Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 183/2018/02263/и |
Дугаар | 210/МА2019/00051 |
Огноо | 2019-01-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2019/00051
Л.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14 080 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь надаас 2017 оны 1 сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сар бүр 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээ хийж зээлж авсан. Дахин 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хугацааг сунгасан. Зээлийн гэрээний хугацаа нийт 10 сар, энэ хугацааны зээлийн хүүнд 7 200 000 төгрөгийг төлөх ёстой байсан. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээний хугацаа дууссан. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс алданги тооцсон. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 27 хоногийн алданги өдөрт 81 000 төгрөг нийт алданги 2 187 000 төгрөг болсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нийт хүү, алдангийн нийт төлбөр 9 387 000 төгрөг төлөхөөс 9 000 000 төлсөн байна. Ингээд хүүгийн үлдэгдэл 387 000 төгрөг, үндсэн зээлийн төлбөр 9 000 000 төгрөг нийт 9 387 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш алданги тооцоход 4 693 500 төгрөг болж байгаа. Алдангийг төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцвол 4 693 500 төгрөг болно. Иймд хариуцагч Г.Б-аас зээл 9 000 000 төгрөг алданги 4 693 500 төгрөг нийт 14 080 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдагдсан 9 000 000 төгрөгийг зээлсэн зүйл огт байхгүй. Тус зээлсэн гэх 9 000 000 төгрөгийг миний өмнө нь 4 жил хамт ажиллаж байсан Д.Алтанчимэгийн төрсөн эгч Д.Цэцэгмаа гэх хүн авсан. Тухайн үед Д.Алтанчимэг надад хандаж хүнээс хүүтэй мөнгө зээлж авах гэсэн боловч нийгмийн даатгал төлдөг, ажил орлоготой хүнийг заавал гэрээнд гарын үсэг зуруулна тэгж байж гэрээ хийнэ гээд байна. Нөхөр н.Батхуягийн ээж, аав, манай эгч н.Цэцэгмаа нар очоод гэрээ хийх гэхээр мөнгө зээлэхийг зөвшөөрөхгүй байна гэж байсан. Тэгээд та гэрээнд гарын үсэг зураад өгөөч манай эгч н.Цэцэгмаа тус мөнгийг удахгүй төлж дуусгана тус болооч гэсэн. Би хамт ажиллаж байсан учраас түүнд итгэж Л.Б гэх хүнтэй уулзаж би энэ мөнгийг өөртөө аваагүй, Цэцэгмаа гэж хүн таниас зээлж байгаа шүү гэдгийг тайлбарлаж хэлэхэд хамаагүй та гарын үсгээ гэрээнд заавал зур гэж хэлсэн учраас сүүлд ийм зүйл болно гэж төсөөлөөгүй учир Л.Б, н.Алтанчимэг нарт итгэж зээлийн гэрээ гэх гэрээнд гарын үсгээ зурсан. Тэгээд тус бодит байдлыг баталгаажуулж уг 9 000 000 төгрөгийг авсан Д.Алтанчимэгийн төрсөн эгч Д.Цэцэгмаад мөнгийг нь хүлээлгэж өгсөн тухай болон Г.Б- миний бие тус асуудалд огт хамааралгүй, мөнгө зээлж аваагүй болохыг баталгаажуулах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Сүүлд Д.Алтанчимэг болон түүний эгч Д.Цэцэгмаа нар Л.Б-д зээлсэн мөнгийг гэрээ ёсоор төлсөн гэж хэлж байсан. Иймд Л.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлэхээр гэрээ хийсэн. Зээлийг 8 сараар сунгасан гэж байгаа боловч сунгасан эсэх нь эргэлзээтэй. Гэрээний тооцооллыг нэхэмжлэгч буруу хийсэн байна. Алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл 9 000 000 төгрөгийн 50 хувь нь 4 500 000 төгрөг байхаар тооцох ёстой. Алдангийн хэмжээ ихэссэн байна. Тооцоолол буруу байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжилж байгаа үнийн дүн нь өөр байна. Төлөлтийн хувьд 9 000 000 төгрөг төлсөн. Сүүлд хариуцагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулгаас харахад н.Алтанчимэг гэж хүнээс 630 000 төгрөг, н.Батхуягаас өөрт нь 570 000, 560 000, 370 000 төгрөг, н.Цэцэгмаагаас 9 000 000, 2 500 000 төгрөгийг дансаар төлсөн. Үүнээс гадна н.Алтанчимэг гэж хүн 1 290 000 төгрөг, 720 000 төгрөгийг тус тус 2017 онд төлөлт хийж байсан. Ингээд нийт 15 640 000 төгрөгийг төлсөн байгаа. Тийм учраас зээлийн гэрээнд үндэслэсэн зээлийн тооцоолол буруу, төлөлт нь хасагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд иргэн Л.Б- болон иргэн Г.Б нарын хооронд 2017 оны 1 сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Тус гэрээгээр зээлдүүлэгч Л.Б нь 9 000 000 төгрөгийг сар тутамд 8 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатайгаар зээлдэгч Г.Б-д олгосон гэдэг. Гэвч бодит байдал дээр тус мөнгийг Г.Б бус иргэн Д.Цэцэгмаа, Д.Аптанчимэг, Б.Батхуяг нар авсан байдаг. Учир нь тус иргэд Л.Б-гаас мөнгө зээлэх талаар асуухад тогтмол цалинтай, байнгын ажлын байранд ажилладаг хүнтэй зээлийн гэрээ байгуулна" гэсний дагуу өөрийн танил Д.Алтанчимэгтэй урьд нь нэг байгууллагад хамт ажилладаг байсан Г.Б-аас тусламж гуйсны дагуу Г.Б- иргэн Г.Болормаатай тэдний өмнөөс зээлийн гэрээ байгуулсан байдаг. Дээрх гэрээ байгуулах үед Г.Б нь тэдний нэг болох Д.Цэцэгмаатай тухайн цаг хугацаанд, нотариат дээр адил үнийн дүн, агуулга бүхий зээлийн гэрээг дээрх гэрээний баталгаа болгон байгуулсан байдаг. Тиймээс дээрх зээлийн төлбөрийг Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг, Б.Батхуяг нар одоог болтол төлсөөр байна. Өөрөөр хэлбэл Л.Б- болон Г.Б нар нь дээрх гэрээний дагуу аливаа хууль зүйн үр дагавар хүсээгүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Иймд Л.Б болон Г.Б нарын хооронд 2017 оны 1 сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд нэг цагт, нэг нотариат дээр адил дүнтэй, адил агуулгатай зээлийн гэрээ хийж, баталгаа болгон байгуулсан гэж байна. Энэ нь нотариатын бүртгэлийн дугаар дээрээс харагдана. Би н.Алтанчимэг, н.Цэцэгмаа, Г.Б гурвууланг нь таньдаг. Гэхдээ Г.Б миний орлого тэдэн төгрөг, би өөрөө бизнесийн зээл авна гэж хэлж зээл авсан болохоос биш н.Цэцэгмаад өгнө, н.Алтанчимэгт өгнө гэж зээл аваагүй. Зээлийн гэрээ хавтаст хэргийн 3 дугаар хуудсанд, бүртгэлийн дугаар нь 55 гэж байгаа. Би гэрээ хийгээд явсан. Хариуцагчийг хэн яаж гуйж, яаж гэрээ хийсэн талаар мэдэхгүй. н.Цэцэгмаатай байгуулсан гэрээний бүртгэлийн дугаар 57 байгаа. Би анх зээл олгохдоо чи ажил төрөлтэй, зээл төлөх боломжтой гээд барьцаагүй их хэмжээний зээл өгсөн. Түүнээс биш дамжуулсан талаар мэдэхгүй. Хариуцагчийн хариу тайлбар дээр н.Цэцэгмаад өгсөн гэж байгаа ч одоо болохоор н.Алтанчимэгт өгсөн гэж байгаа. н.Алтанчимэг тусдаа зээлтэй, н.Цэцэгмаа тусдаа зээлтэй, Г.Б тусдаа зээлтэй. Би хорт хавдартай байнга Солонгос Улс руу явж эмчилгээ хийлгэдэг. Би нэг удаа л эд нартай уулзаж үзсэн. Эд нар бүгдээрээ банкны хүмүүс. 