Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 547

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар магадлалтай, Б.Т-д холбогдох 1825004450297 дугаартай эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, нарын хамт *** оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, А а овогт Б-н Т.

Б.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хаан бууз” кафены зүүн талын авто зам дээр *** ОРО дугаартай “Кроун” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 13.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Д-ыг мөргөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.       

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам гаргасан эсэргүүцэлдээ “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Т-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг давхар журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2, 40.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг давхар барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчилсныг тус тус зөрчсөн.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцэл 2 үндэслэлээр бичигдсэн. Нэгдүгээр үндэслэл нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг, 7.1 дүгээр зүйлтэй давхар журамлаж шийдвэрлэсэн нь буруу гэснийг дэмжиж байна.

Эрүүгийн хуульд заасан энэ 2 зохицуулалтуудыг дүгнэж үзэхэд аль аль нь тэнсэх зохицуулалт бөгөөд аль аль нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж тэнсэх зохицуулалт байна.

Хуулийн уншигдах байдал, үзэл баримтлалаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь яллагдагч хүсэлт гаргаснаар, харин 7.1 дүгээр зүйл нь шүүх эрх хэмжээний дотроо тэнсэх үндэслэл тогтоогдсон бол хэрэглэхээр өөр өөр тусдаа зохицуулалт бөгөөд нэг нь нөгөөгөө нөхсөн зохицуулалт гэж харагдахгүй байна. Иймээс шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Эсэргүүцлийн 2 дахь үндэслэл  нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамласан тохиолдолд заавал албадлагын арга хэмжээ хэрэглэх ёстой гэж бичсэн бөгөөд миний зүгээс энэ үндэслэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь прокурор анхнаасаа албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар яллагдагчтай тохироогүй, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэглэж болно” гэж заасан байгаа нь заавал хэрэглэх ёстой гэж ойлгохооргүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Б.Т-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Т- нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хаан бууз” кафены зүүн талын авто зам дээр *** ОРО дугаартай “Кроун” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 13.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Д-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, анхан шатны шүүх Б.Т-д холбогдох хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн агуулгыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 болон 7.1 дүгээр зүйлүүдийг давхар баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан байгаа бол мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан байгаа тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тухайн хэргийн талаар хийгдэж байгаа дүгнэлтээс шалтгаалж эдгээр зохицуулалтын аль нэгийг нь баримтлах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Б.Т-д холбогдох хэргийн хувьд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлийг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөхөөр шийдвэрлэв.

Харин үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг шүүхээс хэрхэн оногдуулах талаарх харилцааг Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ... хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлагын хүрээн дэх албадлагын арга хэмжээг заавал оногдуулахыг шүүхэд үүрэг болгосон буюу императив шинжтэй хэм хэмжээ биш, гагцхүү шүүгч өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан оногдуулж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарч буй зохицуулалт болно.

Гэтэл Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг прокурор буруу ойлгон тайлбарлаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж эсэргүүцэлдээ буруутган дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Иймд прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүнтэй холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхамын гаргасан эсэргүүцлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг буруу хэрэглэсэн талаарх хэсгийг хангаж шийдвэрлэсүгэй.                    

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН