Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/02949

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СД.Б-д холбогдох

Гэрээний үүрэгт 5,696,772 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, түүний  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б-д 2016 оноос эхэлж, Хан-Уул дүүрэгт орших хоёр өрөө орон сууцыг сарын 500,000 төгрөгөөр түрээслэх гэрээ хийсэн. Энэ орон сууц нь Д.Д-х бөгөөд тэрээр гадаад байх хооронд түрээсийн гэрээг Монгол дээд сургууль байгуулсан байсан. Д.Д ирээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээг шинэчилж байгуулсан. Түрээсийн төлбөрийг 2017 оны 4 дүгээр сараас төлөөгүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахад орон сууцыг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн. Түрээсийн төлбөрөө удаа дараа нэхдэг байсан тул 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч өр барагдуулах тухай баталгаа хийж өгсөн. Баталгаагаар 2017 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй нийт 5,550,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрч, 2018 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч төлөөгүй. Иймд 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл нийт 12 сарын түрээсийн төлбөрт 5,550,000 төгрөг, ус, дулаан, цахилгаан, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 146,772, бүгд 5,696,772 төгрөг Д.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Д.Б-д холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэгт хөлсөнд 5,550,000 төгрөг, ашиглалтын зардалд 146,772 төгрөг, нийт 5,696,772 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 5,804,595 төгрөгөнд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,823 төгрөгийг оруулж тооцсон тул хасаж 5,696,772 төгрөг гаргуулна гэжээ.  

Хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

Хариуцагч Д.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулж, гэрээгээр Д.Д Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 3 тоот хаягт орших, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцыг Д.Б-ийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь нэг сарын 500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-7/

Зохигчид гэрээг орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээний үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 31 дүгээр байрны 3 тоот хаягт орших, 30 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууц нь нэхэмжлэгч Д.Д-ын өмчлөлийн зүйл болох нь улсын бүртгэлийн Ү-2206003998 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-8/

Нэхэмжлэгчийн “. . . хариуцагч уг орон сууцыг 2016 оноос хойш эзэмшиж байсан ба 2017 оны 4 дүгээр сараас хойш төлбөрийг төлөөгүй” гэх тайлбар нь хариуцагчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “Өр барагдуулах тухай баталгаа” гэх бичигт “. . . Одоогийн байдлаар түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч 2017 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй нийт 5,550,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. . . “ гэж бичсэнээр тогтоогдож байна. /хх-23/ Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2017 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын 15-ны хугацаанд хамаарах гэрээг баримтаар гаргаж өгөөгүй боловч хуульд орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага заагаагүй, хариуцагч дээр дурдсан хугацаанаас хойш орон сууцыг хөлсөлж байсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.   

Иймээс 2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сарын хүртэл 12 сарын хугацааны орон сууц хөлсөлсний төлбөрт 5,550,000 төгрөгийг хариуцагч Д.Б-с гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар хариуцагч ашиглалтын зардлыг төлөөгүй болохыг, нэхэмжлэгч нийт 146,772 төгрөг төлсөн болохыг тодорхойлсон үйл баримт авагдаагүй буюу нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул уг шаардлага хангагдах үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Б-с 5,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, үлдэх 146,772 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-с 5,550,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгон, үлдэх 146,772 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,823.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 103,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тус хуулийн 120 дугаар дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.НЯМСҮРЭН