Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00191

 

Т.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02651 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.О-д холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 3 143 210 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Ичинхорлоо,

Хариуцагч: Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Д.О-д “Сонота-7” маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх 10 500 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлээр худалдсан. Тухайн үед автомашин зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийх гэсэн боловч уг автомашин нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байсан тул зээлийн гэрээг байгуулсан. Ингээд автомашиныг гэрээ байгуулсан өдөр Т.О-д хүлээлгэн өгсөн бөгөөд автомашины өмчлөх эрхийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлэн өгсөн. Д.О нь дээрх гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөрт 10 500 000 төгрөг, хүүд 3 985 000 төгрөг төлөхөөс 11 240 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3 143 210 төгрөгийг гаргуулж өгнө үү. Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 160 000 төгрөгийн төлөлт гарч ирсэн тул Д.О нь нийт 11 400 000 төгрөгийг төлсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бага хүү Н.Баяртулгад “Соната 7” маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр Т.А-аас худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 2 000 000 төгрөг бэлэн төлөөд, үлдсэн 10 500 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд урьдчилгаа 2 000 000 төгрөг, дараагаар 12 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг Т.А-д өгсөн. Миний бие Т.А-д машины үлдсэн төлбөр төлөхөөр тохиролцсон болохоос бэлэн мөнгө аваагүй. Тухайн үед машины үлдсэн мөнгөний гэрээ хийж байна гэж бодсон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.О-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 686 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 50 830 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 14 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 57 926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 28-ны өдрийн 183\ШШ2018\02651 дугаар шийдвэрт хариуцагч Д.О би гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүх 2017 оны 2 сарын 23-нд хийсэн иргэд хоорондын зээлийн гэрээ гэж М.А, Д.О нарын хооронд хийсэн зээлийн гэрээг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгож байгаа нь иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 заалтыг зөрчсөн байдаг. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид зээлийн гэрээний зүйл болж байгаа зүйлийг шилжүүлсэн байхыг шаарддаг гэтэл дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т.А нь Д.О-д 10 500 000 төгрөг бэлнээр өгөөгүй, мөнгө өгөлцөж аваагүй гэдэг нь зохигчдын мэдүүлгээр нотлогдож байхад анхан шатны шүүх мөнгө авсантай адилтган үзэж шийдвэрлэж байгаа нь тодруулбал Иргэний хуулийн 281, 262 дугаар заалтуудыг адилтган үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдаг. Иймээс огт аваагүй мөнгөнд 3 586 000 төгрөг тооцож байгаа нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.                              

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Д.О-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 143 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.А нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Д.О-д “Сонота-7” маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг хариуцагчаас авсан байх бөгөөд үлдэх 10 500 000 төгрөгт талууд 15 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар тал/

Талуудын байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч Д.О-гийн төлөх ёстой нийт үүрэг /10 500 000₮ + 3 586 000₮/ 14 086 000 төгрөг байхаас хариуцагчийн төлсөн 11 400 000 төгрөгийг хасаад үлдэх 2 686 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 457 210 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 262 дугаар зүйлийн 262.3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна. /хх-ийн 43-71 дүгээр тал/

Хариуцагч хариу тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо 10 500 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, зээлийн гэрээ биш гэх боловч талуудын хооронд байгуулсан 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 3 дугаар тал/

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 12 400 000 төгрөгийг төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариу тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 326 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО                                        

                                            ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                                  Г.ДАВААДОРЖ