Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1860

 

 

 

 

 

 

 

 

 

Л.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

П дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02372 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч:  Л.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Янжинлхам,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Анужин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Ттай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хорооны хэсгийн ахлагчаар хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн.

Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэдэг үлгэр жишээ ажилтан байсан. Би ургийн баярт оролцохоор 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажлаасаа албан ёсны чөлөө авсан.

Гэтэл П дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Б/195 тоот тушаалаар ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөлсөөр ажиллах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан.

П дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж, хууль бус тушаал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээг хууль болон гэрээнд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад дуусгавар болгож байгаад гомдолтой байна.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр П дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллахаар дүүргийн Засаг даргын тамгын газартай 1 жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан.

Хөлсөөр ажиллах гэрээний 6.3-д хэсгийн ахлагч ажил гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол болон аль нэг тал хүсэлт гаргасан бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж заасан. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг тамгын газраас цуцалж болно.

П дүүргийн 24 дүгээр хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.С-ийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн 150 дүгээр албан тоотыг дүүргийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн тул энэ дагуу нэхэмжлэгч Л.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Мөн нэхэмжлэгч нь 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа ажлаа таслах, иргэд болон хамт олонтойгоо зүй бусаар харьцаж, иргэдээс удаа дараа гомдол ирж байсан нь 24 дүгээр хорооны Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, иргэдийн гомдол, хорооны Иргэдийн нийтийн хурлын даргын тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Л.С-ийг П дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 814 890 төгрөгийг хариуцагч П дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Л.С-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Л.С-ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч П дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 24 107 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, мөн холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Хариуцагчийн нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн, дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 150 дугаар албан тоот, зөвлөлийн хурлын тэмдэглэл, иргэний гомдол, 24 дугээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын даргын тодорхойлолт, нэхэмжпэгчийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллах хугацаандаа ажлаа таслах. иргэд болон хамт олонтойгоо ёс зүйгүй харьцаж байсан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад нэхзмжлэгчийг ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн атлаа ажлаа хангалтгүй биелүүлсэнд тооцох үндэслэлийг дурдаагүй байгаа нь нотлох баримт үнэлэх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Нэхэмжпэгч нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар ажиллахаар дүүргийн Засаг даргын Тамгын газартай нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байхад эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж ирснийг хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзнэ гэж хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Нийслэлийн иргэдийн төлөөгчдийн хурлын 30/24 дүгээр тогтоолоор батлагдсан хэсгийн ахлагчийн ажиллах журмын 1.4 "Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдзэ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, хорооны Засаг даргатай гурвалсан "хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан ажиллана” гэж заасныг үндэслэн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг зөрчөөгүй болно.

Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Хөлсөөр ажиллах гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан нь нэхэмжпэгчийн хөдөлмөр эрхлэх, хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.С- нь хариуцагч П дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.С-ийг П дүүргийн 24 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ П дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/195 дугаар тушаалыг үндэслэл болгосон боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхаараагүй байна.

 

Дээрх баримт нь П дүүргийн засаг даргын тамгын газар “хуулбар үнэн” гэх тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан өөрийн байгууллагын баримтад баталгаажуулалт хийсэн тохиолдлыг зохицуулсан зохицуулалтад хамаарахгүй, өөрөөр хэлбэл хэргийн оролцогчоос гаргаж буй баримт нь эх хувь буюу нотариатаар гэрчлүүлсэн байх журамтай.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. П дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2019/02372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА