Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 01768

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Э/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Х” ХХК/РД: /-д холбогдох,

 

11 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Отгончимэг, Г.Мягмаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Э миний бие 2018 оны 10-р сарын 23-ны өдөр ХАА-н даатгал ХХК-ны Дорнод аймаг дахь салбарын байцаагчтай тээврийн хэрэгсэлийн даатгалын гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэлээ даатган төлбөр хураамжаа төлсөн. Даатгалын гарц багц даатгал гэгчийг хийлгэсэн.

Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах ХЦ-н 0306-р ангийн 4-р заставт жагсаалын дарга ажилтай хүргэнийдээ очоод охиндоо нүүдэл суудал хийсэн ажилд нь тусалчихаад аймагруу буцах гэж 2018 оны 11 сарын 8-ны өдөр наашаа хөдөлсөн юм. 4-р заставаас 5-р заставыг дайрч аймагруу явдаг замтай түүгээр нь явсан ба 5-р застав хүрэхэд 10 км дутуу байхад гэнэт копутнаас гал гарсан. Үүний улмаас машин бүрэн шатсан копут сөхөхөд л цахилгааны утсууд нь шатаж их гал сүрхийсэн. Буцаж хаагаад л гал алдахгүйн тулд эргэн тойронд нь хамгаалалт хийж хор  цацсан ч хор нь хүрээгүй дууссан. Гал гарсан даруйд заставуудаас хүн хүч ирж түймэр тавиулаагүй унтраасан. Хүү заставуудын хооронд ярьж хурдан хугацаанд заставаас хүмүүс ирсэн юм.

Ингээд энэ талаар би хөдөөнөөс ирээд Даатгалын байцаагчдаа мэдэгдсэн. Тэгэхэд уг байцаагч та ОБ газарт өргөдөл өгч шалгуул гэсэн. Тэгээд өргөдөл өгөхөд хэд хоногийн дараа онцгой байдлын газраас гал гарсан шатсан газар дээр очиж үзсэн ямар дүгнэлт гарсныг танилцуулаагүй.

Гэтэл Х ХХК-иас 2019 оны 3 сарын 4-ний 407 дугаартай албан тоот бичгийг 3 сарын 20-ны үед авч үзэхэд баталгаат замгүй газраар өндөр өвстэй газар зорчин явсан учир гэрээний заалт зөрчсөн нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн байсан. Энэ хариу тайлбарыг эс зөвшөөрч Мэргэжлийн хяналтын албанд гомдол гаргуулж шалгуулсан. Дараа нь Санхүүгийн Зохицуулах хороонд гэрээнд заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргасан боловч Онцгой байдлын галын байцаагчийн акт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актууд зөрөөтэй учир шүүхэд асуудлаа шийдүүлэхийг мэдэгдсэн шинжтэй хариуг 2019 оны 5 сарын 01-ний 9/1878 дугаартай тоот ирүүлжээ.

Миний хувьд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг зөв гэж үзэж байгаа бөгөөд тухайн зам нь хилийн заставуудын хооронд өдөр дутам явж байдаг ердийн хөрсөн авто зам байсан ба Авто замын тухай хуулийн 4-р зүйлд заасан орон нутгийн чанартай авто зам гэж дүгнэснийг зөв гэж үзэж байна. Уг замын ховил гол хэсэгт өндөр өвс байгаагүй. Галын байцаагчийг очих үед замаас чирээд гаргасан байсан. Гаргасан газарт нь ч өвс багатай байсан. Галын байцаагч машины доогуур өвс чихэж шатсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй. Өвс чихсэн бол аажим уугиж үнэртдэг. Тэгэхэд гэнэт цэнхэр утаа сагаад л кабель үнэртсэн. Сөхөхөд копудын зүүн гар талд л гал сүрхийсэн тэгээд л буцаагаад хаасан.

Ийм учир өвс чихсэн гэдэг бол галын байцаагчийн таамаглал учир зөвшөөрөхгүй. Тиймээс даатгалын байгууллага надад олгох даатгалыг өгөх ёстой.

Даатгалын байгууллага нь сайхан сурталчилгаа хийж, ач холбогдолтой, танд учирсан хохирлыг төлнө л гэж ятгаж итгэл төрүүлдэг атлаа даатгалын хохирол төлөх болохоор мэдэх мэдэхгүй олон шалтаг зааж төлбөр төлөхөөс зайлсхийдэг юм байна. Тэд газар дээр нь очиж үзээгүй байж Монгол оронд газар бүхэнд байдаггүй баталгаат зам гэх юм яриад байгаа нь амьдралд нийцэхгүй байна. Би машинаа 11 сая төгрөгөөр худалдаж аваад байсан учир уг машиныхаа үнийг нэхэмжилж байна.

Даатгалын гэрээ хийхэд 11 сая төгрөгөөр үнэлсэн учир ингэж нэхэж байна. Үүнийг шийдэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Ж.Эын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Даатгалын гэрээний хуулбарыг бид даатгалын салбарт хүсэлт гаргахдаа өгсөн учраас бидэнд гэрээ эх хувиараа байхгүй байгаа. Харин даатгалын байгууллага өөрсдөө баримт материалуудыг шүүхэд ирүүлсэн байна. 2-рт Галын байцаагчийн шинжээчийн дүгнэлтийн ар талд хавсаргагдсан 2 дугаар зургийг тодруулахад наад талд нь зам, зургийн доод хэсгээр наад талд нь хөндлөн зам байх ба нийт 2 зам байгаа харагдаж байгаа юм. Яг тэр зам дээр шатаад, цэргийн анги тухайн зам дээрээс замаа чөлөөл гээд замаас 2-3 метр газарт гаргасан байгаа. Замын баруун гар талд илүү шатсан бөгөөд илүү шатсан гэх тал руу нь машиныг холдуулж тавьсан байгаа. Ийм нөхцөл байдал байгаа. Ийм учраас тухайн зам дээр ямар нэгэн байдлаар өндөр өвстэй байсан гэдгийг нотолсон баримт байхгүй байгаа хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Баталгаат зам гэж байдаггүй. Хөдөөний замыг баталгаат бус зам гэж үзээд, хотын замыг баталгаат зам гэж байгаа бол хөдөөний хүмүүсийг даатгалд хамруулах шаардлага байхгүй. Ийм үндэслэлээр дүгнэлт хийж байгаа бол үндэслэл муу байна гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Ж.Э нь 2018.10.22-ны өдөр Т.Приус маркийн 23-28 ДОА улсын дугаартай автомашиныг манай компанийн Дорнод аймгийн салбарт Гарц багц даатгалын Гарц 10-аар даатгуулсан бөгөөд түүнээс хойш 14 хоногийн дараа буюу 2018 оны 11 сарын 08-ны өдөр Хилийн 0306 дугаар ангийн 2 дугаар заставаас Мэнэнгийн застав замд жолоодож явахдаа машин шатаж хохирол учирсан гэх ба түүний дагуу нөхөн төлбөр авахаар манайд хандсан.

Ж.Э нь анх 2018.11.12-ны өдөр Дорнод аймгийн салбарт ирж мэдүүлэг өгөхдөө “... миний хүү хөдөө Мэнэнгийн талд зорчиж явхад машины копуднаас гал гарч шатсан” гэсэн мэдээллийг өгсөн боловч сүүлд бүх баримт материалуудыг өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан мэтээр гаргуулсан өөрөө тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан мэтээр гаргуулсан байгаа нь бидний хооронд байгуулсан 0071520 тоот Гарц багц даатгалын гэрээний 2.8.1.1 дэх хэсэгт зааснаас зайлсхийх гэсэн үйлдэл гэж бидний зүгээс үзэж байна. Бид бүхэн төв салбартаа материалыг хүлээн авч, шалган үзэхэд тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан этгээд нь баталгаат замгүй, өндөр ургасан өвстэй газар зорчин явсан бөгөөд тус үйлдэл нь Даатгалын тухайн хуулийн 8.5.1”даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана”, гэрээний 2.8.1.5 “Тус гэрээний 2.1.2 болон 2.1.3-т заасан зүйлийн хувьд тээврийн хэрэгслийг жолооны сургалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, зам орчны нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчих, гол ус гатлах, ой мод, уул хадаар явах зэрэг даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзана” гэж заасныг хангаж байсан.

2. Гэрээний 4.2.9-д зам тээврийн осол гэдгийг тодорхойлсон бөгөөд баталгаад бус замаар явсанаас үүдэн гарсан хохирол хамаарахгүй гэдгийг маш тодрохой зааж өгсөн тул жолоочийн дээрх үйлдэл нь замын хөдөлгөөнд оролцон, зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл машиныг жолоодон явсан этгээд нь газар нутгийн онцлог байдал, замын нөхцөлд тохируулан Замын хөдөлгөөний дүрмийг мөрдлөг болгон хөдөлгөөнд оролцох байтал зориулалтын замгүй, өндөр өвстэй газраар буюу баталгаат бус замаар зорчин даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн байна.

3. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2018.12.03-ны өдрийн 045/16 тоот актад “... Хойшид тавих санал хэсэгт: Иргэд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдал, галын аюулгүй байдлыг хангуулж, баталгаат замаар зорчин явж байх” гэсэн дүгнэт, санал гаргасан байгаа нь тус тээврийн хэрэгсэл шатсан шалтгааныг тогтоосон 2018.12.28-ны өдрийн 068/04 тоот шинжээчийн дүгнэлттэй бүрэн нийцсэн байна.

4. Даатгалын тухай хуулийн 3.2 “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна.” гэж заасан байх бөгөөд бид бүхэн Гарц 10 даатгалын гэрээний зохицуулалтыг, хамгаалалтын нөхцөлийг, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан байх тул бид бүхэн гэрээний дээрх зохицуулалтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос тотгалзаж шийдвэрлэсэн.

5. Эрх бүхий байгууллагын галын дүгнэлтүүд/гал гарсан шалтгаан, ослын дүгнэлт, авсан арга хэмжээ зэрэг/, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсэг, мөн даатгалын гэрээний дээр дурьдсан хэсэгт заасныг тус тус үндэслэн тээврийн хэрэгслийн доод эд ангиудад өвс хуримтлагдан машин бүрэн шатсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно.

6. 2328ДОА улсын дугаартай, NHW207657816 арлын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл нь 2018.10.01-ний өдөр Бичил глобус ХХК-ийн өмчлөлд шилжсэн байх бөгөөд өмчлөгч талд хөрөнгийн талаарх нэхэмжлэлийн асуудлыг дурдан холбогдох зөвшөөрлийг авах нь зүйтэй гэж бидний зүгээс үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг, ослын шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн нэхэжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Ж.Э хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Х” ХХК нь тээврийн хэрэгслийг жолоодон явсан этгээд баталгаат бус замаар зорчин даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1/нэг/ жилийн хугацаатай “Гарц багц даатгалын гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулан нэхэмжлэгч нь даатгалын хураамж төлөх, хариуцагч нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгалын нөхөн төлбөр олгох үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Тус Гэрээгээр нэхэмжлэгч нь фидуцийн гэрээгээр “Бичил глобус групп” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийг даатгуулж, хариуцагч нь даатгалын баталгаа олгосон болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход ... даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 432 дугаар зүйлийн 432.1-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.”, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Даатгал нь сайн дурын ... гэсэн төрөлтэй байна.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.1, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт нийцсэн байх ба даатгуулагч нь өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгийг даатгуулах эрхтэй тул тус Гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Дорнод аймаг, Матад сум, Мэнэнгийн зүүн шар хөндий гэх газар 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Гэрээний даатгалын зүйл болох 2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгсэлд гал гарч, 2328 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн шатсан болох нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 045/16 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 068/04 дугаар Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь даатгалын үнэлгээ 11 000 000/арван нэгэн сая/ төгрөг гэх үндэслэлээр хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн буюу нэхэмжлэгчийн хүү баталгаат бус замаар зорчин даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна.

 

Гал түймэр гарсан 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ж.Э жолоодож явсан болох нь гэрч Ц.Жаргалсайхан, Б.Батхүү, Г.Батзориг нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 2.8-ын 2.8.1.5-д баталгаат бус замаар зорчсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн зорчсон Мэнэнгийн 4, 5 дугаар заставыг холбох зам нь орон нутгийн чанартай авто зам болох нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн № 12-07-028-38 Улсын байцаагчийн дүгнэлт, гэрч Ц.Жаргалсайхан, Б.Батхүү, Г.Батзориг, М.Ганбатын нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 2.2-ын 2.2.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь Галын эрсдлийг даатгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь орон нутгийн чанартай авто замаар 2328 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахад тээврийн хэрэгсэлд гал гарч даатгалын тохиолдол бий болсон болох нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 045/19 дугаар Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлийн болон гэрэл зургийн үзүүлэлтийн хуулбар, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № 045/16 Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай акт, гэрч Ц.Жаргалсайхан, Б.Батхүү, Г.Батзориг, М.Ганбат нарын гэрчийн мэдүүлэг, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн № 12-07-028-38 Улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Гэрээний 2.2-ын 2.2.2.2-т заасан гал гарсны улмаас даатгалын тохиолдол бий болж, 2328 ДОА улсын дугаартай Тоёота маркийн Приус загварын тээврийн хэрэгсэлд 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийн хохирол учирсан байх тул хариуцагчаас даатгалын нөхөн төлбөрт 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас нийт 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгох нь зүйтэй гэж дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас нийт 11 000 000/арван нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 190 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Эд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