Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2019/00060

 

    М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00581 дүгээр шийдвэртэй, М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн С.Ө, С.Б нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.   

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч С.Н, хариуцагч С.Ө, С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа хороог засварласантай холбоотой гарсан хохирол болох 990000 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багт эхнэрийнхээ хамт оршин суудаг. 2017 оны 6 дугаар сард С.Ө, С.Б нар нь М.А, М.А нарын малын хороог эвдсэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Улмаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын дагуу С.Ө, С.Б нарыг торгон шийтгэсэн. С.Б, С.Ө нар нь тухайн үед М.А, М.А нараас уучлалт хүсэж, нийт учирсан хохирлын 1,100,000 төгрөгийг бэлнээр өгч, эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болж амлалт өгч байжээ. Гэтэл С.Б, С.Ө нар нь өгсөн амлалтаа биелүүлээгүй тул А, А нар нь 3 хүнийг хөлслөн авч хашаа хороог засварласан байна. Хашаа хороо засварлан барихын тулд 390,000 төгрөгийг бензинд, 3 хүнийг хөлслөн ажиллуулахад 600,000 төгрөг зарцуулсан байна. Иймд хашаа хороог засварласантай холбоотой гарсан зардал болох 990,000 төгрөгийг С.Б, С.Ө нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч нарын тайлбарт: 1.С.Ө, С.Б бид хоёр өвөлжөөний газрын маргаан болон хувийн таарамжгүй харьцаанаас болж 2017 оны 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд хохирогч М.А-ын эзэмшлийн 3 хашаа, 2 амбаарыг хууль бусаар эвдэж гэмтээн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Тухайн үед С.Ө, С.Б бид 2 гэмт хэрэг үйлдэж эвдэн сүйтгэсэн хохирогч М.А-ын 3 хашаа, 2 амбаарыг байгаа байдалд нь сэргээн босгож тухайн газарт барьж босгож хэвийн байдалд оруулсан. Түүнээс гадна мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.А нь янз бүрийн нотлох баримт гаргаж хохиролд нэхэмжилсэн бусад зардал болох 1.100.000 төгрөгийг С.Ө, С.Б бид хоёр сайн дураар төлж, хохирогчийг хохиролгүй болгосон.

2. С.Ө, С.Б бид хоёрын гэмт хэрэг үйлдэх замаар эвдэж гэмтээсэн 3 хашаа, 2 амбаарын хууль ёсны хохирогч, иргэний нэхэмжлэгчээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд М.А-ыг тогтоосон. Харин М.А-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоол, захирамж гаргаж тогтоогоогүй тул хохирол хор уршиг нэхэмжлэх эрхгүй. М.А нь тухайн эрүүгийн хэргийн оролцогч биш тул иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхгүй.

3. С.Ө, С.Б бид хоёрыг гэм буруутайд тооцсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 тоот шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, гаргуулах зардалгүй гэж тодорхой заасан ба хохирогч М.А хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. Уг шийтгэх тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа.

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдээд байна.

5. М.А-ийн 3 хүнийг хөлслөн авч, хашаа хороо засварласан гэх асуудал С.Ө, С.Б бид хоёрт огт хамааралгүй бөгөөд тэд Ц сумын төвөөс хүний хашаа хорооны шинэ материалыг худалдан авч урд байсан хашаа хороог өргөтгөж, цоо шинээр хашаа хороо барьсан. М.А-ийн шинээр барьж, газар эзэмших үүднээс томсгож барьсан эд хөрөнгө бидний гэм бурууд огт хамааралгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00581 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг баримтлан С.А-ийн хариуцагч С.Б, С.Ө нараас 990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзээд гомдол гаргаж байна.  Нэхэмжлэгч хол зайтай газар оршин суудаг учраас тэднээс нотлох баримт авхуулах зайлшгүй шаардлагатай байсан тул миний бие шүүх хуралдаан эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу “шинээр нотлох баримт шаардлагатай болсон, нэхэмжлэгч хөдөө суманд оршин суудаг тул шаардлагатай нотлох баримт ирж амжаагүй учраас шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “......38.9, ...дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоолд гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж заасан.  Гэтэл анхан шатны шүүх миний 38.9 дэх хэсэгт зааснаар гаргасан хүсэлтэд маань гомдол гаргах эрхгүй гэж тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Урьд өмнө нь тухайн хэрэг хойшлогдож байгаагүй. Мөн хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийг буруу тайлбарласан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

            М.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч С.Н нь хариуцагч С.Б, С.Ө нарт холбогдуулж гэм хорын хохирол 990.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч С.Б, С.Ө нар нь М.А, М.А нарын хашаа хороог эвдсэн тул тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч нарыг торгож шийтгэсэн ба хариуцагч нар нь эвдсэн хашаа хороог хамтдаа барьж өгөхөөр болсон боловч амлалтаа биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хүн хөлслөн хашаа хороогоо засварлахад гарсан зардлыг нэхэмжилж байна.” гэж тайлбарлаж, хариуцагч “бид эвдэж сүйтгэсэн хашаагаа барьж босгож өгсөн, нэхэмжлэгчийн хүн хөлсөлж хашаа хороог өргөтгөж, цоо шинээр хашаа барьж, газар эзэмших үүднээс томсгож барьсан эд хөрөнгө бидний гэм бурууд огт хамааралгүй.” гэж маргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хариуцагч С.Б-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн гэх хэргийн 6 дугаар талд авагдсан бичмэл нотлох баримт нь казах хэл дээр бичигдсэн байх бөгөөд хавтаст хэрэгт уг баримтын орчуулга авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна...”, 7.3-т “Шүүх энэ хуулийн 7.2-т засаан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод,...орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй”, 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэснийг зөрчсөн  байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу С.Б-ийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн гэх нотлох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой үндэслэлийг хүлээн авах боломжгүйг тэмдэглэж байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд давж заалдах гомдлын “шийдвэрийг хүчингүй болгуулах” хэсэг биелэгдсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.310.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2019/00581 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.310.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