Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/00164

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02949 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Гэрээний үүрэгт 5 696 772 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтанзул,

Хариуцагч: Д.Баасандорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б-д 2016 оноос эхэлж, Хан-Уул дүүрэгт орших хоёр өрөө орон сууцыг сарын 500 000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийсэн. Энэ орон сууц нь Д.Д-ынх бөгөөд тэрээр гадаад байх хооронд түрээсийн гэрээг Монгол дээд сургууль байгуулсан байсан. Д.Д ирээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээг шинэчилж байгуулсан. Түрээсийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас төлөөгүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн. Түрээсийн төлбөрөө удаа дараа нэхдэг байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч өр барагдуулах тухай баталгаа хийж өгсөн. Баталгаагаар 2017 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй нийт 5 550 000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Иймд 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл нийт 12 сарын түрээсийн төлбөрт 5 550 000 төгрөг, ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 146 772 бүгд 5 696 772 төгрөг Д.Баасандоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-оос 5 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгон, үлдэх 146 772 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 823.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 103 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Би Д.Д-тай тохиролцон 2017 оны 9 дүгээр сарын 15-нд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших арьс ширний үйлдвэрийн 31 дүгээр байр, 1 дүгээр орц, 3 тоот, 2 өрөө байрыг 1 сарын 500 000 төгрөгөөр тохиролцож гэрээ хийсэн. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн нь үнэн. Энэ хугацаанд 10 дугаар сараас 3 дугаар сарын хүртэл сар бүр 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг төлсөн. 6 дугаар сарын төлбөрийг 7 дугаар сард төлсөн. Баримтуудыг Хан-Уул дүүргийн шүүхэд тайлбарын хамт өгсөн. Ашиглаж байсан байраа 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгож хүлээлгэж өгсөн. Цахилгаан, байр, дулааны мөнгийг хугацаанд нь саадгүй төлж байсан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх намайг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр 5 550 000 төгрөгийг надаас гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн миний оршин суух хаяг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхон, 102 дугаар байр, 8 тоот юм. Энэ талаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд оролцож байхдаа тайлбар хийсэн. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдаан зарлагдахад өглөө очиж шүүгчийн туслахад тайлбар өгсөн. Баянгол дүүргийн харьяаллаар шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байтал Сонгинохайрхан дүүргийн шүүхээс утсаар ярьж шүүхийн шийдвэр гарсан ирж авна уу гэсэн. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтэй байсан боловч намайг шүүх хуралдаанд оролцуулалгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Хан-Уул дүүргийн шүүх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 184/ШЗ2018/09646 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч тал ирээгүй тул хэргийг түр хаасан. Иймд миний хүсэлтийг дахин харж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                            

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 5 696 772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Д.Д нь Д.Баасандоржтой 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Б нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 31 дүгээр байр, 3 тоот, 2 өрөө, Д.Д-ын өмчлөлийн орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслөх, 1 сарын 500 000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь талуудын байгуулсан гэрээ, өр барагдуулах баталгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7, 25 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч Д.Бнь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өр барагдуулах тухай баталгааг Д.Д-д гаргаж өгсөн байх бөгөөд уг баримтад “2017 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй нийт 5 550 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг төлбөрийн 50 хувь буюу 2 775 000 төгрөгийг 2018 оны 4 сарын 30-ны дотор, үлдэгдэл 50 хувь буюу 2 775 000 төгрөгийг 2018 оны 5 сарын 15-ны дотор төлж барагдуулна. ...” гэжээ. /хх-ийн 25 дугаар тал/

Иймд хариуцагчаас 5 550 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д.Д нь гэрээний 4.5-д зааснаар СӨХ-ны төлбөр 146 772 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 146 772 төгрөгийн шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэгчид 3 000 000 төгрөг өгсөн бөгөөд анхан шатны шүүх хэргийг харьяаллын дагуу шилжүүлээгүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй гэх боловч хариуцагч нь 3 000 000 төгрөг өгсөнөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, хэрэг шилжүүлэх тухай гаргасан хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах боломжгүй бөгөөд хариуцагч Д.Б-д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар мэдэгдсэн, хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. /хх-ийн 23, 26 дугаар тал/

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 184/ШШ2018/02949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

                               ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                   Г.ДАВААДОРЖ