Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2020/00172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: СХДЗДТГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам, Ж.Анужин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярбат, гэрч Л.Төмөрбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Төмөрбаатартай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хорооны хэсгийн ахлагчаар хөлсөөр ажиллахаар гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ сайн гүйцэтгэдэг үлгэр жишээ ажилтан байсан. Би ургийн баярт оролцохоор 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл ажлаасаа албан ёсны чөлөө аваад явсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Б/195 тоот тушаалаар ажил тасалсан гэх үндэслэлээр халсан. Л.С- уг тушаалыг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөлсөөр ажиллах гэрээг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь миний хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж, хууль бус тушаал гаргаж, хөлсөөр ажиллах гэрээг хууль болон гэрээнд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад дуусгавар болгож байгаад гомдолтой байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацаа болох 8-12 сар хүртэл нийт 5 сарын цалин хөлс гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна.

Хорооны хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр бөгөөд тэдний хооронд ажил олгогч, ажилтан нарын хоорондын хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөлсөөр ажиллах гэрээндээ хөдөлмөрлөх харилцааг зохицуулсан, тусгасан байдаг гэжээ.  

 

Хариуцагч СХДЗДТГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр дүүргийн 24-р хорооны хэсгийн ахлагчаар ажиллахаар дүүргийн Засаг даргын тамгын газартай нэг жилийн хугацаатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээний 6.3-д хэсгийн ахлагч ажил гүйцэтгэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол болон аль нэг тал хүсэлт гаргасан бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно гэж заасан. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд гэрээг тамгын газар нэг талын санаачлагаар цуцалж болно. Дүүргийн 24-р хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр иргэн Л.С-ийг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн тул үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн 150-р албан тоотыг дүүргийн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн тул энэ дагуу нэхэмжлэгч Л.С-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч нь 24-р хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа ажлаа таслах, иргэд болон хамт олонтойгоо зүй бусаар харьцаж, иргэдээс удаа дараа гомдол ирж байсан нь 24-р хорооны Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, иргэдийн гомдол, хорооны Иргэдийн нийтийн хурлын даргын тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байгаа. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй, хэсгийн ахлагчийн ажил нь байнгын ажлын байр биш юм. Тогтсон цаг хугацаанд тогтмол ажлыг хийж гүйцэтгэдэггүй, амралтын өдрөөр ч, ажлын бус цагаар ч ажилладаг, өөрийн ажлын байр гэж байдаггүй гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.С- нь хариуцагч СХДЗДТГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас шаардлагынхаа үндэслэлийг ...талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэж, хариуцагч талаас татгалзлынхаа үндэслэлийг ...талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, нэг талын санаачилгаар гэрээг дуусгавар болгосон гэж тус тус тайлбарлан мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Л.С- нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газртай 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Хорооны хэсгийн ахлагчийн хөлсөөр ажиллах гэрээ /хх 9-11/ байгуулсан, мөн дүүргийн тамгын газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/195 дугаартай тушаалаар Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 365 дугаар зүйлийн 365.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон /хх 94, 95/ бөгөөд Л.С-ийн 1495392 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 12 сар, 2019 оны 1-7 сар хүртэлх хугацааны шимтгэл төлсөн, эрхэлж байсан ажил албан тушаал 24-р хорооны хэсгийн ахлагч, 2018 оны 12 сарын 03, Засаг даргын тамгын газрын даргын Б/296 тоот тушаалаар томилов, 2019 оны 8 сарын 01, Б/195 тоот тушаалаар чөлөөлөв гэх /хх 8/ тэмдэглэгээг үйлдсэн байна.

Түүнчлэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдэл, түүний агуулга, мэдээлэл /хх 23/, 24-р хорооны засаг даргын 150 дугаартай ажлын хариуцлага алдсан Б.Сайнбилэгийг ажлаас чөлөөлүүлэх тухай албан бичиг, ажлын цагийн мэдээ, хэсгийн ахлагчдын ажлын үр дүнг үнэлэх үзүүлэлт /хх 26-34/, Л.С-ийг гишүүдийн 80 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэх Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх 42/, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, хэсгийн ахлагчийн ажиллах журам /хх 96-98/ хэрэгт авагджээ.

 

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн ...талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах учиртай тул хөдөлмөрийн хуулийн хэм хэмжээний дагуу шаардлагаа тодорхойлсон гэх тайлбар буюу Л.С-ийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай шийдэл, ажилласан хоногийн бүртгэл, ажлын үр дүн, гүйцэтгэл зэрэг нь Хөдөлмөрийн хууль дахь ажил олгогч, ажилтан нарын хоорондын харилцаа, захирах захирагдах хэм хэмжээ, шинжийг илэрхийлж болох юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцлийг тохирно. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, 21.3-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан бөгөөд талууд дээрх гол нөхцлүүдийн талаар харилцан тохиролцсон бол хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэх ба байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хуулиар хориглодог.

 

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн ...3.1.3-т хөдөлмөрийн гэрээ гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог, 3.1.10-т хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг, 3.1.15-д байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг тус тус ойлгоно гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан Хорооны хэсгийн ахлагчийн хөлсөөр ажиллах гэрээ-нд Тамгын газар болон Хорооны засаг дарга нь ажилтны хүсэлтээр ажил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолт гаргаж өгөх, ажлын хөлсийг ажлын үр дүнгээр тодорхой хувиар тооцон сар бүр нэг удаа олгох, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өрөө, бичгийн хэрэгслээр хангаж, ажлын газрын үнэмлэх олгох, гэх мэт эрх үүрэгтэй, хэсгийн ахлагч нь ажиллах нөхцөл бололцоо, өрөө тасалгаа, бичгийн хэрэгслээр хангагдах талаар хүсэлт гаргах, Тамгын газрын дотоод журам, дүрэм зааврыг мөрдөх, төрийн жинхэнэ албан хаагчийн адил ёс зүйг баримтлан ажиллах, ажил, амралтын цагийг чанд мөрдөх гэх мэт эрх үүрэгтэй гэж заасан нь хөдөлмөрийн харилцааны хэлбэрийг агуулсан байна.

 

Гэвч дээрх хэлбэр, шинжийг агуулж буй хөлсөөр ажиллах гэрээ болон хэсгийн ахлагчийн ажиллах журам, талуудын тайлбар, хэсгийн ахлагчийн гүйцэтгэх ажил, үүрэг, ажил дүгнэж буй үзүүлэлт, урамшуулалаас үзэхэд тэдний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзнэ.

 

Тодруулбал, хариуцагчийн ...хэсгийн ахлагч нь тодорхой ажлын байр буюу өрөө тасалгаа байхгүй, ажил гарсан тохиолдолд дуудагдаж тухайн ажлыг өглөө, өдөр, орой, амралтын өдрүүдэд ч хийж гүйцэтгэдэг, ажилладаг гэх тайлбар болон гэрээ, журмаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нар ажил, амралтын цаг, хөдөлмөрийн нөхцлийн талаар тохиролцсон зүйл үгүй, өдөр тутам байнгын тогтмол гүйцэтгэх ажил нэр төрөл ажлын байрны тодорхойлолт үгүй байгаа нь тухайн Хэсгийн ахлагч гэх ажил нь байнгын ажлын байрны шинж, тодолхойлолтод нийцэхгүй байна.

 

Дүүргийн дугаар хорооны Хэсгийн ахлагч нь төр засгийн бодлого шийдвэрийг хариуцсан нутаг дэвсгэр дэх айл өрх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийг гэрээ болон журамд тодорхой тусгасан байх бөгөөд ихэнхдээ түүний гүйцэтгэдэг ажил, үйлчилгээ нь цаг үеийн шинжтэй төрийн ажилд туслах үүрэг байна.

 

Тэрээр дээрх ажил, үүргийг гүйцэтгэхдээ байгууллагын дотоод журамд захирагддаг, ажил, амралтын цагийг баримталдаг, бүртгэгдэг болох нь баримтаар нотлогдоогүй, ажлын байр сав, техник хэрэгсэл буюу ажиллах, хөдөлмөрлөх ямар нөхцлөөр хангагдсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч тал хуульд заасан эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэх үндэслэлээ нотлоогүй.

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн тул нэхэмжлэгч нь СХДЗДТГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэх үндэслэлээр шаардах эрхгүй болно. Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэг шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

 

Иймд нэхэмжлэгч Л.С-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СХДЗДТГт холбогдуулан гаргасан Л.С-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