Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 117/ШШ2021/0052

 

                     

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Э.О, Б.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Г сумын Здаргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Гсумын З даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/.. тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.Бд олгосон ... тоот газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд М.Б, түүний өмгөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.

                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч T.О, Б.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Дундговь аймгийн Г сумын .-р багийн нутаг дэвсгэрт байх Т зүүн хойд Ш хэмээх газар бид 1960 оноос хойш буюу бага залуу наснаасаа өнөөг хүртэл эзэмшиж ирсэн юм.

2016 онд ган зудаас шалтгаалан Т аймгийн нутаг руу отор нүүдэл хийж явах хойгуур өвөлжөөн дээрх хашаа хорооны мод, эд зүйлс алга болоод байхаар нь Д.От хашаа хороогоо зарсан. Бид эхнэр Л.Тийн дүү Л.Тээр газрын эзэмших эрхээ Э.Од гаргуулахаар хөөцөлдүүлсэн ба өөрсдөө хоёр ч удаа Сумын засаг даргадаа бууцны газраа эзэмших талаар өргөдөл гаргасан боловч шийдэж өгөөгүй. Харин бидэнд мэдэгдэлгүй хуйвалдан уг газрыг Д.От бүрдэл дутуу материалд үндэслэн өөр нэрээр буюу “Х” нэрээр хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр 2016 оны 04 сарын 22-ны өдрийн А/.. тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар .. тоот гэрчилгээ олгож, улмаар тус сумын иргэн М.Б.д Д.Оч. нь худалдсан хэмээн мөн сумын Засаг дарга 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/.. тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар уг газрыг өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр М.Бд ... тоот гэрчилгээг олгожээ.

Манай гэр бүлийн үе дамжин эзэмшиж, ашиглаж ирсэн өвөлжөө, хаваржааны газрыг маань отор нүүдлээр явсан хойгуур, бидэнд мэдэгдэлгүйгээр, бидний өргөдлийг авч хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүйгээр ийнхүү хандсан сум орон нутгийн удирдлага, алба хаагчдад гомдолтой байна.

Бид отроор явахдаа зарсан хашаа хороог анх 1993 онд өөрсдөө барьсан ба Д.От зарчхаад, түүнийг нүүхдээ хороогоо буулгаж аваад яваарай гэсэн юм. Гэтэл газарт маань гэрчилгээ гаргуулж авснаар барахгүй, худалдаж авсан гэх М.Б нь биднийг орон нутаг, бууц бууринаас минь хөөж дарамталж байна. Бид тэдний эзэмшлийн газрыг “Х” нь манай “Ш”-оос өөр нэртэй тул манай бууцыг андуурч байна хэмээн ойлгосон.

Д.От эрх олгосон Г сумын З даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/тоот захирамж нь Д.Оийг өргөдөл гаргаж авсан гэхэд эргэлзээтэй, бүрдэл дутуу материалд үндэслэн гаргасан, гарчиг хэсэгт нь “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” гэж бичигдсэн атлаа Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгийг үндэслэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай акт байна. Иймд илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх хуулийн зохицуулалттай тул уг захирамжаас улбаалан М.Бд газар эзэмших эрх шилжүүлсэн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж нь мөн эрх зүйн үйлчлэлгүй юм.

Иймд Гсумын З даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.т холбогдох хэсэг, 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. Мөн дээр дурдсан илт хууль бус захиргааны актыг үндэслэн М.Бд өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр гарсан ..тоот гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие өөр орон нутагт байгаа тул Г сумын ЗДТГ-аас холбогдох баримтын хуулбарыг ирүүлэхийг хүсэхэд “хуулбар үнэн” тэмдэгтэй баримт ирсэн тул захиргааны хэрэг үүссэний дараа маргаан бүхий захирамжуудтай холбоотой нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч Э.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өөр газарт газар эзэмшихгүй. Би 2019 онд Х буюу Шд өөрийн газар дээр гэрийн буурь цутгаж хонд дээрээ буусан. Тэр үед тэнд бороо шороо л байсан. Зарсан байсан хорооны модыг Бынх аваад явсан байсан. Би нутагтаа амьдарна гэж ганцаараа нүүж ирсэн. Намайг ирэх үед аав, ээж Төв аймагт байсан. Одоо Төв аймгийн Сэргэлэн сумын Дов хайрханы ар дээр нутагладаг.  Б манайхыг иргэний шүүхэд өгсөн. Багийн засаг даргатай уулзахаар Д.От шилжүүлж олгосон, газрын албаны Ц болохоор маш нууц үзүүлэх боломжгүй гэдэг. Дараалан 2, 3 удаа өөрийн болон ээжийнхээ нэр дээр өргөдөл өгч байсан. Б нь Ц бидэнд газрын баримтыг хэвлээд өгчихнө гэж хэлж байсан ба хэвлээд ч өгсөн. Илт М.Бд үйлчилсэн. Цтухайн газар дээр очиж манай зургийг авсан. Тэгэхдээ энэ газар дээр шинэ хороо барь гэж хэлээд метрлээд зогсож байсан. Б танай буруу байхгүй, бидэнд газрын бичиг баримтыг гаргаж өгнө гэж хэлээд Цаар бичиг баримт гаргуулсан. Ингээд одоо тэр бичгээр дарамтлаад биднийг хөөж туугаад байна. Би хөөцөлдөөд очиход Д компьютерт шивсэн нэрийг чинь устгачихсан байна гэж хэлсэн. Би аав, ээжийнхээ өмнөөс Засаг даргад гомдол гаргасан. Аав, ээж хоёр энэ асуудалд гомдолтой байдаг. Энэ хоёр маань сумаас шилжээгүй. Манай хороо дээр үеийн 2 том баганатай, том банзтай хороо байсан учраас 15 ишиг, хургаар өгөхөөргүй байсан. Хорооны банз алдагдаад байсан учир 2011 онд ээж Д.От 15 бага малаар өгчихлөө гэж байсан. Бид зөвхөн хорооны банзыг л зарсан болохоос газрыг өгөөгүй. Ш гэдэг газар нь яг одоо миний амьдарч байгаа газар. Х бол 3-4 километр хойшоогоо байдаг уул. Гэтэл Б манай буурин дээр “Ш” гэдэг газрыг Х уулын нэрээр авчихсан.  Ш буюу Н газраа өөрийн эзэмшлийн болгомоор байна. Иймд энэ газар дээр хууль бус олгогдсон газрын бичиг баримтыг нь цуцалж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэж Э.О, Б.Д нар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага бол Г сумын З даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/. тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, илт хууль бус захиргааны актыг үндэслэн М.Бд өвөлжөө хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр гарсан .. тоот гэрчилгээг хүчингүй болгох юм. Д гуай бол төрсөн биш хойд эцэг нь Э.О төрсөн эцэг Эгээр овоглодог. Т бол Э.Оийн төрсөн эх. Хэзээ гэр бүл болсон, мөн төрсөн эх болох нь лавлагаанаас харагдана. Ингээд өрхийн тэргүүн болон охин 2 дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Эдгээр хүмүүс маргаж байгаа газар болох Э.Оийн амьдарч нутаглаж байгаа Г сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байх Ты Ш гэдэг газрыг 1960 оноос буюу бага залуу наснаасаа эзэмшиж ирсэн. Нэхэмжлэлийн шаардлага дээр тодорхой бий. Цаг зудын нөхцөл байдлаас болоод отор нүүдэл хийсэн. Ингэхдээ Д.От хашаа хороогоо зарсан. Банзыг зараагүй бэлэн хороо зарсан. Газрыг хамтад нь зарсан гэж үзэхгүй. Гэтэл хороог буулгаад аваад явчихсан байдаг. Ингээд энэ газар дээр Д.Очийн нэрээр гэрчилгээ гарч, улмаар Бд шилжүүлсэн байдал байна. Газрын хувьд эргэлзээтэй байдаг. Э.О Гсумын .р багийн Тны Ш нэртэй өвөлжөө, хаваржааны газар бидний газар, эзгүй яваад ирэх хооронд Д.О өөрийн нэрээр аваад улмаар М.