Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

         

Д.Б холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б холбогдох 2117000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн  илтгэснээр  хянан хэлэлцэв. 

Монгол Улсын иргэн, И Б овогт Д Б 1968 оны 11 дүгээр сарын 15-нд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинист мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод албан ёсны хаягтай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - дугаар гудамжны - тоотод  түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, 

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 390 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор буюу Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 05 жил 03 сарын хугацаагаар тогтоосон,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 08 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан, эдлэх ялыг бүгд 05 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж оногдуулсан 05 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 02 жил 03 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 07 жил 03 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтааж, нийт эдлэх хорих ялыг 02 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны тэнсэн сулласан 01 жил 08 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 03 жил 08 сар 12 хоногоор тогтоосныг биеэр эдэлж байгаад 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр суллагдсан,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,  

- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 06 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 жил 07 сарын хугацаагаар тогтоосныг биечлэн эдэлж байгаад 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулиар дүйцүүлэн суллагдсан,

- Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор /2015 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /2021/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б цагдан хоригдсон 324 хоногийн 1 хоногийг түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож нийт 324 хоногийг түүнд оногдуулсан ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сар 11 хоногийг хугацаагаар тогтоосон гэх /РД: /

Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн - сумын - дугаар баг - тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Б-А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохих, биеийн бусад хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, толгойн духны хэсгийн шарх, зүүн хөлийн өсгий ясны хугарал бүхий хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч И Б овогт Д Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2.2, 170.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 50 000 /тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-А олгож, хохирогч Э.Б-А нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Д.Б хорих ял эдлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:  Д Б миний бие нь 2022.01.11-ний өдөр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийг шүүх шүүн хэлэлцээд гэм буруутайд тооцон урьд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.08.18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сар 11 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 хоногийн ялыг нэмж нэгтгэн хорих ялыг 2 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар хаалттай хориход эдлүүлэхээр шийтгэх тогтоол гаргасан. Иймд эрхэм шүүгч танаас хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгөхийг хүсье. Учир нь миний бие 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй болсон юм. Одоо зүүн нүд маань огт хараагүй баруун нүдэндээ болор хийлгэж одоо орчлон бүдэг харж амьдардаг юм. Тиймээс надад нүдний нарийн мэргэжлийн эмчийн байнгын хяналтанд байж группээ 6 сар тутамд эмчийн зөвлөгөөнөөр орж сунгуулж байх зайлшгүй шаардлагатай байдаг юм. Энэ эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нээлттэй дэглэмээр солиулах хүсэлтэй байна гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах гомдлын учрыг сайн ойлгоогүй байсан. Д.Б хувьд гомдлынхоо утгыг сая хэлж байна. Эрүүл мэндийн шалтгаан, хувийн байдал, хүндэтгэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Говьсүмбэр аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 4 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү гэсэн саналыг гаргаж, давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт зүүн нүд нь бүрэн хараагүй, баруун нүд нь 50 хувийн хараатай. Хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан. Цаашид өөрийнх нь хүсээд байгаа зүйл бол эрүүл мэндийн шалтгааны улмаас харъяалах эмнэлэгийн байгууллагад үзүүлж байх, эмчийн хяналтад байх шаардлагатай учраас дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн санал хүсэлт гаргаж байгаа. Саналыг бүрэн дэмжиж байгаа гэжээ. 

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Д.Б холбогдох эрүүгийн 2117000000115 дугаартай хэргийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд 8 дугаартай шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Б гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс Д.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийн хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн 2 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн тухайн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнийг хаалттай хорих байгууллагад эдлүүлнэ гэж заасан байдаг. Тухайн зүйл хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ямар хорих байгууллагад ялыг эдлүүлэх тухай зохицуулж өгсөн байдаг. Д.Б нь тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ өмнө нь хорих ял шийтгүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялтай байх үедээ дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн. Мөн 1996 оноос хойш 7 удаагийн ял шийтгэл эдэлсэн. Дээрх байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс дүгнэлт хийж хаалттай хорих байгууллагад тухайн хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн тухайн зүйл ангид эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хорих ангийн зэрэглэлийг өөрчлөх асуудал заагаагүй учраас анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг - тоотод байх өөрийн гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Э.Б-А хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь цохих, биеийн бусад хэсэг рүү өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, толгойн духны хэсгийн шарх, зүүн хөлийн өсгий ясны хугарал бүхий хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба прокуророос тухайн үйлдлийг бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргасан  хэдий ч анхан шатны шүүх түүний үйлдсэн хэрэг хавтаст хэргийн хүрээнд нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.   

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтууд  болох хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх бөгөөд тэдгээр нь хуульд заасан шаардлага зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй ба тэдгээрийг үнэлсэнтэй холбогдуулан ямар нэгэн гомдол гараагүй байна.

Шүүгдэгч  Д.Б нь хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь

- хохирогч Э.Б-А “ ... миний толгойны зүүн зулайн хэсэг орчимд цохиод авсан... яг юугаар цохисныг нь бол мэдээгүй ...чи муу намайг утасны  хулгайд сэрдлээ, би хулгай хийдэг хүн биш гээд намайг гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд  байсан. Миний зүүн хөлний шагайнаас доош тэр гуталтай хөлөөрөө намайг гуталгүй байхад өшиглөөд  байсан “ гэх / хх-ийн 4-5/

- гэрч Я.Ш  “... тэгж ирэхдээ бие хаа нь зүгээр, ил харагдах шарх гэмтэлгүй байсан...маргааш өглөө нь ...хүнд зодуулчихлаа гээд хувцас хунар болон нүүр ам нь цус болчихсон орж  ирсэн.... 2-3 хоногийн дараа... Б зодуулсан гэж надад хэлсэн..” гэх /хх-ийн 12/ мэдүүлэгүүд,

- шинжээчийн дүгнэлтийн “...Э.Б-А биед зүүн хөлийн өсгий ясны далд хугарал, тархи доргилт, толгойн духны хэсэгт шарх, зүүн мөрөнд, өвчүүнд, 2 далны хооронд... цус хуралт ...зулгарагт гэмтлүүд учиржээ.

-Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2021-11.15-нд үүсгэгдсэн байх боломжтой.

-Зүүн хөлийн өсгий ясны далд хугарал гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... “ гэх /хх-ийн 16-17/дүгнэлт зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Шүүгдэгч Д.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь тохирсон байх ба шүүгдэгч Д.Б үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн болон хүндэвтэр гэмтлүүд үүссэн боловч учруулсан хохирлын аль хүнд хэсгээр зүйлчилсэн нь зөв гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь зөв болсон байна.

Шүүгдэгч Д.Б нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/439 дугаартай шийтгэх тогтоолоор /2015 он/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /2021/ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солигдсон байх ба уг ялыг эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээс тухайн ялыг хорих ялаар сольсон нь үндэслэлтэй болжээ. Харин уг ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийг баримталсан хэдий ч зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хэрхэн дүйцүүлэн солих, нэмж нэгтгэх тухай  мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3, 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус  баримтлаагүй нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр болсон байна.

Шүүгдэгч Д.Б нь харааны бэрхшээлийн улмаас группт байдаг ба 6 сар тутам сунгуулах шаардлагатай байдаг тул хаалттай дэглэмийг нээлттэй болгон өөрчлөж өгөхийг хүсч давж заалджээ.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Б үйлдсэн хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэсэн хирнээ түүний ял эдлэх дэглэмийг тогтоохдоо согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо арилгаагүй, урьд олон удаагийн ял шийтгэлтэй, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн үзэж хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр болжээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “ Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно. “ гэж заасан байх ба эсрэгээр мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно “ гэж заасан хуулийн зохицулалтаас харахад шүүх хүндрүүлэх нөхцөл байдалд заагдаагүй нөхцөл байдал дурдаж хариуцлагыг буюу дэглэмийг хүндрүүлсэн нь буруу болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Харин  шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдал буюу хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоосон “...эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр “ /хх-ийн 42/ , үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах ба тухайн зүйлд хорих ял оногдуулахаар заагдаагүй, урьд нь зорчих эрх хязгаарлах ял эдэлж байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ялыг хорих ялаар солих шаардлагатай болсон зэргийг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг нээлттэй болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/08 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3 дахь  заалтын “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2...” гэсний дараа “ 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 5.5 дугаар зүйлийн 3 “ гэж нэмж, тогтоох хэсгийн 4 дэх заалтын   “ ... хаалттай “ гэснийг “... нээлтэй “ гэж өөрчлөн тус тус өөрчилсүгэй.      

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон 58  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.         

4. Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             О.ОДНЯМАА

 ШҮҮГЧИД                                             Н.БОЛОРМАА

                                                               Г.ТЭГШСУУРЬ