Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1915

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01464 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.Дийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “П” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 22 265 871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, Б.Оргилбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д, Ө.Ч нар “Х” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 83 000 000 төгрөгийн зээл авсан.

Ипотекийн зээлийн гэрээний дагуу даатгалын газартай гэрээ байгуулах ёстой гэж “Х” ХХК-аас санал болгосны дагуу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Монгол даатгал” ХХК-тай, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “П” ХХК-тай орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээг тус тус байгуулсан.

Гэрээ байгуулснаас 2 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Ө.Ч гэнэтийн ослоор нас барсан. Ямар нэгэн өвчнөөр нас бараагүй гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно.

“Х” ХХК-ийн зээлийн үлдэгдэл 44 000 000 төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн учраас “П” ХХК-д хүсэлт гаргахад 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр амь насны нөхөн төлбөрийг олгохгүй гэдэг хариуг өгсөн. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч нааштай хариу өгөөгүй.

Ө.Ч нь архины архаг хордлого гэдэг оноштой нас барсан, энэ нь өвчин гэдэг тодорхойлолтод хамаардаггүй. Ипотекийн даатгалын гэрээнд байгаа гэнэтийн осол гэдэг заалтыг даатгуулагч нар уншиж танилцаагүй.

Гэрч нь шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг, өвчин мөн бишийг тодорхойлдог эрх бүхий субъект биш учраас гэрч нарын хэлсэн зүйл дээр үндэслэж өвчин мөн биш гэдгийг тодорхойлох нь өөрөө учир дутагдалтай.

Ө.Ч нь гэрээ байгуулах үед өвчин эмгэггүй байсан бөгөөд согтуу байсны улмаас осол болж нас барсан үйл баримт байгаа.

Иймд “Х” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 44 531 742 төгрөгийн талийгаач Ө.Чд ногдох 22 265 871 төгрөгийг даатгалын нөхөн төлбөр гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Д нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ипотекийн даатгалын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Үүнээс 2 сарын дараа зээлдэгч Ө.Ч нас барсан. Эмнэлгийн дүгнэлтэд архины архаг хордлого, тархи болон уушгины хаван, бөөрний сувганцрын голомтын үхжил, хоёрдогч зүрхний дутагдал гэдэг онош тавьсан. Өөрөөр хэлбэл 1-3 төрлийн өвчний эмнэлгийн тодорхойлолттой байгаа. Нас барсан талаарх эмнэлгийн баримтаас харахад Ө.Ч нь өвчний улмаас нас барсан тухай эмчийн тэмдэглэл байдаг.

Ипотекийн даатгалын гэрээнд зээлдэгч гэнэтийн ослоор нас барсан бол даатгалын нөхөн төлбөр авна гэсэн. Даатгалын үйл ажиллагааг Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан, даатгалын багц дүрмээр зохицуулдаг. “Монгол даатгал” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээг манай байгууллагаас цуцлуулж, өөрийн байгууллагатай гэрээ байгуулахыг шаардаагүй.

“Х” ХХК нь “П” ХХК-тай хамтарч ажилладаг. Нэхэмжлэгч тал нь “Монгол даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгуулах үед ипотекийн даатгалын журам гэж батлагдаагүй байсан учраас даатгалын нөхцөл өөр байсан. Ө.Ч, Ч.Д нар ипотекийн даатгалын гэрээ хууль бус байна гэдэг үндэслэлээр бид нарт хандаж байгаагүй.

Иймээс гэрээний нөхцөлийг тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул Ө.Ч, Ч.Д нартай байгуулсан ипотекийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Ө.Ч-ийн өвчтөний түүх дээр 4 хоног дараалж архи уугаад өглөө нь сэрээд ухаан алдаж унахад гэрээр хордлого тайлах шингэн, өвчин намдаах тариа хийсэн гэсэн байсан. Нас барсан талаарх эмчийн тэмдэглэлд Ө.Ч-ийг архины архаг хордлогоос болж нас барсан гэж бичсэн байх бөгөөд өөрсдөө хордлогод орсон байгаа хүнд дур мэдэн эмчилсэн нь Ө.Ч-ийг нас барахад нөлөөлсөн байж болзошгүй нь байдал харагдаж байна.

