Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2019/00751

 

    М ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалтай,

    М ийн нэхэмжлэлтэй,

             Б т холбогдох

             Зээлийн гэрээний үүрэгт 67,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 12 сарын 03-ны өдөр миний нөхөр талийгаач н.Батжаргалаас Б  гэж хүн 117,000,000 төгрөг авсан. Тухайн үедээ хаус өгнө гэдэг байсан. Тэр үед бид нар өвчин зовлонтой явсаар байгаад нэхэж чадаагүй. Манай нөхөр өвчтэй байхдаа хэд, хэдэн удаа залгахад утсаа авахгүй салгаад байдаг байсан. Тэгж явсаар манай нөхөр 2016 оны 05 сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш хөөцөлдөж чадахгүй байсаар 2 жилийн дараа Б тэй уулзсан. Уулзаад 117,000,000 төгрөгийн тохиролцооны бичиг дээр зурсан гарын үсэг таны гарын үсэг мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Бид “гачигдал, зовлонтой болчихоод байна, та мөнгөө эргүүлж өг” гэж хэлэхэд Б  “би энэ мөнгийг аваагүй, 50,000,000 төгрөг л авсан” гэж хэлсэн. 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Би дахиад 67,000,000 төгрөгөө авъя гэхэд би чамаас энэ мөнгийг аваагүй гэж хэлсэн. Надад 2,000,000 төгрөг өгч байгаагүй. Иймд 67,000,000 төгрөгийг Б ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь н.Батжаргалтай ажлын ойр дотно харилцаатай байсан. Надаас гуйсны дагуу асуудлуудыг нь шийдэж өгч, ганц хоёр ажил аудитын компанид нь олж өгч байсан. Хаус, орон сууц өгөх талаар яриад байгааг мэдэхгүй байна. Би анх 47,000,000 төгрөг зээлсэн. Дараа нь 3,000,000 төгрөг зээлж, нийт 50,000,000 төгрөгийг зээлсэн. Би нэхэмжлэгчээс ийм их мөнгө аваагүй, 50,000,000 төгрөг авсан, авсан 50,000,000 төгрөгөө өгнө гэж хэлсэн. Би зээлсэн мөнгөний талаар А5 хэмжээтэй жижиг цаасан дээр гарын үсэг зуруулсан болохоос биш том цаасан дээр гарын үсэг зураагүй. Баянгол дүүргийн цагдаагийн газарт 2016 онд уулзаад би энэ тайлбараа бас хэлсэн. Тэр үед шинжээчийн дүгнэлт хийлгэж магадгүй шүү гэж хэлж байсан болохоос биш надад дүгнэлт гарсан талаар хэлээгүй. Цагдаагийн газар нэг л удаа дуудсан. Тэгээд таг болсон болохоор нь би асуудал дууссан гэж ойлгосон. Би энэ мөнгийг төлөх ёсгүй. Өөрт нь ч хэлсэн. Би 50,000,000 төгрөг авсан. Эхлээд 50,000,000 төгрөгийг дансаар, дараа нь 2,000,000 төгрөгийг бэлнээр нийт 52,000,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Б ээс 67,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б ээс 492,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102ШШ201803272 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 52 тоот магадлалыг эс зөвшөөрч, хяналтын гомдлыг гаргаж байна.

1. Иргэн М  Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Миний нөхөр Д.Батжаргал амьд сэрүүн байхдаа Б т 117 сая төгрөг зээлүүлсэн бөгөөд түүнээс төлөөгүй үлдсэн 67 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасан. М ийн нэхэмжлэлийн шаардлагын гол нотлох баримт болох “Тохиролцоо” гэх бичиг дээр зурагдсан гарын үсэг хариуцагч Б ийнх мөн эсэхийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилсны дагуу 2018.08.06-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4393 тоот дүгнэлт гарч гарын үсэг Б ийнх “Мөн” гэж дүгнэсэн. Иргэн М  нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2016 оны 11 сард нөхөр Д.Батжаргал нь Б т 117 сая төгрөг залилуулсан хэмээн Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж шалгуулсан байдаг бөгөөд мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баасанбаатар мөн шинжээч томилж дээрх “Тохиролцоо” гэсэн бичиг дээр зурагдсан гарын үсэгт шинжилгээ хийлгэж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.05.16-ны өдрийн 2792 тоот дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтэд “Шинжилж буй гарын үсэг нь бичигч хэрэгслээс шалтгаалан ерөнхий болон үсгийн элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүд хангалттай дүрслэгдээгүй, чиглэл, дараалал тодорхой бус, давхардсан байх тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэсэн байдаг. Ийм байдлаар шинжээчийн 2792, 4393 тоот дүгнэлтүүд эрс зөрүүтэй, өмнө нь шинжилгээнд “тэнцэхгүй” байсан материалд ямар арга хэрэгслээр шинжилгээ хийснээр “тэнцэх” болсон нь тодорхойгүй, маш эргэлзээтэй байгаа тул эдгээр дүгнэлтийн аль нь үндэстэй болохыг нь тогтоолгох зорилготой 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийлгэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг анхан шатны шүүх хангахаас татгалзаж, зөвхөн сүүлд гарсан 4393 тоот дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Давж заалдах шатны шүүх “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 4393, 2018 оны 09 сарын 25-ны өдрийн 5280 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм” гээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь иргэн М ийн нэхэмжлэлийн гол шаардлага болох “Тохиролцоо” гэх бичигт 2 удаа эрс зөрүүтэй 2 өөр дүгнэлт гарсан, эдгээр дүгнэлтийг М.Эрдэнэжаргал гэх нэг л шинжээч гаргасан байгаад анхаарал хандуулаагүй, нотлох баримтын хууль ёсны байх шинжийг алдагдуулсан туйлын эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтэд давуу ач холбогдол өгсөн хууль бус шийдвэр гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч М ийн өмнө цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо 2016 оны 12 сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 11133 тоот тогтоол бичиж шийдвэрлэсэн байдаг. Уг материалыг Баянгол дүүргийн прокурорын газрын архиваас хуулбарлуулан авч иргэний хэргийн материалд хавсаргасан юм. Уг материалд шинжээчийн 2792 тоот дүгнэлт болон шинжээч томилсон тогтоол огт байхгүй бөгөөд гомдол шалгагдаж, прокурорын шийдвэр гарснаас 5 сарын дараа шинжээч томилогдон дүгнэлт гарч, 9 сарын дараа М т “Хуулбар үнэн” дардастайгаар гарт нь өгсөн болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн баримтаас тодорхой харагдана. Энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй шинжилгээ болохыг нотолж байгаагаас гадна уг 2792 тоот дүгнэлтийг гаргасан кримналистикийн шинжээч М.Эрдэнэжаргал нь шүүгчийн захирамжаар хийгдсэн шинжилгээний 4393 тоот дүгнэлтийг бас гаргасан байгаа нь энэ баримт буюу шинжээчийн дүгнэлт нь хууль ёсны биш болохыг баталж байна. Мөрдөн байцаагч Д.Баасанбаатар шинжээч томилох тогтоол дээр удирдлагын зөвшөөрөлгүйгээр, шалгаж дууссан гомдол материалд хувийн зорилгоор байцаан шийтгэх ажиллагаа явуулж, дүгнэлт гаргуулан, иргэн М ийн гарт нь өгч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлэх ажиллагаа хийсэн болон шинжээч М.Эрдэнэжаргал нэг асуудлаар 2 өөр дүгнэлт гаргаж бусдад илт давуу байдал бий болгосон гэх асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа юм.

4. Хариуцагч Б  нь Д.Батжаргалаас 50 сая төгрөг зээлж авахдаа А5 хэмжээтэй жижиг цаасан дээр гарын үсгээ зурсан, дараа нь 25 сая төгрөгийг буцааж төлөхдөө уг бичгийн ард мөн тэмдэглэл бичиж гарын үсгээ зурсан, тэр бичиг Д.Батжаргалд үлдсэн учир миний эдгээр гарын үсгийг ашиглан “Тохиролцоо" гэх бичиг дээр дуурайлгаж зурсан болов уу гэж тайлбарладаг. Д.Батжаргал нь Б т мөнгө хүлээлгэж өгсөн, шилжүүлсэн ямар нэг баримт байхгүй, дээрх “Тохиролцоо”-ны дагуу Б ээс 117 сая төгрөгийг нэхэмжилж авах тухай эхнэр М тээ гэрээслээгүй, эхнэрийн хамт Б тэй уулзаж ярилцаж байгаагүй, энэ өр авлагын асуудлаар хэлж ярьж байсан зүйл огт байдаггүй бөгөөд зөвхөн “Тохиролцоо” гэх бичиг дээр зурагдсан гарын үсгээр нэхэмжлэлийн шаардлага үүсч байгаа юм. Гэтэл дээрх байдлаар хийгдсэн илт үндэсгүй, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж байгаа тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/03272 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 52 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч М  нь хариуцагч Б т холбогдуулан зээл 67,000,000.00 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, авсан 50,000,000.00 төгрөгийн зээлээ төлсөн, одоо төлөх төлбөргүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Нэхэмжлэгч нь түүний нөхөр Д.Батжаргал нас барахаасаа өмнө 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б т 117,000,000.00 төгрөгийг шилжүүлснээс 50,000,000.00 төгрөгийг буцаан авсан, үлдэгдэл 67,000,000.00 төгрөг төлөгдөөгүй, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр энэ мөнгийг шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөр Д.Батжаргалаас анх нийт 50,000,000.00 төгрөг  зээлсэн, 117,000,000.00 төгрөг аваагүй, нэхэмжлэгчид 50,000,000.00 төгрөгийг буцаан төлсөн буюу Д.Батжаргалын гэр бүл хүүхдүүдэд нийт 52,000,000 төгрөг өгсөн. Тухайн үедээ мөнгө авсан талаараа А5 хэмжээтэй жижиг цаасан дээр гарын үсэг зурж байсан, “Тохиролцоо” гэсэн баримт дээр гарын үсэг зураагүй, гарын үсгийг сүүлд дуурайлган зурсан байх гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 4993 дугаар дүгнэлтэд заасан Б ийн гарын үсгийн загваруудтай тохирч байгаа тухай, мөн хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн 5280 дугаар дүгнэлтэд Д.Батжаргалын гэх үл уншигдах гарын үсгийн загвартай тохирно гэсэн дүгнэлтэд үндэслэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй гэж буруутган, 4393,  5280 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэл муутай болжээ. 

2018 оны 08 сарын 06-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4393 тоот дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй баримтад зурагдсан гарын үсэг хариуцагч Б ийнхтэй тохирч байгааг тодорхойлсон байна. Гэвч М  нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2016 оны 11 сард Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст “...нөхөр Д.Батжаргал нь Б т 117 сая төгрөг залилуулсан” гэсэн гомдол гаргаж шалгуулсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.05.16-ны өдрийн 2792 тоот дүгнэлтэд дээрх тохиролцоо гэх баримтад зурсан гарын үсэг нь бичигч хэрэгслээс шалтгаалан ... адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэжээ.

Шинжээчийн нэг баримт дээр хийгдсэн 2792, 4393 тоот дүгнэлт зөрүүтэй байхад     “...бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлт”-ийг анхан шатны шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 38 дугаар зүйлийн 38.6-д нийцээгүй, анхан шатны шүүхийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

       Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:       

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/03272 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 492,950.00  /дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

                                                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН