Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1906

 

Ж.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо      даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01768 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Х” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөр 11 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э-, түүний өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа  нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Э- миний бие 2018 оны 10 дугаар сарын    23-ны өдөр “Х” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбарын байцаагчтай тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэлээ даатган төлбөр хураамжаа төлсөн. Даатгалын гарц багц даатгал гэгчийг хийлгэсэн. Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 4 дүгээр заставт жагсаалын дарга ажилтай хүргэнийдээ очоод охиндоо нүүдэл суудал хийсэн ажилд нь тусалчихаад аймаг руу буцах гэж 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр наашаа хөдөлсөн юм. 4 дүгээр заставаас 5 дугаар заставыг дайрч аймаг руу явдаг замтай, түүгээр нь явсан ба 5 дугаар застав хүрэхэд 10 км дутуу байхад гэнэт копутнаас гал гарсан. Үүний улмаас машин бүрэн шатсан копут сөхөхөд л цахилгааны утсууд нь шатаж их гал сүрхийсэн. Буцаж хаагаад л гал алдахгүйн тулд эргэн тойронд нь хамгаалалт хийж хор цацсан ч хор нь хүрээгүй дууссан. Гал гарсан даруйд заставуудаас хүн хүч ирж түймэр тавиулаагүй унтраасан. Ингээд энэ талаар би хөдөөнөөс ирээд Даатгалын байцаагчдаа мэдэгдсэн. Тэгэхэд уг байцаагч та Онцгой байдлын газарт өргөдөл өгч шалгуул гэсэн. Тэгээд өргөдөл өгөхөд хэд хоногийн дараа онцгой байдлын газраас гал гарсан шатсан газар дээр очиж үзсэн ямар дүгнэлт гарсныг танилцуулаагүй. Гэтэл “Х” ХХК-иас 2019 оны 3 дугаар сарын 04-ний 407 дугаартай албан тоот бичгийг 3 дугаар сарын 20-ны үед авч үзэхэд баталгаат замгүй газраар өндөр өвстэй газар зорчин явсан учир гэрээний заалт зөрчсөн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн байсан. Энэ хариу тайлбарыг эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын албанд гомдол гаргуулж шалгуулсан. Дараа нь Санхүүгийн Зохицуулах хороонд гэрээнд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргасан боловч Онцгой байдлын галын байцаагчийн акт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актууд зөрөөтэй учир шүүхэд асуудлаа шийдүүлэхийг мэдэгдсэн шинжтэй хариуг 2019 оны 5 сарын 01-ний 9/1878 дугаартай тоот ирүүлжээ.

Миний хувьд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг зөв гэж үзэж байгаа бөгөөд тухайн зам нь хилийн заставуудын хооронд өдөр дутам явж байдаг ердийн хөрсөн авто зам байсан ба Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан орон нутгийн чанартай авто зам гэж дүгнэснийг зөв гэж үзэж байна. Уг замын ховил гол хэсэгт өндөр өвс байгаагүй. Галын байцаагчийг очих үед замаас чирээд гаргасан байсан. Гаргасан газарт нь ч өвс багатай байсан. Галын байцаагч машины доогуур өвс чихэж шатсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй. Өвс чихсэн бол аажим уугиж үнэртдэг. Тэгэхэд гэнэт цэнхэр утаа сагаад л кабель үнэртсэн. Сөхөхөд копудын зүүн гар талд л гал сүрхийсэн тэгээд л буцаагаад хаасан. Ийм учир өвс чихсэн гэдэг бол галын байцаагчийн таамаглал учир зөвшөөрөхгүй. Би машинаа 11 000 000 төгрөгөөр худалдаж аваад байсан учир уг машиныхаа үнийг нэхэмжилж байна гэжээ.

   Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Т.Приус маркийн 23-28 ДОА улсын дугаартай автомашиныг манай компанийн Дорнод аймгийн салбарт Гарц багц даатгалын Гарц 10-аар даатгуулсан бөгөөд түүнээс хойш 14 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хилийн 0306 дугаар ангийн 2 дугаар заставаас Мэнэнгийн застав замд жолоодож явахдаа машин шатаж хохирол учирсан гэх ба түүний дагуу нөхөн төлбөр авахаар манайд хандсан. Ж.Э- нь анх 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн салбарт ирж мэдүүлэг өгөхдөө “...миний хүү хөдөө Мэнэнгийн талд зорчиж явхад машины копуднаас гал гарч шатсан” гэсэн мэдээллийг өгсөн боловч сүүлд бүх баримт материалуудыг өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан мэтээр гаргуулсан өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан мэтээр гаргуулсан байгаа нь бидний хооронд байгуулсан 0071520 тоот Гарц багц даатгалын гэрээний 2.8.1.1 дэх хэсэгт зааснаас зайлсхийх гэсэн үйлдэл гэж бидний зүгээс үзэж байна. Бид бүхэн төв салбартаа материалыг хүлээн авч, шалган үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан этгээд нь баталгаат замгүй, өндөр ургасан өвстэй газар зорчин явсан бөгөөд тус үйлдэл нь Даатгалын тухайн хуулийн 8.5.1, гэрээний 2.8.1.5, гэрээний 4.2.9, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 045/16 тоот актад ...Хойшид тавих санал хэсэгт: Иргэд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдлыг хангуулж, баталгаат замаар зорчин явж байх гэсэн дүгнэт, санал гаргасан байгаа нь тус тээврийн хэрэгсэл шатсан шалтгааныг тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 068/04 тоот шинжээчийн дүгнэлттэй бүрэн нийцсэн байна. Даатгалын тухай хуулийн 3.2 Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна. гэж заасан байх бөгөөд бид бүхэн Гарц 10 даатгалын гэрээний зохицуулалтыг, хамгаалалтын нөхцөлийг, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан байх тул бид бүхэн гэрээний дээрх зохицуулалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос тотгалзаж шийдвэрлэсэн. Эрх бүхий байгууллагын галын дүгнэлтүүд / гал гарсан шалтгаан, ослын дүгнэлт, авсан арга хэмжээ зэрэг/, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсэг, мөн даатгалын гэрээний дээр дурьдсан хэсэгт заасныг тус тус үндэслэн тээврийн хэрэгслийн доод эд ангиудад өвс хуримтлагдан машин бүрэн шатсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно. 2328ДОА улсын дугаартай, NHW207657816 арлын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Бичил глобус” ХХК-ийн өмчлөлд шилжсэн байх бөгөөд өмчлөгч талд хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн асуудлыг дурдан холбогдох зөвшөөрлийг авах нь зүйтэй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг, ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн нэхэжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Хаан даатгал ХХК-иас нийт 11 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  190 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн зорчсон Мэнэнгийн 4, 5 дугаар заставыг холбох зам нь орон нутгийн чанартай авто зам болох нь  Улсын байцаагчийн дүгнэлт, гэрч Ц.Жаргалсайхан, Б.Батхүү, Г.Батзориг, М.Ганбатнарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь “...орон нутгийн чанартай авто замаар 2328ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахад тээврийн хэрэгсэлд гал гарч даатгалын тохиолдол бий болсон болох нь тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх учирсан нөхцөл байдал нь Даатгалын гэрээнд заасан тохиолдлыг хангасан эсэх, тохиолдол мөн эсэхийг тодорхойлохдоо дан ганц Мэргэжлийн хяналтын байцаагчийн цаг хугацааны хувьд зөрүүтэй гарсан дүгнэлт мөн нэхэмжлэгч талын гэрчүүдийн мэдүүлгэд үндэслэн жинхэнэ гал гарах болсон шалтгааныг бүрэн тодорхойлсон Дорнод аймгийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч гамшиг аюулт үзэгдэл осол гарсан тухай 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 045/16 тоот акт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 068/04 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь “Х” ХХК болон даатгуулагч Ж.Э- нартай огт хамааралгүй бөгөөд галын шалтгааныг өндөр өвстэй газраар явснаас янданд өвс хуримтлагдан гатсан болохыг бүрэн тодорхойлж, хэрэгт ач холбогдолтой дүгнэлт гаргасан гэж бидний зүгээс үзэж байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ж.Э- хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчдын хооронд  2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гарц багц даатгалын гэрээ байгуулагдаж уг гэрээгээр нэхэмжлэгч Ж.Э-ын өмчлөлийн 2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийг 11 000 000 төгрөгөөр үнэлгээ хийж, нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон, нэхэмжлэгч даатгалын хураамж 49 500 төгрөг төлснөөр гэрээ байгуулагдсан  байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

Дорнод аймаг, Матад сум, Мэнэнгийн зүүн шар хөндий гэх газар 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр даатгалын  гэрээгээр даатгагдсан  2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгсэлд гал гарч, уг тээврийн хэрэгсэл бүрэн шатсан болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 045/16 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 068/04 дугаар шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож, талууд даатгалын гэрээний 2.2.2.2-т зааснаар галын эрсдлийг даатгалын эрсдэлд хамаарахаар тохиролцсон байх тул  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.

            Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д зааснаар нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн буюу нэхэмжлэгчийн хүүхэд нь  баталгаат бус замаар зорчин даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тайлбарласан байх боловч даатгалын эрсдэлд өртсөн   2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ж.Э- өөрөө жолоодож явсан болох нь гэрч Ц.Жаргалсайхан, Б.Батхүү, Г.Батзориг нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд эдгээр гэрчүүд худал мэдүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна. /хх-ийн 62-72/

Мөн Дорнод аймаг, Матад сумын  Мэнэнгийн 4, 5 дугаар заставыг холбох зам нь орон нутгийн чанартай авто зам болох нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №12-07-028-38 Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч уг замаас өөр замаар зорчих байсан гэж хариуцагч нотлоогүй, “...4 дүгээр заставаас 5 дугаар заставыг дайрч аймаг руу явдаг зам...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тал хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Ж.Э- 2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгсэл галын эрсдэлд өртөж бүрэн шатсан байх бөгөөд даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Даатгалын дээрх тохиолдол нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-д “даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэсэн үндэслэлд хамаарахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/01768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.          

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО     

                                               ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД         

                                                                                              Н.БАТЗОРИГ