Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2019/01464

 

 

           

2019 оны 09 сарын 02 өдөр

     Дугаар 182/ШШ2019/01464

             Улаанбаатар хот

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: Д.Ч-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: “ПД” ХХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 22 265 871 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилбаяр, Г.Оюундарь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, гэрч Л.Тамир, Г.Саруул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Хонгорзул нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ч-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюундарь, Б.Оргилбаяр нараас гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ч болон түүний нөхөр Ө.Чулуун-Эрдэнэ нар нь эхнэр нөхөр буюу гэрлэлтийн гэрчилгээтэй байсан бөгөөд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай 2013 оны 06 дугаар 25-нд орон сууцны зээлийн гэрээ байгуулж 83 000 000 төгрөг зээлж авсан.

Ипотекийн зээлийн гэрээний дагуу даатгалын газартай гэрээ байгуулах ёстой гээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас санал болгосны дагуу 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр анх “Монгол даатгал” ХХК-тай орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын баталгааны гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас манайх хамтран ажилладаг байгууллагаа сольсон гэдэг үндэслэлээр “П.Д” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ө.Чулуун-Эрдэнэ болон Д.Ч нар ипотекийн даатгалын баталгааны 18020004709 тоот даатгалын гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 2 сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нөхөр Ө.Чулуун-Эрдэнэ гэнэтийн ослоор нас барсан.

Ямар нэгэн өвчнөөр нас бараагүй гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д зээлийн үлдэгдэл 44 000 000 орчим төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд хариуцагч “П.Д” ХХК-д хүсэлт гаргахад 2019 оны 01 дүгээр сарын  08-ны өдөр амь насны нөхөн төлбөрийг олгохгүй гэдэг хариуг өгсөн. Иймээс хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд уг байгуулагаас хариуг ирүүлснээр нэхэмжлэгч шүүхэд нөхөн төлбөрийг нэхэмжилсэн юм.

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 44 531 742 төгрөг байсан. Даатгалын баталгааны гэрээн дээр хамтран зээлдэгч нар 50, 50 хувийн даатгалын баталгаа гаргуулсан. Иймээс талийгаач Ө.Чулуун-Эрдэнэд ногдох 22 265 871 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл нь нэгдүгээрт, ипотекийн даатгалын гэрээний 2.1.2 дахь заалтад даатгуулагчийн амь нас буюу гэнэтийн ослын улмаас нас барсан нь даатгалын тохиолдолд хамаарч, нөхөн төлбөрөө гаргуулж авах зохицуулалттай байдаг. Өөрөөр хэлбэл Ө.Чулуун-Эрдэнийг нас барсан тодорхойлолт болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл архины архаг хордлого гэдэг оноштой нас барсан, энэ нь өвчин гэдэг тодорхойлолтод хамаардаггүй. Эмчлэгч эмч Л.Тамир болон үзлэгийн тэмдэглэлээс харахад Ө.Чулуун-Эрдэнэ нь 4 хоног архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэнэт бие нь муудаж нас барсан байсан. Хоёрдугаарт, нэхэмжлэгч өөрөө даатгалын компаниа сонгох боломжгүй нөхцөл байдалд байсан учраас анх “Монгол даатгал” ХХК-тай даатгалын гэрээг байгуулсан. Гэтэл “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь даатгалын компаниа сольсон гэдэг үндэслэлээр “П.Д” ХХК-тай гэрээ байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэрээ бол 2 талын хүсэл зоригийг агуулсан байх ёстой. Энэ тохиолдолд ипотекийн даатгалын гэрээнд байгаа гэнэтийн осол гэдэг заалтыг даатгуулагч нар уншиж танилцаагүй. 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Монгол даатгал” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээний 2.1.2 дахь зааснаар даатгалын зүйл нь өөрөө зээлдэгчийн амь нас байсан. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээн дээр гэнэтийн осол гэж заасан. Иймээс Ө.Чулуун-Эрдэнэд даатгалын тохиолдол үүссэн. Үүн дээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан зээлийн үлдэгдэл буюу 22 265 871 төгрөгийг гаргуулах үндэслэл үүссэн гэж үзэж байна.

Нотлох баримт судалсан, гэрчүүдээс мэдүүлэг авсантай холбоотойгоор тайлбар хэлэхэд гэрч гэдэг бол хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг мэдэх этгээдүүд байдаг ба шинжээчийн үүрэг гүйцэтгэдэг өвчин мөн бишийг тодорхойлдог эрх бүхий субъект биш. Иймээс гэрч нарын хэлсэн зүйл дээр үндэслэж үүнийг өвчин мөн биш гэдгийг тодорхойлох нь өөрөө учир дутагдалтай. Гэрч нарын хэлж байгаачлан өвчин гэж үзэх нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нөхөн төлбөр авах үндэслэл бол өмнө нь мэдэгдээгүй байсан үндэслэл юм. Өөрөөр хэлбэл энэ нь ахуйн осол байсан. Энэ нь ч гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Тухайн хүн үхэж байна гэдэг бол нэг бол зүрх зогссон эсхүл тархины үйл ажиллагаа зогссон байдаг. Энэ 2 эрхтэнг зогсоох нөхцөл байдал үүсэж байна гэдэг бол биеийн дотоод эд эсийн ямар нэгэн нөхцөл байдал байгаа. Ийм учраас гэрч нарын өвчин гэж хэлж байгаа нь тодорхой юм.

Т51 гэдэг оношийг заавал хуулийн дагуу дагаж мөрдөх зүйл биш байна. Эдгээрээс хамаарч нас барж байгаа энэ үйл баримт маань ахуйн осол юм. Даатгалын баталгааны гэрээг зорилгоор нь авч үзэх юм бол ипотекийн зээлийн гэрээг хэвийн тогтмол төлөлттэй явуулах байдаг. Гэрээний 8.1.8-д заасан өвчин эмгэг гэдгийг үг зүйн талаас нь авч үзэх юм бол өвчин эмгэг гэж хоорондоо ямар таслал аваагүй бичсэн байна. Ө.Чулуун-Эрдэнэ нь гэрээ байгуулах үед өвчин эмгэггүй байсан.  Ө.Чулуун-Эрдэнэ нь согтуу байсны улмаас осол болж нас барсан үйл баримт байна.

Хариуцагч тал 2017 оноос өмнө амь нас гэж даатгалын зүйл байсан, одоо гэнэтийн осол болсон гэж хэлдэг. Санхүүгийн зохицуулах хорооны албан бичигт даатгалын мэргэжлийн үйл ажиллагааны оролцогчид тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийн журмын 6.1.11-д зааснаас өөр нөхцөлтэй гэрээ байгуулж болохгүй талаар тодорхой тусгасан. Гэтэл одоо хариуцагч тал ямар гэрээ бүртгүүлсэн, одоо ямар гэрээ байгуулсан талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна. Үүнээс дүгнэхэд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлйин 431.1., Даатгалын тухай хуульд заасан даатгалын тохиолдол үүсэн учраас даатгалын нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч “П.Д” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ч нь 2018 оны 08 дугаар сарын 22-нд манайхтай ипотекийн даатгалын гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Үүнээс 2 сарын дараа зээлдэгч Ө.Чулуун-Эрдэнэ нас барсан. Эмнэлгийн дүгнэлтэнд архины архаг хордлого, тархи болон уушгины хаван, бөөрний сувганцрын голомтын үхжил, хоёрдогч зүрхний дутагдал гэдэг онош тавьсан. Өөрөөр хэлбэл 1-3 төрлийн өвчний эмнэлгийн тодорхойлолттой байгаа. Нас барсан талаарх эмнэлгийн гэрчилгээнээс харахад ч Ө.Чулуун-Эрдэнэ нь өвчний улмаас нас барсан тухай эмчийн тэмдэглэл байдаг.

Ипотекийн даатгалын гэрээнд  зээлдэгч гэнэтийн ослоор нас барсан бол даатгалын нөхөн төлбөр авна гэсэн. Даатгалын үйл ажиллагааг Даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос батлан гаргасан, даатгалын багц дүрмээр зохицуулдаг. Даатгалын компанийн үйл ажиллагаа нь Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан ипотекийн даатгалын журамд нийцсэн байна гэж заасан байдаг. “Монгол даатгал” ХХК-тай гэрээ байгуулсан гэрээг манай байгууллага хүчээр цуцлуулж, “П.Д” ХХК-тай хүчээр гэрээг байгуулаагүй.

“Худалдаа хөгжлийн банк” ХХК нь “ПД” ХХК-тай хамтарч ажилладаг. Нэхэмжлэгч тал нь “Монгол даатгал” ХХК-тай даатгалын гэрээ байгуулах үед ипотекийн даатгалын журам гэж батлагдаагүй байсан учраас даатгалын нөхцөл өөр байсан. Ипотекийн журам батлагдсанаас хойш бүх л даатгалын компанууд уг журмыг баримталж даатгалын үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Ч нар ипотекийн даатгалын гэрээ хууль бус байна гэдэг үндэслэлээр бид нарт хандаж байгаагүй. Иймээс гэрээний нөхцлийг тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул Ө.Чулуун-Эрдэнэ, Д.Ч нартай байгуулсан ипотекийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Ө.Чулуун-Эрдэнийн өвчтөний түүх дээр 4 хоног дараалж архи уугаад өглөө нь сэрээд ухаан алдаж унахад гэрээр хордлого тайлах шингэн, өвчин намдаах тариа хийсэн гэсэн байсан. Нас барсан талаарх эмчийн тэмдэглэлд Ө.Чулуун-Эрдэнийг архины архаг хордлогоос болж нас барсан гэж байдаг бөгөөд өөрсдөө хордлогод орсон байгаа хүнд дур мэдэн эмчилсэн нь Ө.Чулуун-Эрдэнийг нас барахад нөлөөлсөн байж болзошгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагдаж байна. Гэнэтийн осол гэдэг бол урьдчилан тооцоолох боломжгүй, тухайн хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлаас болж богино хугацаанд үүссэн үйл явдлыг хэлж байгаа. Гэтэл Ө.Чулуун-Эрдэнийн хувьд тийм зүйл тохиолдоогүй. Эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад тодорхой өвчний шалтгааны улмаас нас барсан. Энэ тухай тодорхой нотлох баримтууд хэрэгт байгаа. Иймээс гэрээний дагуу нөхөн төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй. Харин нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл үүссэн, даатгалын гэрээний 8.1.8-д заасны дагуу өвчин эмгэгийн улмаас нас барсан тохиолдолд нөхөн төлбөр олгодоггүй.  Архины архаг хордлого бол өвчин мөн эсэх талаар мэргэжлийн 2 эмч гэрчийн мэдүүлгээрээ өвчин мөн гэдгийг тодорхойлж хэлээд байхад, өвчин биш гээд байгаа нь үндэслэлгүй. Ө.Чулуун-Эрдэнэ нь архи  хэтрүүлэн уусны улмаас архины хордлогод орсон, хордлогод орсны улмаас бусад эд эрхтний үйл ажиллагаа доголдож нас барсан байна гэдгийг мэргэжлийн эмч нар хэлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр  бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч “ПД” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 22 265 871  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Д.Ч нь Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д заасны  дагуу Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөр гаргуулах тухай гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 9/1258 дугаар албан бичгээр хариу өгч шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, даатгуулагч Ө.Чулуун-Эрдэнэ нь өвчний улмаас нас барсан нь нотлогдсон, өвчний улмаас нас барсныг гэнэтийн осол гэж үзэхгүй, даатгалын гэрээний 2.1.2, 8.1.9-д заасан даатгалын тохиолдолд хамаарахгүй, Санхүүгийн зохицуулах хорооны  2015 оны 407 дугаар тогтоолоор баталсан журамд даатгагч хороонд бүртгүүлсэн даатгалын гэрээний загвараас өөр нөхцөл шаардлага бүхий загвараар тухайн бүтээгдхүүнийг борлуулахыг хориглохоор,  2017 оны 109 дүгээр тогтоолоор  баталсан “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-д хороонд бүртгүүлсэн ипотекийн даатгалын бүтээгдэхүүний гэрээ, даатгалын хураамжийн хувь хэмжээнд хорооноос зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахыг хориглохоор өөрчилснийг дагаж мөрдөхөөр заасан гэж тайлбарлан маргасан. 

