Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/00052

 

М.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 67 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр миний нөхөр талийгаач н.Батжаргалаас Б.О гэж хүн 117 000 000 төгрөг авсан. Тухайн үедээ хаус өгнө гэдэг байсан. Тэр үед бид нар өвчин зовлонтой явсаар байгаад нэхэж чадаагүй. Манай нөхөр өвчтэй байхдаа хэд, хэдэн удаа залгахад утсаа авахгүй салгаад байдаг байсан. Тэгж явсаар манай нөхөр 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш хөөцөлдөж чадахгүй байсаар 2 жилийн дараа Б.Оюунчимэгтэй уулзсан. Уулзаад “117 000 000 төгрөгийн тохиролцооны бичиг дээр зурсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү” гэхэд “мөн” гэж хэлсэн. “Бид нар гачигдал, зовлонтой болчхоод байна, та мөнгөө эргүүлж өг” гэж хэлэхэд Б.О “би энэ мөнгийг аваагүй, 50 000 000 төгрөг л авсан” гэж хэлсэн. 50 000 000 төгрөг шилжүүлсэн. Би дахиад “67 000 000 төгрөгөө авъя” гэхэд “би чамаас энэ мөнгийг аваагүй” гэж хэлсэн. Надад 2 000 000 төгрөг өгч байгаагүй. Иймд 67 000 000 төгрөгийг Б.О-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О нь н.Батжаргалтай ажлын ойр дотно харилцаатай байсан. Надаас гуйсны дагуу асуудлуудыг нь шийдэж өгч, ганц хоёр ажил аудитын компанид нь олж өгч байсан. Хаус, орон сууц өгөх талаар яриад байгааг мэдэхгүй байна. Би анх 47 000 000 төгрөг зээлсэн. Дараа нь 3 000 000 төгрөг зээлж, нийт 50 000 000 төгрөгийг зээлсэн. Би нэхэмжлэгчээс ийм их мөнгө аваагүй, 50 000 000 төгрөг авсан, авсан 50 000 000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Би зээлсэн мөнгөний талаар А5 хэмжээтэй жижиг цаасан дээр гарын үсэг зуруулсан болохоос биш том цаасан дээр гарын үсэг зураагүй. Баянгол дүүргийн цагдаагийн газарт 2016 онд уулзаад би энэ тайлбараа бас хэлсэн. Тэр үед шинжээчийн дүгнэлт хийлгэж магадгүй шүү гэж хэлж байсан болохоос биш надад дүгнэлт гарсан талаар хэлээгүй. Цагдаагийн газар нэг л удаа дуудсан. Тэгээд таг болсон болохоор нь би асуудал дууссан гэж ойлгосон. Би энэ мөнгийг төлөх ёсгүй. Өөрт нь ч хэлсэн. Би 50 000 000 төгрөг авсан. Эхлээд 50 000 000 төгрөгийг дансаар, дараа нь 2 000 000 төгрөгийг бэлнээр нийт 52 000 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Б.О-гээс 67 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.А-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.О-гээс 492 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Алтанцэцэг би иргэн М.А-ийн нэхэмжлэлтэй Б.О-гээс 67 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/Ш32018/08258 тоот захирамжаар нэхэмжлэгч М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын гол нотлох баримт болох тохиролцоо гэх бичиг дээр зурагдсан гарын үсэг хариуцагч Б.О-ийнх мөн эсэхийг тогтоолгох шинжээч томилсны дагуу 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4393 тоот дүгнэлт гарч уг дүгнэлтэд тохиролцоо гэх бичиг дээрх гарын үсэг Б.О-ийнх мөн гэж тодорхойлогдсон. Иргэн М.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2016 оны 11 сард нөхөр Д.Батжаргал нь Б.О-т 117 000 000 төгрөг залилуулсан гэж Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан бөгөөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баасанбаатарын шинжээч томилсон тогтоолын дагуу дээрх тохиролцоо гэсэн бичиг дээр зурагдсан гарын үсэгт шинжилгээ хийгдэж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2792 тоот дүгнэлт гарсан байдаг бөгөөд энэ дүгнэлтэд "Шинжилж буй гарын үсэг нь бичигч хэрэгслээс шалтгаалан ерөнхий болон үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүд хангалттай дүрслэгдээгүй, чиглэл, дараалал тодорхой бус, давхардсан байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй" гэж тодорхойлогдсон байна. Ийм байдлаар шинжээчийн 2792, 4393 тоот дүгнэлтүүд эрс зөрүүтэй, өмнө нь шинжилгээнд тэнцэхгүй байсан материалд ямар арга хэрэгслээр шинжилгээ хийснээр тэнцэх болсон нь тодорхойгүй, маш эргэлзээтэй, эдгээр дүгнэлтийн аль нь үндэстэй болохыг нь тогтоолгох талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж, зөвхөн 4393 тоот дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.А-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 11133 тоот тогтоол бичиж шийдвэрлэсэн байдаг. Уг материалыг Баянгол дүүргийн прокурорын газрын архиваас хуулбарлуулан авч иргэний хэргийн материалд хавсаргасан. Уг материалд шинжээчийн 2792 тоот дүгнэлт болон шинжээч томилсон тогтоол огт байхгүй байгаа бөгөөд гомдол шалгагдаж, прокурорын шийдвэр гарснаас 5 сарын дараа шинжээч томилогдон дүгнэлт гарч, 9 сарын дараа М.Алтанцэцэгт хуулбар үнэн дардастайгаар гарт нь өгсөн болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн баримтаас тодорхой харагдана. Энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй шинжилгээ болохыг нотолж байгаагаас гадна уг 2792 тоот дүгнэлтийг гаргасан криминалистикийн шинжээч М.Эрдэнэжаргал нь шүүгчийн захирамжаар хийгдсэн шинжилгээний 4393 тоот дүгнэлтийг бас гаргасан байгаа нь нотлох баримтын хууль ёсны байх шинжийг алдагдуулсан, эргэлзээг бататгасан гол баримт гэж үзэж байна. Мөрдөн байцаагч Д.Баасанбаатар шинжээч томилох тогтоол дээр удирдлагын зөвшөөрөлгүйгээр, шалгаж дууссан гомдол материалд хувийн зорилгоор байцаан шийтгэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргуулан, иргэн М.А-ийн гарт нь өгч иргэний хэргийн нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлэх ажиллагаа хийсэн болон шинжээч М.Эрдэнэжаргал нэг асуудлаар 2 өөр дүгнэлт гаргаж бусдад илт давуу байдал бий болгосон гэх асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч Б.О нь Д.Батжаргалаас 50 000 000 төгрөг зээлж авахдаа А5 хэмжээтэй жижиг цаасан дээр гарын үсгээ зурсан, дараа нь 25 000 000 төгрөгийг буцааж төлөхдөө уг бичигний ард мөн тэмдэглэл бичиж гарын үсгээ зурсан, тэр бичиг Д.Батжаргалд үлдсэн учир миний эдгээр гарын үсгийг ашиглан тохиролцоо гэх бичиг дээр дуурайлгаж зурсан болов уу гэж тайлбарладаг. Д.Батжаргал нь Б.О-т мөнгө хүлээлгэж өгсөн, шилжүүлсэн ямар нэг баримт байхгүй, дээрх тохиролцооны дагуу Б.О-гээс 117 000 000 төгрөгийг нэхэмжилж авах тухай эхнэр М.А-тээ гэрээслээгүй, эхнэрийн хамт Б.О-тэй уулзаж ярилцаж байгаагүй энэ өр авлагын асуудлаар хэлж ярьж байсан зүйл огт байдаггүй бөгөөд зөвхөн тохиролцоо гэх бичиг дээр зурагдсан гарын үсгээр нэхэмжлэлийн шаардлага үүсч байгаа. Гэтэл дээрх байдлаар хийгдсэн илт үндэсгүй, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хянаж үзэж, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 тоот шийдвэрийг хүчингүй болгож, иргэн М.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тогтоолгож өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Б.О-т холбогдуулан 67 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Д.Батжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б.О-тай зээлийн гэрээ байгуулж, 117 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн бөгөөд 2016 оны 5 сарын 5-ны өдөр Д.Батжаргал нас барснаар хариуцагч Б.О нь талийгаач Д.Батжаргалын эхнэр нэхэмжлэгч М.А-т 2016 оны 9 сарын 8-ны өдөр 30 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөг буюу нийт 50 000 000 төгрөг төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө буцаан төлөх тухай хэлцэл, “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 20, 22, 23, 86 дугаар тал/

Нэхэмжлэгч М.А 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх зээлийн гэрээний үлдэгдэл болох 67 000 000 төгрөгийг Б.О-гээс шаардах эрхийг өвлөсөн болох нь тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч М.А-нас барагч Д.Батжаргалын зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй болно. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, хариуцагч Б.О-гээс зээлийн үлдэгдэл 67 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-6 дугаар тал/

Хариуцагч тайлбартаа 52 000 000 төгрөгийг төлсөн гэх боловч 50 000 000 төгрөг буцаан төлөгдсөн нь банкны баримтаар тогтоогдож байх боловч 2 000 000 төгрөгийг төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо шинжээчийн 2792, 4393 тоот дүгнэлтүүд эрс зөрүүтэй гарсан гэх боловч шинжээчийн 2792 тоот дүгнэлт нь  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлт байх бөгөөд уг 2792 тоот дүгнэлтэд шинжилгээнд ирүүлсэн материал шинжилгээнд тэнцэхгүй, гарын үсгийг хооронд нь харьцуулан шинжлэх боломжгүй талаар дүгнэсэн байна. /хх-59-62 дугаар тал

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “... хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь ... шинжээчийн дүгнэлт, ... болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 4393, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5280 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм. /хх-40-46, 90-99 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                                   

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                    Н.БАТЗОРИГ

                                                                                    Г.ДАВААДОРЖ