Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00684

 

Т.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02651 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191 дүгээр магадлалтай,

Т.Аын нэхэмжлэлтэй

Д.Од холбогдох

Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 3 143 210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Д.Од Сонота-7 маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг бэлнээр авч, үлдэх 10 500 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 15 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэйгээр зээлээр худалдсан. Тухайн үед автомашин зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийх гэсэн боловч уг автомашин нь банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд байсан тул зээлийн гэрээг байгуулсан. Ингээд автомашиныг гэрээ байгуулсан өдөр Т.Д.Од хүлээлгэн өгсөн бөгөөд автомашины өмчлөх эрхийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлэн өгсөн. Д.О нь дээрх гэрээний дагуу автомашины үлдэгдэл төлбөрт 10 500 000 төгрөг, хүүд 3 985 000 төгрөг төлөхөөс 11 240 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3 143 210 төгрөгийг гаргуулж өгнө үү. Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 160 000 төгрөгийн төлөлт гарч ирсэн тул Д.О нь нийт 11 400 000 төгрөгийг төлсөн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бага хүү Н.Баяртулгад Соната 7 маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр Т.Ааас худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 2 000 000 төгрөг бэлэн төлөөд, үлдсэн 10 500 000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон. Энэ хугацаанд урьдчилгаа 2 000 000 төгрөг, дараагаар 12 400 000 төгрөг, нийт 12 400 000 төгрөг Т.Ад өгсөн. Миний бие Т.Ад машины үлдсэн төлбөр төлөхөөр тохиролцсон болохоос бэлэн мөнгө аваагүй. Тухайн үед машины үлдсэн мөнгөний гэрээ хийж байна гэж бодсон. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02651 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Огаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 686 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Т.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 457 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 50 830 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 14 420 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас улсын тэмдэгтийн хураамжид 57 926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02651 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 326 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.1, 172.2-т зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: Хариуцагч Д.О нь Т.Ааас 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Соната-7” маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг өгч, бичиг баримтыг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шилжүүлэн авсан. Гэхдээ талуудын хооронд “Соната-7” машиныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй байгаа нь иргэний хуулийн 263-р зүйлийн 263.2-т заасан хэлбэр журмыг зөрчсөн байна. Иймд иргэний хуулийн 263.4-т зааснаар ...худалдан авагч хүү төлөхгүй, гагцхүү эд хөрөнгийн үнийг төлнө гэж заасан байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасныг баримтлан хариуцагч Д.Огаас гэрээний гүйцэтгэлд 2 686 000 төгрөгийн хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Д.Огаас зээлийн үүрэгт 3 143 210 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...зээл аваагүй, машины үнийн үлдэгдэл төлбөрт 12 400 000 төгрөгийг төлж, үүрэг дуусгавар болсон...” гэж маргажээ.

Зохигчид нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Сонота-7 маркийн автомашиныг 12 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтыг маргаагүй байна. Харин машины үлдэгдэл төлбөр 10 500 000 төгрөгийг төлөх талаар зохигчид зээлийн гэрээ байгуулсан, хариуцагч нь 2017 оны 03 сарын 30-наас 2018 оны 05 сарын 01 хүртэл хугацаанд 11 400 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3-т талууд өмнөх үүргийг өөр үүргээр солихоор тохиролцож, үүргийг дуусгавар болгож болохыг заасан байна.

Зохигчид нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг зээлийн үүргээр сольж, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулснаар, худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, хариуцагч Д.О нь зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн байхад шүүх хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч нь үндсэн зээл 10 500 000 төгрөг, хүүд 3 586 000 төгрөг нийт 14 086 000 төгрөг төлөхөөс 11 400 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдсон, шүүх хариуцагчийн биелүүлэх үүргийн хэмжээг үндэслэлтэй тогтоосон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний талаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/02651 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2.3...” гэснийг “...281 дүгээр зүйлийн 281.1...” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72 326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                        ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА