Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1914

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01980 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “О” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “О” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж, стандарт, бичиг баримтын хяналтын ахлах мэргэжилтэн гэдэг албан тушаал хашиж ажилласан.

Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ажлаа хийж байхад Хүний нөөцийн хэлтсээс дуудаж “Та төрөл садангийн хүнтэй хамт ажиллаж байгаа тухайгаа компанид мэдэгдээгүй, зөрчил гаргасан тул өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чинь халлаа” гэж хэлээд тушаалыг танилцуулсан.

Гүйцэтгэх захирлын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн HR 3012 тоот тушаалд ажлаас халах болсон шалтгааныг “шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж дурдсан байсан.

Тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, энд дурдагдсан садан төрлийн холбоотой ажилтан нь Б.Гын эхнэр Б.Чы төрсөн дүү Б.Хын эхнэр Ч.О ба тэрээр Б.Гын багт Автоматик, нарийн хэмжүүрийн тоноглолын мэдээллийн хяналтын ажилтны албыг хашдаг. Өөрөөр хэлбэл, Ч.О, Б.Г хоёр нэг айлын хүргэн, бэр хоёр юм.

Ч.О нь 2012 онд “О” ХХК-д зарлагдсан ажлын байрны зарын дагуу өргөдөл өгч, Б.Гын багт ажиллах болсон. Ч.Оийн ажилд авах ярилцлагыг “О” ХХК-ийн Хүний нөөцийн ажилтнууд болон Австралийн мэргэжилтэн Алан Рэй, мөн Кент Лихти гэх хүмүүс бөгөөд Б.Гын зүгээс тэдний гаргах шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байгаагүй, Ч.Оийг ажилд аваагүй.

Нэг айлын хүргэн, бэр хоёр хуулиар садан төрлийн холбоотой байх боломжтой эсэхийг хуульчаас лавлахад садан, төрлийн хамаатан улс гэж тооцогдохгүй гэсэн хариу авснаас хойш “О” ХХК-ийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт “О” ХХК-д ажилладаг ах, дүү, хамаатан садан байхгүй гэж мэдүүлсээр ирсэн.

Б.Г нь Ч.От хууль журам зөрчиж ямар нэгэн илүү таатай нөхцөл боломж, давуу байдал зориудаар олгож байсан зүйл огт байхгүй, компанийн дүрэм, журамд заасан дагуу ажил төрлийн харьцаатай байсан.

Б.Г “О” ХХК-д ажиллаж байсан хугацаандаа аливаа сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд өөрийн ажилдаа дуртай, цаашид ч ажиллана, бүтээнэ гэсэн бодолтой байсан.

Иймд “О” ХХК-ийн Барилга, инженерийн хэлтсийн стандарт, баримтын хяналт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75 549 524 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан.

Үүнийг компани 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ярилцлагын үр дүнгээр мэдсэн учир хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар цуцалсан.

Ажил олгогч компани хуулийн хүрээнд дотооддоо мөрдөх дүрэм, журам, стандарт боловсруулж мөрдүүлэх нь хууль зөрчихгүй бөгөөд Бизнесийн ёс зүйн стандартад заасан садан төрлийн холбоотой хүн гэх ойлголтод хэн хамаарах талаар ойлгохгүй байсан бол нэхэмжлэгч нь хуульчаас биш харин “О” ХХК-ийн хууль, дүрмийн хэрэгжилтийн багаас тодруулаад явах боломж нь бүрэн байсан.

Энэ талаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүх ажилтнуудад санхүү хариуцсан захирал Жеффри Махонигоос илгээсэн ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай и-мэйлдээ тусгасан байсан.

Манай компанийн зүгээс садан төрлийн холбоотой хүмүүс нэг газар ажиллаж болохгүй гэж огт хориглоогүй, гагцхүү ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй тохиолдолд урьдчилаад энэ тухайгаа мэдэгдэхийг л хүссэн.

Иймд Б.Гын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан “О” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75 549 524 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай Б.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн. "О" ХХК Б.Гыг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд “Б.Г нь “О” ХХК-д түүний шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж , цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалсугай” гэжээ.

Энэхүү тушаалд дурдсан садан төрлийн холбоотой хүн гэдэг нь Б.Гын эхнэр Б.Чы төрсөн дүү Б.Хын эхнэр Ч.О юм. "Садан төрлийн холбоо"-той этгээдүүдийн талаар энэ харилцааг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсон байхад анхан шатны шүүх төрөл, садны холбоог нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэх байтал гадаадын хөрөнгө оруулалттай ашгийн төлөө компанийн хууль зөрчиж боловсруулсан дүрэм, журмын заалтыг барьж нэг айлын хүргэн бэр болох Б.Г, Ч.О нарыг төрөл садны холбоотой хүмүүс мөн гэж дүгнэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн , хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

 “О” ХХК нь Б.Гыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх асуудлыг шалгаж тогтоогоогүй, Б.Г нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, Б.Г, Ч.О нар нь төрөл садны холбоотой хүмүүс мөн эсэхийг баримтаар нотлолгүй, үндэслэлгүйгээр ажлаас халсан, энэ хоёр хүн төрөл садны холбоотой хүмүүс биш учир ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, энэ үндэслэлээр ажлаас халсан нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж эрх ашгийг нь хохироосон, “О” ХХК нь хуулиас давсан хуульд нийцээгүй дүрэм, журам боловсруулж түүнийгээ баримтлан Б.Гыг үндэслэлгүй ажлаас халсан.

 “О” ХХК-ний зүгээс ёс зүйн талаар явуулж байсан сургалтад Бизнесийн ёс зүйн стандарт нэртэй баримт бичигт заасан садан төрлийн холбоотой хүмүүсийн талаар огт заагаагүй богино хэмжээний түргэвчилсэн сургалт явуулсан.

Анхан шатны шүүх Б.Г нь Ч.От бусдаас давуу байдал олгосон гэж үзэж байгаа бол Б.Гын удирдлага дор ажилладаг 9 хүний бүгдийнх нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшууллын нэмэгдлийн талаарх баримтыг харьцуулан үзэж зөвхөн Ч.От давуу байдал олгосон эсэхэд дүгнэлт хийх ёстой байсан .

Гэтэл шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ганц Ч.Оийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалин урамшууллын нэмэгдлийн талаарх баримтыг бусад ажиллагсдын баримттай харьцуулахгүйгээр дүгнэсэн нь өрөөсгөл үндэслэлгүй дүгнэлт болсон.

Шүүх садан төрлийн холбоог нарийвчлан зохицуулсан хууль байхад хуулийг хэрэглэлгүй компанийн дүрмийн заалтыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүхийн -шийдвэр хууль ёсны байх хуулийн зарчмыг алдагдуулсан байна.

Монгол улсад үйл ажиллгаа явуулж байгаа аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудийн дотооддоо мөрдөж байгаа дүрэм журам нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай нийцсэн, хуулийг зөрчөөгүй байх ёстой бөгөөд хуулийн заалтыг өргөжүүлж өөрийн онцлогт тохируулан нэмж ,хасах эрх тэдэнд байхгүй. “О” ХХК-ний Б.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 16 дугаар зүйлийн А-д захирагдах хууль тогтоомж хэсэгт “ Энэхүү гэрээнд Монгол улсын хууль тогтоомжийг баримтална” гэж зааснаас үзэхэд энэ компани зөвхөн хуулийг баримтлан хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар заасан байна.

Нэхэмжлэгч Б.Г нь өндөр боловсролтой, улсад 37 жил үр бүтээлтэй ажилласан, Монгол улсын хууль тогтоомжийг судалсан хүний хувьд хуулиар ямар хүмүүсийг садан төрөлд тооцдог талаар мэргэжлийн хуульчаас эрх зүйн туслалцаа авч эхнэрийнх нь дүүгийн эхнэр буюу нэг айлын хүргэн бэрүүд садан төрлийн талаар мэдүүлээгүй гэсэн тухайлан заасан заалт байхгүй байхад шүүх тухайлан заагаагүй зөрчлийн талаарх заалтыг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой бөгөөд уг зөрчил нь гарснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан байна гэж үзэхээр байна.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Б.Г нь ажлаас халагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажлын 116 өдрөөр тооцож нэг өдөрт ногдох цалин 651 289 төгрөг, нийт 75 549 524 төгрөгийг “О “ХХК-аас нэхэмжилсэн бөгөөд үүнээс хойш давж заалдах шатны шүүх хурал хуралдах өдөр хүртэлх цалин хөлсийг нэмж нэхэмжилж байгаа болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75 549 524 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Г нь 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “О” ХХК-ийн захирлын 130/11 тоот тушаалаар Стандарт, барилгын хяналт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад мөн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR3012 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б, 10 дугаар зүйлийн 10.2.1.ж, “Бидний ажлын арга барил” нэртэй бизнесийн ес зүйн дүрмийн Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дахь заалт, Бизнесийн ёс зүйн стандартын 5 дугаар зүйлийн 5.1, 5.4 дэх заалтыг баримтлан Б.Гыг өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэлгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг заасан зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “нэг айлын хүргэн бэрүүд нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүд, төрлийн хүн, садангийн хүн гэх ойлголтод хамаарахгүй тул ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлэх үүрэггүй байсан, стандартын заалт хууль зөрчсөн” гэж, хариуцагч нь “Б.Г нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтан болох Ч.Оийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой, Бизнесийн ёс зүйн стандартын ашиг сонирхлын зөрчил үүсэх “бусад хувийн харилцаа холбоонд” хамаарах тул ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж” тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Б.Гын шууд удирдлага дор Ч.О ажилладаг, Б.Г, Ч.О нар нэг айлын хүргэн, бэр болох талаар талууд маргаагүйгээс гадна Б.Г, Б.Ч нар нөхөр, эхнэр, Б.Ч, Б.Х нар төрсөн эгч дүүс, Б.Х, Ч.О нар нөхөр, эхнэр болох нь тэдгээрийн гэрлэлтийн баталгаа, төрөл садангийн лавлагаагаар тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хуульд зааснаар Ч.Отэй садан төрлийн холбоогүй гэж, хариуцагч тал нь байгууллагын бизнесийн ёс зүйн стандартад тусгагдсанаар тэдгээрийг садан төрлийн холбоотой гэж тус тус тодорхойлон тайлбарлаж байгаа нь маргааны зүйл болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлээр зохицуулсан ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглох зохицуулалт дахь “нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс” гэснийг Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 10 дугаар зүйлд “нэг гэр бүлийн хүмүүс” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т заасан гэр бүлийн гишүүдээс гадна гэрлэлтийн баталгаагүй боловч хамтын амьдралтай хүмүүсийг хамааруулан ойлгоно гэж тайлбарлажээ. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан зохицуулалт төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх ажил, албан тушаал эрхлэх ажилтанд хамаарах юм. Иймд хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулж байгаа “О” ХХК болон уг компанийн ажилтанд хуулийн энэ зохицуулалт үйлчлэхгүй гэж дүгнэнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Гэр бүлийн тухай хуулиар тодорхойлсон “төрөл садангийн хүн” гэсэн тодорхойлтыг хэрэглэхгүй юм.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч байгууллагын стандартын нэр томьёоны тайлбар хэсэгт “садан төрлийн холбоотой хүн” гэдэг тодорхойлолтод Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д зааснаас гадна хадмын талын хүнийг мөн хамаатуулахаар илүү өргөжүүлсэн утгаар тайлбарлан оруулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

 

Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар захирлын 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03/05 тоот тушаалаар компанийн дотоод журмыг батлан мөрдүүлж, уг дотоод журмын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох сахилгын зөрчлийн улмаас ажлаас халах хэсгийн ашиг сонирхолын зөрчилдөөн үүсэх зөрчлийн талаар ажилтан бүртэй байгуулах хөдөлмөрийн гэрээнд тусгаж оруулна гэж заасан байна. /хх105-120/

