Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 548

 

Б.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны 417 дугаар магадлалтай, Б.Д-д холбогдох 1705011890268 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, эгчийн хамт *** тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, М овогт Б-н Д.

Б.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд А.Б-г зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хохирогч А.Б- эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-н өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д- гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар мөрдөгч прокурор нь хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах бөгөөд яллах болоод цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Мөн нотлох баримтыг тал бүрээс нь, бодитойгоор шалгасны үндсэн дээр бодит байдлыг тогтоодог. Хавтаст хэргээс үзэхэд мөрдөгч прокурор нь дээрх үүргээ зөрчсөн байх бөгөөд үүнээс улбаалан шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсгэж байна. Мөрдөгч нь хуульд заасан бүх арга хэмжээг авах үүргийн хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа нь тодорхой гэрч бүрээс мэдүүлэг авах үүрэгтэй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн хохирогч гэх эмэгтэйн найз, хамаарал бүхий этгээдүүдээс авсан мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Хэрэг гарах үед шүүгдэгчтэй хамт байсан миний найз А нь уг хэрэг явдал эхлэхээс дуусах хүртэл байсан бодит нөхцөл байдлыг мэдэх боломжтой этгээд байхад түүнээс мэдүүлэг аваагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэйг харуулж байна.

Шүүгдэгч миний бие хэргийн явцад гэм буруугүй гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Гэрчийн мэдүүлгүүд нь дээрх байдлаар шүүгдэгчийн гэм бурууг тал бүрээс нь, бодитойгоор нотолж чадахгүй. Учир тэдгээр гэрчүүд бүгд хоорондоо холбоотой, сонирхлын зөрчилтэй этгээдүүд байсан. Үйл явдал болсон газрын хяналтын камерын дүрс бичлэг бол миний гэм буруугүйг хамгийн чухал нотлох баримт байсан. Гэтэл хэрэг гарах үед цагдаа нар “Камерын бичлэг шалгаж үзнэ чи байж бай” хэмээн хэлсэн боловч, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг хавтаст хэрэгт огт тусгаагүй байдаг. Хожим тэрхүү бичлэг нь устсан гэсэн тайлбартай үлдсэн.

Гэрч Т.Э нь мэдүүлэгтээ хэрэг гарсны дараа буюу 10 сарын 29, 30-ны өдөр онгойсон боловч цагдаа нар ирээгүй, 10 сарын 31-ны өдөр Эрээн хотод байхад цагдаа нар залгасан гэдэг. Эндээс үзэхэд цагдаа нарт хяналтын камерын дүрс бичлэгийг шалгаж, хэрэгт хавсаргах боломжит хугацаа байсан ч ийм үйлдэл хийгээгүй нь тодорхой харагдаж байна. Т.Э байхгүй үед ч Кастел барны өмчлөгч, захирлын зөвшөөрлөөр үзлэг хийх боломжтой байсан, мөн техник технологийн тусламжтайгаар устсан бичлэгийг сэргээх боломжтой байхад сэргээгээгүй зэргээс үзэхэд мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг хангалттай тогтоогоогүйг илэрхийлж байна.

Мөрдөгч нь дээрх байдлаар үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй боловч хохирогч гэх эмэгтэйтэй үгсэн тохирч 500,000-600,000 төгрөг өгөхийг надаас шаардаж, үгүй бол хорьж саатуулна, мөн “чи манай дүүг зодсон, чамайг шоронд суулгана” гэхчлэн дарамталсан байдаг. Эдгээрээс үзэхэд мөрдөгч нь санаатайгаар яллах талын нотлох баримтыг цуглуулж, цагаатгах талыг орхигдуулснаар хэргийн бодит байдлыг тогтоох байдлыг ноцтой зөрчсөн байна. Ийм эргэлзээтэй байдалд анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч намайг гэм буруутай гэж үзэж, хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх заасныг үндэслэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Б.Д-н үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүхээс хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д-н гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд А.Б-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-н гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 1 жилийн хугацаа буюу гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны 417 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН