Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2019/00330

 

“ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00051 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ө-т холбогдох,

12 903 498 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Хишигбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТХ” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, боловсролын яамнаас хэрэгжүүлдэг дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх төслийн дагуу Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлэх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийнхээ дагуу манай компани Хөвсгөл аймгийн Рашаант сумын Мэргэн гүн М.Гомбожавын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль, тус аймгийн Боловсролын газартай 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2014-17 тоот гурвалсан гэрээ байгуулан сурагчдын дүрэмт хувцсыг 2014 оны 9 сард нийт 52 044 423 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд үүнээс 6 907 605 төгрөгийн бараа буцаасан. Буцаалт хийсэн барааны дүнг хасаад нийт төлөх дүн болох 45 136 818 төгрөгөөс тус сургууль 32 233 320 төгрөг төлсөн байсан. Борлогдсон дүрэмт хувцасны төлбөрийн үлдэгдлээ авахаар шаардаж тооцоо нийлэх үсд сурагчдын эцэг эхчүүдээс хураан авсан дүрэмт хувцасны төлбөрийг тус сургуулийн захирал Д.Ө нь манай компанид шилжүүлэлгүй өөртөө авч хувийн хэрэгцээнд хэрэглэсэн байсан. Тэрээр хувийн хэрэгцээнд авч хэрэглэсэн төлбөрийг төлөхөө илэрхийлж 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр "Өр барагдуулах тухай" хэлцэл хийж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээн талууд баталгаажуулсан. Гэтэл энэхүү төлбөр хийгдээгүй, мөн хариуцагч нь утсаа авахгүй төлбөр төлөхөөс зайлсийж байсан тул ийнхүү шүүхэд хандсан болно. Хариуцагчийн хариу тайлбарын тухайд хариуцагч Д.Ө  нь хариу тайлбартаа ... 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ... зээлээр тараасан форм 980 000 төгрөгийг "ТХ-ийн борлуулалтын хүмүүс бэлнээр хурааж авсан. Цамцны зөрүү 464 000 төгрөг, Сумын халамжийн сангаас мөнгийг нь гаргаж өгнө хэмээн 5 формыг зээлээр олгосон, 324 566 төгрөг, 6 дугаар ангийн багш М.Оюунтунгалаг гэх хүнд тавыг зээлээр олгосон. Энэ нь 389 038 төгрөг болсон бөгөөд нас барсан гэх, борлуулалтын ашгаа тооцоод 6 000 000 төгрөг төлөх боломжтой гэжээ. Бэлнээр хурааж авсан гэх 980 000 төгрөгийн тухайд манай компаниас сурагчийн дүрэмт хувцасны үнийг бэлнээр хураан авч байгаагүй тул үүнтэй холбоотой санхүүгийн баримт байхгүй. Мөн тайлбарын 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан төлбөрийн тухайд гэрээнд уг дурьдагдсан асуудлын талаарх зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч төлөхгүй гэж татгалзаж байгаа боловч энэ талаарх үндэслэлийг хариуцагч нотлоогүй байна. Боловсролын яамнаас хэрэгжүүлдэг дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх төслийн дагуу Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд борлуулалтын ашиг тооцох талаар тусгагдаагүй тул хариуцагчийн дурьдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь хариу тайлбарт өр барагдуулах хэлцэл хийсэн үйл баримтын талаар болон дүрэмт хувцасны үнийг өөртөө авч ашиглаагүй гэх асуудлаар маргаагүй. Харин төлөх ёстой үнийг дүнгийн талаар хэлцэлд дурьдсанаас өөрөөр тайлбарлаж байгаа боловч тодорхой үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл тайлбарын агуулгаас үзвэл нэхэмжлэлийг зөвшөөрсөн байгаа бөгөөд харин зарим хэсгийг төлөхгүй гэх боловч энэ тайлбар татгалзал нь үндэслэлгүй баримтаар нотлогдоогүй. Шаардах эрхийн хууль зүйн үндэслэл: Нэгэнт Д.Ө  нь ажил гүйцэтгэх гурван талт гэрээгээр захиалагч буюу сургуулийн үүргийг төлөөлөх гүйцэтгэх явцдаа гүйцэтгэгч “ТХ” ХХК-д төлөгдөх дүрэмт хувцасны төлбөрийг төлбөрийг өөрөө авч хувьдаа хэрэглэсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэж Д.Ө ээс 12 903 498 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2014-17 тоот ажил гүйцэтгэх гурван талт гэрээг Хөвсгөл аймгийн Боловсролын газар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ерөнхий болосврлын сургууль, “ТХ” ХХК нар нь байгуулсан. Гэрээгээр сургуулийн захиргаа сурагчдын дүрэмт хувцасны тоо хэмжээ, нэр төрөл, сурагчийн нас, хүйс, размерыг хүснэгтийн дагуу гаргаж аймгийн боловсролын газраар баталгаажуулж гүйцэтгэгчид гаргаж өгөх үүргийг хүлээсэн. 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр талууд гэрээний үлдэгдэл 12 903 498 төгрөг гэж тооцоо нийлсэн бөгөөд өр барагдуулах тухай гэрээ байгуулсан. Өр барагдуулах гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 759 000 төгрөгийг тус тус шилжүүлж, “ТХ” ХХК-ийн менежер Ө.Өсөхбаяр нь анги даасан багш нараас 980 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан байсан. Харин үлдэгдэл төлбөрийг иргэн Д.Ө намайг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хэрхэн авсан талаар тайлбар өгөх боломжгүй бөгөөд миний бие төлбөр тооцоог хувьдаа авсан зүйл байхгүй ... 2015 оны 9 дүгээр сарын 15-нд тооцоо нийлж өр барагдуулах гэрээ байгуулах үед Д.Ө  нь сургуулийн захирлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан. Энэ тооцоо нийлэхэд захирал Д.Ө гарын үсэг зурсан. Иргэн Д.Ө тооцоо нийлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ө-ээс 12 903 498 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ТХ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ТХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 406 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө-ээс улсын тэмдэгтийн хураамжид 221 406 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2014-17 тоот ажил гүйцэтгэх гурван талт гэрээг Хөвсгөл аймгийн Боловсролын газар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ерөнхий болосврлын сургууль, “ТХ” ХХК нар нь байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр сургуулийн захиргаа сурагчдын дүрэмт хувцасны тоо хэмжээ, нэр төрөл, сурагчийн нас, хүйс, размерыг дагуу гаргаж аймгийн боловсролын газраар баталгаажуулж гүйцэтгэгчид гаргаж өгөх, мөн гүйцэтгэгчийн нийлүүлсэн дүрэмт хувцасны тоо хэмжээгээр жигдрэлийг хангах, харин гүйцэтгэгч худалдааг зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн. Хариуцагч Д.Ө нь тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд дээд шатны байгууллагаас өгсөн үүргийн дагуу “ТХ” ХХК-тай сургуулийг төлөөлөн ажил гүйцэтгэх гурван талт гэрээ, өр барагдуулах гэрээг байгуулсан. Хариуцагч нь тус гэрээний дагуу өөрийн мэдэлд ямар ч төлбөр мөнгө хүлээн аваагүй байхад нэхэмжлэгч “ТХ” ХХК нь нотлох баримтгүйгээр бусдыг гүтгэн Д.Ө  намайг хувьдаа төлбөрийн зарим хэсгийг авч хэрэглэсэн гэж тайлбарлаж, үүнийг нь шүүх "дүрэмт хувцасны үнийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр хураан авсан боловч өгөөгүй байх тул түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэв" гэсэн нь шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарна, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь хариуцагч Д.Ө-т холбогдуулан 12 903 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2014-17 дугаар бүхий ажил гүйцэтгэх гурван талт гэрээг Хөвсгөл аймгийн Боловсролын газар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуультай байгуулж, сурагчдын дүрэмт хувцас нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өр барагдуулах гэрээ байгуулж “ТХ” ХХК нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн сурагчдад 52 044 423 төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас нийлүүлснээс 6 907 605 төгрөгийн формын хувцас буцаагдаж, 45 136 818 төгрөгийн хувцас борлуулагдсанаас 32 233 320 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 12 903 498 төгрөгийг сургуулийн захирал Д.Ө 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гурван талд гэрээ, өр барагдуулах гэрээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4, 46-47 дугаар тал/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Д.Ө нь гэрээний үлдэгдэл 12 903 498 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн гэж тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “ТХ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг иргэн Д.Ө тэй байгуулаагүй байна.

Түүнчлэн, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн өр барагдуулах гэрээг хариуцагч Д.Ө нь Рашаант сумын сургуулийг төлөөлж гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн үед хариуцагч Д.Ө ийг захирлаар ажиллаж байсан эсэх дээр талууд маргаагүй.

Гэтэл анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж Д.Ө-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 12 903 498 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч “ТХ” ХХК нь хохирсон гэж үзвэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулиас гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад  болохгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Ө-т холбогдуулан гаргасан 12 903 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Ө-т холбогдуулан гаргасан 12 903 498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 406 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                   

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА                                      

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР                                                                                                                                                              Г.ДАВААДОРЖ