Гэнэтийн осол гэдэг бол урьдчилан тооцоолох боломжгүй, тухайн хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлаас болж богино хугацаанд үүссэн үйл явдлыг хэлж байгаа. Гэтэл Ө.Ч-ийн хувьд тийм зүйл тохиолдоогүй. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад тодорхой өвчний шалтгааны улмаас нас барсан.

Иймээс гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй. Харин нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл үүссэн, даатгалын гэрээний 8.1.8-д заасны дагуу өвчин эмгэгийн улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгодоггүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар П ХХК-аас 22 265 871 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ч.Д нь “П” ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Ипотекийн даатгалын баталгаа” гэх гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 22 265 871 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... талийгаач Ө.Чулуун- Эрдэнэ нь архины архаг хордлого, олон эрхтний илрэлтэй, элэгний тархмал өөхжилт, архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл бүхий үндсэн өвчин, тархи уушгины хаван, бөөрний сувганцрын голомт үхжил бүхий хүндэрсэн өвчин, хоёрдогч кардиомиопати зүрхний булчингийн эмгэг гэсэн хавсарсан өвчний улмаас нас барсан нь нотлогдсон байх бөгөөд эдгээр өвчнүүд нь түүний нас барах шалтгаан болсон байх тул талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3.2-т заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна" гэжээ.

Гэтэл тус нас барсан шалтгааныг өвчин гэж тооцох эсэхийг гэрчийн мэдүүлгийн үндсэн дээр нотлох баримтыг үнэлсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд гэрч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх этгээдүүд юм. Өөрөөр хэлбэл тус асуудлыг мэргэжлийн этгээдээр дүгнэлт гаргуулсны үндсэн дээр мэдэх боломжтой юм.

Ө.Ч болон Ч.Д нар нь “Х” ХХК-тай 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 83 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. Үүний дагуу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “Монгол даатгал” ХХК-тай “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа”-ны гэрээ байгуулсан. Гэтэл “Х”-аас хамтран ажиллагч даатгалын компани өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр “П” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай болсон.

“П” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичигт “...Ө.Ч нь өвчний улмаас нас барсан болох нь эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна", иймд гэрээний 8.1.8-д “өвчин эмгэгийн улмаас нас барах” тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу олгохгүй гэжээ. Гэтэл Ө.Ч нь өвчин эмгэгийн улмаас нас бараагүй бөгөөд гэнэтийн осол байсан болох нь Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нас барсан тодорхойлолтоос харагдана.

Ө.Ч-ийг эмгэг судлалын оношоор архины архаг хордлого, тархи болон уушгины хаван, бөөрний сувганцрын голомтлог үхжил, хоёрдогч кардомиопати гэсэн шалтгаан нь үхэлд хүргэсэн. Гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг хэлэхээр гэрээнд тусгасан байх бөгөөд Ө.Чулуун- Эрдэнийн үхэл нь урьдчилан мэдэх боломжгүй ахуйн осол байсан.

Иймд даатгалын нөхөн төлбөрт “П” ХХК-аас 22 265 871 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч “П” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 22 265 871 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд даатгалын тохиолдол бий болсон эсэх дээр маргасан байна.

 

Ч.Д, Ө.Ч нар нь “Х” ХХК-аас 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 58 000 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ болон уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг тус тус байгуулжээ.

