Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2019/00057

 

  Т.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2018/00515 дугаар шийдвэртэй, Т.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Хуаныш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч Х.Б, гуравдагч этгээд М.А, түүний өмгөөлөгч Х.Бакен нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: (1) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгох, (2)Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай М.Б-ыг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгох, (3) Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай.  

 

Нэхэмжлэлд: “Миний бие 2007 оны 9 дүгээр сараас эхлэн Өлгий сумын 6 дугаар ахлах сургуульд дуу хөгжмийн багшаар, Өлгий сумын  бага сургуульд дуу хөгжмийн багшаар тус тус ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сард орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор цагийн багш буюу түр ажилд шилжин ажиллах болсон. Миний бие  боловсролын салбарт 12 дахь жилдээ тасралтгүй, чин сэтгэлээсээ ажиллаж байгаад өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас түр ажилтан болсон, надад байнгын ажлын байртай болсон тул Засаг дарга, аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт өргөдөл гаргаж ажил олгож өгөхийг хүссэн. Ингэснээр Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал Х.А 2018 оны 0 сарын 18-ны өдөр намайг тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан.  

Миний бие уг тушаалын дагуу 2018 оны 0 сарын 25-ны өдрөөс эхэлж ажлаа хүлээн авч ажиллах ёстой боловч захирал Х.А-ийн хадам ээж нь 2018 оны 0 сарын 19-ний өдөр нас барсан тул захирал ажилдаа ирээгүйн улмаас ажлаа хүлээлцэж өгөөгүй байсан. Улмаар 7 хоногийн дараа буюу 2018 оны 0 сарын 29-ний өдөр Х.А захирал ажилдаа ирэнгүүтээ түүний ажлыг шинээр томилогдсон захиралд шилжүүлэн өгсөн. Тийм учраас би шинээр томилогдсон захирал Х.Б--той уулзаж, ажилд томилогдсон тухай тушаал болон хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлж ажил хүлээлгэж өгөхийг шаардсан. Гэтэл Х.Б захирал надад хандаж “чамайг ажилд томилсон тухай тушаалыг хүчингүй болгосон тул чамд ажил хүлээлцүүлэхгүй” гэж хэлсэн. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулж, намайг тухайн байгууллагад гарч буй сул орон тоонд томилсон учраас надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Шинээр томилогдсон захирал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үл тоомсорлож, ажил хүлээлгэж өгөхгүй, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр гаргасан явдалд их гомдолтой байна.

Иймд намайг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан хөгжмийн багшийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд даалгаж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг эхний удаа ихэсгэсэн хүсэлтэд: “Миний бие шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед миний эрх ашгийг зөрчиж, миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалын огноо, дугаарыг мэдэхгүй байсан тул тодорхой бус байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний өмгөөлөгч С.Нургайыпын хүсэлтээр шүүхийн журмаар хариуцагч байгууллагын архив бичиг хэрэгт үзлэг хийснийхээ дараа надтай холбоотой тушаал шийдвэрүүдийн огноо дугаарыг олж мэдээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулан ихэсгэж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн намайг ажилд томилох тухай 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай Тушаалыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.А нэхэмжлэлийн шаардлагыг хоёр дахь удаа ихэсгэсэн хүсэлтэд: “Гуравдагч этгээдээр оролцож байсан К.Д-ийн хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөтөлшгүй нотлогдон тогтоогдсон. Гэвч хариуцагч Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б/41 дугаар тушаал гаргаж М.Б гэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон байна. Би уг тушаалыг хууль бус гэж үзэж байна. Учир нь, гуравдагч этгээдээр оролцож байгаа М.Б гэгч нь 2016-2018 онд мэргэжлээрээ огт ажиллаж байгаагүй, цаашлаад яривал М.Б нь багшлах эрхгүй этгээд юм. Тийм учраас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "М.Б-ыг ажилд томилох тухай" Б/41 дугаар тушаал хүчингүй болох ёстой. Иймд гомдлын шаардлагаа "Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "М.Б-ыг ажилд томилох тухай" Б/41 дугаар тушаал хүчингүй болгуулах" гэж ихэсгэж байна.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 0 сарын 19-ний өдрийн Б/05 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь уг тушаалыг 2018 оны 0 сарын 19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 0 сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгсөн байна.

2. Тус сургуулийн дуу хөгжмийн багшаар 30 дахь жилдээ ажиллаж буй К.Д нь өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаагүй, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй, өндөр насны тэтгэвэрт гарахад төрөөс олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй, өндөр насны тэтгэврийг тогтоолгоогүй зэрэг нөхцөл байдал нь түүний оронд Т.А-ийг шууд томилох хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна. Тухайн үед К.Д гэдэг багшаас асуухад ажлаас чөлөөлсөн тушаал гардаж аваагүй, тэтгэвэр тогтоолгоогүй, хүсэлт гаргаагүй, тухайн үед Т.А-тэй уулзаж тохироогүй, яагаад ийм зүйл болсныг мэдэхгүй, бид 2 хамаатан гэж хэлсэн.

3. Нэхэмжлэгч Т.А нь тухайн үед Өлгий сумын  бага сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өгөөгүй байсан. Тухайн үед Т.А өөрөө  бага сургуульд цагийн багш, танай сургуульд орох гэж байна гээд учир байдлаа танилцуулаад ажилд орох хүсэлттэй байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээ байсан бол тушаалыг хүчингүй болгуулахгүй, ажлыг нь хүлээлгэж өгөх байсан. Би Т.А-ийн байдлыг судлахад  өөр сургуульд ажилладаг, чөлөөлөгдөөгүй, хөдөлмөрийн гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй, 17 цагтай, 2018 оны  сарын байдлаар жирэмсний амралттай багшийн цагийг нэмж аваад үндсэн багшийн цагтай ажиллаж байгааг нь мэдсэн. Хоёр орон тоонд нэг багш зэрэг ажиллах боломжгүй. Нэхэмжлэгч тухайн үед 20 цагтай ажиллаж байсан. Энэ нь  сарын цалингийн цэсээс харагдаж байна. Нормд 15 цаг дээр нэмж 1, 2 цагийг зааж байгаа гэдгийг илэрхийлнэ. Нэгэнт тухайн байгууллагаас чөлөөлөгдөөгүй байсан тул  бага сургуулийн хичээлийн хуваарь буюу Т.А-ийн 3 дугаар улирлын цагийн хуваарьтай танилцсан. Т.А-ийн 3 дахь өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цаг, К.Д-ийн мөн өдрийн 3 цаг, 5 дахь өдрийн 2 цагтай давхцаж байсан. Тухайн ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан тул хоёр өөр байгууллагад нэг зэрэг хичээл заах боломжгүй гэж харсан. Багш 7 хоногт ажлын 5 өдөр 40 цаг ажиллах ёстой. Түүний 34 цаг нь стандартыг хэрэгжүүлэх цаг байдаг. Стандарт хэрэгжүүлэх цаг гэдэг нь хичээл заах, сурагчтай ажиллах, хичээл тасалсан хүүхэдтэй ажиллах, хоцрогдлыг арилгах талаар ажиллана. Дээр нь нэмж 6 цаг бусад ажил хийлгэх цаг зааж өгсөн. Тэрнээс тооцоолж үзвэл  долоо хоногт Т.А 20 цагийн хичээлтэй. К.Д нь 25 цагийн ажил хийж байсан. Нийлээд 45 цаг болно. Дээр нь стандарт хэрэгжилтийн 15 цаг, 6 цагуудыг тус тус нэмээд Т.А нь 1 долоо хоногт 66 цаг ажиллах нөхцөл байдал үүсэж байсан. Энэ нь өдөрт 13,2 цаг ажиллах буюу өдөрт 10 цаг амрах унтах, хооллох нөхцөл байдал үүсэж байсан. Өглөө 08-22 цаг хүртэл ажил хийхэд хүргэж байсан. Энэ нь Т.А-ийн эрүүл мэндэд харшлах нөхцөл байдал үүснэ, мөн оройн цагаар сурагчтай ажиллах хууль тогтоомжид заасан хүүхдийн эрх ашгийг зөрчсөн байсан.

4. Т.А нь тус сургуулийн дуу хөгжмийн багшаар нэг ч өдөр ажиллаагүй, албан ёсоор багшийн ажлыг хүлээн аваагүй, дуу хөгжмийн багшийн ажилд томилсон тушаал нь эргэлзээтэй зэрэг нөхцөл байдлууд нь түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх боломжгүй гэдгийг харуулж байна.

5. Түүний нэхэмжлэлдээ ... “мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан” гэж ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гарган өгчээ. Уг хөдөлмөрийн гэрээнд тус сургуулийн тэмдэг дарагдаагүй байгаа нь Т.А сүүлд уг гэрээг ажлаас чөлөөлөгдсөн Х.А-тэй хуйвалдан нөхөн хийсэн гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө надад байгаа гэж хэлсэн ба надад авч ирж харуулаагүй. Гомдол гаргахдаа хөдөлмөрийн гэрээг хамтад нь үзүүлсэн гэж бичсэн байна. Худал гомдол гаргаж байгаад харамсаж байна. Тухайн үед албан ёсны хөдөлмөрийн гэрээ авчирч үзүүлээгүй. Би хөдөлмөрийн гэрээ байгаа бол авч ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Уг хэргээс анх би тамгагүй хөдөлмөрийн гэрээ харсан. Сарын дараа тамгатай хөдөлмөрийн гэрээ харсан. Хэрвээ уг хөдөлмөрийн гэрээг 2018 оны 0 сарын 18-ны өдөр байгуулсан бол ажил олгогч гэсэн хэсэгт байгууллагын тэмдэг дарагдах ёстой ба хөдөлмөрийн гэрээ хийсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Иймд нэхэмжлэгч Т.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

           

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00515 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай “Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалыг болон 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай “М.Б-ыг ажилд томилох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ажил, үүргийг нэхэмжлэгч Т.А-аар гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал /Х.Б/-д даалгаж шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “1. Миний бие 2018 оны 0 сарын 29-ний өдөр ажлаа хүлээж авсны дараа Т.А надтай ирж уулзсан. Би энэ үед түүнд чамайг ажилд томилсон бол байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ аваад ир, тэрний дараа ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ гэж явуулахад нэхэмжлэгч Т.А нь хөдөлмөрийн гэрээг авч ирж өгөөгүй. Нэхэмжлэгч тухайн үед захирал хөдөлмөрийн гэрээ авч ирэхийг шаардсан, гэрээ авч ирж өгөөгүй гэдгээ шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн. Сургуулийн бичиг хэргээс энэ талаар тодруулахад Т.А-тэй нэг өдөр ажилд томилогдсон гэх Р.Б, Б.Е, С.С нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувь байсан атлаа Т.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хувь байгаагүй. Энэ нь шүүгчээс 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 33-36 хуудас/-ээр нотлогддог. Нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /хэргийн 5-7 хуудас/-ийн баталгаажуулалт хийсэн хэсэгт сургуулийн тамганы дардас байгаагүй. Хариуцагч миний зүгээс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр хариу тайлбар хүргүүлэхдээ хөдөлмөрийн гэрээнд сургуулийн тамга байхгүй байгаа талаар дурдсаны дараа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаартай албан бичиг /хэргийн 63 дугаар хуудас/-ээр хүсэлт гаргахдаа гэрээний эх хувь гэх тамгатай хувийг гаргаж өгсөн. Энэ нь эргэлзээтэй байгаа учир бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс хөдөлмөрийн гэрээний хувийг гэрчилсэн нотариатчийг гэрчээр байцааж гэрээ гэрчлүүлэх үед тамганы дардас байсан эсэх, хэрэв байсан бол яагаад дардас нь гараагүй хувийг гэрчилсэн болохыг тодруулж өгөх хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Хэрэв тухайн үед хүсэлтийг хүлээн авч энэ эргэлзээг тайлсан бол хэрэг өөрөөр шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн үед ажил олгогч Т.А-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээг үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж болохоор зохицуулсан. Т.А нь манай сургуульд ажилд томилогдохдоо өмнө нь эрхэлж байсан Өлгий сумын  бага сургуулийн дуу хөгжмийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй, тус сургуулийн хичээлийн хуваариар заах хичээл нь манай сургуулийн хичээлийн хуваарьтай давхацсан байсан.Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

3. Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхийг нь зааж өгсөн. Сонгон авна гэдэг нь зүгээр нэг гаднаас хараад хэн дуртай хүнээ авах биш тодорхой сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгон авах тухай ойлголт юм. Тухайн үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б нь тус сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар тушаалаар цагийн багшаар томилогдон ажиллаж байсан. Мөн тус сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллахаар М.Е 2017 оны 6 дугаар сарын 08-нд, М.А 2016 оны 1 сарын 01-нд, З.А 2017 оны 1 сарын 27-нд, К.С 2017 оны 12 дугаар сарын 26-нд тус тус өргөдөл өгч энэ нь сургуулийн өргөдөл, гомдлын бүртгэлийн журналд бүртгэгдсэн, энэ талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан.Тухайн өдөр ажилд томилогдсон Р.Б, Б.Е, С.С нарыг сонгон шалгаруулж энэ үндсэн дээр томилсон атлаа Т.А-ийг шууд томилсон нь эргэлзээтэй байгаа. Энэ нь сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь Т.А-ийг 2018 оны 0 сарын 19-ний өдөр ажилд томилоогүй, өөрийг нь ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа хувийн ашиг сонирхлоор тушаалыг нөхөж гаргасан гэж үзэхээр байгаа бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ энэ байдлыг мөн харгалзан үзээгүй.

4.Миний бие дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан К.Д тэтгэвэрт гарсны дараа Т.А-д холбогдох асуудал шүүхээр хянагдаж байгаа учир өөрийн эрх хэмжээний хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай тушаалаар М.Б-ыг дуу хөгжмийн багшаар томилсон. М.Б-ыг ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажилтан, ажил олгогч хоёрын хооронд Т.А-ийн нэхэмжлэлтэй огт хамааралгүй бие даасан хөдөлмөрийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх дээрх тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэв Т.А-ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс М.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүх М.Б-ыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь түүний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.  

 

            Ажилтан Т.А нь Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай" 06 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай “Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгох, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/41 дугаартай “М.Б-ыг ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй. Уг тушаалыг 2018 оны 0 сарын 19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 0 сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гарган өгсөн гэж тайлбарлан шүүхэд мэтгэлцжээ.

                Нэхэмжлэгч Т.А Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багш К.Д-ийн оронд 2018 оны 0 сарын 25-аас эхлэн томилогдсон нь хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн 06 дугаартай “Ажилд томилох тухай тушаал” болон 2018 оны 0 сарын 18-ны өдөр талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Т.А-ийг ажилд томилсон тушаал гарсны дараа буюу 2018 оны 0 сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/05 дугаартай захирамжаар Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдөр Засаг даргын Б/06 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлаар Х.Б томилогдон 2018 оны 0 сарын 29-ний өдөр ажлаа хүлээж авч 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/02 дугаартай “Тушаалыг хүчингүй болгох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.3, 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.3 дахь зүйлүүдийг тус тус үндэслэн тус сургуулийн дуу хөгжмийн багш К.Д нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч ажлаас чөлөөлөх үндэслэл бий болоогүй, өндөр насны тэтгэвэрт гарахад олгогдох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг аваагүй гэсэн үндэслэлээр Т.А-ийг дуу хөгжмийн багшийн ажилд томилсон Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал байсан Х.А-ийн гаргасан 2018 оны 0 сарын 18-ны өдрийн "Ажилд томилох тухай" 06 дугаартай тушаалыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогджээ.  

Хариуцагчийн “тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А нь яг ажлаас чөлөөлөгдсөн өдөр хувийн ашиг сонирхлоор өөр сургуульд бүр орон тоонд багшаар ажиллаж байсан Т.А-ийг сургуулийн дуу хөгжмийн багшаар томилсон тушаал гаргасан нь эргэлзээтэй. Уг тушаалыг 2018 оны 0 сарын 19-ний өдөр үйлдсэн атлаа маргаан бүхий тушаалын өдрийг нь засаж ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө 2018 оны 0 сарын 18-ны өдөр үйлдсэн болгон хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж тайлбарлах” нь нотлох баримтад үндэслэгдээгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна. 2018 оны 0 сарын 18-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дарагдсан тэмдэг нь хуурамч биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хариуцагчийн хөдөлмөрийн гэрээг хуурамчаар үйлдсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх ажилтан Т.А-ийг анх ажилд томилсон Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 0 сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” тушаал үндэслэлтэй талаар зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч дараах найруулга, хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт орууллаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг заасан ба мөн хуулийн 128 зүйлийн 128.1.2-т  ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхийг ажил олгогчид даалгах  бус ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шийдвэрлэхээр зааснаас үзэхэд урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь хуульд нийцнэ.  

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд даалгах шаардлагын агуулга тус сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай байна.

 Мөн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул гуравдагч этгээдийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй. Иймд энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах тухай” давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 гэсний дараа “40 дүгээр зүйлийн 40.2” гэснийг нэмж, “хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ажил, үүргийг нэхэмжлэгч Т.А-аар гүйцэтгүүлэхийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирал /Х.Б/-д даалгасугай” гэснийг “Т.А-ийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ  

           

Д.КӨБЕШ