2 000 000 төгрөг өгсөн гээд байгаа бол баримтаа гаргаад ирээч. Би дансны хуулга ирээгүй байхад бүгдийг хэлсэн. Миний алт, мөнгө, монетэн эдлэлийг “Алтан тэвш” гэдэг ломбардад тавиад тийзний мөнгө авч явсан. Тийзний мөнгийг л шилжүүлсэн гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс эхэлж н.Алтанчимэгийн дансны хуулга гарч ирж байгаа. 3 дугаар сарын 26-ны өдөр солонгос явсан билетний үнэ 550 000 төгрөг гэх мэтээр дандаа гүйлгээний утга нь байгаа. Эд нар банкны хүмүүс. Бичиг үсгийн чадвар сайтай. Хүнд юу өгөхөө яаж өгөхөө мэддэг. Юу авахаа мэддэг. Энэ хүмүүс яагаад худлаа яриад байгаа юм бэ? Хэрвээ н.Алтанчимэг, н.Цэцэгмаа нарт өгөх байсан бол би өөрсдөд нь л зээл өгнө, би яагаад энэ хүнтэй гэрээ хийгээд байгаа юм бэ? Зээлийг нэг биш яагаад 2 удаа сунгаад байгаа юм бэ? нэг удаа гэрээ хийсэн бол дарамталж байгаад гэрээ хийсэн гэж хэлэх байсан байх. н.Алтанчимэг, н.Цэцэгмаа нар Алтанбулагийн банканд цуг ажиллаж байсан, багын танилууд. Эд нар үгсэн хэлэлцэж намайг хохироож байна. Би өөрийнхөө мөнгийг нэхэж байгаа. 2 500 000 төгрөг өгсөн н.Цэцэгмаагийн зээлийн гэрээг ч бас өгсөн. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Солонгост байх хугацаандаа н.Алтанчимэгтэй уулзсан. Тэр хугацаанд надад мөнгө өгсөн бол гарын үсэг зуруулна. Хэнд юу өгч байгаагаа мэдэх оюунлаг хүмүүс. Тэр хүмүүс өөрсдөө надад тусдаа зээлтэй байсан. Хамгийн сүүлд 2 500 000 төгрөг өгсөн байсан. Хугацаа хэтэрвэл хүү тооцно гээд амаараа хэлж байсан. Тэр зээлийн л хүү. Мөнгө төлсөн баримтууд нь бүгдээрээ Бааска гэж бичсэн байгаа. Тэгэхээр Бааска өөрийнхөө төлөлтийг хийж байгаа. н.Цэцэгмаа, н.Алтанчимэг хоёр зээл авсан бол өөрсдийнхөө л нэрийг бичнэ. Ил тодоор намайг хуураад байна. Би солонгост өөрөө банкны данстай. Банкны хүмүүс дансаар хийх ёстой байсан. Энэ хүмүүс худлаа хэлж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Г.Б-аас 10 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Л.Б-д холбогдох зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хариуцагч Г.Б-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,360 төгрөг, хариуцагч Г.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх талууд харилцан тохирсон үр дагавар бүхнийг мэдэж байсан нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч Л.Б болон хариуцагч Р.Баасанжав нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т "мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно" гэж заасан. Өөрөөр хэлбэл тодорхой хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн нь нотлогдсон байх шаардлагатай. Гэтэл хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэгт хариуцагч Г.Б нь 9 000 000 төгрөгийг аваагүй, харин Д.Алтанцэцэг болон түүний эгч Д.Цэцэгмаа нар авсан талаар дурдсан. Тиймээс нэхэмжлэгч Л.Б- болон хариуцагч Г.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй болно. Мөн дээрх зээлийн төлбөрийг хариуцагч Г.Б- бус мөнгө авсан Д.Алтанчимэг, Д.Цэцэгмаа нар төлж байсан нь банкны дансны хуулгаас тодорхой харагддаг. Нотлох баримтыг буруу үнэлсэн. Анхан шатны шүүх гэрч Д.Цэцэгмаагийн мэдүүлгийг буруу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь гэрч мэдүүлэгтээ мөнгийг хариуцагч Г.Б бус Д.Цэцэгмаа, Г.Алтанчимэг нар авсан талаар дурдсан байтал шүүх тус мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Тэгсэн атлаа хариуцагч Г.