 

Мөн Ч.Д, Ө.Ч нар нь “П” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Ипотекийн даатгалын баталгаа” нэртэй гэрээг байгуулж, уг гэрээгээр даатгалын тохиолдолд бий болсон даатгуулагчид дээрх зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн үүргийн хэмжээгээр нөхөн төлбөрийг даатгагч төлөх, даатгуулагч даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээг 2021 оны 08 дугаар сарын 21-нийг хүртэл хугацаатай байх нөхцөлийг талууд тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв үнэлж, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Даатгуулагч Ө.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нас барсан, иргэнийг нас барсныг бүртгэсэн бүртгэл хийгдэж гэрчилгээ олгогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 8237 тоот өвчтөний түүх, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг баримтад талийгаач Ө.Чд тавьсан оношийг архины хордлого, хүнд зэрэг, Хоол боловсруулах замын цус алдалт, олон эрхтний дутагдал гэж, /хх27-28, 81/

Эмгэг судлаач эмчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Эмгэг судлалын шинжилгээний СБ-52/2018 тоот протокол-д талийгаачид тавьсан оношийг Архины архаг хордлого: олон эрхтний илрэлтэй: элэгний тархмал өөхжилт, архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл ӨОУА 10.Т51, Тархи, уушгины хаван, бөөрний сувганцрын голомтот үхжил, хоёрдогч кардиомиопати: зүрх 450 гр, ЗХХ 1,6 см, БХХ 0,5, үхлийн шалтгаан архины архаг хордлого, олон эрхтний дутагдал гэж, /хх36/

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181 тоот тодорхойлолтод талийгаачийг тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 06 цаг 30 минутаас 12 цаг 30 минут хүртэлх хугацаанд “биеийн байдал маш хүнд, эмчлэгдэж байгаад нас барсан”, Эмгэг судлалын шинжилгээнд хамрагдаж онош батлагдсан, Эмгэг судлалын онош: /СБНЭ-52.18/ Архины архаг хордлого: олон эрхтний илрэлтэй, элэгний тархмал өөхжилт, архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл ӨОУА 10.Т, Тархи, уушгины хаван, бөөрний сувганцрын голомтот үхжил, хоёрдогч кардиомиопати, ЗХХ 1,6 см, БХХ 0,5 байна /хх82/ гэж тус тус тодорхойлжээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөний түүхэд Б.Чулуун-Эрдэнийг 4 хоног архи уусан, өнөө өглөө сэрээд ухаан алдсан, гэрээр хорлого тайлах тариа тарьсан гэсэн тайлбарыг түүний эхнэр Ч.Д өгсөн байна.

 

Шүүх хуралдаанд гэрч Г.Тамир “Б.Чулуун-Эрдэнэд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эмчийн хяналтын доор эмчилгээ хийгдсэн, би 8 цаг 20 минутын үед ажилдаа ирсэн бөгөөд уг өвчтөнийг хүлээж авахад ёолсон, ухамсарт ухаангүй байдалтай байсан, үхэлд хүрэхүйц үндсэн онош архины хордлого, нас барсан шалтгаан нь архины хүнд зэргийн хордлогоос болсон, хордлого өвчний улмаас нас барсан” гэж, гэрч Л.Саруул “архины архаг хордлого нь өвчин мөн” гэж тус тус мэдүүлжээ. /хх 136, 139, 143/

 

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбартай харьцуулан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талийгаач Ө.Ч-ийг архины архаг хордлого, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл бүхий үндсэн өвчин, хоёрдогч кардиомиопати зүрхний булчингийн эмгэг гэсэн хавсарсан өвчний улмаас нас барсан, түүний нас барсан байдлыг даатгалын гэрээний 3.2-т заасан гэнэтийн осолд хамаарахгүй тул даатгалын тохиолдол бий болоогүй гэснийг буруутгах боломжгүй байна.

 

Энэ үндэслэлээр хариуцагч “П” ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 22 265 871 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Дийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

 

Хэрэгт цугларсан эмнэлгийн магадлагаа, тодорхойлолт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагыг хангасан, энэ бичиг баримтыг үйлдсэний хувиар эмч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан ажиллагааг анхан шатны шүүх буруу явуулсан гэж дүгнэхгүй юм. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд тэдгээрийг шинжээчийн байр суурьнаас оролцуулах нь боломжгүй болно.

 

 Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2019/01464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА