Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/00050

 

П.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03133 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МОХНН УБТЗ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 27 852 858 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Бүрнээ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхтуяа, Н.Болороо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс УБТЗ-ын зорчигч үйлчилгээний төвийн ээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагч ажилтай байсан. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн УБТЗ-ын даргын тушаалаар зохион байгуулалтад өөрчлөлт орж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. УБТЗ-ын а/71 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулахдаа зорчигч үйлчилгээний төвийг зорчигч тээврийн алба болгон өөрчилсөн. Ингэхдээ миний ажиллаж байсан тээш худалдаа нийтийн хоолны байцаагчийн албан тушаал нь худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагч болж өөрчлөгдсөн. Уг ажлын байрны тодорхойлолт миний эрхэлж байсан ажилтай нэг чиг үүрэгтэй байсан. Иймд өмнө эрхэлж байсан ажлын байрны адил чанарын эсвэл худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчаар эгүүлэн тогтоож, 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 27 852 858 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт УБТЗ-д бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдээд зорчигч үйлчилгээний төв татан буугдсны улмаас нэхэмжлэгч П.Э-ын ажлын байр албан тушаал хасагдсан болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдлаа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр томилогдсон гэсэн. Анх энэ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг явуулахад 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А05 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан зорчигч үйлчилгээний төвийг аж ахуй нэгжийн статустайгаар түүний харъяанд 6 бие даасан баланстай санхүүгийн байгууллагыг харъяалуулан байгуулсан. Зорчигч үйлчилгээний төвийн харъяанд 6 байгууллага буюу тээш худалдааны төв, нийтийн хоолны төв зэрэг байгууллагууд харъяанд нь шилжиж ирсэн учраас тухайн байгууллагуудын талх нарийн боовны цех, “Ган зам” ресторан, вокзалын ресторан, вагон ресторан, буфет, ажилчдын цайны газар мөн дээрээс нь тээш хүлээ авалт,олголт худалдаа үйлчилгээ эрхэлдэг төв орон нутгийн харъяа бүх сүлжээ дэлгүүрүүдэд харъяалагдаж байсан учраас тээш худалдаа нийтийн хоолны байцаагч гэдэг орон тоо бий болгож тухайн албан тушаалд П.Э-ыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр томилсон. Ингээд зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулахаар харъяанд нь баахан худалдаа үйлчилгээ нийтийн хоол зэрэг үндсэн үйл ажиллагаатай нь хамааралгүй байгууллагуудыг харъяалуулсан учраас зорчигч тээврийн үндсэн үйл ажиллагааг явуулж чадахгүйд хүрсэн. Түүнийгээ удирдаж чадахгүйд хүрээд энэ бүтэц бүрэлдэхүүн болохгүй байна гээд дахин 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А71 тоот тушаалаар өөрчлөлт хийсэн. А71 тоот тушаалын 2 дахь заалтаар зорчигч үйлчилгээний төвийг татан буулгасан. Ингээд татан буулгаад тухайн төвийн чиг үүрэг хэлтсээс зөвхөн мэргэжлийн чиг үүрэг түүнийг нь удирдлагаар хангах зорчигч тээврийн бодлого боловсруулдаг чиг үүргийг үлдээж зорчигч тээврийн алба гэж байгуулснаас тээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчын ажил албан тушаал байхгүй болсон. 2017 оны 3 сарын 23-ны өдрийн А95 тоот тушаал гэж байгаа. Энэ тушаалаар зорчигч тээврийн алба түүний бүтцийг баталсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгэж байсан тээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчийн ажил албан тушаалтай нэг ижил чиг үүрэгтэй ажил албан тушаал манай байгууллагад байхгүй. Худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажил мэргэжилд тавигдах мэдлэг боловсрол тусгай шаардлага нь ялгаатай. П.Э  нь тээш худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчаар ч тэр ажил мэргэжлийн хувьд тэнцэхгүй байсан нь тогтоогддог тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П.Э-ыг МОХНН УБТЗ-ын урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажил албан тушаалд буюу худалдаа үйлчилгээний албаны худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин олговорт нийт 24 729 728 төгрөг гаргуулан П.Э-д олгож, 3 123 130 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч П.Э-ын нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 281 598 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж үнэлж, дүгнээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Маргаан бүхий шинээр бий болсон гэх худалдаа, үйлчилгээ хариуцсан байцаагчийн орон тооны ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгч П.Э-ын эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолттой харьцуулан судлавал үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь адил байх тул нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдаагүй гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь нотлох баримтыг бүх талаас нь харьцуулж үнэлж, дүгнээгүй байна. Худалдаа үйлчилгээний албаны худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажил, албан тушаал нь П.