Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2019/00905

 

“Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                 

   Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00051 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 330 дугаар магадлалтай,

   “Т ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Д т холбогдох

             12,903,498.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хишигбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Т ” ХХК нь Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яамнаас хэрэгжүүлдэг дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх төслийн дагуу Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлэх үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийнхээ дагуу манай компани Хөвсгөл аймгийн Рашаант сумын Мэргэн гүн М.Гомбожавын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль, тус аймгийн Боловсролын газартай 2014 оны 06 сарын 25-ны өдрийн 2014-17 тоот гурвалсан гэрээ байгуулан сурагчдын дүрэмт хувцсыг 2014 оны 9 сард нийт 52,044,423 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд үүнээс 6,907,605 төгрөгийн бараа буцаасан. Буцаалт хийсэн барааны дүнг хасаад нийт төлөх дүн болох 45,136,818 төгрөгөөс тус сургууль 32,233,320 төгрөг төлсөн байсан. Борлогдсон дүрэмт хувцасны төлбөрийн үлдэгдлээ авахаар шаардаж тооцоо нийлэх үед сурагчдын эцэг эхчүүдээс хураан авсан дүрэмт хувцасны төлбөрийг тус сургуулийн захирал Д  нь манай компанид шилжүүлэлгүй өөртөө авч хувийн хэрэгцээнд хэрэглэсэн байсан. Тэрээр хувийн хэрэгцээнд авч хэрэглэсэн төлбөрийг төлөхөө илэрхийлж 2015 оны 09 сарын 15-ны өдөр "Өр барагдуулах тухай" хэлцэл хийж, 2015 оны 10 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээн талууд баталгаажуулсан. Гэтэл энэхүү төлбөр хийгдээгүй, мөн хариуцагч нь утсаа авахгүй төлбөр төлөхөөс зайлсхийж байсан тул ийнхүү шүүхэд хандсан болно. Хариуцагчийн хариу тайлбарын тухайд хариуцагч Д  нь хариу тайлбартаа .”.. 2015 оны 09 сарын 15-ны өдөр ... зээлээр тараасан форм 980,000 төгрөгийг "Т ” ХХК-ийн борлуулалтын хүмүүс бэлнээр хурааж авсан. Цамцны зөрүү 464,000 төгрөг, сумын халамжийн сангаас мөнгийг нь гаргаж өгнө хэмээн 5 формыг зээлээр олгосон, 324,566 төгрөг, 6 дугаар ангийн багш М.Оюунтунгалаг гэх хүнд тавыг зээлээр олгосон. Энэ нь 389,038 төгрөг болсон бөгөөд нас барсан гэх, борлуулалтын ашгаа тооцоод 6,000,000 төгрөг төлөх боломжтой” гэжээ. Бэлнээр хурааж авсан гэх 980,000 төгрөгийн тухайд манай компаниас сурагчийн дүрэмт хувцасны үнийг бэлнээр хураан авч байгаагүй тул үүнтэй холбоотой санхүүгийн баримт байхгүй. Мөн тайлбарын 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан төлбөрийн тухайд гэрээнд уг дурдагдсан асуудлын талаарх зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч төлөхгүй гэж татгалзаж байгаа боловч энэ талаарх үндэслэлийг хариуцагч нотлоогүй байна. Боловсролын яамнаас хэрэгжүүлдэг дунд сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг нийлүүлэх төслийн дагуу Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад дүрэмт хувцас нийлүүлсэн бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээнд борлуулалтын ашиг тооцох талаар тусгагдаагүй тул хариуцагчийн дурдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь хариу тайлбарт өр барагдуулах хэлцэл хийсэн үйл баримтын талаар болон дүрэмт хувцасны үнийг өөртөө авч ашиглаагүй гэх асуудлаар маргаагүй. Харин төлөх ёстой үнийг дүнгийн талаар хэлцэлд дурдсанаас өөрөөр тайлбарлаж байгаа боловч тодорхой үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, тайлбарын агуулгаас үзвэл нэхэмжлэлийг зөвшөөрсөн байгаа бөгөөд харин зарим хэсгийг төлөхгүй гэх боловч энэ тайлбар татгалзал нь үндэслэлгүй баримтаар нотлогдоогүй. Шаардах эрхийн хууль зүйн үндэслэл нь нэгэнт Д  ажил гүйцэтгэх гурван талт гэрээгээр захиалагч буюу сургуулийн үүргийг төлөөлөх гүйцэтгэх явцдаа гүйцэтгэгч “Т ” ХХК-д төлөгдөх дүрэмт хувцасны төлбөрийг өөрөө авч хувьдаа хэрэглэсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэж Д ээс 12,903,498 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн  гаргасан хариу тайлбарт: 2014 оны 06 сарын 25-ны өдөр 2014-17 тоот ажил гүйцэтгэх гурван талт гэрээг Хөвсгөл аймгийн Боловсролын газар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургууль, “Т ” ХХК нар нь байгуулсан. Гэрээгээр сургуулийн захиргаа сурагчдын дүрэмт хувцасны тоо хэмжээ, нэр төрөл, сурагчийн нас, хүйс, размерыг хүснэгтийн дагуу гаргаж аймгийн боловсролын газраар баталгаажуулж гүйцэтгэгчид гаргаж өгөх үүргийг хүлээсэн. 2015 оны 09 сарын 15-ны өдөр талууд гэрээний үлдэгдэл 12,903,498 төгрөг гэж тооцоо нийлсэн бөгөөд өр барагдуулах тухай гэрээ байгуулсан. Өр барагдуулах гэрээний дагуу 2015 оны 09 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 759,000 төгрөгийг тус тус шилжүүлж, “Т ” ХХК-ийн менежер Ө.Өсөхбаяр нь анги даасан багш нараас 980,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан байсан. Харин үлдэгдэл төлбөрийг иргэн Д  намайг ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хэрхэн авсан талаар тайлбар өгөх боломжгүй бөгөөд миний бие төлбөр тооцоог хувьдаа авсан зүйл байхгүй. 2015 оны 09 сарын 15-нд тооцоо нийлж өр барагдуулах гэрээ байгуулах үед Д  нь сургуулийн захирлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан. Энэ тооцоо нийлэхэд захирал Д  гарын үсэг зурсан. Иргэн Д  тооцоо нийлээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00051 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ээс 12,903,498 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221,406 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д ээс улсын тэмдэгтийн хураамжид 221,406 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 330 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д т холбогдуулан гаргасан 12,903,498 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 330 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1 дэх заалтуудыг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэснээс гаргасан магадлал нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Д  нь гэрээний үлдэгдэл 12,903,498 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн гэж тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.21, 38 дугаар зүйлийн 38.12 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, "Т ” XXК нь ажил гүйцэтгэх гэрээг иргэн Д тэй байгуулаагүй байна” гэж дүгнэсэн. Хариуцагч гэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.33-д заасан этгээдийг хэлэх ба нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлно. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг баримтлан хариуцагчаар оролцвол зохих этгээдийг буруу тодорхойлсон, Д  нь хариуцагч этгээд биш гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “сургуулийг         төлөөлж 3 талт гэрээ, өр барагдуулах гэрээг байгуулсан... гэрээний дагуу... ямар ч төлбөр мөнгө хүлээн аваагүй... нотлох баримтгүйгээр бусдыг гүтгэсэн” гэх боловч энэ талаарх үндэслэл, өөрийн гаргасан тайлбар, татгалзлаа хариуцагч тал баримтаар нотолж чадаагүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “Өр барагдуулах хэлцэл”, хариуцагч талын анхан шатны шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар, нотлох баримт зэргээр Д  нь борлуулалтын үлдэгдэл төлбөрөөс сургуулийг төлөөлж гэрээний үүрэг гүйцэтгэх явцдаа өөрийн хувийн хэрэгцээнд тодорхой хэмжээний мөнгө авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн талаарх үйл баримтууд хавтаст хэргийн материалд авагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүх дан ганц нэхэмжлэгч талыг хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр юм.

Магадлалын тогтоох хэсэгт “Дээрх гэрээний дагуу 2015 оны 09 сарын 15-ны өдөр өр барагдуулах гэрээ байгуулж... Рашаант сумын сургуулийг төлөөлж гарын үсэг зурсан байх бөгөөд тухайн үед хариуцагч Д ийг захирлаар ажиллаж байсан эсэх дээр талууд маргаагүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй" гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Дээр дурдсанаас үзэхэд давж заалдах шатны шүүх нь талуудын хооронд төлбөр тооцооны гэрээ байгуулагдсан мэт дүгнэн үзсэн нь үндэслэлгүй байна. Зохигчдын хооронд гэрээний харилцаа үүсээгүй харин Д  нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуулийн ‘"Т ” ХХК-ийн өмнө гурван талт гэрээгээр хүлээх үүргийг төлөөлөн гүйцэтгэх явцдаа буюу дүрэмт хувцасны үнийг манай компанид шилжүүлэхээр хураан авсан боловч дамжуулан өгөөгүй тул Д ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа бөгөөд энэхүү үйл баримтыг нотлох баримт нь 2015 оны 09 сарын 15-ны өдрийн “Өр барагдуулах тухай” хэлцэл юм. Гэтэл давж заалдах шатны шүүх уг дурдсан нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэл, тайлбарыг харгалзан үзэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 330 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 184/ШШ2019/00051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь хариуцагч Д т холбогдуулан 12,903,498.00 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

“Т ” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2014-17 дугаар бүхий ажил гүйцэтгэх гурван талт гэрээг Хөвсгөл аймгийн Боловсролын газар, Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуультай байгуулж, сурагчдын дүрэмт хувцас нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн сурагчдад 52,044,423.00 төгрөгийн үнэ бүхий дүрэмт хувцас нийлүүлснээс 6,907,605.00 төгрөгийн хувцас буцаагдаж, 45,136,818.00 төгрөгийн хувцас борлуулагдсанаас 32,233,320.00 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 12,903,498.00 төгрөгийг сургуулийн захирал Д  2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, ажил гүйцэтгэх гурван талт гэрээ, өр барагдуулах гэрээ гэсэн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 4, 46-47 дугаар тал/

2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Өр барагдуулах тухай” хэлцэл нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь Д ийг гэрээний үлдэгдэл 12,903,498.00 төгрөгийг хувьдаа авч хэрэглэсэн гэсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна. 

Нэхэмжлэгч “Т ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг иргэн Д тэй байгуулаагүй, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Өр барагдуулах тухай” хэлцэлд  хариуцагч Д  нь Рашаант сумын сургуулийг төлөөлж гарын үсэг зурсан, тухайн үед тус сургуулийн захирлаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны  шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Т ” ХХК нь хохирсон гэж үзвэл Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулиас гэрээний үүргийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй гэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221,406.00 /хоёр зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН