Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 0075

 

Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Ц.М Шүүгдэгч Б.Т Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Т-д холбогдох,  эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн,  25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, “Монос” ХХК-ний Орхон аймаг дахь салбарын ахлах ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Б.Т,

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хаан бууз” кафены зүүн талын авто зам дээр 18-06 оро улсын дугаартай, “Crown” маркийн авто машин жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.д зааснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1., 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан, 27.10 дугаар зүйлийн 2.3.д зааснаар шүүгдэгч Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалган, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий СD-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурьдаж 770877 дугаартай Б.Т-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурор эсэргүүцэлд: Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Чандмань төвийн хажуугийн “Хаан бууз”-ны зүүн талын авто зам дээр 18-06 оро улсын дугаартай, “Сrown” маркын авто машин жолоодож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүх 2018 оны 07 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1., тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1.д хэсэгт заасныг давхар журамлаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд” хэрэглэхээр хуульчлагдсан бөгөөд Б.Т-д ял оногдуулахдаа 6.7 дугаар зүйлийн 1.1.ийг журамласан үндэслэлтэй. Харин 6.7 дугаар зүйлийн 1.1.р заалтыг журамлан хорих ялын тэнсэхдээ мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнснэ. Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1.д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хуульчлагдсан. Гэтэл шүүх эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь буруу. Иймд шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичлээ..., давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна.., шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан Д.Д-г мөргөж биед нь зүүн дунд чөмөгний ясны хүзүү дайрсан хугарал, зүүн хөлийн тавхайн 2 ба 3 дугаар шивнүүрийн хугарал, гавал тархины битүү гэмтэл, хуйханд оройд язарсан шарх, зүүн тавхай, гуянд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3.д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хасах ялын биелэлт, тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Т дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед өөрөө хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг.., хохирогч Д.Д-н өгсөн ...2018 оны 06 дугаар сарын 23-ны 11 цагийн үед “Хаан бууз”-ны зүүн талын авто замын явган хүний гарцан дээр явж байтал цагаан саарал өнгийн “Кровн” маркийн машин ирээд намайг дайрсан.., Би эрүүл саруул явсан., дүрэм зөрчөөгүй гарцаар гарсан.., надад гомдол санал байхгүй, эмчилгээний мөнгийг бүрэн барагдуулсан.., гэсэн мэдүүлэг, болон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны 486 дугаар дүгнэлт., хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл., гэрэл зургийн үзүүлэлтүүд., тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл., камерийн бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид оногдуулсан ял түүний гэм бурууд тохирчээ. Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1., 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг давхар журамлаж шийдвэрлэсэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд” хэрэглэхээр хуульчлагдсан учир Б.Т-д ял оногдуулахдаа 6.7 дугаар зүйлийн 1.1.ийг журамлах.., мөн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шийдвэрлэхээр зохицуулагдсан байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.д ...шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1.д шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3.д заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож “болно“ гэж тус тус зааснаас үзвэл шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР