Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00289

 

Ө.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03122 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.М-т холбогдох,

Гэрээний үүрэгт 14 076 000 төгрөг, гэрээний бус үүргийн төлбөр 2 317 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Насанжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Б нь иргэн Т.М-тэй 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг, 1 сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр гэрээнд заасны дагуу зээлийн 1 хувийн шимтгэл тооцож, 19 800 000 төгрөгийг зээлдэгчийн 5058063412 тоот Хаан банкны дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д зааснаар зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохирсон. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний хавсралтаар тохирсон зээл төлөх хуваарийн дагуу зээлийн хүүг төлсөн байдаг боловч үндсэн зээлийг хуваарийн дагуу эргэн төлөөгүй юм. Зээлдэгчээс зээлийн үндсэн төлбөрт 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 15 000 000 төгрөгийн төлбөрт тооцуулан “Киа К7” маркийн мөнгөлөг саарал өнгийн 30-76 УБУ улсын дугаартай автомашиныг итгэмжлэлээр зээлдүүлэгч миний бие өөртөө шилжүүлж авсан бөгөөд тухайн 15 000 000 төгрөгийн төлбөрөөр үндсэн зээлийн төлбөрөөс 13 756 000 төгрөгийг, анз буюу алдангаас 1 244 000 төгрөгийг хасаж тооцохоор тухайн үед харилцан тохирсон. Дээрх зээл нь өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 6 244 000 төгрөг, үндсэн хүүний төлбөр 320 000 төгрөг, анз буюу алданги 3 512 000 төгрөг, нийт 10 076 000 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд дээрх хэмжээний төлбөрийг зээлдэгч нь зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй, зээлдүүлэгч нь зээлдэгч буюу хариуцагчаас шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Т.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 10 076 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагч Т.М-ийн хувьд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Ө.Б-аас 3 000 000 төгрөгийг нэмж зээлж авсан байдаг бөгөөд Т.М-т дээрх 3 000 000 төгрөгийг Ө.Б иргэн Амартүвшин овогтой Өлзийсайханаар дамжуулан 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр өгсөн байдаг. Т.М  өөрийн биеэр ирж, А.Өлзийсайханаас 5 000 000 төгрөг аваад маргааш нь 2 000 000 төгрөгийг Ө.Б-д буцаан өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд иргэн Т.М-т зээлэхийн тулд Амазон гэх барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч өгсөн байдаг бөгөөд зээл болон зээлийн хүүг Ө.Б төлж дуусгасан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас нэхэмжлэх үнийн дүнг 1 000 000 төгрөгийн алдангийг дутуу тооцож бодсон байх тул нэмэгдүүлэн нийт 4 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа тул дээрх дүнг нэгтгэн 14 076 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Түүнчлэн дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Т.М  нь 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Амазон ломбард /Амазон Есүч ХХК/-иас 5 000 000 төгрөгийг зээлсэн байдаг. Энэхүү зээлийн үлдэгдэл 2 317 000 төгрөгийг Т.М  нь төлөөгүй юм. Улмаар энэхүү 2 317 000 төгрөгийг Ө.Б-аар төлүүлж дуусгасан байдаг. Одоо Т.М  нь Амазон ломбард /Амазон Есүч ХХК/-ийн өмнө ямар нэг өр төлбөрийн үүрэггүй болсон бөгөөд бүх зээлээ Ө.Б-аар төлүүлж, өөрөө Ө.Б-д тус зээлийг төлөхөөр тохиролцсон атлаа одоог болтол төлөөгүй. Иймд хариуцагч Т.М-ийн Амазон ломбард /Амазон Есүч ХХК/-д төлсөн 2 317 000 төгрөгийг Т.М-ээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 20 000 000 төгрөгийн зээл авсан. 20 000 000 төгрөгийн зээлийг сар болгоны 6 хувийн хүүг төлсөн. Үндсэн зээлийн төлбөрөөс 5 000 000 төгрөгт тооцон 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Б.Анхтуяагийн эзэмшлийн Хьюндай “Соната-6” маркийн 12-94 УБЧ улсын дугаартай суудлын автомашиныг “Барс капитал ББСБ” ХХК-ийн барьцаанаас суллуулан Ө.Б-ын хүсэлтээр шууд А.Баярсайхан /РД-НР80022575/ гэх иргэний эзэмшилд шилжүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 16 000 000 төгрөгийн төлбөрт тооцуулан “Киа К7” маркийн 30-76 УБУ улсын дугаартай суудлын автомашиныг нэхэмжлэгчид өгсөн. Ингээд бид ярилцаад 2 сарын хүүнд 2 088 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэлд 1 400 000, нийт 3 488 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэтэл нэхэмжлэгч дээрх “Соната-6” маркийн автомашиныг 5 000 000 төгрөгт тооцон төлбөрт авснаа нэхэмжлэлдээ орхигдуулжээ. Нэхэмжлэлийн шаардлагаас 3 488 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ. Би үндсэн зээлийн 20 000 000 төгрөгөөс 16 000 000 төгрөг “Киа К7” маркийн автомашиныг тооцуулан зээлдүүлэгч Ө.Баярбатад өөрийн хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн өгсөн. Мөн зээлийн төлбөртөө “Соната-6” маркийн автомашиныг 5 000 000 төгрөгт харилцан тохиролцож тооцоод үндсэн зээлийн төлбөрт 2 600 000 төгрөг тооцуулан машинаа шилжүүлсэн. Харин зээлдүүлэгчээс зээлсэн зээлийн хүү 1 сарын төлбөр 1 200 000 төгрөг, 11 сарын хүү болох 13 044 000 төгрөгийг зээлдэгч Ө.