 

 Дээрх дотоод журмыг үндэслэн талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8.б-д “компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх”, 10.2.1.ж-д “...ажилтны хувийн ашиг сонирхол нь ажил олгогчийн ашиг сонирхолд ямар нэг байдлаар харшлах, тэрчлэн шууд буюу шууд бусаар ажил олгогчийн ашиг сонирхолд үл нийцсэн, өөрийн болон гуравдагч этгээдийн тусын тулд үйлчлэх үйлдэл, эс үйлдэл хийхийг хатуу хориглоно. Ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэх магадлалтай тохиолдолд энэ тухай ашиг сонирхлын зөрчил байхгүй ажил олгогчийн төлөөлөгч, удирдлагад мэдэгдэх, тодорхой шийдвэр гаргах, үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахдаа ажил олгогчийн зөвшөөрлийг авах үүрэгтэй” гэж тодорхойлсон. Түүнчлэн Ажилтны ажлын байрны тодорхойлолтын 3.2-т “Бидний ажлын арга барил” нэртэй зарчмын дагуу үнэнч шударга ажиллана гэж тус тус заажээ. /хх 6-11, 52-53/

 

“О” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Бизнесийн ёс зүйн стандартыг дагаж мөрдсөн ба уг баримт бичигт “садан төрлийн холбоотой хүн” гэдэгт “...гэрлэлтийн үр дүнд ах, эгч дүүсийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын тал хамаарна...” гэж, уг стандартын 5.1-д “ашиг сонирхлын зөрчил гэж юу болох, садан төрлийн холбоотой хүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой бол бусад хувийн харилцаа холбоонд ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэж, 5.4-д “бодит эсхүл болзошгүй ашиг сонирхлын зөрчил байгаа талаар мэдсэн даруйдаа холбогдох бүх дэлгэрэнгүй мэдээллийг “О” ХХК-д байгаа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг урьдчилан батлах маягтыг ашиглан мэдүүлэх нь чухал ач холбогдолтой”, /хх 125-145/

мөн компанийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Бидний ажлын арга барил нэртэй бизнесийн ес зүйн дүрмийн хавсралтын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2-т “Бид ашиг сонирхлын бодит болон болзошгүй зөрчлийг урьдчилан мэдүүлдэг. Зөрчлөөс зайлсхийх боломжгүй үед бусадтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр ил тод, зохистой хэлбэрээр зохицуулна” гэж тус тус заажээ. /хх 55-63/

 

“О” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сард батлагдсан Бизнесийн ёс зүйн стандартын дагуу бүх ажилтан өөрийн бодит болон боломжит ашиг сонирхолын зөрчлийг үүссэн үед нь мэдүүлэх үүрэгтэй, ашиг сонирхолын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтыг компанийн ОТ Портал дээр байршуулсан талаарх мэдээллийг Б.Гт 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цахим шуудангаар илгээж мэдэгдсэн байх бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Б.Г нь Бизнесийн ёс зүйн сургалтад 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хамрагдсан, тэрээр Б.Г стандарт болон ёс зүйн талаар мэдээгүй гэж маргаагүй. /хх 199-200/

 

Иймд Б.Г нь Ч.Отэй садан төрлийн хүмүүс болох ашиг сонирхолын мэдүүлгийг ажил олгогчид мэдүүлэх үүрэгтэй байжээ.

 

Түүнчлэн Б.Г нь Ч.Оийн 2016, 2017, 2018 оны ажил гүйцэтгэлийн үзүүлэлтийг маш сайн буюу 100 хувь гэж үнэлсний улмаас Ч.О нь 2017-2019 он буюу 3 жилийн хугацаанд урамшуулал авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Б.Гын шууд удирдлага дор түүний садан төрөл Ч.О ажилладаг байхад энэ талаар ажил олгогчид тогтоосон журмын дагуу ашиг сонирхолын мэдүүлэг мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                               Э.ЗОЛЗАЯА