Бд шилжчихсэн байна. Ээж Т газрын талаар холбогдох байгууллагад гомдол гаргаж байсан боловч хариуцагчаас ийм баримт байгаагүй гэдэг лавлагааг ирүүлээд байдаг. Аймгийн Засаг дарга эвлэрэх арга зам юу байна гэж хэлээд тоймтой шийдээгүй. Энэ газар дээр Х нэрээр гэрчилгээ олгочихсон. Энэ От эзэмшүүлсэн Х нэртэй газар нь нэхэмжлэгчийн нэрлэх газраас өөр нэртэй байх боловч Оийн одоо амьдарч буй газартай давхцаад байдаг. Давхцуулаад олгочихсон. Ингээд иргэний хэргийн шүүх дээр Ог дуудсан. Бидний хувьд захирамжтай маргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. Д.От олгосон 2016 оны 4 сарын 22-ны өдрийн А/.. дугаартай захирамж нь Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамж байхад Газрын тухай хуулийн 52.7 дах хэсгийг баримталсан. Хэнээс хэнд шилжүүлээд байгаа нь илт утга агуулгын алдаатай. Хавсралтад олон нэр бий. Иймээс зөвхөн От холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулахыг хүсч байна. Бусад хүмүүсийн асуудлаар хандаагүй. Ойлгох нь зүйтэй. Хэрвээ газрыг олгож байгаа бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлах ёстой байсан. Иймд утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй. Энэ захирамжийг үндэслээд 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/. дугаартай захирамжаар Бд газрыг шилжүүлсэн. Илт хууль бус захирамжаар олгогдсон газрыг Бд шилжүүлсэн учраас мөн энэ захирамж илт хууль бус болно. Захиргааны ерөнхий хуулийн 47.4-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болдог. Д.От газар олгохдоо хуульд заасан журмыг баримтлаагүй. Мөн Д.О өргөдөл гаргасан асуудал ч нь эргэлзээтэй харагдаж байна. Хувийн хэргээс үзэхэд Тал улааны Н гэдэг газрыг авахаар хүсэлт гаргасан юм шиг байгаа боловч яг О гаргасан юм уу гэдэг нь эргэлзээтэй. Гарын үсэг, гэр бүлийн гишүүдийн регистр холбогдох мэдээлэл байхгүй. Мөн маягтаар болон бичгээр гаргасан өргөдөлд он, сар байхгүй. Хүлээж авсан ажилтны гарын үсэг ч байхгүй. Багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй. Тухайн үед багийн даргаар ажиллаж байсан Таваандэлгэр Д.От шилжүүлж болохгүй гэж хэлсэн байдаг. Гэрч Ө айлуудыг гэрчилгээжүүлж байсан талаар мэдүүлдэг. Гэвч газрын даамал нас барсан, мөн компьютер дээрх мэдээллийг хэн устгав гэдэг асуудал тодорхойгүй байдалтай байсан. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар тухайн актыг илт хууль бус болохыг тогтоож өгөөч” гэв.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Г сумын Д багийн иргэн М овогтой Б-д Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, татвар төлсөн баримт, өргөдөл, сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/44 тоот захирамж, Д.Оийн газар эзэмших 000531330 тоот гэрчилгээг үндэслэн “Х” хэмээх газрын эзэмших эрхийг шилжүүлсэн. Д багийн иргэн Э.Огийн Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өөр газарт газар эзэмшье гэвэл эвлэрч болно. Бид тухайн объектод гэрчилгээ бичиж өгдөггүй. Тухайн объект нь газартайгаа хамт шилжээд явдаг. О над дээр нэг удаа Д.Оийн баримтыг үзье гэж орж ирсэн. Гэвч бид нууцын гэрээтэй ажилладаг учраас хүн бүрт үзүүлээд байх боломжгүй. О өргөдөл өгч байсан гэж байна. Би 2018 оны 7 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаанд өргөдөл ирээгүй. Миний өмнө ажиллаж байсан, одоо суманд байгаль орчны байцаагчаар ажилладаг Аээс асуухад мөн өргөдөл ирж байгаагүй гэж байсан. Бд үйлчилсэн зүйл байхгүй. Д.О нь М.Бд газраа шилжүүлэх тухай өргөдлөө өгөх хугацаа нь 2019 оны 6 сар байсан. 2019 оны 9 сард Газрын албаны удирдлагууд албаны даргын өрөөнд уулзаж ярилцсан. Тэгэхдээ Од холбогдох баримт бичиг байх юм бол сарын хугацаанд аваад ир гэсэн. Үүний дагуу 10 сард очиж газрыг хэмжихэд Бмын Х гэх газар Охаас 100 метрийн зайтай байсан. 10 сард манай хэлтсийн даргаас Ох газартаа хороо бууц барьчихсан юм уу газар дээр нь очиж үзэх хэрэгтэй байна гэсэн болохоор очиж зургийг авч хариу мэдэгдлийг өгсөн. Үүнийг хэлээд байх шиг байна. Гэрчилгээний ард бичигдсэн хав, өв нь хаваржаа, өвөлжөө гэж зориулалт нь байгаа юм. Бын эзэмшээд байгаа хорооноос 100 метрийн зайд О гэрийн буурины цемент цутгасан. Бын эзэмшээд байгаа газар Оийн газар мөн. 1986 оны газар зүйн жагсаалтаас шүүж үзэхэд Тны Ш гэдэг газар байгаагүй. Д, Т нар өвөлжөө хаваржааны зориулалтаар газар эзэмшдэггүй. Өөр зүйлгүй” гэв.  

Гуравдагч этгээд М.Бшүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... 1. Дундговь аймгийн Г сумын Засаг даргын 2016.04.22-ны өдрийн А/. тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 Г сумын Д багийн иргэн Д.О нь Г сумын газрын албанд өвөлжөө, хаваржааны зориулалтаар “Тны Х” гэдэг бууц, газрыг эзэмших өргөдөл гаргаж, сумын Засаг даргын 2016.04.22-ны өдрийн А/. тоот захирамжаар эзэмшсэн байдаг. Иргэн Д.Оийн газар ззэмшсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчээс Тны Зүүн хойд Ш хэмээх газрыг 1960 оноос хойш өнөөг хүртэл эзэмшиж байгаа гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. М.Бын нэхэмжлэлтэй, Э.Од хариуцагдах иргэний хэрэгт: Г сумын Засаг даргын Л.Өаас 2020.06.30-ны өдрийн 1/220 тоот албан бичгээр “Э.О нь өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшдэг албан ёсны мэдээлэл байхгүй” гэсэн тодорхойлолт, мөн 2020.06.30-ны 1/221 тоот албан бичгээр “... тус сумын нутаг дэвсгэрт Шгэдэг нэртэй газар байдаггүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Ш” нэртэй газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр тусгагдаагүй болно” гэсэн тодорхойлолтыг иргэний хэрэгт нотлох баримтаар ирүүлж байсан. Эндээс үзэхэд Г сумын -р багийн нутаг дэвсгэрт “Ш” хэмээх нэртэй газар, бууц, хороо байдаггүй. Мөн нэхэмжлэгч нар нь Г сумын -р багийн нутагт “Тны Х” хэмээх газрыг эзэмших эрхтэй гэдгийг нотлох нотлох баримт байхгүй байхад дээрх Д.От газар эзэмшүүлэх захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Г сумын засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/. тоот “ Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

М.Б миний бие Г сумын -р багийн иргэн Д.Отэй 2019 оны 05 сарын 24-ний өдөр “Газар эзэмшүүлэх эрх” шилжүүлэх тухай гэрээ байгуулж, Гу сумын Засаг даргын 2016.04.22-ны өдрийн А/ тоот захирамжаар эзэмшиж байсан 5000м.кв, Х хэмээх өвөлжөө, хаваржааны зориулалтай газрыг эрх шилжүүлж авахаар тохиролцсоны дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Г сумын засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/. тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжаар шилжүүлж авсан. Энэ нь хууль зөрчөөгүй.

Миний бие Г сумын -р багийн нутагт “Х” хэмээх газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэсний дагуу эзэмшиж байна. Иргэн Э.О, Б.Д нар нь хууль зүйн үндэслэлгүйгээр миний газар эзэмших эрхэд үндэслэлгүйгээр халдах гэж байгаад гомдолтой байна. Э.Од бол “Х” хэмээх газар ямар ч хамааралгүй, энэ хүний     эзэмшил гэх ямар ч нотлох баримт байхгүй. Харин Б.Д гуай  бол тухайн бууцан дээр дээр үед нутаглаж байсан юм билээ.

Дээрх 2 захирамжаас нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.О шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Д бригадаас баруун хойш орших Х гэдэг газрыг иргэн Тээс 2009 онд тухайн үеийн ханшаар 15 бага малаар худалдан авсан. Т нь 15 бага малаа дүү Тийндээ аваачиж тавьсан. Уг хороог хаваржааны зориулалтаар ашиглах гэж авсан. хороо нь 2 баганатай жижиг модон хороо байсан.

Тухайн үед хороо бууц нь гэрчилгээгүй байсан. Д.О нь 2016 онд хороо бууц гэрчилгээжүүлэхэд бичиг баримт бүрдүүлж гэрчилгээ авсан. Ингээд 2009 оноос хойш ашиглаж байгаад 2017 онд тус багийн иргэн М.Бд 3500000 төгрөгөөр зарсан. 2019 онд М.Бын нэр дээр гэрчилгээ шилжсэн. Тухайн үед Тийн охин О тусгай гэр бүл байсан. 2018  оноос Х гэх газрыг хууль бусаар хуйвалдаж авсан гээд байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие гуравдагч этгээд М.Бын өмгөөлөгчөөр оролцож байна. Дараах хууль зүйн тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт: Нэхэмжлэл гаргаад байгаа хоёр хүн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү. Хоёрдугаарт энэ захирамжуудыг илт хууль бусад тооцуулах ямар хууль зүйн үндэслэл байгаа юм бэ. Гуравдугаарт: Энэ хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн үү, эсхүл хугацаандаа гаргасан уу, мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэсэн үү.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж тодорхойлсон.  Гэтэл энэ хоёрын ямар эрх, ашиг хөндөгдөөд байгаа юм бэ. Эзэмших үү, өмчлөх юм уу. Эзэмших эрхтэй гэвэл Н байна уу, Хү байна уу, Н байна уу аль нь ч байсан Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баримт хавтаст хэргийн материалд алга байна. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т зааснаар хилийн цэс тодорхойлогдоно. Гэвч Т, О нарын ярьж байгаагаас үзэхэд дуртай газраа шонгоо тавиад газар усны нэр өгчихдөг юм байна гэж ойлголоо. Миний үйлчлүүлэгч М.Бын “Х” гэдэг газрыг газар биш овоо гэж байна. Хороо бууц, усны нэр тухайн уул усны нэрээр нэрлэгддэгийг ямар ч Монгол хүн мэднэ. “Х” гэдэг газар овооноос 2 метрийн цаана байснаар энэ газар танайх биш гэж хэлэх боломжгүй. Малчид хэзээ ч овоон дээр хороо, гэрээ барьдаггүй. Тэгэхээр хороо овооны хойд энгэрт байх нь ойлгомжтой. Түүний энгэрт байгаа бууц “Х” нэрээр олгогдоод кадастрын зураг төлөвлөгөөнд батлагдаад М.Бд эзэмшүүлээд байгаа. Нэхэмжлэгч Тны Ш буюу Нгэдэг газрыг 1960 оноос эзэмшдэг байсан гэдэг. Ш ч бай Н ч бай энэ газар байхгүй гэдэг нь нотлогддог. Энэ нь ганц захиргааны хэргийн шүүх дээр ч биш иргэний шүүх дээр яригдаад байгаа асуудал.  Бын хорооноос 100 метр газарт О гэдэг хүн гэрийн буурь цементээр цутгасан байсан учраас бид газрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Үүнээс улбаалаад захирамжтай маргасан. Энд ч гэсэн ийм нэртэй газар байхгүй гэж ярьж байсан. Багийн засаг дарга Д гэдэг хүн нэлээн будилаан хутгадаг. Энэ хүн Дундговь аймгийн газрын албанд тодорхойлолт гаргаж өгөхдөө Ш, Н нэртэй газар байдаг гэсэн учраас бидний зүгээс иргэний шүүх дээр Дыг гэрчээр асуулгасан. Харин мэдүүлэгтээ би судалж үзсэн, ийм газар байдаггүй юм билээ, О өөрийнхөө байгаа газрыг Н, Ш гэж хэлээд байхаар хэлснээр нь тодорхойлолт бичээд өгчихсөн гэж мэдүүлдэг. Д гуай нэгдэл нийгмийн үеэс “Х”-т өвөлжиж байсныг үгүйсгэхгүй байна. 2009 онд зуд болж хүмүүс нүүдэл хийсэн. Энэ үед Д гуайнх От амаар газраа зараад нүүсэн. Д.О 2009 оноос 2018 он хүртэл энэ газар дээр амьдарч тус газрыг ашиглаж байсан. 2018 онд Бд амаар шилжүүлж, 2019 онд баримт бичгээ шилжүүлсэн. Баримт бичиг гаргуулах үедээ буюу 2016 онд Д.О тухайн газар дээрээ амьдарч байсан.  Бор шороог л эзэмших гэж газрыг авдаг, бусдаар банзыг сонирхдоггүй. Үүнийг хүн бүхэн мэднэ. Ер нь Д, О, Т нар энэ газрыг албан ёсоор эзэмшиж байсан баримт байхгүй. Үүнтэй маргаад байх шаардлага алга. Тиймээс энэ хоёр хүний эрх ашиг зөрчигдөөд байгаа юм алга. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хоёрдугаарт: Нэхэмжлэгч тал Г сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжтай маргаагүй, зөвхөн Д.От олгосон хэсэгтэй маргаж байна гэж байна.  Энэ захирамжийн 1-р заалтаар 1,2,3,4-р багийн иргэдэд агуулгын хувьд газар эзэмшүүлсэн. Үүнийг анхаарна биз. Захиргааны ерөнхий хуулийн 47.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай акт нь 47.2-т зааснаар гарсан цагаасаа үйлчлэхгүй байх ёстой. Гэтэл үйлчлээд явчихсан. Тэгэхээр үйлчлэлгүй байх ёстой акт маань үйлчлээд байгаад анхаарна байх. Утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт актыг гаргасан албан тушаалтны хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй, эсвэл актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохуйц агуулга нь тодорхой бус байхыг хэлдэг. Энэ актыг Засаг дарга гаргаж иргэдэд газар эзэмшүүлсэн нь тодорхой. Тиймээс утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэхгүй. Магадгүй илэрхий хэн ч харсан ойлгогдохгүй байхыг хэлнэ. Найруулга зүйн болоод үгийн алдаа нь илт хүмүүсийн эрх ашгийг зөрчөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас хойш 30 хоногт нэхэмжлэл гаргах ёстой. Гэвч 2020 оны 9 сарын 21-нд нэхэмжлэл гаргасан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгэсэн эсэхэд эргэлзэж байна. Мөн энэ хуулийн 14.5-тай нийцэж байна уу гэдгийг анхаарна уу. Өмнө нь Д.Оийг тэнд байгаа гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан. Тэгэхээр газар эзэмшсэнийг нь 2019 онд мэдээд маргаад байгаа юм уу, эсхүл өмнө нь мэдэж байсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Мөн өмгөөлөгч 2016 оны захирамжийг хүчингүй болгуулахад одоо үйлчилж буй Захиргааны ерөнхий хууль үйлчлэх үү гэдгийг бодох хэрэгтэй байх. Гэрчилгээтэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа мөн явагдаагүй. Э.О Н, Х гэдгийг нэг газар болохыг хүлээн зөвшөөрсөн болохоор энэ газрын байршил дээр эргэлзээгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Э.О, Б.Д нар бидний эзэмшиж, ашиглаж ирсэн газрыг Д.О нь отор нүүдлээр явсан хойгуур, бидэнд мэдэгдэлгүйгээр “Х” нэрээр Газрын тухай хуулийг зөрчин эзэмшиж, улмаар М.Бд уг газраа шилжүүлсэн нь бидний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, Г сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.д олгосон ..тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ Г сумын -р багийн нутаг дэвсгэрт байх Тны зүүн хойд Ш хэмээх газрыг бид үе дамжин 1960 оноос хойш буюу бага залуу наснаасаа өнөөг хүртэл эзэмшиж ирсэн. Бид Д.От зөвхөн хорооны банзыг л зарсан болохоос газрыг зараагүй гэж тодорхойлон маргана.