Б-ын “Хаан банк” ХХК-ийн 5058063412 тоот дансаар 9 сарын хүү болох 10 644 000 төгрөгийг төлсөн. Мөн 2 сарын хүү болох 2 400 000 төгрөгийг “Соната-6” маркийн автомашины төлбөрийн үлдэгдэлд оруулан тооцож өгсөн юм. Ингээд 1 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний бие А.Өлзийсайханаас 3 000 000 төгрөгийг бэлнээр зээлсэн нь үнэн. Ингээд Өлзийсайханд 7 сарын хүү болох 1 470 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл болох 3 000 000 төгрөгөд Ө.Б-д нийт 4 600 000 төгрөгийн бараа хүлээлгэн өгснөөс 2 415 000 төгрөгийн барааг зарж, 2 185 000 төгрөгийн барааг буцаан надад өгсөн юм. Зээлийн үлдэгдэл 585 000 төгрөг үлдсэнийг 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 605 000 төгрөгийг төлсөн тул өр төлбөргүй болсон. “Амазон” ХХК-ийн ломбардаас 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн. Ингээд 5 000 000 төгрөгийг өгөхөөр Ө.Б-тай би өөрөө Солонгос Улсад байхад хүүхдээр дамжуулан төлүүлэхээр уулзуулахад хүний өөрийн баахан хүү дундаас нь тооцон аваад ломбардад зээлийн үндсэн төлбөрт 2 683 000 төгрөг, 162 190 төгрөгийн хүүг бэлнээр төлүүлээд, үлдэгдэл 2 317 000 төгрөгийн үлдэгдэл үлдээснийг би хүлээн зөвшөөрөхгүй, би үлдэгдэл 2 317 000 төгрөгийг миний өмнөөс Ө.Б-ыг төл гэж хүлээн зөвшөөрөөгүй учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ө.Б-ын нэхэмжлэлтэй Т.М-т холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14 076 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан 2 317 000 төгрөг гаргуулах тухай Ө.Б-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 230 төгрөгөөс 255 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 52 030 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 14 076 000 төгрөг, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөрт 2 317 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх "нэхэмжлэгч бусдын буюу Т.М-ийн үүргийг гүйцэтгэсэн этгээд болох нь тогтоогдоогүй, харин зээлийг батлан даасан Ч.Хулан цалингаасаа суутгуулах замаар Т.М-ийн 2 407 757 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна" гэх үндэслэлээр бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсний төлбөрт 2 317 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Хавтаст хэргийн 285 дахь талд авагдсан "Амазон-Есүч" ХХК-ийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн А-18/22 дугаар албан тоотод хариуцагчийн зээлийг Ө.Б нь батлан дааж Ч.Хулангийн цалингаас суутган авсан гэх тайлбар, хавтаст хэргийн 287-290 дэх талд авагдсан Кассын орлогын ордероор зээлийг Ө.Б-аас төлж байсан нь хангалттай нотлогдож байхад хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр хариуцагч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх нь дээрх 2 317 000 төгрөгийн шаардлагыг нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхгүй. Ч.Хулан нэхэмжлэх эрхтэй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчид өгсөн гэх “Соната-6” маркын автомашины өмчлөгч Т.М  эсэх, нэхэмжлэлийн шаардлагаас маргаан бүхий автомашины үнийг хасуулах эрхтэй буюу өмчлөгчийн эрхийг эдлэх эрхтэй этгээд мөн эсэхэд ямар ч дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд маргаан бүхий “Соната-6” маркын автомашин нь Б.Анхтуяагийн өмчлөлийн хөрөнгө болох нь нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан нэг төрлийн асуудалд 2 өөр дүгнэлт өгч, хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн байна. Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаас 3 488 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байгаагаа дурдсан байдаг бөгөөд тухайн баримт нь хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн үнийн дүнд ямар ч дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасны дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн судалж, үнэлэх үүрэгтэй атлаа хариуцагчийн гаргасан тайлбарт ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7 дахь талд "...алдангийг ямар үнийн дүнгээс хэрхэн тооцсон талаараа тооцооллыг нэхэмжлэгч гарган өгөөгүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаглы хэлэлцүүлэгт ч тооцооллоо тодорхой болгоогүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс 2 удаа зээлийн тооцоол гаргасан байхад энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байхаас гадна тухайн зээлийн тооцоололт ямар ч дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн болно. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03122 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5 805 000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Т.М-т холбогдуулан гэрээний үүрэгт 14 076 000 төгрөг, гэрээний бус үүргийн төлбөр 2 317 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.           

Нэхэмжлэгч Ө.Б нь 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Т.М-тэй зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ө.Б нь 20 000 000 төгрөгийг, 1 сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хариуцагч Т.М-т зээлдүүлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөн нэхэмжлэгч Ө.Б нь 3 000 000 төгрөгийг хариуцагч Т.М-т зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 09, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан зээл, хүү, алданги төлөх үүргийг тодорхойлсон, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 14 076 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд болох “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар, тохиролцоог үндэслэн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн гэж үзэж, 14 076 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг зөв үнэлсэн байна.

Харин анхан шатны шүүх 2 317 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад үндэслэлгүй дүгнэлт хийж, бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх тухай Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ. Тодруулбал, “Амазон-Есүч” ХХК-д хариуцагч Т.М-ийн төлөх 5 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2 317 000 төгрөгт 2 407 757 төгрөгийг Ө.Б-ын нэрийн өмнөөс Ч.Хулан төлсөн болох нь төлбөрт зориулалтыг “Ө.Б-аас” гэж бичсэн кассын орлогын ордерууд, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А-18/22 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 285-288, 297 дугаар тал/

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар бусдын өр төлбөрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн, уг өрийг нь төлсөн этгээд зардлаа нөхөн төлүүлэхээр өрөөс чөлөөлөгдсөн этгээдээс шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Ө.Б нь 2 317 000 төгрөгийг хариуцагч Т.М-ийн зээлийн үүрэгт төлсөн болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Т.М-ээс 2 317 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Б-д олгох нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагаас 3 488 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан гэжээ. Хариуцагч нь анх шүүхэд дээрх тайлбарыг гаргаж байсан боловч хожим нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй тайлбар гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн нь хангалттай тогтоогдож байх тул дээрх тайлбараар хариуцагчийг 3 488 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. /хх-14 дүгээр тал/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2018/03122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.М-ээс 2 317 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д олгосугай” гэж,

3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 52 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Б-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

               

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                    

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                                                                                                                              Г.ДАВААДОРЖ