Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 221/MA2017/0306

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар0221/МА2017/0306

Улаанбаатар хот

 

 

 

Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Д.Батбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Үржинсүрэн нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ё.Пүрэвдамба 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/138 дугаар тушаалын 2, 3 дугаар заалтыг, уг тушаалд үндэслэн гарсан Төрийн албаны зөвлөлд хандсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 1/10084 дүгээр албан бичгийг, Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт хандсан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Анхааруулга хүргүүлэх тухай” 1/10083 дугаар албан бичгийн 1 дүгээр хэсгийн Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 11 дүгээр зүйлийн 11.1, 23 дугаар зүйлийн 23.5, 26 дугаар зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/138 дугаар тушаалын 2, 3 дугаар заалтыг, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/10084, 1/10083 дугаар албан бичгийн 1 дүгээр хэсгийн Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад Төрийн албаны зөвлөл, аймгуудын Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт залруулга албан бичиг явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Сонгуулийн ерөнхий хорооноос манай байгууллагад хадан 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 582 дугаар албан бичгээр Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга асан Ё.Пүрэвдамбын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” А/33 дугаар тушаалыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу хянан үзэж хариу мэдэгдэхийг хүссэн. 

Албан бичгийн дагуу тус газрын хяналтын улсын ахлах байцаагч шалгалт хийж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1418 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга асан Ё.Пүрэвдамбын гаргасан дээрх тушаал нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоосон.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” гэж заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга асан Ё.Пүрэвдамбын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” А/33 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

Тушаалын нэгдүгээр заалтаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” А/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, хоёрдугаар заалтаар тушаал хүчингүй болгосон тухай Сонгуулийн ерөнхий хороонд, төрийн захиргааны албан хаагч эрх мэдлээ хэтрүүлсэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг Төрийн албаны зөвлөлд тус тус мэдээлэхийг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид, гуравдугаар заалтаар байгууллагын удирдах ажилтан Ё.Пүрэвдамба эрх мэдлээ хэтрүүлэн төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан тухай нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэхийг Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид тус тус үүрэг болгосон.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын өмгөөлөгч оролцохдоо тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалын нэгдүгээр заалтаар Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” А/33 дугаар тушаалыг хүчингүй болгосонтой маргахгүй гэж хүлээн зөвшөөрсөн.

Энэ нь Ё.Пүрэвдамба Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлэн тус аймгийн Улсын Их Хурлын Сонгуулийн 9 дүгээр тойргийн нэр бүхий мянга гаруй иргэний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”-ын 2.4.1.7-д “Тушаалын захирамжлах хэсэгт авах арга хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацааг тогтоосон заалтууд орно. Захирамжлах хэсэг нь өөр хоорондоо холбоотой хэд хэдэн заалтуудтай байж болох бөгөөд заалт бүрийг араб тоогоор дугаарлана” гэж заасан.

Ё.Пүрэвдамбын гаргасан тушаал нь хууль тогтоомж, зөрчсөн болохыг уг тушаалыг хянуулж, шалгуулах хүсэлт гаргасан Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн, иргэдийн сонгох сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийн талаар Төрийн албаны зөвлөлд, дахин алдаа дутагдал гаргахаас сэргийлэх чиглэлээр холбогдох албан хаагчдад үүрэг, даалгавар болгосон нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эрх хэмжээний хүрээнд авсан арга хэмжээ.

Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын “....төрийн албаны нөөцөд байх, төрийн албанд орох эрхийг хөндөж, хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн талаар ямар нэг нотлох баримт байхгүй байна.

Мөн шүүхээс “...төрийн жинхэнэ албан хаагч хуульд заасан зөрчил гаргасан бол Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулах талаар хуульчилж өгсөн байна” гэж дүгнэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно”, 4.7-д “Энэ хуулийн 4.4, 4.5-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол түүнийг төрийн албанд хоёр жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална” гэж заасан хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүй нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн тушаал, албан бичгүүд нь хуулийн энэхүү шаардлагыг хангахгүй буюу захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байхад Ё.Пүрэвдамбын гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, нэхэмжлэлийн бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулав.

1.Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/138 дугаар тушаалын 1 дэх заалтаар нэхэмжлэгч Ё.Пүрэвдамбын Баянхонгор аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар ажиллаж байх үедээ гаргасан “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/33 дугаар тушаалыг хүчингүй болгосон, гэвч тушаалын энэ хэсэгтээ нэхэмжлэгч маргаагүй, харин хүчингүй болгуулахыг хүссэн 2, 3 дахь заалтаар “Тушаал хүчингүй болгосон тухай Сонгуулийн Ерөнхий хороонд, төрийн захиргааны албан хаагч эрх мэдлээ хэтрүүлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасныг Төрийн албаны зөвлөлд тус тус мэдээлэхийг, мөн Ё.Пүрэвдамба эрх мэдлээ хэтрүүлэн төрийн захиргааны албан хаагчид байж боломгүй алдаа гаргасан тухай нийтэд мэдээлэн сэрэмжлүүлэхийг холбогдох албан тушаалтанд тус тус үүрэг болгож, даалгажээ.

Хариуцагчаас дээрх тушаалыг гаргахаас өмнө буюу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг, түүний дотор нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийг ийнхүү үүрэгт ажлаас чөлөөлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 582 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу явуулсан хяналт шалгалтын үр дүнг үндэслэн дээрх тушаал гарсан байх тул төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөхүйц, ноцтой үр дагаварт хүргэж болохуйц шийдвэр гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийн талаар бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчдад мэдээлэн сэрэмжлүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосон нь байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй асуудал байна.

Түүнчлэн хууль зөрчсөн тушаалыг хүчингүй болгосон талаараа Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэхийг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон нь нэхэмжлэгчид хамааралгүй, харин эрх мэдлээ хэтрүүлэн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нэхэмжлэгчийн талаар Төрийн албаны зөвлөлд мэдээлэхийг эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон нь мөн л дотогшоо буюу эрх бүхий албан тушаалтанд үүрэг даалгавар өгсөн агуулгатай зохицуулалт байна.

2.Дээрх тушаалыг биелүүлэх хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 1/10084 албан бичиг нь “Бүртгэл хүчингүй болгох тухай” нэхэмжлэгчийн гаргасан тушаалыг хүчингүй болгосон талаар, мөн Ё.Пүрэвдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болон түүнийг цаашид төрийн захиргааны албанд ажиллуулах боломжгүй болохыг уламжилсан агуулгатай байх бөгөөд гаргасан шийдвэрийнхээ талаар ийнхүү мэдээлсэн нь бие даасан захиргааны актын шинжийг агуулахгүйгээс гадна нэхэмжлэгчийг төрийн албанд цаашид ажиллуулах эсэх нь Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудал болно.

Өөрөөр хэлбэл энэхүү албан бичгийн сүүлийн хэсэг буюу “...цаашид төрийн захиргааны албанд ажиллуулах боломжгүй болохыг уламжлая” гэснийг Төрийн албаны зөвлөл хэрхэн хүлээж авах, энэ нь шууд үр дагаварт хүргэх эсэх нь тодорхойгүй байна.

Харин “Анхааруулга хүргүүлэх тухай” 1/10083 дугаар албан бичгийн тухайд улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч нарт Ё.Пүрэвдамбын гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон, мөн түүний талаар Төрийн албаны зөвлөлд уламжилсан болохыг мэдээлж, нэхэмжлэгчийн болон өөр албан тушаалтны гаргасан энэ мэт зөрчлийг цаашид дахин гаргахгүй байхыг анхааруулсан, ажлын сахилга, хариуцлагыг чангатган ажиллахыг үүрэг болгосон, зөрчил гаргасан албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулсан шинжтэй байна.

Өөрөөр хэлбэл ажлын дотоод уялдаа холбоо, удирдлага, зохион байгуулалтын шинжтэй гаргасан энэхүү албан бичгийг захиргааны актад хамааруулж үл болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, харин энэхүү үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар уг хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 103 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Ё.Пүрэвдамбын гаргасан “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/138 дугаар тушаалын 2, 3 дугаар заалтыг, мөн өдрийн “Анхааруулга хүргүүлэх тухай” 1/10083 дугаар албан бичгийн 1-ийн Ё.Пүрэвдамбад холбогдох хэсгийг, мөн өдрийн “Мэдээлэл хүргүүлэх тухай” 1/10084 дугаар албан бичгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхийн газрын дарга Р.Содхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН