Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 417

 

                                                         Б.Д-д холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Мягмаржав, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-д холбогдох эрүүгийн 1705011890268 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Мөнхөт овогт Б-ын Д-, 1990 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, Улсын Их хурлын Тамгын газарт Улсын Их хурлын гишүүний туслах ажилтай, ам бүл 2, эгчийн хамт Баянгол дүүрэгт түр оршин суух, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд А.Бямбасүрэнмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Д- энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Бямбасүрэнмаа эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх”, 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмуудыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдахдаа хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Б.Д-ийг гэм буруутай хэмээн тогтоожээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд мөрдөгч нь зөвхөн хохирогч А.Бямбасүрэнмаагийн найзуудыг гэрчээр байцаасан байх бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь урьдчилан үгсэн хуйвалдсан, шүүгдэгчийг яллахад чиглэсэн байх бодит боломжийг үүсгэж байна. Мөн хэрэг болсон “Кастел” гэх газрын ажилтан Т.Энхтуяа, Т.Эрболд нараас гэрчийн мэдүүлэг авсан байдаг боловч тухайн гэрчийн мэдүүлгийг нягталж үзвэл “Хоёр залуу байсан”, “Шар куртиктэй залуу” гэхчилэн мэдүүлэг өгсөн байна. Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Д- хохирогчийг гэмтээсэн хэмээн дүгнэх боломжгүй, эргэлзээтэй байдал үүссэн байтал шүүх ийнхүү үндэслэлгүй шийдвэрлэжээ.

2. Мөн тухайн үед шүүгдэгч Б.Д-тэй хамт явж байсан гэх түүний найз нарыг дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авах боломжтой байсан атал ийнхүү ирүүлэлгүй зөвхөн хохирогчийн найзуудаас буюу хэргийн бодит байдлыг тогтоохуйц, хөндлөнгийн, ашиг сонирхолгүй байж чадахгүй этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч шүүгдэгчийн тухайн хэргийг үйлдсэн мэтээр ойлгогдохуйц байдал бий болгосон нь дээр дурьдсан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангаагүй байдаг.

3. Шүүгдэгч Б.Д- нь мэдүүлэгтээ хохирогчийг цохиогүй, гэмтэл учруулаагүй гэдэг бөгөөд ийнхүү гэмтэл учруулсан эсэх нь тухайн шөнийн цэнгээний газрын хяналтын камерын бичлэгээр нотлогдох боломжтой юм. Хавтаст хэргийн 18-20 дахь тал, шүүхийн шийдвэрийн 5-6 дахь талд авагдсан байх сэжигтний мэдүүлэгт дурьдсанаар цагдаа нар нь хэрэг гарах үед “хяналтын камерын бичлэг шүүз үзнэ, чи байж бай” гэж гарсан гэх боловч шалгаагүй, харин хохирогчтой үгсэн тохирч 500.000-600.000 төгрөг өгөхийг шаардсан байдаг. Мөн хавтаст хэргийн 10 дахь талд байх гэрч Т.Энхтуяа нарын мэдүүлэгт дурьдсанаар камерын бичлэгийг шалгах боломжит хугацаа 10 дугаар сарын 29, 30-нд байсан ч шалгаагүй байна. Хэрэг явдал болсон газар Б.Д-эс гадна 5-6 хүн байсан. Тэдгээр иргэдийн хооронд зодоон болж баарны хамгаалагч нар таслан зогсоосон байдаг. Ийнхүү зодолдох явцад хэн ч хохирогчид гэмтэл учруулах боломжтой байсан. Б.Д-ийн найз болох 2 залуу тухайн өдөр хэргийн газраас зугтаасан байдаг. Яагаад тэр 2 залуу зугтаах болов гэдэг эргэлзээг тайлах, хэргийн бодит байдлыг тогтоох камерын бичлэгийг авах бололцоотой байсан ч баримтжуулж аваагүй. Хохирогч, түүний найзуудтай үгсэн хуйвалдаж шүүгдэгчийг яллах талын баримтуудыг цуглуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь шүүгдэгч Б.Д- үнэхээр хохирогчийг гэмтээсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.

4. Түүнчлэн цагдаагийн нэр бүхий албан хаагч нь “Чи манай дүүг зодсон, чамтай хатуу үзнэ, шоронд суулгана” гэхчилэн албаны эрх мэдлээ ашиглан хувийн сонирхлоор хэрэгт хандсан байдаг. Энэ талаар Б.Д- удаа дараа мэдүүлдэг боловч мөрдөгч ямарч ажиллагаа хийдэггүй. Энэ цагдаагийн оролцоотой хэрэг болсон өдөр хохирогчийн бичиж өгсөн “Гомдол санал байхгүй” гэсэн бичиг алга болсон. Тэрхүү бичигтэй хамт хураагдсан Б.Д-ийн иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт мөрдөгчид хүлээлгэн өгсөн боловч гомдол саналгүй гэх тэр гар бичмэл алга болсон. Олох талаар ажиллагаа хийгээгүй. Хэргийн бодит байдлыг тогтооход маш чухал нотлох баримт байсан. Мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдааг шүүх бодитой үнэлж, авч үзсэнгүй.

Дээрх байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Д-ийг цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байгаа. Тухайн үед би эрүүл, тэдгээр залуучууд согтуу байсан. Би хохирогч гэх эмэгтэйг цохиогүй. Тэр эмэгтэй цагдаа нартай холбоо, сүлбээтэй байсан гэж үзэж байгаа...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Б.Д- нь 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” бааранд А.Бямбасүрэнмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч А.Бямбасүрэнмаагийн “...01 цагийн үед “Кастел” бааранд найзуудтайгаа ороод бүжиглэж байгаад 03 цаг 40 минутын үед “Явцгаая” гээд өлгүүрээс хувцсаа авах гээд эгнээд зогсож байтал нэг танихгүй залуу миний гар луу хальт цохихоор нь би хамт явж байсан эрэгтэй найз болох Зоригтбаатарт “Энэ залуу миний гарыг цохьчихлоо” гэхэд манай найз нөгөө залууг “Хөөе” гэж дуудахад нөгөө залуу эргэж хараад шууд мангасдаад 1 удаа өшиглөсөн. Би “Болиочээ” гээд гар цүнхээрээ хий цохисон. Миний гар цүнхэнд байсан эд зүйлс газар унахаар нь би тонгойгоод түүгээд авч байхад нөгөө гар цохисон залуу шууд миний нүүрэн тус газарт хөлөөрөө юм уу, гараараа юм уу цохисон...” /хх-ийн 8-9/,

- гэрч Т.Энхтуяагийн “...би цагдаа ирэхээс өмнө хяналтын камерын бичлэгийг ... шалгахад шар куртиктэй залуу тэр охиныг яалт ч үгүй хамар луу нь гараараа хүчтэй цохиж байсан...” /хх-ийн 10/,

            - гэрч Т.Эрболдын “...өлгүүрийн урд хоёр залуу хэдэн охидуудтай маргалдаж байсан. ... тэр хоёр залуу гарах гэхэд нь нөгөөх охидууд гаргахгүй гээд зуурахад нэг залуу нь нэг охиныг нүүрэн тус газар нь их хүчтэй цохисон...” /хх-ийн 12/,

            - гэрч Б.Хатанболдын “...зодуулсан гэх эмэгтэй нь “Энэ залуу миний хамар луу өшиглөсөн, цохисон” гэж байсан ба тухайн залуу нь уучлалт гуйгаад “Тохиролъё” гээд байсан. Тухайн эмэгтэйгийн хамар нь хавдсан байдалтай байсан...” /хх-ийн 30/,

            - гэрч Ц.Цэдэнсодномын “...эргээд хартал манай найз Бямбасүрэнмаагийн хамраас цус гарчихсан, хана түшээд зогсож байсан...” /хх-ийн 32/,

            - гэрч С.Мядагын “...Бямбасүрэнмаа нь нөгөө залууг цүнхээрээ цохиход дотор нь байсан бүх зүйлс тараад газарт унасан ба Бямбасүрэнмаа бид хоёр түүнийг нь түүгээд тонгойж байхад нөгөө залуу нүүр лүү нь өшиглөж цус гаргасан...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлгүүд,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн №13622 дугаартай “А.Бямбасүрэнмаагийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруу, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байх бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д- нь хохирогч А.Бямбасүрэнмаагийн биед гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд хохирогч зодооны явцад биедээ гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн цаг үед болсон үйл явдлыг харуулах хяналтын камерын бичлэгийг хэрэгт бэхжүүлээгүй, Б.Д-тэй цуг явж байсан найзуудаас нь гэрчийн мэдүүлэг аваагүйн гадна, цагдаагийн алба хаагч эрх мэдлээ ашиглан хувийн сонирхлоор энэ хэрэгт хандсан...” гэх зэргээр маргажээ.

Гэвч хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13622 дугаартай дүгнэлт зэргээр хохирогч А.Бямбасүрэнмаагийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Д-ийн цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Түүнчлэн хохирогч, гэрч нар нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар тодорхой, тогтвортой, хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн байх тул өөр бусдыг нэмж гэрчээр татан байцаах шаардлагагүй. Шүүгдэгч Б.Д- нь цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн хууль бус ажиллагаатай холбогдуулж эрх бүхий байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй боловч тэрээр энэ талаарх гомдлыг гаргаж байгаагүй байна.

Иймээс гэм буруу, мөрдөн шалгах ажиллагааны талаар маргасан шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Д-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд тухайн зүйлд заасан хэмжээний дотор хүнд биш ял шийтгэл оногдуулжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогч А.Бямбасүрэнмаагийн цаашид гарах эмчилгээний зардал буюу тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧИД                                                   Д.МЯГМАРЖАВ

                                                                                                     Н.БАТСАЙХАН