Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00451

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01980 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1914 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Г-

          Хариуцагч: “О-” ХХК-д холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Энхтуяагийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2019-04-26-ны өдөр ажлаа хийж байхад “..төрөл садангийн хүнтэйгээ хамт ажиллаж байгаа тухайгаа компанид мэдэгдээгүй, зөрчил гаргасан..” гэж ажлаас халлаа гээд тушаал танилцуулсан. Гүйцэтгэх захирлын 2019-04-26-ны өдрийн HR 3012 тоот тушаалд ажлаас халах болсон шалтгааныг шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн байсан. Тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, садан төрлийн холбоотой ажилтан нь эхнэр Б.Чулууны төрсөн дүү Б.Хатанбаатарын эхнэр Автоматик, нарийн хэмжүүрийн тоноглолын мэдээллийн хяналтын ажилтан Ч.Оюундэлгэр юм. Өөрөөр хэлбэл, нэг айлын хүргэн, бэр юм. Ч.Оюундэлгэр 2012 онд О- ХХК-д зарлагдсан ажлын байрны зарын дагуу өргөдөл өгч, нэхэмжлэгчийн багт ажиллах болсон. Ч.Оюундэлгэрийг ажилд авах ярилцлагыг О- ХХК-ийн Хүний нөөцийн ажилтнууд болон Австралийн мэргэжилтэн Алан Рэй, Кент Лихти гэх хүмүүс авсан. Миний зүгээс тэдний гаргах шийдвэрт нөлөөлөх ямар ч боломж байхгүй, ажилд аваагүй. Нэг айлын хүргэн, бэр хоёр садан, төрлийн хамаатан улс гэж тооцогдохгүй гэсэн хариуг хуульчаасаа авсан тул О- ХХК-ийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт О- ХХК-д ажилладаг ах, дүү, хамаатан садан байхгүй гэж мэдүүлсээр ирсэн. Ч.Оюундэлгэрт ямар нэгэн илүү таатай нөхцөл боломж, давуу байдал зориудаар олгож байгаагүй, компанийн дүрэм, журамд заасан дагуу ажил төрлийн харьцаатай байсан. Иймд О- ХХК-ийн Барилга, инженерийн хэлтсийн стандарт, баримтын хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 75,549,524 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Б.Г- нь өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Үүнийг компани 2019-04-12-ны өдрийн ярилцлагын үр дүнгээр мэдсэн учир хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар цуцалсан. Ажил олгогч компани хуулийн хүрээнд дотооддоо мөрдөх дүрэм, журам, стандарт боловсруулж мөрдүүлэх нь хууль зөрчихгүй бөгөөд Бизнесийн ёс зүйн стандартад заасан садан төрлийн холбоотой хүн гэх ойлголтод хэн хамаарах талаар ойлгохгүй байсан бол нэхэмжлэгч нь хуульчаас биш харин О- ХХК-ийн хууль, дүрмийн хэрэгжилтийн багаас тодруулаад явах боломж нь бүрэн байсан. Энэ талаар 2017-04-24-ний өдөр бүх ажилтнуудад санхүү хариуцсан захирал Жеффри Махонигоос илгээсэн ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай и-мэйлдээ тусгасан байсан. Манай компанийн зүгээс садан төрлийн холбоотой хүмүүс нэг газар ажиллаж болохгүй гэж огт хориглоогүй, гагцхүү ашиг сонирхлын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй тохиолдолд урьдчилаад энэ тухайгаа мэдэгдэхийг л хүссэн. Иймд Б.Г-ын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 181/ШШ2019/01980 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан О- ХХК-д холбогдох Б.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1914 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01980 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

  Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Энхтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “О-” ХХК-ийн зүгээс Б.Г-ыг өөрийн шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж халсан. Анхан шатны шүүх “...О- ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйтэй ажиллах үүргийн хүрээнд бүх хэлбэрийн хээл хахууль, авилгыг хориглох, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, түүнийг мэдүүлэх, зохицуулах, бүх хэлбэрийн залиланг хориглох тухай бизнесийн ёс зүйн амлалтыг биелүүлэх зорилгоор Бизнесийн ёс зүйн стандартыг батлан гаргаж 2016-07-01-с мөрдсөн байна. Уг стандартын нэр томьёоны тайлбар хэсэгт садан төрлийн холбоотой хүн гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6-д зааснаас гадна хадмын талын хүнийг мөн хамруулахаар илүү өргөжүүлсэн утгаар тайлбарлан оруулсан байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн дотоод харилцаандаа хуулиар тодорхойлсон нэр томьёог дээрх байдлаар илүү өргөжүүлж, өөрийн онцлогт тохируулан хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 130.2-г зөрчөөгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөөгүй тул уг стандартын холбогдох заалтыг хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. ... Ч.Оюундэлгэр нь Б.Г-ын хадмын талын хүн гэх ойлголтод хамаарах тул Б.Г- Бизнесийн ёс зүйн дүрмийн 5.1-н бусад хувийн харилцаа холбоо хэсэгт заасан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ тухайгаа ажил олгогчид мэдүүлэх үүрэгтэй. Гэвч тэрээр ийнхүү мэдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Хөдөлмөрийн гэрээний 10.2.1.ж-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ...” гэж гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө компанийн хуулийн заалтыг дур мэдэн нэмж өөрчилж боловсруулсан дүрэм журмыг хуулиас дээгүүр тавьсан, үүнийг давж заалдах шатны шүүх зөв гэж үзсэнийг  зөвшөөрөхгүй. Давж заалдах шатны шүүх “... Хөдөлмөрийн тухай хуулийн 2.1 дэхь хэсэгт “Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж зааснаас үзвэл хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Гэр бүлийн тухай хуулиар тодорхойлсон “төрөл садангийн хүн” гэсэн тодорхойлолтыг хэрэглэхгүй юм...” гэж дүгнэсэн нь өрөөсгөл дүгнэлт болсон. “садан төрлийн хүн” гэдэг ойлголтыг нарийвчлан зохицуулсан цорын ганц заалт болох Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5 , 3.1.6 дахь заалтыг тухайн маргааны зүйлд нийцүүлэн хэрэглэх ёстой байсан гэж үзэж байгаа болно. Учир нь “О-” ХХК-ийн баталж мөрдүүлсэн “Бизнесийн ёс зүйн стандарт" нэртэй бичиг баримтын нэр томьёоны хэсэгт : “Садан төрлийн холбоотой хүн гэдэгт таны ойрын төрөл хамаарах ба үүнд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, хүүхэд, цусан төрөл .гэрлэлт эсвэл үрчлэлтийн үр дүнд ах /эгч/ дүүсийн холбоо үүссэн хүмүүс / хадмын талыг оролцуулна/ гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.6 дахь хэсэгт заасан хүмүүсээс гадна хуульд заагаагүй бусад этгээдүүдийг оруулсан байгаа нь Б.Г-ыг ажлаас халах гол үндэслэл болсон байтал шүүх Б.Г-, Ч.Оюундэлгэр нар нь хуульд заасан төрөл садны хүмүүс мөн эсэхэд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан, энэ асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль байхад уг хуулийг хэрэглэхээс зайлсхийж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-дэхь заалтыг тайлбарлахдаа : “ төрөл садангийн хүмүүс” гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5, 3.1.6-д заасан хүмүүс хамаарна. гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн харилцаанд үүссэн маргаан дотор “төрөл садангийн хүний” асуудлаар маргасан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн дээрхи заалтыг хэрэглэхээр тайлбарласан байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “ Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Гэр бүлийн тухай хуулиар тодорхойлсон “ төрөл садангийн хүн “ гэсэн тодорхойлолтыг хэрэглэхгүй юм” гэж хууль хэрэглээний тал дээр алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэв “ О-” ХХК “Бизнесийн ёс зүйн стандарт” нэртэй дүрэм журмандаа “төрөл садны хүн” гэсэн ойлголтод хадмын талыг хамруулахаар заагаагүй , хуулиа баримталсан заалт оруулсан бол Г- гэдэг хүн ажлаа хийгээд явж байх байсан. Гэтэл “О-” ХХК-нь хуулиас давсан, хуульд нийцээгүй дүрэм журам боловсруулж мөрдүүлснээс болж мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан ажилтны эрх ашиг хохирсон байхад шүүх холбогдох хуулийг хэрэглэж маргааныг шийдэх байтал компанийн дүрэм журмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байгаа болно. Эдгээр үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

         Б.Г- 2019-05-16-ны өдөр “О-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ-барилга инженерийн хэлтсийн Стандарт, баримтын хяналт хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

  Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  “О-” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019-04-29-ний өдөр HR 3012 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 8б, 10.2.1ж., “Бидний арга барил”-н ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2., “Бизнесийн ёс зүйн стандарт”-н 5.1-н бусад хувийн харилцаа холбоо гэсэн хэсэг болон 5.4., Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000-06-14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1-р хавсралт” ээлжийн амралт олгох заавар”-н 15а-г баримтлан “... шууд удирдлага дор ажилладаг садан төрлийн холбоотой ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийж, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан..” гэж ажлаас нь халжээ.

        Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамааруулах талаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх, заасан зөрчлийг ажилтан гаргасан нь тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарна. 

  Зохигчийн хооронд 2017-03-27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1 дэх хэсэгт талууд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах “ноцтой зөрчил”-н талаар тухайлан дурдсан, 10.2.1-н “ж”-д “...ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэх магадлалтай тохиолдолд энэ тухай ашиг сонирхлын зөрчил байхгүйг ажил олгогчийн төлөөлөгч,удирдлагад мэдэгдэх,тодорхой шийдвэр гаргах,үйлдэл хийх,үйл ажиллагаа явуулахдаа Ажил олгогчийн зөвшөөрөл авах үүрэгтэй...” талаар /хх1-н 6,46/ заажээ. 

  Зохигчийн хооронд 2017-03-27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-“ж”-д зааснаар ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэх магадлалтай тохиолдол..”-н талаар мэдэгдээгүй, мэдүүлээгүй нь ноцтой зөрчилд хамаарах талаар заасан, Ч.Оюундэлгэр нь Б.Г-ын удирдлага дор ажилладаг талаар мөн Ч.Оюундэлгэр, Б.Г- нар нэг айлын бэр,хүргэн болохыг талууд үгүйсгээгүй байна.

  Ажил олгогч нь “..Ч.Оюундэлгэр, Б.Г- нар садан төрлийн холбоотой...” гэж бус, харин “..ажилтан ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх,цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх боломжтой талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлээгүй...” нөхцөл байдлыг хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгосон буюу ноцтой зөрчил гэж үзсэнийг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.  

        Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлд ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглох талаар зохицуулсан байх бөгөөд энэ нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамааралтай байх тул энэ тухай болон хяналтын гомдлын бусад үндэслэл нь нэхэмжлэлийг хангах  нөхцөл болохгүй байна.   

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01980 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1914 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Энхтуяагийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Энхтуяагаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