 

Шүүх нэхэмжлэгч Д.Ч-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай  байгуулсан “Ипотекийн даатгалын баталгаа” нь гэнэтийн ослын даатгалын төрөл биш бөгөөд даатгуулагч Ө.Чулуун-Эрдэнэ нас барах даатгалын тохиолдлыг гэнэтийн осол байхаар гэрээнд заасан нь гэрээ байгуулсан үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус заалт, Ө.Чулуун-Эрдэнэ нь архи хэрэглэж байх явцдаа гэнэт нас барсан, аливаа хууч, эмгэг өвчнөөс нас бараагүй, архины хордлого нь өвчин биш, талийгаачийн үхэл нь урьдчилан мэдэх боломжгүй ахуйн осол байсан тул даатгалын нөхөн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Ч, талийгаач Ө.Чулуун-Эрдэнэ нар нь 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлйин банкнаас 58 000 000 төгрөгийг сард 1,35 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж аван зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Намъянжугийн гудамж, 78 дугаар байр, 09 тоот, 49,26 м.кв талбайтай, 2 өрөө орон суууцыг барьцаалж, ЗГ-ВСС2013032913-1 тоот зээлийн гэрээ, БГ- ВСС2013032913-1-1 тоот барьцааны гэрээ, 2014 оны 03 дугаар сарын 17-нд орон сууцны зээлийн нэмэлт гэрээг, 2013 оны оны 06 дугаар сарын 25-нд Худалдаа хөгжлийн банк, “Гангар инвест” ХХК болон зээлдэгч нарын хооронд “Харилцан үүрэг хүлээх гурван талт гэрээ”-г тус тус  байгуулжээ.

 

Дээрх зээлийн гэрээтэй холбоотойгоор болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлыг нөхөн төлөх, хураамж төлөх зорилгоор зээлдэгч нар болон хариуцагч “П.Д” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар  сарын 22-ны өдрийн 180200004709 тоот “Ипотекийн даатгалын баталгаа”-ны гэрээг байгуулсан байх бөгөөд  уг гэрээний  2.1.2-т  даатгуулагчийн амь нас /гэнэтийн ослын улмаас нас барах/ нь  даатгалын зүйл байхаар, 3.1, 3.2-т   даатгалын эрсдэлийн төрөл, 3.4-т даатгалын хураамж нь зээлийн үлдэгдлийн 10 хувь байхаар, даатгалын хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэхээр  тус тус тохиролцсон байна.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 431.4.-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.2.1.-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр даатгалын гэрээ байна.

 

Зээлдэгч буюу даатгуулагч Ө.Чулуун-Эрдэнэ нь даатгалын гэрээний хугацаанд 2018 оны 10 дугаар сарын 29-нд нас барсан нь 00002219566 тоот нас барсны гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдсон.

 

Зохигчдын хооронд байгуулсан “Ипотекийн даатгалын баталгаа”-ны гэрээний 3.2-т даатгуулагч  нь гэнэтийн ослын улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар бүрэн алдсан  бол даатгалын эрсдэлд тооцож, нөхөн төлбөрийг гэрээний  7.7, 7.9-д  заасан үндэслэл, нөхцлийн дагуу даатгагчаас олгохоор заасан байна.

 

Хэрэгт авагдсан, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн өвчтөний нас барсан тухай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн  гэрчилгээнд “...үхэлд хүргэсэн  шууд шалтгаан: Амьсгал, зүрх судасны цочмог дутагдал... үхлийн үндсэн шалтгаан: архины хордлого, хүнд зэрэг...” гэж, 

8237 тоот өвчний түүхэнд “...Онош: 1.Архины хордлого, хүнд зэрэг, 2.Хоол боловсруулах замын цус алдалт, олон эрхтэний дутагдал. Эмч Л.Тамир...” гэж,

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Эмгэг судлалын шинжилгээний СБ-52/2018 тоот протокол”-д  “ Эмгэг судлалын онош.

1.Архины архаг хордлого:олон эрхтэний илрэлтэй, элэгний тархмал өөхжилт,архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл ӨОУА 10. Т51.

2.Тархи, уушгины хаван. Бөөрний сувганцарын голомтот үхжил.

