Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 47

 

Т.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                    М.Очбадрах

Ялтны өмгөөлөгч                           Ц.Гэнэндулам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 139 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын бичсэн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000122 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1969 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй,ам бүл 4, эх, дүү, охины хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулангийн 5 дугаар хэсэг 2672 тоотод оршин суух бүртгэлтэй урьд:

-Дархан хотын 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1987 оны 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж тэнсэн хянан харгалзсан

- Дархан хотын шүүхийн 1991 оны 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн а-д зааснаар 3 жилийн хорих ялаар

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.2-д зааснаар 6 жилийн хорих ялаар

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 254 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 96.2.6 дах хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх хэрэг хариуцах чадвартай Э овогт Т-ийн Б- / РД:**********/ нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн Төмөр замын 3 дугаар брак /төмөр замын 6 шар/ байрны 2 тоотод иргэн Д.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойн тус газар нь өшиглөж төвөнхийг нь гэмтээж Д.Жаргалсайхан нь амьсгал бүтэлтийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барж бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Б-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-ээс 3.916.500 төгрөгийг гаргуулан хохирогч З.Буянхишигт олгохоор шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд хохирогч өшиглүүлснээс хойш 3-5 цагийн хугацаанд амьд явсан бөгөөд согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлттэй байсан. Өөрийнх нь амьсгал давхцан боогдох байдал бий болсоор байхад энэ байдлаа хэлэхгүй тодорхой хугацаанд явсан. Шинжээчийн дүгнэлтэнд гэмтэл тус бүр нь ямар багаж зэвсгээр, ямар механизмын үйлчлэлээр үүсгэгдснийг тогтоогоогүй. Мөн гэмтэл аваад хохирогч хэр зэрэг удаан хугацаагаар амьд явах боломжтой эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлага байсаар атал хүсэлтийг хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хавтаст хэргийн 121 дүгээр талд магадлан шинжилгээний оношоор механик амьсгал бүтэлт, төвөнхийн битүү гэмтэл, залгиур хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцралт, уушигны гялтангийн цэгчилсэн цус харвалт, төвөнх хэлний уг улаан хоолойн цус хуралт дотор эрхтний цус дүүрэлт, венийн цус дүүрэлт, зүүн гуяа, зүүн өвдөгний цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдсон гэж бичжээ. Онолоор буюу шүүх эмнэлэгийн практикт ихэвчлэн механик амьсгал бүтэлт гэж нэрлэгддэг амьсгалын замын саатлаас үүсэх хүчилтөрөгчийн дутагдал нь үүсэх механизмаар үндсэн 2 бүлэгт ангилна гэж үздэг.

1. Дарагдлаас- Хүзүүний эрхтэн дарагдах буюу дүүжлэх, боох, багалзуурдах  Дарагдлын бүтэлт нь цээж хэвлийгээр дарагдана.

2. Бөглөрлөөс- Хоёр хамрыг таглах, амьсгалын зам шингэн, зөөлөн, хатуу зүйлээр бөглөрөх  Амьсгал бүтэлтийн өмнөх үе 1 минут орчим үргэлжилнэ. Яг амьсгал бүтэлтийн үе нь нийтдээ 5-6 минут үргэлжилдэг гэж үздэг юм байна.

Ийм учраас шинжээч эмчийн гаргасан  дүгнэлт нь тодорхойгүй буюу бүрэн биш хийгдсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийг удирдлага болгон нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаарлагатай байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндулам: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Т.Б-ийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 6-н шарын 3 дугаар байрны 2 тоотод иргэн Д.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хоолойн тус газар нь өшиглөж төвөнхийг нь гэмтээн бусдыг санаатай алсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай гэж үзэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй. Талийгаач Д.Жаргалсайханд учирсан гэмтлийн талаар гаргасан шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэгт эргэлзээ төрүүлэхүйц зүйлүүд байгаа учраас дээрх эргэлзээг нэг мөр болгох зорилгоор бүрэлдэхүүнтэй буюу 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Эмнэл зүйн онолоор болон шүүх эмнэлгийн практикт ихэвчлэн механик амьсгал бүтэлт гэж нэрлэддэг амьсгалын замын саатлаас үүсэх хүчилтөрөгчийн дутагдал нь үүсэх механизмаар үндсэн 2 бүлэгт ангилна гэж үзсэн байдаг. Үүнд: Дарагдлаас-хүзүүний эрхтэн дарагдах буюу дүүжлэх, боох, багалзуурдах, Бөглөрлөөс-Ам хамрыг таглах, амьсгалын зам шингэн болон зөөлөн,хатуу зүйлээр бөглөрөх. Амьсгал бүтэлтийн өмнөх үе нь 1 минут орчим үргэлжлэнэ. Яг амьсгал бүтэлтийн үе нь 5-6 минут үргэлжилдэг гэж үздэг. Шинжээч эмчийн гаргасан дүгнэлт нь тодорхойгүй, бүрэн биш хийгдсэн тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйлийг удирдлага болгон нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор М.Очбадрах гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдсэн. Талийгаач Д.Жаргалсайханы үхлийн шалтгаан шинжээчийн гаргасан дүгнэлтээр хангалттай нотлогдсон. Талийгаач нь амьсгал бүтэлтийн улмаас зүрх судасны хурц дутагдлаар  нас барсан бөгөөд түүний хоолой руу өшиглөсний улмаас буюу хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр төвөнх нь гэмтсэн гэдэг нь эргэлзээгүй тогтоогдсон. Төвөнхийн гэмтэл авсны дараа дуу хоолой өөрчлөгддөг гэсэн шинжээчийн дүгнэлт нь хэрэг учрал болох үед байсан гэрчүүд болон талийгаачийн ар гэрийнхний  мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Шинжээч төвөнхийн гэмтэл авсны дараа хэдий хэр хугацааны дараа нас барахыг тогтоох боломжгүй гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хэрэгт цугларсан өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдож тогтоогдсон.  Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтанд буцааж хэрэгт нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Т.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг “Төмөр замын 6 шар”-ын 3 дугаар брак байрны 2 тоотод оршин суух н.Батбаярын гэрт Д.Жаргалсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолой руу өшиглөж биед нь амь насанд нь аюултай хүнд гэмтэл буюу төвөнхийн битүү гэмтэл учруулж Д.Жаргалсайхан нь амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байх бөгөөд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Т.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан 139 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь хавтаст хэргийн 122 дугаар талд байгаа тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 259 дугаартай шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилох тухай захирамжаар хэргийг хянан шийдвэрлэхээр шүүгч Т.Энхжаргал, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарыг томилсон байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийтгэх тогтоол гаргахдаа шүүгч Т.Энхжаргал шүүх хуралдааныг даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсэгт заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргасан” ноцтой зөрчилд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул ялтны өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 320 дугаар зүйлийн 320.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХнь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож , Т.Б-д холбогдох эрүүгийн 201709000122 тоот 1 хавтас хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                       ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