Б төлбөр төлөх үүрэг хүлээх ёстой нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэсэн. Гэрчийн аль хэсгийн, юу гэж хэлсэн тайлбараар нотлогдож байгааг огт дурдаагүй байдаг. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас харьцуулан үзээгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан "...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 14 080 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Нэхэмжлэгч Л.Б- нь 2017 оны 1 сарын 24-ний өдөр хариуцагч Г.Б-тай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л.Б нь 9 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцож хариуцагч Г.Б-т зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн хэлцэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3-4 дүгээр тал/
Талууд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусах үед харилцан тохиролцож зээлийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгажээ. /хх-ийн 3 дугаар тал/
Зохигчдын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хариуцагч татгалзалдаа 9 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг, Б.Батхуяг нар зээлж авсан гэх боловч 2017 оны 1 сарын 24-ний өдөр Г.Б нь 9 000 000 төгрөгийг хүлээн авсан болох нь мөнгө хүлээлцсэн хэлцлээр тогтоогджээ. /хх-ийн 4, 21 дүгээр тал/
Анхан шатны шүүх Д.Алтанчимэг, Б.Батхуяг нарын төлсөн гэх төлбөр нь нэхэмжлэгч Л.Б, хариуцагч Г.Б- нарын байгуулсан зээлийн гэрээний төлбөрт хамааралгүй хэмээн дүгнэсэн нь зөв байна. Түүнчлэн хэргийн 46 дугаар талд байгаа 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөнгө шилжүүлгийн баримтад Д.Цэцэгмаа, Д.Алтанчимэг, Бааскагаас гэсэн 9 000 000 төгрөгийн баримтыг үнэлж үндсэн зээлээс 9 000 000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй. Гэвч хэргийн 47 дугаар талд байгаа 2017 оны 10 сарын 03-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримтад “Цэцэгмаа, Бааскагаас” гэсэн 2 500 000 төгрөгийн баримтыг буруу үнэлж, 2 500 000 төгрөгийг зээлийн үүргээс хасч тооцоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Цэцэгмаа “өөрийн дүү Алтанчимэгийн төлөх 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Б-д төлсөн” гэх мэдүүлгийг үндэслэн Г.Б-ын зээлийн төлбөрийг төлөгдөөгүй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлснээр 2 500 000 төгрөг нь Алтанчимэгийн төлөх төлбөр байсан бол орлогын мэдүүлгийн баримтад Алтанчимэгийн тухай дурдаагүй, харин гэрч өөрийн болон Бааскагаас гэж тэмдэглэсэн байв. Иймд дээрх 2 500 000 төгрөгийг хариуцагч Г.Б-аас төлөгдсөн төлбөр гэх үндэслэлтэй болно.
Иймд хариуцагч Г.Б-ын төлөх ёстой нийт үүрэг /9 000 000₮ + 7 200 000хүү/ 16 200 000 төгрөг байхаас хариуцагчийн төлсөн 11 500 000 төгрөгийг хасаад үлдэх 4 700 000 төгрөгийг, алданги 2 350 000 төгрөгийн хамт нийт 7 050 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 030 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.
Хариуцагч Г.Б нь талуудын байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. /хх-ийн 3-4, 46-47 дугаар тал/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Г.Б-аас 7 050 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 030 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дахь заалтын “... 187,750 төгрөгийг ...” гэснийг “127 750 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Г.ДАВААДОРЖ