3.Хоёрдогч кардиомиопати: зүрх 450 гр, ЗХХ 1,6 см, БХХ 0,5... Үхлийн шалтгаан архины архаг хордлого, олон эрхтэний дутагдал. Эмнэлзүй болон эмгэг судлалын онош үндсэн өвчин болон түүний хүндрэлийн нэршлээр тохирсон...Эмгэг судлаач эмч Г.Саруул...” гэж,

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181 тоот тодорхойлолтод “Ө.Чулуун-Эрдэнэ 44 настай, эрэгтэй, РД:ЧИ74070675, историйн дугаар-8237, тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ...биеийн байдал маш хүнд эмчлэгдэж байгаад нас барсан болно. Эмгэг судлалын шинжилгээнд хамрагдаж онош батлагдсан. Эмгэг судлалын онош: /СБНЭ-52.18/

1.Архины архаг хордлого: олон эрхтэний илрэлтэй, элэгний тархмал өөхжилт, архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл ӨОУА 10. Т.

2.Тархи, уушгины хаван. Бөөрний сувганцарын голомтот үхжил.

3.Хоёрдогч кардиомиопати, ЗХХ 1,6 см, БХХ 0,5 байна...” гэж талийгаач Ө.Чулуун-Эрдэнийн нас барсан шалтгааны талаар  тус тус тодорхойлжээ.

 

Дээрх баримтууд болон шүүхэд мэдүүүлсэн гэрч Г.Тамир, Л.Саруул нарын мэдүүлэг зэргээр талийгаач Ө.Чулуун-Эрдэнэ нь архины архаг хордлого, олон эрхтэний илрэлтэй, элэгний тархмал өөхжилт, архаг шархлаат гастрит, нарийн гэдэсний шархлаат үрэвсэл бүхий үндсэн өвчин, тархи, уушгины хаван, бөөрний сувганцарын голомтот үхжил бүхий хүндэрсэн өвчин, хоёрдогч кардиомиопати зүрхний булчингийн эмгэг гэсэн хавсарсан өвчний улмаас нас барсан нь нотлогдсон байх бөгөөд эдгээр өвчнүүд нь түүний нас барах шалтгаан болсон байх тул талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3.2-т заасан даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4.-т “ даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэх” гэж тодорхойлсон ба даатгалын тохиолдол нь даатгалын зүйлд хохирол учирсан байхаас гадна уг хохирол учирсан шалтгаан нөхцлийг хамтад нь ойлгохоор байна.

 

Иргэний хуулийн 436 дугаар зүйлд даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлыг даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, даатгуулагч аюулыг санаатайгаар ихэсгэсэн бол даатгуулагч гэрээг цуцлах, 443 дугаар зүйлийн 443.17.-д  амь насаа даатгуулсан этгээд нь амиа хорлосон бол даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхөөр зохицуулсан байдлаас үзэхэд даатгалын эрсдэл нь гэнэтийн, даатгуулагчаас үл хамаарах шалтгаанаар, санамсаргүй тохиолдлоор бий болдог шинжтэй үйл явдал байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 2.1.2-т даатгуулагчийн амь нас гэнэтийн ослын улмаас нас барсан бол даатгалын зүйл байхаар заасан байх бөгөөд гэрээний  10.20-д  гэнэтийн осол гэх ойлголтод үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл, түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол хамаарахаар тодорхойлсон.

Үүнээс үзэхэд  талийгаач Ө.Чулуун-Эрдэнэ өвчний улмаас нас барсан явдал нь түүнийг гэнэтийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн даатгалын гэрээний 8.1.9-д  “Өвчин эмгэгийн улмаас нас барсан” бол даатгуулагчид  нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл болохоор зааснаас үзэхэд ч гэрээний 7.6.3, 7.7, 7.9-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгох үндэслэл, нөхцөл бий болоогүй гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Монгол даатгал” ХХК болон Д.Ч, Ө.Чулуун-Эрдэнэ нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээт баталгаа”,  “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа” гэх баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдав.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн хариуцагч “ПД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 22 265 871 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Чулунцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар “П.Д” ХХК-иас 22 265 871  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Ч-ийн  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.   

 

ДАРГАЛАГЧ                                          Ж.БАЙГАЛМАА