2. Нэхэмжлэгч Э.О 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн З даргад иргэн Д.О, М.Б нарын хооронд газар худалдагдсан гэх асуудлаар гомдол гаргаж[1], 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хариуг[2] авчээ. Энэхүү хариу мэдэгдлийг хүлээн авснаас хойш буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд Г сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/тоот захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “... захиргааны акт ... илт хууль бус болох нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасантай нийцүүлэн гаргасан гэж үзэхээр байна. 

Гуравдагч этгээд М.Бд олгосон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “ ... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаар хугацааг хэтрүүлсэн байна. Учир нь нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эрх бүхий албан тушаалтнаас урьдчилан шийдвэрлүүлэх хариуг авсан гэж үзсэн бол 30 хоногийн дотор нэхэмжлэлээ шүүхэд ирүүлэх нь зүйтэй байжээ.  

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон тайлбартаа өөрийн эзэмшлийн гэх газраа “Ты зүүн хойд Ш” гэж нэрлэн тодорхойлдог бөгөөд Г сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1/.. дугаартай албан бичгийн “Багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн тус сумын нутаг дэвсгэрт Ш гэдэг нэртэй газар байдаггүй болохыг тодорхойлов...”[3] , мөн сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/355 дугаартай албан бичгийн “... Талын улааны зүүн хойд шонт гэдэг газар нь жил жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж байгаагүй учир лавлагаа гаргаж өгөх боломжгүй”[4],  гэрч Н.Дын “... Тэр үед Оийн амаар нь ийм газар байдаг гэж бичсэн. Малчид өөрсдөө өвөлжөө, хаваржааныхаа эзэмшихээр сонирхож байгаа газрыг худаг ус, овоо хайрхнаараа нэрлэж ирдэг. Тэр нэрээр нь тодорхойлолт гаргаж өгдөг. ... манай багийн нутагт Ш нэртэй газар байгаагүй...”[5], гэх мэдүүлэг болон лавлагаагаар нэхэмжлэгчийн нэрлэсэн “Ш” гэх нэр нь үгүйсгэгддэг ч нэхэмжлэгч болон хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “Ш гэдэг газар нь одоо миний амьдарч байгаа газар. М.Б манай буурин дээр Х уулын нэрээр авчихсан. Д.От эзэмшүүлсэн Хнэртэй газар нь нэхэмжлэгчийн нэрлэх газраас өөр нэртэй байх боловч Огийн одоо амьдарч буй газартай давхцаад байдаг. Давхцуулаад олгочихсон ...”, “... Бын эзэмшээд байгаа газар Оийн газар мөн”  гэх тайлбараар “Ш” гэх газар нь маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн “Х” гэх газартай нэг газар болохоо батална.

4.Гуравдагч этгээд Д.О нь  маргаан бүхий газарт амьдарч байх хугацаандаа буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Г сумын газрын албанд анх өргөдөл гаргаснаар[6] тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн А/ дугаартай захирамжаар[7] “Х” нэртэй газрыг эзэмшүүлж, .. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[8] олгосон байна.  Ийнхүү Д.О энэ газар эзэмших эрхээ 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр иргэн М.Бд шилжүүлж[9], улмаар Г сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ дугаартай захирамж[10], 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ[11], 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн .. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[12] гуравдагч этгээд М.Бд маргаан бүхий газрыг  эзэмшүүлжээ.

5.Нэхэмжлэгч Э.О, Б.Д, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд “... 2, 3 удаа өөрийн болон ээжийнхээ нэр дээр өргөдөл өгч байсан. Бидний өргөдлийг авч хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүйгээр ийнхүү хандсан сум орон нутгийн удирдлага, алба хаагчдад гомдолтой байна. Гэрч Ө айлуудыг гэрчилгээжүүлж байсан талаар мэдүүлдэг. Гэвч газрын даамал нас барсан, мөн компьютер дээрх мэдээллийг хэн устгав гэдэг асуудал тодорхойгүй байдалтай байсан” гэх тайлбарыг гаргадаг боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй ба Дундговь аймгийн Г сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/355 дугаар албан бичгийн “Г сумын 2-р багийн нутаг дэвсгэрт Шхэмээх нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгогдсон газрын шийдвэр, бүртгэл байхгүй[13]”, мөн сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/220 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 1/365 дугаар   албан бичгүүдийн “Тус сумын 2-р багийн иргэн Э овогтой О нь өвөлжөө, хаваржааны газар эзэмшдэг албан ёсны бүртгэл мэдээлэл байхгүй болохыг тодорхойлов”[14], “Э.О, Б.Днар нь -р багийн нутаг дэвсгэрт Т уны зүүн хойд Ш Х хэмээх газруудад газар эзэмшихээр хүссэн өргөдөл 2016-2020 онуудад газрын даамалд ирүүлээгүй байна”[15] гэх тодорхойлолтуудаас үзвэл нэхэмжлэгч Э.О, Б.Д нар нь маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч нар “Тны зүүн хойд Ш” хэмээх газрыг бид үе дамжин 1960 оноос хойш буюу бага залуу наснаасаа өнөөг хүртэл эзэмшиж ирсэн гэх боловч нэхэмжлэгч Э.О, Б.Д нар газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын хэн алинаас маргаан бүхий газрыг эзэмших өргөдөл, хүсэлт гаргаж, улмаар уг асуудлыг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй /эс үйлдэхүй/ тогтоогдохгүй байх тул дээрх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “Гарын үсэг, гэр бүлийн гишүүдийн регистр холбогдох мэдээлэл байхгүй. Оийн маягтаар болон бичгээр гаргасан өргөдөлд он, сар байхгүй. Хүлээж авсан ажилтны гарын үсэг ч байхгүй, багийн нийтийн хурлаар хэлэлцээгүй” гэж маргадаг ч гарын үсэг, гэр бүлийн гишүүдийн мэдээлэл, он, сар, хүлээж авсан ажилтны гарын үсэгтэй холбогдох асуудал нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байх тул гуравдагч этгээдийг буруутгах боломжгүйгээс гадна нэхэмжлэгчид гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжтай холбогдуулан маргах эрх үүсээгүй байна.    

Дээр тогтоогдож буй байдлуудаас үндэслэн шүүхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн маргаж буй “Т хойд Ш” гэх газрыг нэхэмжлэгч талаас хууль ёсны дагуу эзэмшсэн баримт байхгүй бөгөөд харин Г сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар уг газар гуравдагч этгээд Д.От анх олгогдож, улмаар энэ газар эзэмших эрхээ М.Бд шилжүүлсэн байгаагаас үзвэл М.Быг тухайн газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байх тул Г сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжууд нэхэмжлэгч Э.О, Б.Д нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Э.О, Б.Д нарын Дундговь аймгийн Г сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.Бд олгосон.. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1,  27.2, 27.3, 27.4-т заасныг тус тус баримтлан иргэн Э.О, Б.Д нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Г сумын Засаг даргад холбогдох “Дундговь аймгийн Г сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/ тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийн иргэн Д.От холбогдох хэсэг, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/тоот “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, уг захирамжид үндэслэн М.Бд олгосон .. тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг   шүүхэд  хянан   шийдвэрлэх  тухай   хуулийн  114   дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт  заасны дагуу хэргийн  оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        В.Ц

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 12-р хуудас

[2] Хавтаст хэргийн 13-р хуудас

[3] Хавтаст хэргийн 84-р хуудас

[4] Хавтаст хэргийн 82-р хуудас

[5] Хавтаст хэргийн 90, 91-р хуудас

[6] Хавтаст хэргийн 7, 27-р хуудас

[7] Хавтаст хэргийн 4, 33-р хуудас

[8] Хавтаст хэргийн 8, 37, 40-р хуудас

[9] Хавтаст хэргийн 41-р хуудас

[10] Хавтаст хэргийн 9 хуудас

[11] Хавтаст хэргийн 46-47-р хуудас

[12] Хавтаст хэргийн 11, 45-р хуудас

[13] Хавтаст хэргийн 82-р хуудас

[14] Хавтаст хэргийн 83-р хуудас

[15] Хавтаст хэргийн 94-р хуудас