Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00329

 

“СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03871 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “СШИ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Д, Э.Б нарт холбогдох,

5 892 200 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ганболд,

Хариуцагч: Э.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Шаравнямбуу,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “CШИ ББСБ” ХХК-ийн зээлдэгч Н.Ганбаатар нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр зээлээ хаасан гэх боловч түүний зээлийн дансруу зээлийн төлөлт ороогүй, зээл нь хаагдаагүй байсан. Энэхүү үйл баримтыг шалгах явцад Н.Ганбаатарын зээл хаагдсан тухай мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн сан руу 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр явуулсан бөгөөд тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б нь зээлдэгч Н.Ганбаатарт зээл хаасан тухай албан бичиг үйлдэж өгсөн болох нь тогтоогдсон. Зээлдэгч Н.Ганбаатар нь тухайн өдөр “CШИ ББСБ” ХХК-ийн ажлын байран дээр ирж тухайн үед ажиллаж байсан Э.Д-д зээлийн төлбөрөө төлсөн гэх бөгөөд касснаас хаасан албан бичиг авчих гэж хэлээд, зээл төлсөн бэлэн мөнгөний баримт өгөөгүй гэж тайлбарласан. Н.Ганбаатарын зээлийн үлдэгдэл нь 2017 оны 2 дугаар сарын 09-ний байдлаар 2 348 000 төгрөг байгаа бөгөөд Э.Д, Э.Б нарын буруутай үйл ажиллагааны улмаас тус хэмжээний хохирол “CШИ ББСБ” ХХК-д учирсан тул тус хохирлыг арилгуулах хүсэлтэй байна. Мөн тус байгууллагын зээлдэгч Х.Алзахгүйбаатар 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Э.Дид 1 744 200 төгрөг бэлнээр төлсөн боловч байгууллагын дансруу оруулаагүй. Мөн М.Бадамжид нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Э.Д-д 2 400 000 төгрөг төлснөөс 600 000 төгрөгийг нь зээлийн дансруу оруулж үлдэх 1 800 000 төгрөгийг хувьдаа ашигласан байна. Эдгээр нь дээрх иргэдийн гаргаж өгсөн баримт болон зээлийн мэдээллийн сан руу хэвийн ангилалтайгаар зээлээ төлж дуусгасан гэсэн хуурамч мэдээлэл явуулсан байдлаас нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар Э.Д-оос 5 982 200 төгрөгийг гаргуулж байна. Нэхэмжлэгч нь Б.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.Д надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч М.Бадамжидийн зээлд төлсөн 1 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Д-оос 1 800 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 092 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 176 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-оос 43 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж шийдвэрлэсэн. Зээлдэгч Н.Ганбаатарын тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн орлогын мэдүүлэг болон гэрч Н.Ганбаатар, Ц.Баярчимэг нарын мэдүүлгийг хариуцагч Э.Д нь үгүйсгэж, баримтаар няцаагаагүй тул” гэж Н.Ганбаатар, Х.Алзахгүйбаатар нарын зээлийн төлөлттэй холбоотой үйл баримтуудыг яг адилхан мэт дүгнэлт гаргасан. Хариуцагч Э.Д нь Х.Алзахгүйбаатарын эргэн төлөлтийг авснаа хүлээн зөвшөөрсөн ч Н.Ганбаатарын зээлийн эргэн төлөлтийг авснаа зөвшөөрөөгүй үгүйсгэж байсан. Мөн Х.Алзахгүйбаатараас авсан зээлийн эргэн төлөлт болох 1 700 000 төгрөгийг байгууллагад тушаасан гэж тайлбарласан ч Н.Ганбаатарын зээлийн эргэн төлөлт 2 348 000 төгрөгийг аваагүй гэж үгүйсгэж байсан тул тус төлбөрийг байгууллагад тушаасан талаар тайлбар өгөөгүй байсан. Ийм байтал хариуцагчийг Н.Ганбаатарын зээлийн эргэн төлөлтийг авснаа хүлээн зөвшөөрч, тус төлөлтийг байгууллагад тушаасан мэт дүгнэлт хийж үүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийсэн тохиолдол болсон. Зээлдэгч Х.Алзахгүйбаатарын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Э.Д нь Х.Алзахгүйбаатарын зээлийн эргэн төлөлтийг авсан болохоо хүлээн зөвшөөрч байгууллагын дансанд тушаасан хэмээн тайлбарласан. Гэхдээ үүнийгээ ямар ч баримт гаргаж өгөөгүй. Зээлдэгч Х.Алзахгүйбаатартай холбоотой “орлогын мэдүүлэг" гэх бэлэн мөнгө хүлээн авсан баримтад зээлдэгчийн гарын үсэг, хариуцагчийн гарын үсэг зурагдсан бөгөөд байгууллагын зүгээс мөнгийг хүлээж авсан кассын няравын гарын үсэг, түүнийг хянасан менежерийн гарын үсэг зурагдаагүй байсан. Өөрөөр хэлбэл тус баримт нь зээлийн эргэн төлөлтийг хариуцагч Э.Д хүлээн авсныг нотолж байгаа ба байгууллагын дансанд тус төлөлтийг тушаасан болохыг нотлохгүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч Н.Ганбаатар, Х.Алзахгүйбаатар нарын зээлийн эргэн төлөлт хийгдээгүй болохыг нотолсон зээлдэгчийн дэлгэрэнгүй хүснэгт, зээлийн эрсдэлийн сангаас зээл хаасан тухай тушаал зэрэг тус зээлүүдийг эргэн төлөлт байгууллагын дансанд ороогүй болохыг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Мөн Н.Ганбаатар болон Х.Алзахгүйбаатарын эхнэр Ц.Баярчимэг нарын гэрчийн мэдүүлгээр "СШИ ББСБ” ХХК-иас авсан зээлүүд нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд хаагдаагүй төлөвтэй байсан болох нь тогтоогдож байсан. Зээл хаасан албан бичгийн тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “зээлдэгч Н.Ганбаатарын зээл төлж хаасан тухай албан бичгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр “Хаан банк” ХХК-д, зээлдэгч Х.Алзахгүйбаатарын зээл төлж хаасан тухай албан бичгийг 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Төрийн банк” ХХК-д хүргүүлж байснаас үзэхэд хариуцагч Э.Д тус зээлдэгч нарын мөнгийг байгууллагадаа буцаан төлөөгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна” гэжээ. Эдгээр албан бичгүүдийг үндэслэн тухайн зээлдэгч нарын төлсөн мөнгийг байгууллагын дансанд тушаасан гэж үзэх боломжгүй. Учир нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гүйцэтгэх захирал байх бөгөөд эдгээр албан бичигт гүйцэтгэх захирлын гарын үсэг зурагдаагүй. Хоёрт, ямар албан тушаалтай, хэн гэдэг хүн гарын үсэг зурсан болох нь эргэлзээтэй ба тухайн этгээд тийм албан бичиг хийх эрхтэй байсан уу гэдэг нь тодорхойгүй байсан. Иймээс эдгээр албан бичгүүд нь байгууллагын албан ёсны баримт биш тул үүнийг үндэслэж зээлийн эргэн төлөлтийг байгууллага авсан юм байна гэсэн дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг буруу дүгнэсэн явдал болжээ. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2018/03871 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагчаас 4 092 200 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК нь хариуцагч Э.Д, Э.Б нарт холбогдуулан 5 892 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б-ээс татгалзсан ба хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...СШИ ББСБ” ХХК-иас зээл авсан зээлдэгч Н.Ганбаатарын зээлийн үлдэгдэл 2 348 000 төгрөг, Х.Алзахгүйбаатарын зээлийн үлдэгдэл 1 744 200 төгрөгийг Э.Д авсан” гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх 4 092 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тогтоогдохгүй байна.

Тодруулбал, “СШИ ББСБ” ХХК нь Н.Ганбаатартай 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай зээлдүүлсэн байх бөгөөд Н.Ганбаатар гэрчээр мэдүүлэг өгөхдөө 2 300 000 орчим төгрөгийг хариуцагч Э.Дид өгсөн гэх боловч Н.Ганбаатарын зээлийн үлдэгдэл 2 348 000 төгрөг байсан эсэх, хариуцагч Э.Д нь тус мөнгийг “СШИ ББСБ” ХХК-д буцаан төлөөгүй гэдгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. /хх-118-121 дүгээр тал/

Зээлдэгч Х.Алзахгүйбаатарын хувьд 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1 744 200 төгрөгийг хариуцагч Э.Д-д өгсөн гэх боловч хэргийн 107 дугаар талд авагдсан орлогын мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. /хх-ийн 107 дугаар тал/

Хариуцагч Э.Д нь зээлдэгч М.Бадамжидын төлсөн 2 400 000 төгрөгөөс 1 800 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчаас 1 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СШИ ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Харин анхан шатны шүүх тухайн маргаанд хамааралгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь нэг хариуцагчаас татгалзсан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчилж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/03871 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 498 дугаар зүйлийн 498.5 ...” гэснийг хасч,

2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80 426 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                      

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                            

                                                                                               Г.ДАВААДОРЖ