Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 03871

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч З.Баярмаа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СШИББСБ-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Э.Д,

Хариуцагч: Э.Б нарт холбогдох,

5,892,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхбаатар, хариуцагч Э.Д, хариуцагч Э.Дийн өмгөөлөгч М.Шаравнямбуу, иргэдийн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Сши” ББСБ-ын зээлдэгч Н.Ганбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлээ хаасан гэх боловч түүний зээлийн данс руу зээлийн төлөлт ороогүй, зээл нь хаагдаагүй байсан. Энэхүү үйл баримтыг шалгах явцад Н.Ганбаатарын зээл хаагдсан тухай мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн сан руу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр явуулсан бөгөөд тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Э.Б нь зээлдэгч Н.Ганбаатарт зээл хаасан тухай албан бичиг үйлдэж өгсөн болох нь тогтоогдсон.

Зээлдэгч Н.Ганбаатар нь тухайн өдөр ““Сши” ББСБ-н ажлын байран дээр ирж тухайн үед ажиллаж байсан Э.Дид зээлийн төлбөрөө төлсөн гэх бөгөөд “касснаас хаасан албан бичиг авчих” гэж хэлээд, зээл төлсөн бэлэн мөнгөний баримт өгөөгүй гэж тайлбарласан.

Н.Ганбаатарын зээлийн үлдэгдэл нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний байдлаар 2,348,000 төгрөг байгаа бөгөөд Э.Д, Э.Б нарын буруутай үйл ажиллагааны улмаас тус хэмжээний хохирол “Сши” ББСБ-д учирсан тул тус хохиролыг арилгуулах хүсэлтэй байна.

Мөн тус байгууллагын зээлдэгч Х.Алзахгүйбаатар 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Э.Дид 1,744,200 төгрөг бэлнээр төлсөн боловч байгууллагын данс руу оруулаагүй. Мөн М.Бадамжид нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Э.Дид 2,400,000 төгрөг төлснөөс 600,000 төгрөгийг нь зээлийн данс руу оруулж үлдэх 1,800,000 төгрөгийг хувьдаа ашигласан байна. Эдгээр нь дээрх иргэдийн гаргаж өгсөн баримт болон зээлийн мэдээллийн сан руу хэвийн ангилалтайгаар зээлээ төлж дуусгасан гэсэн хуурамч мэдээлэл явуулсан байдлаас нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар Э.Доос 5,982,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

            Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Э.Д надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч М.Бадамжидийн зээлд төлсөн 1,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Сши” ББСБ ХХК нь хариуцагч Э.Д, Э.Бд холбогдуулан 5,892,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Бд холбогдох шаардлагаасаа татгалзсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ “... тус байгууллагын зээлдэгч Н.Ганбаатараас 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдөр төлсөн 2,348,000 төгрөг, зээлдэгч Х.Алзахгүйбаатараас төлсөн 1,744,200 төгрөг, зээлдэгч М.Бадамжидээс төлсөн 1,800,000 төгрөгийг тус тус хариуцагч нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа хувьдаа ашиглаж, эдгээр зээлдэгчийн зээл хаагдсан тухай мэдээллийг Монгол банкинд хүргүүлж байгууллагад хохирол учруулсан, байгуулага зээлдэгч нарын зээлийг эрсдлийн сангаасаа хаасан тул хохирлоо шаардаж байгаа” гэж тодорхойлсон.

Хариуцагч Э.Д нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлдэгч М.Бадамжидийн зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зохицуулсан нь гэм буруутэй этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад учруулсан хохирлыг эрсдлийн сангаасаа хааж, байгууллагаас зээл авсан иргэдийг хохиролгүй болгосон үндэслэлээр буюу албан тушаалтнаас байгууллагад учруулсан гэм хорын үр дагаврыг арилгуулах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойлосон нь дээр дурьдсан ерөнхий үндэслэл бус Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсгээр зохицуулсан байгууллага, албан тушаалтан бусдад учруулсан гэм хорын тусгай зохицуулалт хамаарахаар байна.

Иймд шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 498.5 дахь хэсэгт тус тус зохицуулсан гэм хорын харилцаанд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зохицуулсан.

Нэг талаас “Сши” ББСБ ХХК нөгөө талаас Э.Д нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 15/01 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч ажилтны хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх ба талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 7-10, 13-14 дахь талд/

Нэхэмжлэгч “Сши” ББСБ ХХК нь Н.Ганбаатартай 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ1203130650 дугаар, Х.Алзахгүйбаатартай 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ1201150526 дугаар, М.Бадамжидтэй 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ЗГ1200143729 дугаартай “Цалин барьцаалсан зээлийн гэрээ” тус тус байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 16-17, 141-144 дэх талд/

Хариуцагч нь зээлдэгч М.Бадамжидийн зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 1,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн тул тус нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлохоор ирүүлсэн баримтуудад шүүх тусгайлан дүгнэлт хийх шаардлаггүй гэж үзсэн. /х.х-ийн 163-164, 168-169, 193-194 дэх талд/

Хэрэгт авагдсан 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн “орлогын мэдүүлэг” болон гэрч Н.Ганбаатар, Ц.Баярчимэг нарын мэдүүлгийг хариуцагч Э.Д нь үгүйсгэж, баримтаар няцаагаагүй тул зээлдэгч Н.Ганбаатарын зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 2,348,000 төгрөг, зээлдэгч Х.Алзахгүйбаатарын зээлийн гэрээний үүргийн дагуу төлсөн 1,700,000 төгрөгийг хариуцагч Э.Д нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна. /х.х-ийн 107, 118-121, 165-167 дахь талд/

Хэдийгээр хариуцагч ажил үүргийн дагуу зээлдэгч нараас төлсөн мөнгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч дурьдсан тус мөнгийг байгууллагад буцаан төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч зээлдэгч нараас хүлээн авсан мөнгөө байгууллагад төлөөгүй эс үйлдэхүйн улмаас байгууллагад хохирол учруулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлдэгч Н.Ганбаатарын зээл төлж хаасан тухай албан бичгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Хаан банк” ХХК-нд, зээлдэгч Х.Алзахгүйбаатарын зээл төлж хаасан тухай албан бичгийг 2015 оны 6 дугаар сарын 09-ны өдөр “Төрийн банк” ХХК-нд хүргүүлж байснаас үзэхэд хариуцагч Э.Д тус зээлдэгч нарын мөнгийг байгууллагадаа буцаан төлөөгүй гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /х.х-ийн 11, 106 дахь талд/

Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Э.Доос 1,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сши” ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,092,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э. Даваадоржоос 1,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Сши” ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,092,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бд холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Сши” ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  124,176 төгрөгийг  улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Доос 43,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Сши” ББСБ ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД                                                     З.БАЯРМАА

 

 

                                                                        Б.МАНДАЛБАЯР