хохирогч нас барсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч эмч Э.Отгончимэгийн ... Талийгаачийн амьсгалын дээд зам бүрэн агшиж хөөж хавагнах хүртэл, тухайн хүнд амьсгалахад хэцүү болох, шүлс залгихад боломжгүй болох, ярихад хүндрэлтэй болох, дууны өнгө өөрчлөгдөх зэрэг зовиурууд илэрч тодорхой хугацаанд амьд байх боломжтой, яг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ****үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилснийг хөнгөрүүлэн өөрчилж, Т.****ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогч оршуулгын зардалд 5.917.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтууд, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч ****нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага оногдуулах, бусад асуудлын тухай
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 27/17 дугаартай магадлагаа /хх-127/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-148/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ****нь Дархан хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1987 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дархан хотын шүүхийн 1991 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ***  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2003 оны 5 дугаар сарын 29-нд хугацаа дуусч суллагдсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6-д зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 1 дүгээр сарын 27-нд эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд зэргээр нотлогдож байгаа ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч Т.****д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Т.****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ****цагдан хоригдсон 232 хоногийг /хоёр зуун гучин хоёр хоног/ эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан энгэр, мөр, ханцуй хэсгээрээ саарал өнгийн оруулгатай бэлтгэлийн цамцыг шүүгдэгчид буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ****үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн   2.5-д зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Т.****ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч нь оршуулгын зардалд 5.917.000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.****ийг 8 жилийн /найман жил/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.****д оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 232 хоногийг /хоёр зуун гучин хоёр хоног/ эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн энгэр, мөр, ханцуй хэсгээрээ саарал өнгийн оруулгатай бэлтгэлийн цамцыг Т.****д буцаан олгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Б.ИХТАМИР

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Я.ТУУЛ

                      ШҮҮГЧ                    Ж.ЭРДЭНЭБАТ