Э-ын ажиллаж байсан ажлын байр, түүний чиг үүргээс өргөн хүрээтэй чиг үүрэг гүйцэтгэдэг болох нь, хөдөлмөр хамгаалал, сургалтын асуудлыг давхар хариуцдаг буюу чиг үүрэг нь ялгаатай болох нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байхад шүүх П.Э-ын тээш-худалдаа нийтийн хоол хариуцсан байцаагчийн үндсэн чиг үүрэгтэй адил гэж үзсэн нь үндэслэлгүй. УБТЗ-ын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтод заагддаг ерөнхий чиг үүргүүдийг харьцуулаад ажлын байрны үндсэн чиг үүрэг нь адил гэж дүгнэж буй нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэгт зааснаар шүүх гомдол гаргагчийн гомдлыг ханган шийдвэрлэн. П.Э-ын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адил чанарын өөр ажил. албан тушаалд буюу худалдаа үйлчилгээний албаны худалдаа үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн зохицуулалт нь зөвхөн мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан нөхцөл бүрдсэн үед хэрэглэгдэх агуулгатай буюу ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхыг, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч орон тоо цомхтгосон шалтгаанаар биелүүлэхгүй байгаа нөхцөл байдал бий болсон байхыг шаарддаг. Гэтэл шүүх дээр дурдсан нөхцөл бий болоогүй байхад 36.2 дах хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө тухайн орон тоо бий болсон байсныг нотлох 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А-96 дугаартай тушаалаар энэхүү ажлын байрууд нь хоорондоо ялгаатай болох ажлын байрны тодорхойлолтуудаар "Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д зааснаар орон тоог дахин шинээр бий болгосон" гэдэг нь үгүйсгэгдэж байхад шүүх үнэлээгүй. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо нэг өдрийн дундаж цалин хөлсийг хавтаст хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт болон "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцоогүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн дүнгээр буруу тооцож гаргасны улмаас нэг өдрийн дундаж цалин хөлс нь үндэслэлгүй тооцогдсон. Хариуцагч талаас нэхэмжлэгч П.Э-ын цалингийн тодорхойлолтыг тамгатай эх хувиар нь гаргаж өгсөн байхад шүүх нийгмийн даатгалын дэвтрээс тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч тал цалингийн тодорхойлолтын талаар маргадаггүй ба тухайн цалингийн тодорхойлолтын дагуу 1 сарын дундаж цалинг 1 434 975 төгрөгөөр нэхэмжлэлийн үнийн дүнг тооцож нэхэмжилсэн байхад шүүх нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтээс тооцон, 1 сарын дундаж цалинг 1 972 971 төгрөгөөр тооцон, нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачлагаар нэмэгдүүлэн тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 4-д "Ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөх олговор, хөнгөлөлтийн орлого, /унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт/-ыг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй" гэж заасан. Нэхэмжлэгчид 1, 2, 3 сард хоол 191 500 төгрөг, унаа 30 000 төгрөг, жилийн үр дүнгийн цалин 1 392 488 төгрөг, нийт 1 613 988 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтоор тогтоогдоно. Тэдгээрийг хасч, сүүлийн 3 сарын цалинг нэмэхэд 4 304 925 төгрөг болох ба 1 сард авах дундаж цалин нь 1 434 975 төгрөг, 21,5 хоногт хуваахад, нэг өдрийн дундаж цалин нь 66 743 төгрөг гарах байтал шүүх 1 сарын дундаж цалинг 1 972 971 төгрөг буюу 537 996 төгрөгөөр илүү, 1 өдрийн дундаж цалинг 89 680 төгрөг буюу 24 454 төгрөгөөр үндэслэлгүйгээр илүү тооцож гаргасан. Нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тооцоход ажлын 372 өдөр буюу 24 828 396 төгрөг, үүнээс ажлаас халагдсаны тэтгэмж 3 123 130 төгрөгийг хасвал, 21 705 266 төгрөг гарах байтал шүүх цалин хөлсийг буруу тооцсон. Зорчигч үйлчилгээний төв татан буугдсны улмаас П.Э-ын ажлын байр байхгүй болсонтой холбогдуулан тус Зорчигч үйлчилгээний төвд тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчаар ажиллаж байсан П.Э ад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан "сарын өмнө мэдэгдэх" үүргийн дагуу түүнд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдэл гардуулж, Замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б-1-101 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43.1, Хамтын гэрээний 3.14 дэх заалтуудыг удирдлага болгон, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж 3 123 130 төгрөгийг олгон, П.Э-ын хөдөлмөрийн гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03133 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, П.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч МОХНН УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч МОХНН УБТЗ-ын даргын 2016 оны 1 сарын 27-ны өдрийн Б-I-19 тоот тушаалаар зорчигч үйлчилгээний төвд тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд ажил олгогч нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б-I-101 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр П.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, даргын тушаалууд зэргээр тогтоогдож байна. /1-р хх-ийн 8-10, 28-34 дүгээр тал/

Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, ажил олгогч нь нэхэмжлэгч П.Э-ыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй боловч давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээ болон найруулгын хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан. Нэхэмжлэгч П.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн Б-I-101 тоот тушаалд дээрх үндэслэлүүдийн аль нь бүрдсэний улмаас гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэгч П.Э-д мэдэгдэхдээ “зорчигч үйлчилгээний төв татан буугдсан” гэж мэдэгдсэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа орон тоо хасагдсан гэх үндэслэл зааж мэтгэлцжээ. /1-р хх-ийн 10, 19, 49-р тал/

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзалдаа нэхэмжлэгч П.Э-ын ажиллаж байсан тээш худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн албан тушаалын орон тоо хасагдсан гэх боловч хариуцагч МОХНН УБТЗ-ын даргын А-96 тоот тушаалаар худалдаа, үйлчилгээ хариуцсан байцаагч гэсэн нэршилтэй албан тушаал байна. /1-р хх-ийн 118-120 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай тус тус нийцжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч П.Э-ын ажиллаж байсан тээш, худалдаа, нийтийн хоол хариуцсан байцаагчийн албан тушаал нь худалдаа, үйлчилгээ хариуцсан байцаагчийн албан тушаалаас ялгаатай гэх боловч дээрх албан тушаалуудын ажлын байрны зорилго, үндсэн чиг үүрэг хэрэгжүүлэн үйл ажиллагаа нь агуулгын хувьд адил байх бөгөөд эрс өөрчлөгдсөн, эсхүл нэхэмжлэгч П.Э-ын өмнө ажиллаж байсан ажлын байрыг үгүй болсон гэж үзэхээргүй байна. /1-р хх-ийн 28-29, 122-124 дүгээр тал/

Харин анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т заасан зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй байсныг хасч, найруулгын хувьд өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч мөн давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг буруу тооцож гаргасан, хариуцагчаас гаргасан цалингийн тодорхойлолтоор тооцох ёстой гэх боловч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын цалингийн хэмжээгээр тооцож гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн, үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. /1-р хх-ийн 3-7 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/03133 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-ыг МОХНН УБТЗ-ын худалдаа, үйлчилгээний албаны худалдаа, үйлчилгээ хариуцсан байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин олговорт нийт 24 729 728 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгож, нэхэмжлэлээс 3 123 130 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 598 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

                                                                                          Г.ДАВААДОРЖ